2011-06-15Universe best songs” феастивалийн шүүгч, “Pro Sound” студийн дууны продюссер Рагу Раманыг хатуухан боловч голыг нь
олсон шүүлт хийдэгт нь Монголчууд эхэндээ эгдүүцэн хүлээж авсан. Тэрбээр үүнийгээ Монголоос би дэлхийн хэмжээний дуучин гаргахын тулд л үнэнийг нь хэлж байна хэмээн тайлбарладаг. Түүнтэй ярилцлаа.
-Монголд ирээд хэр удаж байна. Ямар учраас манай орныг зорьж ирэв?
-Анх “Камертон” хамтлаг “June 24″ нэртэй цомгоо Сингапурт хийлгэхээр очихдоо надад хамтарч ажиллах санал тавьж байсан. Түүнийг нь хүлээж аваад энд ирснээс хойш дөрвөн жил өнгөрч. Энэ хугацаанд олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж чамгүй зүйл хийлээ.
-Хэн хэнтэй хамтран ажиллав. Монголын мэргэжлийн дуучдад ямар үнэлэмж өгөх вэ?
-”Камертон”, “A-Sound” хамтлаг, Наран, Чинбаа, Х.Ариунаа, Б.Сараа, Чука, хийлч Дээгий гээд нэрлээд байвал олон. Монгол дуучид сайн нь үнэхээр сайн. Муу нь зүгээр л нэг байдаг л дуучид. “Киви” хамтлагийн зураг, хувцаслалт нь аймар гоё сүртэй. Тэгсэн хэрнээ дуу нь муу. Супер сайн дуучид их ховор байна, Жишээ нь, дуучин Наран аймаар хүчтэй хоолойтой бол Ариунаа их сэтгэлтэй хоолойтой. Мөн “A-Sound-ын Тэмүүлэн гоё хоолойтой, би сонсох дуртай. Хамгийн гол нь залуу үеийнхнийгээ бүх талаар дэмжих хэрэгтэй. Учир нь ирээдүйд тэр залуучууд л эх орноо авч явна шүү дээ. Тиймээс би хувьдаа залуусыг дэмжмээр байна.
-Таны үндсэн мэргэжил юу вэ?
- Студийн дизайнер.
-Гурван жил “Universe best songs”-ийн шүүгчээр ажиллалаа. Монгол оролцогчдыг “Америкийн шүтээн”-ий оролцогчидтой харьцуулбал. Урьд нь энэ төрлийн тэмцээн уралдаан шүүж байсан уу?
-Би яг мэргэжлийн дуучин биш учраас урьд өмнө шүүгчээр ажиллаж байгаагүй. Гэвч Монголчууд жаахан ухаан зарвал чадалтай дуучдын армитай болох нөөцтэй. Анх шүүж байхад “Битлз”, Жексон, “ABBA”, Селин Дион гэсэн хэдхэн хамтлаг, дуучдын дууг л дуулдаг байсан. Цаана нь 60, 70, 80-аад оны үнэнхээр супер, гайхалтай хамтлаг дуучид маш их байдгийг огт мэддэггүй. Хөгжмийн мэдлэг үнэхээр хомс. Энэ нь нөгөө коммунист нийгмийн балаг байх л даа.
Харин одоо бол дуу нь сайжирч байна. Ер нь дуучин гэдэг гадна төрхөөсөө авахуулаад бүх талаар өв тэгш байхыг хэлдэг юм. Харьцуулна гэдэг их хэцүү асуудал. Учир нь хүн амын тоо их зөрүүтэй шүү дээ. Америк оронд энэ төрлийн тэмцээнийг хэчнээн удаа зохиосон ч болно. Авьяаслаг америкчууд барагдахгүй. Харин Монгол оронд хэдхэн жилийн дараа л оролцох хүн үлдэхгүй дуусна.
-”Universe best songs”-ийг шүүхэд хэр хүндрэлтэй байв уу. Арын хаалга нэлээд байсан гэдэг?
-Нэг их хүндрэлтэй байгаагүй. Би тийм арын хаалганд ордог хүн биш. Бодит шүүлт гаргахыг л хичээсэн.
-Та “Pro Sound” сгудийн дууны продюссерээр ажиллаад ямар цалин авдаг вэ. Монголд хэр удаан ажиллаж, амьдрах төловлөгөөтэй байна?
-Миний цалин сонин биш байх аа. (инээв) Хүмүүс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарын цалинг мэддэггүй биз дээ. Тэгвэл минийхийг ч бас мэдэхгүй хэвээрээ үлдэг. Ямар ч байсан боломжийн хэрээр аз жаргалтай амьдарч байна. Монголд, Америкт, Сингапурт нэг нэг гэр байна. Цаашид Монголд хэр удаан амьдрахаа хэлж мэдэхгүй нь. Өөрийн таалагдсан газраа нүүдлийн шувуу шиг амьдрах хүсэлтэй.
-Халуун орны хүн Монголын эрс тэс уур амьсгалд хэр дасаж байна. Олон найзтай болсон уу?
-Өө, тэгэлгүй яахав. Би олон найзтай болсон. Дуучин Д.Болд, хийлч Дээгий, Т.Ариунаа гээд л сайн найзууд олон. Тэрнээс гадна монголчууд их сонирхолтой. Амьдрал нь тэр чигээрээ уулга алдалт, алмайрлаар дүүрэн. Гэтэл Сингапур хүмүүс аймаар уйтгартай. Юу ч болж байсан мэлийгээд л явцгаадаг. Муухай. Монголд анхандаа өвөл болохоор их даарч байнга чичрээд л явдаг байсан. Одоо дасчихсан. Монголын өвөл гоё санагддаг гээч. Харин халууныг үзэхгүй шүү дээ.
-Гэр бүлээ танилцуулаач. Одоо болтол хүүхэдгүй гэж сонссон?
- Миний эхнэр Монгол банкинд эдийн засагчаар ажилладаг Н.Өнөржаргал гэдэг бүсгүй бий. Мэргэжлээ дээшлүүлэхэр Нью-Иоркт сурч байгаа. Одоогоор зуныхаа амралтаар ирчихсэн. Харамсалтай нь удахгүй буцна. Хүүхэд үү, болоогүй шүү. Бүүр дараа нь болж болох байх. Залуу насандаа сайхан чөлөөтэй баймаар байна. Хүүхэд төрвөл эхнэртээ өгсөн хайрнаасаа хуваах болно. Миний эхнэр бол миний хүүхэд. Тэгээд ч надад эхнэр чухал.
-Яагаад. Та хүүхдэд хайртай юу?
-Хайртай, хайртай. Зүгээр л залуу насандаа жаахан юм хийж, дуртай газруудаараа аялаадхая. Дараа нь цаг завтай болсон үедээ хүүхдээ хайрлаад халамжилна.
-Та хэр шүтлэгтэй вэ?
-Бурхан бол хайр. Тиймээс би Христ, Будда гээд бүх шашинг хайрлан хүндэтгэдэг. Аль нэгийг нь сонгож, залбиран шүтдэггүй.
-Танд ямар нэгэн цуглуулга байдаг уу?
-Би робот, жижиг машин цулуулдаг. Тэгээд ажил дээрээ ч гэртээ ч тэднээсээ тавьдаг. Харах тусам өхөөрдөм нэг л хөөрхөн.
-Таны хоббиг сонирхвол. Монгол хоолноос ямрыг нь идэх дуртай вэ?
-Аялалаар явах дуртай. Гэвч зав зай болохгүй болохоор сайн аялж чадахгүй л байна. Би дандаа л Монгол хоол иддэг. Ногоотой шөл, бууз, хуушуур гээд л. Өөрөө ч хийж чадна. Нээрээ би бууз их сайн чимхдэг шүү. Харин хорхог огт идэж чаддаггүй. Гэхдээ цуйванд бол нугасгүй. Бараг өдөр бүр иддэг. Миний эхнэр гоё цуйван хийдэг.
Ногоотой, кимчитэй, махтай гээд бүх төрлийн цуйванд дуртай. Монгол үхрийн мах их амттай. Сингапур, Амеркийн үхрийн мах аймаар муухай амттай байдаг. Монгол махны амт яагаад тийм гоё байдгийг нь ойлгодоггүй. Тэрнээс гадна монголчууд ногоогоо малдаа л өгөөд байхаас өөрсдөө тийм ч дуртай биш. Би бол дуртай, гоё. Тийм сайн шимтэй хүнсээ яагаад малдаа өгөөд байдаг юм бол доо.
-Таныг их шоуддаг гэж сонссон?
-Урьд өмнө жаахан шоуддаг байсан. Гэхдээ гурван жилийн өмнө л дөө. Одоо бол огт уудаггүй. Яагаад гэвэл ууж, идэх гэдэг тийм ч сайн зүйл биш. Их дэмий. Энэ муу зүйл гэдгийг нь би ойлгосон.
-Монголын нийгмийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Монголчуудын амьдралд их өөрчлөлт хэрэгтэй. Цалингийн хэмжээ нь үнэхээр инээдтэй. Тухайлбал, эмч хүн өнөөдөр доод тал нь хагас сая, ихдээ нэг сая төгрөг авч байж сайхан амьдарна. Сингапурын эмч 10 мянган доллар авдаг. Швейцарт 20 мянган доллар авдаг. Гэтэл Сингапурт одоогоос 40 жилийн өмнө ус хомсдолтой, алт, газар байгаагүй.
Тэгэхээр монголд өч төчнөөн баялаг байна. Одоо зөв бодлого хэрэгтэй. Тэр УИХ-ын гишүүд нь “Оюутолгой”, Тавантолгой” гээд л хөөцөлдөөд байх юм. Энэ бишээ. Намайг дөрвөн жилийн өмнө ирэхэд гуйлгачин хүүхдүүд зөндөө байсан. Одоо ч хэвээрээ л байна. Үүнээсээ эхэлж асуудлыг авч үзэх хэрэгтэй. Тэр хүүхдүүд таны ирээдүй шүү дээ. Одоо та нарын хэлдэг, ярьдаг 76 цус сорогч. Тэдэнд зүрх сэтгэл байхгүй бол хэчнээн ажиллаад улс нь хөгжихгүй. Танай улсын санд саяхан их хэмжээний мөнгө орж ирсэн. Түүнийг яаж зарцуулахаас дээрх нөхдийн цус сорогч мөн үү биш үү гэдэг нь мэдэгдэнэ.
Н.Оюундалай