2011-06-14“Монголын сонгодог урлагт өөрийн байр сууриа богино хугацаанд эзэлж чадсан авъяаслаг уран бүтээлч хэн бэ”

гэвэл Дуурийн дуучин Ө.Уянга” гэх олон биз ээ. Дөрөв дэх тоглолтоо хийх гээд тун завгүй яваа туунтэй уулзаж ярилцлаа.
-Яагаад тоглолтоо “Монгол” хэмээн нэрлэв. Тоглолт тань нэлээд сүр дуулиантай болох гэж буй бололтой. Бас нэр нь сонирхол татлаа?
-Өмнөх тоглолтууд маань ихэвчлэн “Гранд опера” нэртэй байсан. Харин энэ удаа “Монгол” гэж нэрлэлээ. Нэрийг хүмүүс янз бүрээр тайлбарлахыг оролдож байна. Уран бүтээлчид бид хилийн дээс бишгүй алхдаг. Ингэж явахдаа бид эх орноороо бахархахын сацуу багагүй омогшиж, Монголын сонгодог бүтээлүүдээ дэлхийд таниулж байгаадаа бахархдаг. Монгол Улс өөрийн гэсэн мөн дэлхийн сонгодуудтай ч эн зэрэгцэхүйц бүтээлтэй. Түүнийг гадаад улс оронд толилуулж чаддаж байгаа нь нэр төрийн хэрэг. Ийн бодлуудыг үндэслэж тоглолтоо “Монгол” хэмээн нэрлэсэн юм. Энэ удаагийн тоглолтод Монголын cop болсон бүтээлүүд дуулагдах тул өвөрмөц байх болно.
-Таны тоглолтынг сонирхож үзэх хүн бишгүй бий. Мөн таныг өндөр ханштай дуулдаг, хөгжмийн зохиолчдоос багагүй үнээр дуугаа авдаг гэдэг?
-Энэ урлагийг үнэ цэнэтэй байлгах нь чухал. Сонгодог урлаг үнэгүйдэж болохгүй. Тиймээс дуугаа өндөр ханшаар дуулдаг, багагүй үнээр авч амилуулахыг хичээдэг. Мөн түүнчлэн бусдын бүтээлийг хаа хамаагүй газар дуулаад явахыг хүсдэггүй.
-Сонгодог урлаг дэлхийн улс орнуудад өндөр үнэтэй тоглогддог. Гэтэл манай улсын хувьд хэтэрхий хямдхан тоглогдож үнэлэгдэж байна гэдэгтэй санал нийлэх үү. Үүнд эмзэглэдэг үү?
-Хаа газар л сонгодог урлагийн тоглолт нэлээд үнэ ханшаар тоглогддог. Гадаадад театрын суудлаасаа хамаараад дунджаар 100-300 ам. долларын ханштай байдаг. Гэвч бидний хувьд ард түмнийхээ амьдралд ойртсон үнээр тоглохгүй бол болохгүй шүү дээ. Харин ч 20 мянган төгрөг байгаа нь манайдаа харьцангуй өндөр байна. Сүүлийн үед иргэд сонгодог урлагийг шимтэн сонирхдог болжээ. Дэлхийн төвшний урлагийг ойлгож, сурч байгаа нь иргэдийн хувьд сайн хэрэг. Хямд үнээр тоглож байгаа гээд эмзэглээд байх шаардлага алга
-Өмнө нь дуурийн эх орон Италид хэд хэдэн удаа мэргэжил дээшлүүлээд ирсэн. Гадагшаа суралцах, ажиллах бодол нэлээд байдаг бололтой. Заримдаа гадаадад амьдаръя гэсэн бодол төрдөг үү. Ийм санал хэр ирж байв?
-Урилгаар, хамтарч ажиллая гэсэн санал нэлээд ирдэг. Саяхан ОХУ-ын Санкт петербург хотоос мэргэжил дээшлүүлж, хамтран ажиллах санал ирүүлсэн. Хилийн дээс алхаж, мэргэжлээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх талаар байнга л бодож явдаг. Залуу хүн хөгжиж байх ёстой. Тэр дундаа сонгодог дуулаачийн хувьд тасралтгүй суралцаж, эрэл хайгуул хийх хэрэгтэй.
Хэзээ явах эсэхээ шийдээгүй байна. Миний хувьд зуны хэдэн сард амраад авахыг чухалчилж байгаа. Энэ зуныг нутагтаа өнгөрүүлэх санаатай. Харин намраас урлагийн бид хөдөлгөөнд орж, гадна дотны тогдолтод оролцоно доо. Миний хувьд хэдэн төгрөгийн төлөө гадаадын харьяат болчихмооргүй л байна. Монголын сонгодог урлагт би хэрэгтэй гэж өөрийгөө боддог. Италид суралцахаар явсан тухайд их зүйлийг сурч ирлээ. Сурч мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжуулмээр санагдаад, орон зай минь сонгодог урлагт үгүйлэгдсэн тул удалгүй ирж билээ.
-Таныг зарим уран бүтээлчид монголын цөөн “сайн цээл” дуучин хэмээн үнэлдэг. Амжилттай яваагаа юутай холбож үздэг вэ. Өөрийнхөө зан чанарыг тодорхойлооч гэвэл?
-Хүнд байгалиас заяасан авьяас зайлшгүй байх ёстой. Хөдөлмөр зүтгэл байхгүй бол мянган авьяас байгаад ч хол явахгүй. Учиргүй нууцлаад байх ч юу байхав. Бусдын жишгээр хөдөлмөрлөөд л явж байна. Цуцашгүй, дайчин зантай гэж өөрийгөө тодорхойлчихъё. Өөрийгөө ийм зантай, тийм хүн гээд яриад байх нь хаашаа юм. Ёстой утгагүй хэрэг биз. Ард түмэн намайг дүгнэх байх. Тайзан дээрх Уянга, амьдрал дээрхтэй нэг их хол зөрөхгүй байхаа. Нэг юмны төлөө зүтгэвэл буцахаа мэдэхгүй гүрийдэг хүн дээ. Жаахан эр хүн шиг гүжирмэг зантай. (инээв)
-Дуучин Уянгаагийн урлагт замнасан эхлэл яах аргагүй “Классик Жем”-ээс эхлэлтэй. Олонд танигдахын тулд тус хамтлагт дуулж явсан гэх яриа байдаг?
-Миний өдий зэргийн нэр хүндтэй яваа яах аргагүй “Классик жем” хамтлагтай холбоотой. Урлагийн зам мөрөө тус хамтлаггүйгээр төсөөлдөггүй байсан юм. Хэрвээ би “Классик жем” хамтлагтаа ороогүй бол бусдаас ялгарч төдийлөн олонд танигдаж чадахгүй байсан. Хамтлагтай уран бүтээлээ холбосон маань зөв их зүйтэй хэрэг байсан. Урлагийн хөгжил нийгмийн амьдралыг дагаж явдаг гэдэг. Тэр дагуу бидний амьдрал хөвөрч байдаг.
-Одоогоор хамтлагийнхантайгаа холбоотой байдаг уу. Танай хэд хаагуур уран бүтээл туурвиж байгаа вэ?
-Манай хамтлаг байгууллагдаад гурван жил хэртэй үйл ажиллагаа явуулсан . Энэ хооронд бид чанартай хоёр ч “Поп опера” цомог гаргаж чадсныг хэлмээр байна. Хамтлагийн хоёр залуу маань өөрсдийн бизнесээ хөөгөөд амьдарч л байна. Туяа маань надтай мөр зэрэгцээд сонгодог урлагтаа хүчин зүтгэж байгаа. Бидний хооронд маргаантай асуудал байхгүй. Бид мэргэжил нэгт нөхдийн журмаар сайн харилцаатай байгаа. Ааштай амтайдаа хамтлагаа тараасан зүйл бидэнд байхгүй ээ.
-Нэгэнтээ та бүгд нэг хамтлагийн уран бүтээлчид байсны хувьд хамтлагаараа нэгдэх дуулах, тоглолт хийх санаа л байдаг уу?
-Яг одоогоор бидэнд ярилцсан зүйл алга. Ирээдүйд ийм зүйл болохыг үгүйсгэхгүй.
-Дуурийн дуучид гэлтгүй эмэгтэй хүмүүс янз бүрийн зүйлс цуглуулах дуртай байдаг. Ардын жүжигчин А.Долгор хун цуглуулдгаа ярьдаг. Харин таны хувьд юунд хоббитой вэ?
- Хувь хүнийхээ зүгээс янз бүрийн төрөл жанарын цомог цуглуулдаг. Аль ч төрөлдөө сайнд тооцогдсон цомог байвал бушуухан авахыг хичээдэг дээ. Сонгодог урлагийн хүн болохоор тэр үү овоо хэдэн даашинзтай болж. Нас явсан хойно минь энэ хэдэн даашинз, эдэлсэн хэрэглэлүүд сайхан харагдах байхдаа гэж хааяа боддог.
-”Мама мияа” хөгжимт драмын кинонд тоглож байсан. Кинонд дахин тоглох санал ирвэл тоглох уу. Дуурийн урлагаас авч байсан таашаалаас чинь кино урлаг юугаараа өөр байв?
-Кинонд тоглоно гэдэг их сонин содон мэдрэмж төрүүлдэг юм билээ. Тайзны урлагаас нэлээд өөр юм. Цаашдаа хөгжимт драммын чиглэлийн кинонд дахин хүчээ сориод үзье гэж бодсон шүү. Зохиол нь таалагдвал залуу насныхаа дүрийг дэлгэцэнд мөнхлөхөд буруудах зүйл байхгүй. Харин нь ч сонирхолтой байж мэдэх юм. Дуурийн дуучдад жүжиглэх нь хэцүү биш тул асуудал гараагүй. Гэхдээ камерын өмнөөс жүжиглээд дуулна гэдэг бас ч хэцүү санагдсан. Найруулагчийнхаа заавар зөвлөгөөгөөр болоод л байсан.
-Сүүлийн үед нам төрийн асуудлыг сонирхохгүй хүн алга болж. Урлагийнхан ч энэ асуудалд нааштай хандаж буйгаа илэрхийлж, намд элсээд л. Өөрт чинь намд элсье гэсэн бодол төрдөг үү. Сонгууль дөхөхөөр л урлагийнхан аль нэг нам дагаад, дуу хуураар дэмжээд явдаг?
-Ардчилсан оронд амьдарч байгаагийн хувьд хэн нь юуг дагаад явж байх нь тэдний эрх байх. Миний хувьд ямар нэгэн намын харьяанд байхыг хүсдэггүй. Зүгээр л улс төрийн идэвхтэй, шударга зүйлийг дэмжигч гэсэн байр сууринаас ханддаг. Нэгэнтээ амьдрал, улс төрийн байдлаас хамаарч байгаагийн хувьд огт сонирхохгүй амьдарна гэж байхгүй болов уу. Цаашдаа урлагаараа л амьдарна гэж боддог.
-Уран бүгээлч бүр бүтээлээ ялгалгүйгээр хайрладаг. Гэхдээ өөрийгөө таниулсан нээж өгсөн бүтээлдээ илүү хайртай байх нь ч бий?
-Дөнгөж сургууль төгсчихөөд “Богем”, “Дон Жуан” дууриудад тоглож байлаа. Эдгээр дууриудаас их ч зүйл сурч авсан даа. Дуурийн урлаг гэдэг шинэ дүр бүтээх болгоноосоо суралцаж явахгүй бол хэцүү, Мөн өдий дайны уран бүтээлч болгосон гавьяат багш Бандидаа баярлаж явдаг. Багш маань монгол сонгодог дуурь гэсэн школыг бий болгож чадсан гайхалтай хүн. Гарын хэдэн шавь нар Монголын дуурийн урлагт өөрийн байр сууриа хэдийнээ эзэлж чаджээ.
Би нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Монголд ганц дуурь гэлтгүй монголчууд маанъ өөрийн хийж бүтээсэн зүйлэахайрлаж, хамгаалж чаддаг байх хэрэгтэй юм. Бид заримдаа юм хийх гэж өөрсдийн хөлс хүчээрээ босгож бүтээсэн зүйлээ юу ч биш мэт болгоцгоох юм. Үүгээрээ би хотын хөгжилд санаагаа нэмэрлэж байгаагаа хэлмээр байна.
-Манай зах зээл бага болоод ч тэр үү зарим тохиолдолд дуурийн дуулаачаар төгссөн оюутнууд өөр салбарт хүч үзэх сонирхолтой байдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-СУИС-ийн дуулаачийн ангийн оюутан бүр л дуучин болно гэдэг. Мөн дуурийн дуулаачаар төгссөн хүн бүр сайн дуучин болж чаддаггүй. Тэгэхээр нэг зүйлийг хэлмээр байна. Дуурийн урлаг бол маш хатуу шалгууртай. Өчнөөн шалгуур дамжиж байж сая нэг дуучин болдог. Хүн бүрт авьяас тэгш заяадаггүй. Иймэрхүү зүйлээс болж зарим хүмүүс өөр салбарыг сонгодог талтай.
-Та хүүгээ ямар мэргэжилтэй хүн болгоно гэж боддог вэ. Дуучин ээжийн хүү мэдээж авьяастай байх. Хэдийгээр нас нь бага ч авьяас нь тодорч байна уу?
-Миний хүү их сэргэлэн. Дуулах авьяасын хувьд хүүхэд л юм хойно эхлээд жаахан дуулж байгаад хоолой нь солгойрчихдог байсан. Би ч багадаа солгойрчих шинжтэй хоолойтой хүүхэд байлаа. Хүүхэд ээждээ л хөөрхөн гэдэгчлэн миний хүү наддаа авьяастай. Ер нь би хүүгээ заавал дуучин болгоно гэж албадахгүй ч, урлагийн мэдрэмжтэй, хэл ус сайтай хүн болчихоосой гэж хүсдэг. Саяхан төгөлдөр хуурын дугуйланд явууллаа. Овоо юм сурах шинжтэй байна. Цаашдаа өөрийнх нь хүсэл сонирхлыг харгалзана гэж бодож байгаа. Загвар сонирхоно гэж жигтэйхэн. Заримдаа ээждээ ямар хувцас өмсөхийг заана гээч.
-Залуухан сайхан бүсгүйд, тэр тусмаа урлагийнханд харц унагахгүй, эргэж харах эрчүүд байдаггүй гэдэг. Эрчүүдийн талаар ямар бодолтой явдаг вэ. Найз залуутай болсон уу?
-Энэ талаар дэлгэрэнгүй хариулахыг хүсэхгүй байна. Тоглолтоо хийх гэж байж ийм зүйл яриад яахав. Ер нь миний хувийн амьдрал хэнд хамаатай юм бэ.
Х.Баярцэцэг
Эх сурвалж: “Нийгмийн толь”