2011-06-16Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, бүжиг дэглээч Г.Ган-Очиртой ярилцлаа.
-Уран бүтээлийнхээ гарааг хэзээ эхэлсэн бэ. Жүжигчин болъё гэж багаасаа боддог байв уу?
-Юуны өмнө “Монголын үнэн” сонинд талархаж явдгаа хэлмээр байна. Бага байхдаа танай сонины “Мэдлэгт дусал нэмэр” булангийн мэдээлэл бүрийг хайчилж, хадгалдаг байлаа. Миний мэдлэг, боловсролд их нэмэр болсон сонин доо. Уран бүтээлийн гараагаа хэзээ эхэлснээ сайн санахгүй байна. Бага байхаасаа л дуулж, бүжиглэх дуртай байсан. Олон ч тэмцээн уралдаанд оролцсон.
Ихэнхдээ тэргүүн байр эзэлдэг байсан болохоор бусад хүүхэд “Хоёрдугаар байрын төлөө өрсөлдье” гэдэг байлаа. 1996 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Манай гэр бүлд надаас өөр урлагийн салбарт ажилладаг хүн байхгүй. Аав, ээж, дүү маань эмч мэргэжилтэй. Аав маань саксофон тоглодог, урлагийн мэдрэмжтэй хүн байсан.
-Гэр бүлийнхнийхээ адил эмч болдог байж гэж бодож үзсэн үү?
-Надад эмч болъё гэсэн бодол огт төрж байгаагүй. Мэдрэмж, сонирхол минь бага байхаас л урлагт хөтөлсөн.
-Та мэргэжлийн бүжиг дэглээч. Энэ мэргэжлийг хэзээ эзэмшсэн бэ?
-Сайн жүжигчин болъё гэвэл онцлогтой байх хэрэгтэй гэсэн шаардлага өөрт өө тавьсан. Суралцаж төгссөн мэргэжил жүжигчин боловч эзэмших ёстой, сонирхсон мэргэжил байсан нь бүжиг дэглээч. Тэгээд бүжиг дэглээч, тэр дундаа орчин үеийн бүжиг дэглээч, хөдөлгөөний болон тавилтын найруулагч мэргэжлийг давхар эзэмшсэн юм.
-Хөдөлгөөний найруулагч чухам ямар үүрэгтэй вэ?
-Киноны дуу, бүжиг, жүжиглэлтийг зохицуулахын тулд найруулах хэрэгтэй болдог. Сайн кино бүтээхийн тулд энэ гурван урлагийг хослуулах хэрэгтэй. Уянгын дуу дуулбал ямар царай гаргах, ямар хөдөлгөөн хийх хэрэгтэйг жүжигчдэдээ зааж өгөх нь найруулагчийн үүрэг. Үүнийг хөдөлгөөний найруулга гэдэг. Эртний Грект үүссэн урсгал.
-Таны бүжиглэх авьяасыг “Boom town” хамтлагийн уран бүтээлээс харж байлаа. Хамтлаг байгуулах нь Таны санаа байсан уу?
-Хамтлагийг үүсгэн байгуулагч нь би. Бүжиглэх сонирхолтой, авьяаслаг арав гаруй залуусаас зургаан хүн шалгаруулж хамтлагаа байгуулсан. Бүжгийн урлагийг дуутай хослуулснаараа манай хамтлаг ялгардаг. Уран бүтээлээ туурвиж байх үед дүү нар маань олон зүйл хийхийг хүссэн ч бүгдийг зэрэг хийх, амжуулах туршлага бидэнд байгаагүй. Цаг хугацаа ч хүлээгээгүй. Одоо Тэмүжин, Баяраа хоёр “Х ТҮЦ” продакшнд ажиллаж байна. Тэдний тоглосон, оролцсон кино ч их болж. Баяраа саяхан “Фантастик” продакшны кинонд тоглолоо. Алдар “Маск” продакшнд, Тамираа Драмын театрт ажиллаж байгаа. Тэдний тоглосон кино ч олон. Харин хамтлагаараа тоглосон кино бол “Сүүлчийн бүжиг”. Би энэ киноны ерөнхий бүжиг дэглээчээр ажилласан.
-Монголд бүжгийн хамтлагууд төрж байна. Орчин үеийн бүжиг хөгжиж буйн илрэл гэж ойлгож болох уу?
-Орчин үеийн бүжгийг чөлөөт буюу гудамжны бүжиг гэдэг. Тектоник, сиволк, крамп, реп гээд бүжгийн төрөл олон. Би бүжгийн үе шат тодорхойлогч мэргэжилтэн биш болохоор бүжгийн урлаг манай улсад хөгжиж байгаа үгүйг хэлж мэдэхгүй нь. Гэхдээ орчин үеийн бүжгийн урлагийг дүгнэхэд эрт байна шүү дээ. Хөгжүүлэх л хэрэгтэй. Харин уламжлалаа халж болохгүй. Хуучнаас л шинэ зүйл төрдөг. Уламжлалаа үгүйсгэсэн урлаг хэзээ ч шинэлэг байхгүй.
-Та “Universe вest songs” наадмын оролцогчдын бүжгийг дэглэдэг. Энэ жилийн оролцогчид ямар байв?
-”Universe вest songs” бол дуусашгүй хөтөлбөр. Оролцогчид нь үнэхээр авьяастай. Өөрийгөө бүрэн илэрхийлэхийн тулд дуундаа тохирсон хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тэр хөдөлгөөн энгийн байж болохгүй. Хөдөлгөөнөө сайн хийхийн тулд жүжиглэх хэрэгтэй. Ер нь дуу, бүжиг, жүжиглэлт гурав салшгүй холбоотой. “Universe вest songs” дууны наадам болохоор оролцогчид нь бүжгийн урлагийг мэргэжлийн төвшинд сурах албагүй. Би төвшинд нь тааруулж л заадаг.
-Энэ наадмын шилдэг оролцогчдын тоглосон хоёр ч мюзиклд Та тоглосон. Өөр ямар кинонд тоглосон бэ?
-Би “Янаг амрагийн дууль”, “Пепсийг шинэ үеийнхэн сонгож байна”, “Зүрхэнд гэрэлтэх од” зэрэг найман кинонд дүр бүтээсэн. Энэ зун хоёр, гурван кино хийхээр төлөвлөж байгаа. “Universe вest songs”-ын оролцогчдын тоглосон “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама миа” бол мюзиклийн дүрмээр хийгдсэн Монголын орчин цагийн анхны мюзикл кино. Миний сонсч мэдсэнээр нэг уран бүтээлчийн, нэг хөгжмөөр дагнасан, нэг зохиолыг мюзикл гэдэг. Өмнө нь мюзикл кино нэлээд хийгдсэн.
Жишээлбэл, “Х ТҮЦ” продакшны “Сэргээш” 1, 2, 3 байна. Гэхдээ энд төрөл бүрийн дуу цуглуулж, зохиолтойгоо авцалдуулсан байдаг. Харин “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама миа” бол нэг хөгжмийн зохиолоор бүтсэн. Өөрөөр хэлбэл, хөгжмөөс зохиол нь гарсан гэсэн үг. Мюзикл кино зардал, хөдөлмөр их шаарддаг. Олон хүний оролцоо ордог, шинэ хөдөлгөөн ч их зохионо. Хөдөлгөөнүүд нь энгийн байх ёсгүй. Найруулагч дангаараа бодож, сэднэ гэдэг амаргүй.
Гэхдээ жүжигчний хүрээ гэж бий. Энэ нь аль ч төрөлд тоглох чадвартай байна гэсэн үг юм. Би хошин урлагт илүү сонирхолтой. Бүгдийг ялгаж, салгаж эзэмшихийн тулд одоо ч суралцсаар явна. Өвөл бүр халтирахгүй, зун бүр наршихгүй байхыг ч бид шинээр сурдаг шүү дээ. Үүнтэй л адил.
-Та өөрийгөө олон зүйл сонирхдог гэлээ. Жүжиглэх, дуулах, бүжиглэхээс өөр юу сонирхдог вэ?
-Сониуч зан маань намайг олон зүйлд хөтөлдөг. Аав, ээжийн удамд зураач байсан гэдэг. Тийм болоод ч тэр үү уран зураг сонирхдог. Би чинь бас уран барималчин гэдэг мэргэжлийг эзэмшсэн хүн. Барималчин байхын тулд зурж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Зураач хүн өнгөний зохилдлогоог сайн мэддэг. Ийм мэдрэмжтэй хүн ядаж л дэлгүүрт ороод хувцсаа зөв сонгож чаддаг юм. Энэ чадвар маань кинон дээр, амьдралд, хүнд зөвлөгөө өгөхөд, тэр ч байтугай хоол хийхэд ч тус болдог.
Э.Нямдулам