сарын 6-ны өглөө ажилчид болон албаны хэрэгцээнд зориулан хэдэн хонь ачаад Дундговь аймгийн Адаацагийн уулнаас хот руу бидний хэдэн хүн яаравчлан довтолгож явлаа. Адаацагийн уул ард сугаран үлдэж, тэртээ баруун урд Зоргол Хайрхан хэмээх онгон сүрлэг хангай хөндөлсөн цэнхэртэж, өмнөд этгээдэд Шархайн тал дөнгөж төрсөн эх хүн шиг нялхран харагдах нь үнэхээр хөдөө талын үзэсгэлэн ажээ.
Гэтэл жолооч маань “Дуутын ихрийн наад хотосын худаг дээр Оргодол арслангийнх зусаж байгаа. Өглөөний цайг нь буудаад гарах уу” гэдэг юм байна. Шар наран өмнөөс ээгээд ид үүрэглэж явсан миний бие илтэд сэргээд
-Тэгэлгүй яахав. Миний хуучин танил гэж олзуурхав. Зун цагийн хөнгөвтөр тавилгатай, их таван ханатай гэрийн хойморт бамбайрхуу зузаан дэвсгэр дээр Оргодол арслан нөмгөлөн ханхайн суугаад томоо гэгч модон тагштай цай оочлон сууна.
Шөнжингөө явсан бид халуун галд нозоорох аядан шинэ цай уух хооронд би тал засан
-Та намайг танихгүй байна уу даа. Яагаав, Монгол улсын арслангуудад зориулсан “Улаанбаатар” сонины нэрэмжит барилдааны үеэр ерөнхий эрхлэгч Ү.Хүрэлбаатарын өрөөнд тантай танилцаж хундага өргөн би хэдэн элэглэл шүлгэрхүү юм уншсан шүү дээ гэлээ.
-Өө тэгсэн бил үү! Ах нь мартчихжээ гэсний дараа
-Нээрэн тийм л дээ гэлээ. Энэ нь миний урмыг хугалахгүй гэсэн ахмад арслангийн сэтгэл зассан зөөлөн үг бололтой.
-Үгүй та нар тэмээний мах огтлооч гэж том модон тэвштэй мах ойртуулав.
-Та улсын наадамдаа очно биз дээ.
-Наадмын урд орой Өнжүүлийн дарга нар тэргээрээ дөхүүлнэ гэсэн.
-1955 оны наадамд хөтөлгөө морьтой давхин ирж 256 бөхөөс түрүүлж шууд улсын арслан авахдаа та хэдэн настай байсан юм бэ?
-За байз. Би ер нь хожуу барилдсан хүн байгаа юм. 28 настай байсан юм байна.
Бидний хооронд ийм яриа өрнөлөө. Оргодол гуай бид хоёр олноос зайдуухан зөөлөн ногоон дээр хөл нүцгэлж суугаад тухтай хүүрнэлдсэн билээ. Тэрбээр идэр залуудаа эмнэг хангал адуутай ноцолдож ид хаваа гайхуулан үрээ, шүдлэн адуу нүдэнд жигтэй жижигхэн харагдаад байх шиг санагдаад, харин бүдүүн морьд азарган үрээний ааг чадлыг үзмээр санагдан хорхой нь асаад байдаг болж гэнэ.
Удмын ажилд гавшгай Оргодол ойр орчны эмнэг адууг бүгдийг шахам номхруулж настнуудаас талархал, сайшаалын үг сонсож, түүндээ урамшихын зэрэгцээ бяр чадал суугаад буй нь өөрт нь илт мэдэгдэх болсон аж. Үүндээ эрэмшин Дундговь аймгийн наадамд түрүүлнэ хэмээн түхэлзэж очоод үзүүрт хүрсэн боловч Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Шарын Доржтовууд өвдөг шороодож, байны даага ногтлоно гэж баахан сагсуурч ногт ганзагалж очсондоо ихэд ичин, монгол бөхийн ёс жудаг, сануулга гэдгийг тэндээс ухаарсан гэдэг. Түүний хойтон жил буюу 1955 оны төрийн наадамд барилдах гэж сумынхаа дарга Дашням гуайгаас чөлөө гуйжээ.
-Улсын наадамд тав давж начин цол хүртэхгүй бол бараг хэрэггүй дээ. Одоо ид уртын ноос, өвс хадлангийн цаг шүү дээ гээд дурамжхан чөлөө өгсөн гэнэ. Учир нь Орогдол багийн даргын алба хашдаг төрийн албан хаагч байжээ. Ингээд нэг голын Жамбалдоржтой цуг хөтөлгөө морьтой нийслэлд ирж, эхний өдрийн оройхон ганц давсан байна. Энэ наадмын онцлог нь монгол үндэсний бөхийн олон жилийн уламжлалыг орхигдуулан, “шинэчлэх” нэрийдлээр цолны зэрэг дэв үл харгалзан гурвын даваанаас эхлэн сугалаагаар барилдуулж Европ хэв маягт ойртуулах гэсэн бусармаг оролдлого хийсэн байв. Сугалаа гэдэг аз, эз хоёрыг аль алийг нь дагуулдаг хэцүү эд л дээ. Тавын даваанд идэрхэн гялалзаж явсан хүчит аварга Шаравын Батсуурь гуайг сугалчихав.
-Миний начин болох талаар боллоо. Сумын дарга Дашням гуайн нүүрийг яаж харна гэж үеийн нөхөр Жамбалдорждоо халаглан хэлэв. Батсуурь аваргын хүчтэй дугтралтад тэвдэн тэнд энд тэвдүүхэн үсэрч буух залуу бөх Оргодолын хурц хараанд аварга хөлөө цөмлөн гишгэх нь өртөх тэр л торгон агшинд өрөөсөн гуяыг нь тэвэрч өргөөд цацчихжээ. Батсуурь гуай бол хэр баргийн хүн цацчихаар шавилхан бөх биш гэдгийг хэн ч мэдэх хойно доо.
Ингээд л Оргодол хүү сумын даргынхаа өмнө хэлэх үгтэй улсын начин цол хүртэх боломжтой болоод дотор нь онгойж, наймын давааны бэлэгшээл бодож найман ширхэг хуушуур авч иджээ. Тэгээд зургаагийн даваанд У.Мижиддоржийг, долоогийн даваанд Г.Цоодол арсланг, наймд цэргийн залуу бөх Б.Бадамыг орхин түрүүлж шууд улсын арслан цол хүртжээ. Улсын наадмын түрүү бөхийн бай шагналаа аваад буцаж явтал их Түвдэн аварга майхны үүдэндээ угтаад зогсчихсон нилээд шаралхсан байдалтай
-Бай мөрийгөөр чинь дэнчин тавиад барилдчих уу гэж шинэхэн арсланд санал тавихад
-Үгүй, төрийн хишгийг нутаг усандаа аваачина гэж Оргодол арслан хэзээ язааны бөх хүн шиг цовоо гэгч хариулжээ. Харин тэр оны өвлийн нэг барилдаанд Түвдэндорж аварга, Оргодол арсланг дөрвийн даваанд хүч үзэхээр амлан авсан байлаа. Цол дагаж бяр нэмдэг ёсоор их аваргыг угтуулан сөрж өргөөд шидэхдээ шүүгчийн ширээний ирмэг санаандгүй таарч, Түвдэндорж аваргын сүвээний нэг хавирга хугарч мах нь тасарч улмаар эмнэлэгт хэвтсэн байна. Үүндээ гэмшсэн залуу арслан малын зах дээрээс эр хонины бүтэн мах авчирч их аваргынд өгсөн гэнэ.
-Би эхнэрээ нярайлахад бараг шинэ шөл өгөөгүй хүн шүү дээ. Тийм ээ хө гэж хажуугаар өнгөрөх самгандаа дуулгахад цаадах нь
-Чи, намайг хүн гэж ойшоож байгаагүй чинь тэр зэрэг хэмээн үг чулуудав.
“Хараач хөөе. Сав хоосон буцаахгүй байна” гэж Оргодол арслан хэлээд суудалдаа займарч байлаа.
Оргодол гэдэг бөх улсын наадамд түрүүлсэн гэж Баянбараат, Өнжүүлийнхэн сонссон боловч нутгийнхаа багийн даргыг түрүүлнэ гэж санаагүй гэдэг.
-Улсад, шоронд хоригдож байгаад гарсан хоригдол, Оргодол түрүүлсэн гэнээ. Жаахан тэнхрээд ирвэл улсын томчуудыг ойрын хэдэн жилдээ тэсгээхгүй юм байх гэж шуугилдсан гэдэг. Хойтон жил нь 1956 оны наадамд Оргодол арсланг зодоглоход наадамчид хоёр хуваагдсан яриатай байжээ. Нэг хэсэг нь сугалааны бөх азаар түрүүлсэн гэж хэлэлцэх нэгэн байхад нөгөөдүүл нь битүү гарч ирсэн ясны бөх гэж талцаж байхыг Оргодол арслан муу салхиар сонсчээ.
Тэрээр, энэ наадмын даваанд дөрөвт Мөнгөнморьтын А.Нагнайдоржийг, тавд тусгай хорооны Ч.Бээжинг, зургаад Архангай аймгийн харьяат, улсын начин Лхүмбийн Маналжавыг хаяж шөвгийн наймд тэр жилийн түрүү бөх Дарийн Дамдин аваргад өвдөг шороодсон байна.
-Үгүй, тэр Дамдинг би ерөөсөө аргалж чадаагүй. Уулын уруу өнхөрч байгаа бодон гахай шиг цагаан манан татуулаад ороод ирсэн гээд Оргодол гуай толгой сэгсэрч байв. 1957 онд гуравт Бадамсэрээжид арсланд өвдөг шороодон түүний хойтон жил мориноос унаж томоохон бэртэл авснаар цаашид амжилттай барилдахад нь саад болжээ.
-Бурханаас оноосон хишгийг ах нь яахсан билээ. Тэр хэмжээг л надад хайрлаж гээд арслан яриагаа өндөрлөх тэр үед тэмээн тэргээр гантай ус ачсан их охин нь ирэв. Том тавир биетэй, тэнхлүүн тэр авгай одоогоор бол ёстой л барилдаж болмоор хүн харагдсан.
-Бөхийн ном судар заалгаад явсан бол одоогийн дэлхийн аварга хүүхнүүдээс дутахгүй ээ. Бас над шиг хэнэггүй талдаа шүү. Энэний насан дээр Монголд эмэгтэйчүүдийн бөх хөгжөөгүй байсан үе. Нөгөөх л бурханаас заяасан хэмжээ нь тэр байхгүй юу гэж Оргодол арслан хэлээд бослоо. Биднийг босоход нар дээр хөөрч бага үд болжээ.
-Наадмын маргаашаас хонио саахаа болино. Хэдэн хурга хэцүүдлээ гэж Оргодол арслан нэмж хэллээ.
Монгол улсын нэгэн хүчит арслантай наадмын өмнө ийнхүү хөөрөлдсөндөө олзуурхан явахад зам гудас нүүдэлчдийн уяан дээр хурдан морь багшран хусуур сойз зүүсэн уяачид дугуйран сууж морь, хурдаа шинжин байхад юутай сайхан байсан гэж санана. Арван нэгэн жилийн өмнө тэмдэглэсэн навтарга дэвтэртээ салхи оруулан үүнийг тэрлэн уншигч тандаа өргөн барив.
1997 он Таван цагираг Ш.ГАЛСАНБААТАР