2011-06-10Улаан, шар, бор, хар гээд л өнгө өнгийн үстэй, өвөрмөц содон хувцасласан охид хотын
гудмаар хамт алхаж байвал “Өнөөх “25 дугаар суваг” телевизийн охид уу” гэж шивнэлдэх хүн олон болж. Охидын “Anemone” хамтлагаар овоглосон хоёр ч дуу богино долгионы радио сонсогчдын дунд хит болж, үе тэнгийн охид нь амандаа аялан алхдаг болсноос “Making the band” нэвтрүүлгийн хамт олон хэдийнэ зорилгоо биелүүлжээ гэж дүгнэж болохуйц.
Гарын таван хуруунд багтахуйц охидын хамтлагтай байсан Монголын рок попын ертөнцөд “Гурван охин”, “Эмоушн”-ы гишүүд хэдийнэ 30 дөхсөн бүсгүйчүүд болж, охидын хамтлагийн орон зай эзгүйрэн хоцорсон өнөө цагт энэ төрлийн хамтлагийн эрэлт хэрэгцээ байсан нь илт. Эхний дуу нь сонсогчдын хүртээл болсон даруйд л томоохон цахим хуудсуудад тэдний тухай хэлэлцүүлэг нээгдэж, маргаан дэгдээгчдийн сэтгэгдэл 20 гаруй хуудас болсон нь үүний нотолгоо.
Anemone гэх үгийг Оксфордын толь бичгээс харвал грек гаралтай, “Салхины охин” гэсэн утгатай хэмээн тэмдэглэсэн байх юм. Тайлбар толиос шүүвэл Яргуйжин гэх 120 гаруй зүйлтэй цэцгийн аймаг гэж тодорхойлсон харагдана. Харин Монголын рок попын ертөнц дэх охидын хамтлагийн орон зайд хүч сорихоор дэлбээлж буй “Яргуйжин” ямар өнгө төрх, агуулгатай болохыг сонирхохоор тус хамтлагийн таван гишүүнтэй ярилцлаа.
Жулиа
Овог, нэр: Х.Жулдыз
Төрсөн он, сар, өдөр: 1994.12.20
Биеийн өндөр: 173 см
Биеийн жин: 56 кг
Цэнгэлэн
Овог, нэр: Б.Цэнгэлэн
Төрсөн он, сар, өдөр: 1991.08.09
Биеийн өндөр: 172 см
Биеийн жин: 52 кг
Жанна
Овог, нэр: Я.Баяржаргал
Төрсөн он, сар, өдөр: 1992.07.24
Биеийн өндөр: 168 см
Биеийн жин: 47 кг
Оно
Овог, нэр: Т.Оюунтуяа
Төрсөн он, сар, өдөр: 1991.03.29
Биеийн өндөр: 161 см
Биеийн жин: 53 кг
Халиунаа
Овог, нэр: А.Халиун
Төрсөн он, сар, өдөр: 1992.08.22
Биеийн өндөр: 165 см
Биеийн жин: 52 кг
Урвасан охид
-“Anemone” хамтлагийн охид Монголын рок попын ертөнцөд хэрхэн хөл тавьж байгааг “Making the band” нэвтрүүлгийн ачаар үзэгчид сайн мэдэж байгаа. Харин нэвтрүүлэгт оролцохоос өмнө хамтлагийн гишүүд юу хийдэг байсныг тэр бүр мэдэхгүй байх.
Жулиа: “Anemone” хамтлагийн гишүүн болохоос өмнө жирийн л нэг сурагч охин байлаа. Хичээлдээ явахын хажуугаар бүжиглэдэг. Гэхдээ нэг их нэр хүндтэй, том хамтлагт биш. Зүгээр л энд тэнд болсон арга хэмжээнд бүжиглэдэг байсан.
Оно: Би СУИС-д эстрад дуулаачийн мэргэжлээр суралцдаг. Хичээлийнхээ хажуугаар урлагийн тэмцээн уралдаанд оролцохын зэрэгцээ үлээвэр найралд хөгжим тоглодог байв. Цэнгэлэн: Хичээлдээ явахын зэрэгцээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор бүжиглэдэг байсан.
Жанна: Миний хувьд ч бас охидынхоо л адил хичээлдээ анхаарал хандуулдаг байсан. “Making the band” нэвтрүүлэгт оролцохын өмнө “Universe best songs” нэвтрүүлэгт бүртгүүлчихсэн байсан юм. Гэтэл аль алиных нь нэгдүгээр шатанд тэнцчихлээ. Тэгээд нэлээд бодож байгаад “Universe best songs”- ийг орхиж, энэ нэвтрүүлгээ сонгосон. Халиунаа: Өмнө нь би охидын амьд хөгжмийн хамтлагт дуулдаг байсан. Охидын хамтлаг цөөн болоод ч тэр үү рок хөгжим сонирхогчид манай хамтлагийг их дэмжинэ. Цөөн ч гэсэн сонсогчтой, фэнүүдтэй болчихсон байсан. “Coke and Beat” наадмаас тусгай байрын шагнал хүртэж, “Playtime” наадамд 2008, 2009 онд оролцсон.
-Ямар зорилгоор нэвтрүүлэгт орохоор шийдсэн бэ?
Жулиа: Танил маань энэ тэмцээнд оролцох санал тавьсан болохоор эхэндээ яг ямар учиртай нэвтрүүлэгт оролцож байгаагаа сайн ойлгоогүй, зөвхөн эхний шатандаа тэнцчих юмсан л гэж бодож байсан. Яваандаа тэмцээний шалгаруулалт дуусаж, хамтлагийн охид бүрдэхэд л их том баг ажиллаж байгааг мэдсэн.
Оно: Мэргэжлийн багш маань зөвлөсөн болохоор миний хувьд ч бас эхэндээ энэ нэвтрүүлгийн талаар ямар ч ойлголтгүй шалгуулсан. Ямар ч байсан дуулж, бүжиглэн чадвараа сорих юм байна гэсэн бүдэг бадаг зүйлийг мэдэж байв.
Цэнгэлэн: Хэдийгээр сайн бүжигчин байгааг үй ч, бүжиглэх дуртай, урлагт хайртай учир эгч маань “Дуулах чадвараа сориод үзээч” гээд энэ нэвтрүүлгийг санал болгосноор бүртгүүлж байлаа. Өөрөө судалж, сураглаагүй тул охидынхоо адил энэ нэвтрүүлгийн тухай, их том баг бүрдэн хамтлаг байгуулна гэсэн ойлголтгүй л нэвтрүүлэгт шалгуулж байлаа.
Жанна: СУИС-ийн эстрад дуулаачийн ангийн Баасанбат багш маань нэвтрүүлэгт оролцохыг зөвлөсөн юм. Оно бид хоёрын хувьд дуулаачийн мэргэжил сонгосон учир уран бүтээлч болох эрэл хайгуул хийж байлаа. Тиймээс л нэвтрүүлэгт оролцохоор шийдсэн. Анх нэвтрүүлгийн найруулагч Энхээ эгчтэй уулзтал “Эргээд дуудъя” гээд явуулж билээ. Удалгүй биднийг дуудаж, Чука ахад шалгуулсан.
Халиунаа: Хэдийгээр би хамтлагийнхаа охидоос хамгийн сүүлд орсон ч бас л нэвтрүүлгийн талаар тодорхой ойлголтгүй байсан. Гавьяат жүжигчин, СУИС-ийн эстрад дуулаачийн тэнхимийн эрхлэгч Ч.Насантогтох багш маань зөвлөсний дагуу Чука ахад шалгуулаад тэнцсэн. Тиймээс дуучин болохыг хүсдэг боловч учраа олохгүй явсан намайг зөв замд хөтөлсөн багшдаа их баярлаж явдаг.
-Анх од болно гэсэн дэврүүн сэтгэлээр ханддаг байсан гэж танай хамтлагийн продюссер хэвлэлийн бага хурлын үеэр ярьж байсан. Одоо бол хамтлагийн охидын зорилго нэлээд өөрчлөгдсөн байх, тийм үү?
Жулиа: Тэгэлгүй яах вэ. Би гэхэд л анх хамтлагт л багтчих юмсан гэж боддог байлаа. Харин одоо бол илүү холыг харж, хүсэж тэмүүлдэг болсон. Тиймээс аливаад илүү хариуцлагатай болж, өөрийгөө өмнөхөөс ч илүү дайчилдаг.
Оно: Эстрад дуулаачийн ангид сурдаг болохоор ямар ч байсан дуучин болно гэсэн зорилготой байсан. Харин одоо зорилго маань илүү хамт олонч болж өөрчлөгдсөн. Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхтэй хамтлаг болохыг л чухалчилж байна.
Цэнгэлэн: Би ШУТИС-ийн хөнгөн үйлдвэрийн менежментийн ангид сурдаг. Тиймээс ямар ч байсан сургуулиа амжилттай төгсөнө гэсэн зорилго маань өөрчлөгдөөгүй. Түүн дээрээ нэмээд олонд хүрсэн сайхан дуунуудтай болно гэсэн зорилготой болсон. Хэдийгээр ирэх жил төгсөх ч өмнө нь урлагийн цаг наргүй хөдөлмөрийн зах зухаас ч амсаагүй болохоор аль алийг нь амжуулна гэдэг амарг үй л байна.
Жанна: Мэдээж дуучин болно гэсэн зорилго маань өөрчлөгдөөгүй. Харин өөрчлөгдс өн зүйл нь гэвэл эхэндээ нэвтрүүлгийн эхний шатуудад тэнцчих юмсан гэж боддог байсан бол хамтлагтаа багтчихсаны дараа нэг дуу гаргахсан гэж, дуу гаргасныхаа дараа одоо клиптэй болно гээд л зорилго маань бага багаар ахиад л байсан. Одоо бол өөрийн сонсогчидтой, хүмүүсийн сэтгэлд хоногшсон сайхан дуутай хамтлаг болохыг л зорьж байна.
Халиунаа: Сургууль төгсөхөөсөө өмнө уран бүтээл хийж эхэлнэ гэсэн бодолтой байсан бол энэ нэвтрүүлэгт оролцсоноор боломж ирэхийг хүлээж суух биш өөрөө тэмцэх ёстой гэдгийг ойлголоо. Одоо бол өөрийгөө дайчилж, цагийг үр бүтээлтэй, их зүйлийг сурч мэдэхэд зарцуулахыг л зорилгоо болгоод байгаа.
-Хэдийгээр нэвтрүүлгээр хардаг ч “Anemone”-ынхны өдөр тутмын амьдрал хэр ачаалалтай өнгөрч байгааг хүмүүс тэр бүр мэдэхгүй.
Жулиа: Одоо сургууль амарчихсан болохоор ачаалал харьцангуй бага. Өмнө нь бол өглөө хичээлдээ яваад л, үргэлжлүүлээд бичлэг, фитнес, бэлтгэл гээд шахуу цагийн хуваарьтай байсан. Орой очоод л шууд орондоо ороод, нам унтдаг байлаа.
Цэнгэлэн: Нэвтрүүлгийн бичлэг хийж байгаа учир ачаалал нэлээд их байсан. Ялангуяа клипний зураг авч байхад унтаж амжихгүй үе ч гардаг юм билээ.
Охидын хамтлаг богино настай гэдэг ч бид эцсийн цэг хүртэл нь явна
-Нэвтрүүлэг дуусчихлаа. Цаашид юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?
Жулия: Продюссертэйгээ ярилцаж, хэд хэдэн шинэ дуу гаргана гэсэн төлөвлөгөө гаргасан.
Жанна: Нэвтрүүлгийн хугацаа дууссан болохоор бид илүү их цаг завтай боллоо. Тиймээс энэ боломжоо ашиглаад энэ зун уран бүтээлийн ургац арвинтай байна гэж төлөвлөж байна.
Халиунаа: Бидний эхний дууг хүмүүс эергээр хүлээж авсан нь цаашдаа их зүйлийг хийх урам зориг өгсөн. Мэдээж магтаалын хажуугар шүүмжлэх хүн ч цөөнгүй. Эхэндээ тэр бүгдийг их эмзгээр хүлээж авдаг байсан бол одоо магтаал, шүүмжлэлийн аль алийг нь эергээр хүлээж авдаг болсон.
Оно: Цахим хуудсуудад үлдээсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншаад эхэндээ сэтгэлээр унадаг байлаа. Одоо бол ор үндэсгүй гүтгэлэг байсан ч инээгээд л өнгөрдөг.
-Өөр өөр орчинд өсөж, хүмүүжсэн, өөрсдийн гэсэн үзэл бодолтой охид нэгдэхэд эхэндээ бэрхшээл тулгардаг байв уу?
Жанна: Эхэндээ санал зөрж, эсвэл ойлголцож чадахгүй маргалдах үе цөөнгүй байлаа. Магадгүй бүх хамтлаг ийм үеийг давж туулдаг байх. Одоо бол бие биенээ илүү ойлгодог, нэгдэж чаддаг болсон. Биднийг зорилго маань нэгтгэж байгаа учраас тэр. Гэхдээ мэдээж санал зөрөх зүйл гардаг. Тэр бүрт ойлголцож чаддаг, хамтлаг эв найрамдалгүй байвал чанартай уран бүтээл гарахгүй гэдгийг хүн бүр мэддэг болсон.
Цэнгэлэн: Бид тав бие биенээ нөхдөг юм шиг санагддаг. Магадгүй тэр нь бидний гол давуу тал байх. Яг тавуулаа байхад л бүх зүйл бүтээд, уур амьсгал хүртэл сайхан болчихдог.
-“Anemone” хамтлагийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
Жанна: Мэдээж сайхнаар. Хүмүүс охидын хамтлаг богино настай гэж ярьдаг юм билээ. Гэхдээ бид тав эцсийн цэг нь хаана байна, тэр хүртэл хамтдаа явна гэж ярилцдаг. Тэр ярьж төлөвлөсөн зүйл маань бүтэх эсэхийг цаг хугацаа л харуулна.
-Үс засалт, гадаад төрхийг чинь өөрчилсөн, та нарт таалагдсан уу?
Оно: Би бүр жаахан байхаасаа л ийм халимаг үстэй байсан болохоор саяхнаас үсээ ургуулахаар шийдээд байсан. Гэтэл “Матрикс” салонд үсээ засуулчихаад толинд хартал арай ядан ургаж байсан үсийг минь бүр жижиглээд засчихсан байсанд нь урам хугараад уйлсан. Ер нь манай хамтлагийнхнаас хамгийн их өөрчлөгдс өн нь миний үс байх. Хар, шар, улаан гээд төрөл бүрээр өнгийг нь хувиргасан.
Жулиа: Манай Оногийн үс л их олон өнгөөр хувирсан. Бид гудамжинд хамтдаа явахаар хүмүүс хараад байдаг. Шар, улаан, бор гээд л өнгө өнгийн үстэй болохоор их содон харагддаг байх.
Цэнгэлэн: Би цайвар өнгөөр үсээ будуулбал яах бол гэж боддог байсан. Гэтэл “Матрикс”- ынхан миний бодлыг уншсан мэт цайвар шараар будчихсан. Тийм болохоор энэ өөрчлөлт надад таалагдсан.
Халиунаа: Өөрчлөлт хийсний дараа гадаад үзэмждээ сэтгэл дундуур байсан цөөн хүний нэг нь би. Би өмнө нь хэзээ ч үсээ буржийлгаж байгаагүй учир эхэндээ нүдэнд дасахгүй, эвгүй санагддаг байлаа.
О.УНДАРМАА
onoodor