2011-07-01Болгарын “Труд” сонины сэтгүүлч Владимир Памуков мэргэжлийн сумогийн
68 дахь их аварга Асашёорюүтай ярилцжээ. Уг ярилцлагын орчуулагчаар Болгарт 20 гаруй жил амьдарсан Б.Төмөрбаатар ажилласан байна. Ярилцлагыг өнгөрсөн жил Москва хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ний үеэр авчээ. В.Памуков энэ ярилцлагаараа Болгарын 2010 оны шилдэг сурвалжлагч болсон юм. Ингээд их аварга Асашёорюүгийн ярилцлагыг хүргэе.
-Сумогоор барилдаж байх үеийн хамгийн хүнд хэцүү нь юу байв. Юутай дасал болж чадсангүй вэ?
-Энэ асуултад тодорхой дэлгэрэнгүй хариулах юм бол анхны бөгөөд сүүлчийн ярилцлага болно. Тэгээд ч цаг хугацаа хүрэлцэхгүй. Бүх юм хүнд хэцүү бэрхшээлтэй. Үнэнийг хэлэхэд сумогийн ертөнцөд амар байгаагүй. Хүүхэд байхаасаа л энэ хорвоод амар зүйл байдаггүйг ойлгож байсан. Харин ч эсрэгээрээ амьдралд сумогоос ч илүү хүнд бэрхшээлүүд байдаг.
-Хүнд нөхцөлд хаанаас тусламж хайдаг байв?
-Эцэг, эх, гэр бүл, Монгол нутгаа үргэлж бодож түүнийхээ хүчээр урагшилдаг байлаа. Би юмнаас хулчийж, туйлширдаггүй. Өөдөөс ирж байгаа хүндрэлүүд рүү нуруугаа харуулан эргэж явах дургүй.
-Гэхдээ таныг хүчээр юу хийлгэх гээд дийлээгүй вэ. Мэдээж тийм юм байгаа даа?
-Байгаа. Тэмцээний өмнөх өглөө болгон, үдээс хойшхи бэлтгэл хийхээс би бүрэн татгалздаг байсан. Намайг гуйсан ч би хийдэггүй. Өглөөний бэлтгэл надад юм өгдөггүй байсан. Гэхдээ би ялалтаа байгуулсаар, ялалтын тоогоо хамгаалж, ялалтууд маань миний бамбай байлаа.
-Өөрийн тань хамгийн хүчтэй өрсөлдөгч?
-Байхгүй. Эсвэл би нүүр учирч байгаагүй. Би өөрөө өөртөө л том өрсөлдөгч. Эхлээд өөрийнхөө зүрхтэй, дараа нь хүч бяр, улмаар булчинтайгаа тэмцдэг.
-Та 25 түрүүллээ. 32 түрүүлсэн Японы бөхийн дээд амжилтыг эвдэх осол байсан болохоор таныг золиослох болов уу?
-Албаар намайг зогсоож, болиулсан гэж бодохгүй байна. Ганцхан богино, тодорхой хариулт өгье. Та нар ойлгоно гэдэгт найдаж байна. Би монгол хүн, сумо Японы үндэсний спорт.
-Манай Котоошүгийн талаар юу хэлэх вэ?
-Сайн залуу. Бас хүмүүжилтэй. Даанч үргэлж аз дутдаг. Байнгын бэртэлтэй. Бяр ихтэй, надаас ч илүү байх. Дохёгоо мэдрэх мэдрэмж дутдаг. Түүнд аварга болох хүсэл мэдээж байгаа. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна.
-Та хоёр хоорондоо хэдэн удаа барилдсан бэ?
-15 удаа барилдсан. Нэг удаа намайг хаясан. Яг тэр башёд Котоошү оозэки болсон.
-Аварга болж чадах болов уу?
-Уг нь үгүй гэх газаргүй. Надаас зөвөлгөө авах гээд ирвэл би туслахгүй. Өөдөөс нь “Чи хэзээ шаралхаж, уурлаж хүн рүү дайрах вэ?” гэж асууна. Тэгээд ч би барилдахдаа больж, өөрт нь нэг өрсөлдөгч хасагдаад байхад. Харин танай бөх өөрийнхөө хотод оозэки цолныхоо найрыг хийж байхад хотын дарга нь намайг “Асашёорюү чөтгөр шиг амьтан” гэж хэлсэн нь үнэн үү?
-Би дуулаагүй юм байна. /Би сандрав/
-За за /инээв/. Энэ дарга миний нэрийг хаанаас дуулсан юм бол гэж гайхаад /бүгд инээлдэв/.
-Аравдугаар сард зодог тайлах, үсээ авахуулах гээд сэтгэл хөдөлж байна уу?
-Энэ жирийн л нэг болдог зүйл. Би эрх чөлөөтэй хүн. Дэлхийн улс орныг тойрч, соёлтой танилцаж, адал явдалтай жуулчилж явах дуртай.
-АНУ-д амьдрах бодол байгаа юмуу?
-Тэнд байхад таалагдсан. Сурах, мэдэх зүйл их байна.
-Өөрт тохиолдож байсан сониноос яриач?
-Ер нь олон хүнд яриагүй зүйлээ ярья, Дөрвөн жилийн дотор их аварга боллоо. Анх хэл, хууль дүрэм, ёс заншлыг мэдэхгүй ирж байхдаа барилдахаасаа илүүтэй сүмочийн ёс жаяг, хөдөлгөөнийг нь сурч байлаа. Нэг өдөр багшийн маань маш баян найз орж ирээд намайгтаван жилийн дотор их аварга болдог юм бол энэ алмаз эрдэнэстэй бөгжөө бэлэглэнэ гэж байна.
-Үнэ нь хэд гэж бодож байна вэ?
-600 мянган ам.доллар.
-Тэгээд амласандаа хүрсэн үү. Манайд “Амлалт бол гэрээслэл биш” гэж хэлдэг?
-Танайд магадгүй. Харин Японд ам гарсан л бол гэрээ, гэрээслэл гэсэн үг. Тэр хүнтэй ресторанд уулзаж би тоглоом хийсэн юм. Бие биетэйгээ ёслон бөхийнгүүтээ би гарнаас нь барьж хуруунаас нь шууд бөгжийг нь мултлаад авчихсан. Баярлалаа гэж хэлчихээд хаалга руу дөхөж явахдаа эргээд хартал тэр юу ч дуугаралгүй сууж байсан. Түүн дээр эргэж ирээд тэврэлдэн инээж, зоог хамт барьсан. Бид одоо болтол хамгийн дотнын найзууд хэвээр байгаа.
-Таныг яаж сумод сонгосон бэ?
-Эхлээд чөлөөт бөхөөр, дараа нь жүдогоор хичээллэж байлаа. Японоос хүмүүс ирж 2000 хүүхдээс шалгаруулалт авч, би тэнцсэн. 16 настай
миний амьдралын зүг чиг өөр замаар явах болсон. Зөв замаа ч сонгож явжээ.
-Өөр спорт сонирхдог уу?
-Тулааны спортод, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаардсан спортоор хичээллэж, тэмцэлдэж байгаа дэлхийн агуу тамирчдыг харж суух сайхан.
-Хөлбөмбөг үздэг үү?
-Хөлбөмбөг чинь тоглоом, тулааных биш. Гэхдээ Аргентиний багийгдэмждэг. Марадонагийн фен нь.
-Гар утсанд тань Дэвид Бэкхэмийн зураг байна?
-Өөр одууд ч бий. За яах вэ. Цөөхөн хэдийг нь харуулъя. У.Смит, С.Дион, за одоо боллоо.
-Энэ хүмүүстэй хаана уулзаж байв?
-Селин Дион Лас Вегаст шоундаа урьсан.
-Лас Вегас орох дуртай юу?
-Дургүй хүн байхгүй биз.
-Казинод тоглосон уу?
-Лас Вегаст ирээд тоглохгүй буцдаг хүн байдаггүй юм.
-Азтай байв уу?
-Би өөрийнхөө азыг арлын улсын жижиг тойрог болох бөхийн дэвжээн дээрээс олсон.
-Өөрийгөө хэр баян гэж боддог вэ?
-Үгүй, зөвхөн санхүүгийн талаар сандрах шаардлагагүй хүн.
-Асашёорюү их аварга ямар дуу хөгжимд дуртай юм бол?
-Хит дуунуудад дуртай. Дараачийн хит гартал надад таалагдсан хит дуу л миний ойролцоо эгшиглэнэ.
-Хувцсаа яаж сонгодог вэ?
-Их асуудалтай. Жингээ 120 кг болгочихоод сонголтуудаа хийвэл илүү амар болно. Таалагдсан хувцсаа хэнээс ч асуухгүй шууд авдаг. Элит хувцас сонгох дуртай.
-Хамгийн жаргалтай мөч?
-Хоёр хүүхдээ төрөхөд хамгийн жаргалтай байсан. Бас комүсүби цол
авснаа гэнэт найзаасаа урьдчилж мэдээд орон дээрээ үсэрч байлаа.
-Тэгвэл хамгийн хүнд нь?
-Сүмогоос болиулж байгаа мэдээг сонсоод. Миний үгийг сонсохгүйгээр тэд шийтгэсэн.
-Өөр тайлбар байна уу. Хэн энэ бүхний ард зогсч байна вэ?
-Одоо бүх зүйл дууссан. Тайлбар хэрэггүй. Эр хүн ялж ч, ялагдаж ч чаддаг байх хэрэгтэй. Миний хоёр дахь амьдрал эхлээд байна. Би өнгөрснөө биш ирээдүйгээ харж урагш тэмүүлнэ.
-Болгарт ирээч?
-Дуртайяа очно. Бид тэмцээн дуусангуут дөрвөн цаг нисээд эх орондоо ирж долоо хоног амраад ирдэг бол танай Котоошюү ирж, буцах замдаа дөрвөн хоног алддагт өмнөөс нь харамсдаг байлаа.
-Та Болгарын тухай мэдэх үү?
-Хамгийн түрүүнд танай олимпийн аварга Валентин Йорданов миний шүтээн. Аав, ах нар бас бөхчүүд. Танай “Дан Колов”-ын тэмцээнд оролцож медаль авч байсан. Хүүхэд байхдаа В.Йордановын барилдааныг телевизээр үзээд Атлантын олимпод түрүүлэхэд нь өөрөө түрүүлсэн юм шиг л баярлаж билээ. Бид сайн найзууд болсон. Танай бахархал түүхэнд үлдсэн сайхан хүн.
-Монголын чөлөөт бөхийн холбоонд тусалж ажиллаж байгаа гэсэн. Ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийнэ. Шинэ удирдлагуудтай хамтран ажиллах, тусалж дэмжих зүйлүүд байгаа. Нэг зүйлийг дурдмаар байна.
-Юу тэр вэ?
-Профессор Райко Петров гэж болгар хүн Монголын чөлөөт бөхийн анхны багш. Тэр хүний номнууд манай аавын номын санд одоо болтол хадгалаастай байгаа.
-Та Японд амьдрах уу, эсвэл Монголд уу?
-Болгарт амьдарсан ч болно шүү дээ. Би дэлхийн иргэн хүн.
-Цаашид улс төрд орох уу?
-Улс төр хүн болгон хийгээд байх зүйл биш. Миний өөрийн бизнес аль хэдийнэ эхлээд явагдаж байгаа. Хөрөнгө оруулалт хийсэн. Олон тооны хүн ажлын байраар хангасан.
-Их аварга аа, ярилцлага өгсөнд баярлалаа. Таныг Болгарт ирнэ гэдэгт итгэж хүлээж байна?
-Баярлалаа. Танай нутагт зочилж очно. Та бүхэнд аз жаргал, амжилт, ялалтуудыг хүсье.
Орчуулсан Б.ТӨМӨРБААТАР
Эх сурвалж: Үндэсний шуудан