2011-06-23Монгол Улсын зууны манлай онигооч, бөх судлалын нэрт төлөөлөгч, ард түмний
гавьяат, цэргийн начин Агвааны Тэгшээ ахынхаа таалал төгссөн гашуудалт мэдээг сонсоод нэг л итгэж чадахгүй сууна. Тэрбээр үндэсний бөхөөр хичээллэхийн хажуугаар самбо, жүдо бөхөөр тодорхой хэмжээний амжилт гарган, 1986 оны Ази тивийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй.
А.Тэгшээ сүүлийн жилүүдэд монгол үндэсний бөхийнхөө баялаг түүх, уламжлалыг судлахад хичээл зүтгэл гарган, бөхийн түүх, бөхчүүдийн ховор сонин гэрэл зургийн ном товхимол хэвлүүлж, үндэсний спортын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан бөхийн зүтгэлтэн байлаа.
Тэрбээр “Таван цагариг” сонин үүсэн байгуулагдсан цагаас хойш бөхчүүдийн хөрөг, сонирхолтой ярилцлага, зураг, хууч яриа, онигоо... зэрэг материалаа нийтлүүлж ирсэн манай сонины шилдэг идэвхтэн бичигчдийн нэг байв. Ингээд Тэгшээ ахынхаа хамгийн сүүлд бидэнд өгсөн “Нисэхийн” хэмээх П.Аюуш арслангийн тухай нийтлэлийг толилуулъя. Ум ма ни бад ми хум.
Их Богдын ижилгүй хүчтэн
Монгол ард түмний дунд “нисэхийн” хэмээн алдаршсан Пагмын Аюуш арслан бол Хонгор нутгаас ардын засгийн жилүүдэд төрсөн бөхчүүдийн манлай нь юм. Арслангийн үндсэн захиргаа нь Баянхонгор аймгийн Богд сум. Уугуул нутаг нь говийн Алтайн нурууны Их Богд уулс.
Тэрбээр 1921 оны цагаагчин төмөр тахиа жил Алтан тэвш хэмээх газар Пагмаын ууган хүү болон мэндэлжээ. Эх Пагма нь амьдрал ядуу, ганц бие эмэгтэй байсан тул баян чинээлэг айлын хаяа түшиж, мал маллаж, өлөн зэлмэн амьдардаг байж. Зуны нэгэн өдөр ээжийгээ аргал түлээ түүхээр явсан хойгуур тоглох наадах хүүхэдгүй гэртээ уйтгарласан 6-7 настай Аюуш хүү гэрийнхээ арын уул хадаар хэсч, хулгана зурам хөөцөлдөн явтал хэсэг ишиг бэлчиж харагдана гэнэ. Малын бараа хараагүй Аюуш баярлан очтол хүний бараа хараагүй удсан болохоор үргэлж хуйлран цүдийтлээ таргалсан тэдгээр ишгийг эр хүний ухааныг олж наана цаана нь гарч хөөсөөр гэртээ тууж иржээ.
Юун ишиг, хаана явсныг эх нь лавлан асууваас учир явдлыг хүү нь хэлжээ. Эх нь сая ухааран “Хавар айлууд нүүхдээ арчил авахын аргагүй хамуурсан хэсэг ишгийг ууланд хаячихаад явсныг санажээ. Бондойтлоо таргалсан ишигнүүдээс бор шидэмсээр хоолойг нь боож амийг нь таслан Аюуш хүү ээжийнхээ хамт шинэ шөл уусан түүхтэй гэнэ. Арслан маань багаасаа морь малтай ноцолдож, Далан түрүү Түйн голынхоо ногоон зүлгэн дээр үе тэнгийнхээ хүүхдүүдтэй барилдаж ноцолдож өсчээ.
Хүн ер нь төрсөн газар шорооноосоо их эрч хүч авдаг юм байна л даа. Их Богд, Жаранбогд, Дулаанбогд, Орог нуур, Түйн гол, Ичээтэй, Билүүтэй, Их нарийн, Бага, Нарийн Элгэн зэрэг голуудтай Монголын хоолой, Хонгор, Давхар, Бор үзүүр, Үхэр толгойн өргөн талууд, Орог нуурын хөвөө, Толь нарийн цагаан, Их булгын элсэн манхан гээд тоолж барж энэ сайхан үзэсгэлэнт нутгаас олон арван эрдэмтэн мэргэд, алдарт малчин хөдөлмөрч түмэн төрөн гарсан нь үүний тод жишээ юм.
Ер нь Баянхонгор аймгийн Богд сум бол бөхөөрөө аймагтаа дээгүүрт ордог. Үүнээс цөө- хөн хэдэн бөхийг дурдахад хангалттай. Жишээ нь улсын начин Баасанхүү, аймгийн арслан Лодой, Даштогоо, Тогоо, цэргийн арслан Лодой арслангийн хүү аймагт тав түрүүлсэн Жанцандорж, аймгийн заан С.Чулуунбат, Аюуш арслангийн хүү аймгийн заан Бандимаам, аймгийн начин Ш.Гончигдагва, А.Дэндэв гээд нэрийг дурдаж цолыг хэлбэл цааш их үргэлжлэх нь лавтай.
П.Аюуш 1942 онд 21 настайдаа өөрийн сумын наадам, зэргэлдээх Жинст сумын наадмуудад босоогоороо үлдэн даага хөтлөн ид хаваа гайхуулан их бөхийн зүлэг ногоон дэвжээн дээрээс анхныхаа түрүүг авч байж. Тэр жилийнхээ намар хайрт ээжээрээ үдүүлэн цэргийн албанд мордож,Улаанбаатар хотноо ирж, нисэхийн цэргийн ангид хуваарилагджээ.
Суманд хоёр түрүүлчихээд очсон Аюуш хүү хотод болдог барилдаануудад тасралтгүй орол цож тун удалгүй нэртэй цуутай арслан заануудыг эмээлгэдэг “хатуу ам” болж чадсан бөгөөд энэ үед олон түмэнд “Нисэхийн” хэмээн алдаршжээ. 1946 он. Ардын хувьсгалын 25 жилийн ой.
Яармагийн дэнж тэр аяараа баярын чимгээ зүүж асар майхан дэрвэж зүс нийлсэн морьтой залуус хөшилдөж уртын дуу хангинаж, хүүхдийн гийнгоо цуурайтаж ёстой л бум бужигнаж түм түчигнэж сэтгэл тэнэгэр наадаж байсан үе. Хүчит 1024 бөх барилдахад Аюуш хүү тоот бөхийн тоонд орж, торгон зодогны сэнжигнээс атган барилджээ.
Энэ наадмаар П.Аюуш гурвын даваанд Завханы их Сандуйг, дөрвийн даваанд Хөвсгөлийн Олзвойг, тавын даваанд Архангайн С.Шаравыг, зургаад Өвөрхангайн Хайрхандулааны олноо “Ханхар” хэмээн алдаршсан Жанцандорж начинг тус тус давж шууд л улсын заан цол хүртэж. Яагаад зургаа давсан бөхөд заан цол олгосон бэ гэвэл тэмдэглэлт ойн жил цолыг тэгж олгодог байжээ. Энэ наадамд улсын аварга дөрөв, улсын арслан 20, улсын заан 47, улсын начин 47, улсын цолтой нийт 118 бүгд 1024 бөх барилдаж зүүний магнайд Их Монгол хэмээх Шаравжамц аварга барууны магнайд Б.Түвдэндорж аварга, зүүний удаад “Босоо” хэмээх Самдан аварга, барууны удаад “Буур” хэмээх Жамъян аварга нар босчээ.
Тэр үед ам авсан бөхчүүд төр засаг, яам тамгын газар, аймгийн нэрийн өмнөөс гарч барилддаг байж. Энэ наадамд залуу бөх П.Аюуш тавын даваанд нэг удаа Баян-Өлгий аймгийн нэрийн өмнөөс гарч барилджээ.
Бяр нь амтагдсан шинэхэн заан маань 1947 он буюу Ардын хувьсгалын 26 жилийн ойгоор гурвын даваанд Төв аймгийн Жигжидийг, дөрөвт Төв сургуулийн Д.Найданг (1950 онд начин болсон), тавын даваанд Хэнтий аймгийн “ходого” Гэндэнжамцыг, зургаад улсын арслан М.Лхагвааг тус тус орхиж, “Харилт үгүй хүчит” чимэг авчээ. Энэ наадамд улсын цолтой 37 бөх барилдсан байна. Газар хол, зардал чирэгдэл ихтэй тул 1948 онд улсын наадамд барилдалгүй харин 1949 онд нутгаасаа урилгаар ирж улсын наадамд зодоглохдоо одтой барилдаж түрүүлсэн боловч Ш.Батсуурь аварга тэр хоёрыг эгч дүүсийг авч суусан базууд бие биедээ бууж өглөө гэсэн хардлагаас болж, түрүү бөхийн бай, чимгээ авч чадахгүй өнгөрснөөр барахгүй Ш.Батсуурь Армийн эвлэлийн байгууллагаас арга хэмжээ авахуулж хоёр жилийн хугацаагаар хил рүү хөөгдөж байсан гэдэг.
Ийнхүү ид сайхан жагсаж бяр хүч жигдэрсэн үед П.Аюушийн урмыг хугалж, зоригийг мохоосон нь түүний барилдааны амжилтад маш муугаар нөлөөлөөд зогсоогүйг их бөхөөс үнэн чанартаа хөндийрүүлжээ. Манай нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал дарга 1956 онд хөдөөгийн хөдөлмөрчдийн ажил амьдралтай танилцаж явахдаа Баянхонгор аймагт очиж, П.Аюуш арслантай уулзаад “Энэ жил улсын наадамд очиж барилдаарай. Улсын арслан цол үнэмлэхээ очиж аваарай” гэсний дагуу Х.Чойбалсангийн үед авч чадаагүй цолоо бүхэл бүтэн долоон жилийн жилийн дараа Ю.Цэдэнбал даргаас гардан авсан гэдэг.
Арслангийн тухай нутгийн бөх сонирхогч Р.Доржбат нэгэнтээ хуучлахдаа Баянхонгор аймаг байгуулагдсанаас хойшхи 60- аад жилийн түүхэнд ганцхан улсын арслан бөх төрүүлсэн нь манай Богд сумын П.Аюуш билээ. Энэ бол нутгийн бидний бахархал байсаар дараагийн зуунд орох нь. Арслан улсад ирсэн жил манайхан Амгалан голд саахалт зусаж байсан.
Цэх өндөр нуруутай, мах булчин тэгш, гонзгойдуу цагаан царайтай, бүрх малгай, монгол гутал, хүрэн хамбан дээлтэй, хүглийсэн мөн ч сайхан хүн ирж билээ. Нутгийнхан “Заан” л гэнэ. Ихэнхдээ тэрлэгээ сугалдаргалчихсан ханхар цээж, бүдүүн гараа ил гарган явах, ийм сайхан хүн бас байдаг аа гэж бид шагшин гайхаж байсан. Арслан хүнтэй их эелдэг харьцдаг, алиа хошин үгтэй, хүүхдүүдийг цаашлуулан үргэлж инээмсэглэж явдаг, уур уцааргүй хүн байжээ. Арслан нэг удаа л мундаг уурласан гэдэг.
Р.Доржбатын гэрт цай ууж суухад нь үе тэнгийн Жимба гэдэг хүн орж ирээд арсланд агсам тавьжээ. Аюуш чимээгүй сууж байснаа гэнэт босон харайж Жимбийг сугандаа хурга, ишиг шиг хавчуулаад гараад тугалын зэлэн дээр аваачиж, хонь алах гэж байгаа юм шиг дээш нь харуулж аманд нь үхрийн баас чихэж алахаа дөхөж. Их л уур нь хүрсэн нь тэр байх даа. Аюуш арслан бяр хүчээр хосгүй бөх байж. Энгийн нэг, хоёр хүн дийлэхээргүй том чулууг арслан өргөж байсан нь одоо Богд сумын төвд бий.
Аюуш арслан идэр залуудаа хүн эмнэлгийн курст сууж зохих мэдлэгтэй хүн байсан тул нутгийнхандаа их л тус болж байж. Тэрбээр маш олон хүүхдийг эх барьж авсны дээр хугарсан яс барих талаар тун сайн байсан гэлцдэг. Өөхтэй хоолонд дуртай наргианч, гавьяат жүжигчин дуучин Долгоржавтай найз хааяа арслангийнд гавьяат очиж багахан найр болцгоодог. Энэ үеэр арслан Долгоржав дуулахдаа арай надад хүрэхгүй юм гэж хошигнож суудаг байж. Нэлээн үнэтэй эд эдэлдэг байсны гэрч ойрын хэдэн сумандаа ховорт тооцогдох төө хэрийн цагаан соруултай гаансыг тэр худалдаж авч байсан байна.
П.Аюуш арслан нь дунд зэргийн нуруутай булчинлаг, яргай махтай цайвар цагаан царайтай хүн байсан бөгөөд сугадаж тонгорох, барьцгүй хавсрах, өсгийлдөх зэрэг мэхийг гаргууд хийдэг мэхэндээ даацтай үлдэцтэй бөх байсан гэдэг. Харамсалтай нь П.Аюуш арслан цолоо нөхөж авсан жилээ улсын наадамд зодоглосон боловч ам давж чадалгүй унасан нь олон жилийн турш сэтгэлээр унаж явсан хүн гэнэт л сэхээ орж маш их баярласантай нь холбоотой байж болох талтай ч хамгийн гол нь их бөхөөсөө хөндийрч ямар ч бэлтгэл сургуулилт хийхгүй биеэ зөнд нь орхиж, хөдөө хөхөрч, гадаа гандаж явсантай нь холбоотой байх.
Арслангийн тухай бас нэгэн сонин дурсамж бий. Нэг намар Орог нуурын хөвөөнд хадлан хадахаар хадуур тармуураа ачсан 40 гаруй залуу Амгалан голоос хөдөлж Давхарын талд үдэлж мориныхоо нурууг амраах үеэр арслан залуустай барилдах болов. Тэгэхэд Аюуш гуайн 50 шахсан байж. Тэдэн дотор сумандаа гайгүй барилдчихдаг цолтой хэдэн залуу байж. Бүгд арслантай барилдаад хэн нь ч даваагүй болохоор арслан “Та нар босоогоороо би өвдөг дээр сууж барилдъя.
Намайг гэдрэг нь унагаарай” гэж гэнэ. Харин аймгийн заан цолт 50 гаруй настай Маамуу гэж өргөн тэвхгэр цээжтэй ханхайсан том өвгөн л түүнийг хаясан гэдэг. П.Аюуш арслан 1940 онд олон сайхан хүүхдийн ирээдүйн эх болсон Гэндэндоржийн охин Цэрэндоржтой гэр бүл айл гэрийн голомт бадрааж ачит эхийгээ баярлуулжээ. Дээр арслангийн бяр чадалын тухай цухас дурдсан.
Үүн дээр нэмээд нутгийн бөх аймгийн арслан Б.Даштогоо гуайн хуучийг сонсвол сонин байх болов уу. Аюуш арслан уугуул нутгийн багын найз, ард Жигмэддоржийн шар атыг цээжийг нь мөрлөж өргөсөн, сумын даргын улаан атыг булгийн нүднээс ганцаараа суга татаж гаргасан, багийнхан нь Хул морьтод хашаа хороо барьж байхад “Дааган” чинээ том чулууг үүрч ирээд хаясан гэх зэрэг сонирхолтой хууч домгийг үлдээжээ.
Хүчит арслангийн тухай Монгол бөхийн нэгэн цаг үеийг эзлэн барилдаж байсан халхын их аварга Б.Түвдэндорж амьд сэрүүндээ “Улсын арслан Б.Түвдэндорж бол бие томтой, зоо нуруундаа бяртай, бас хэд хэдэн дархан мэхтэй сайн бөх дөө” хэмээн дурссан байдаг. Их аваргын энэ хэдэн үгнээс л арсланг ямар бөх явсныг гэрчилж байгаа юм. Арслангийн хүү Бандимаам цагдаагийн ахмад ажилтан бэлтгэл дэд хурандаа бас аавынхаа шийрийг хатааж аавынхаа аваагүй аймгийн заан цолыг хүртэж барилдаж явсан нэгэн.
Монгол газар бөхийн удам тасрахгүй гэдэг үнэн юм даа. Ийнхүү П.Аюуш хэмээх нэгэн сайхан бөхийн маань хувь заяа жаахан гунигтай байсаар гундсан аж. Хувь заяаны энэхүү тэгш бус байдлаас болж улсдаа есхөн удаа барилдаж дөрөвхөн удаа шөвгөрснөөс нэг нь түрүүлээд дууссан байна.
А.ТЭГШЭЭ