2011-06-05Соц.үед нам эвлэлд элсэх хүсэлтэй хүмүүсээс, “Цонхоор хар. Юу харагдаж байна?” гэж асуудаг байсан гэнэ лээ.

Хариуд нь, “Эх орны минь социалист бүтээн байгуулалт харагдаж байна” гэж хэлэх ёстой, эс тэгвээс элсүүлэхгүй.
Улаанбаатар хотод социалист бүтээн байгуулалтын хүчинд хэд хэдэн орон сууцны хороолол, цахилгаан станц, г.м. баригдаж, нийслэлийн минь өнгө төрх үлэмж өөрчлөгдсөн билээ. Гэвч сүүлийн хэдхэн жилд түүнээс хэд дахин олон байшин барилга, орон сууцны хороолол капиталист шуналын хүчинд сүндэрлэж, Улаанбаатар минь дахиад л зүсээ хувиргачихлаа. Социалист үзэл суртал, капиталист шунал хоёрын аль нь илүү хүчтэй, илүү үр бүтээлтэй вэ гэдгийг бид нүдээрээ харж байх шиг. Зэрлэг капитализм гэгдээд байгаа өнөөгийн нийгэм замбараагүй, шударга бус, хэрцгий байж болох ч, бүтээн байгуулалтын хувьд социализмыг дагуулахгүй.
Тийм ч учраас орос маягийн социализм эдийн засгийн хувьд дампуурсан билээ. Гэхдээ эрх тэгш нийгмийн идеалын хувьд социализм дампуурсангүй, харин ч хүчээ авсаар байгаа юм. Ямар сайндаа капитализмын өлгий нутаг АНУ-ын ерөнхийлөгч Обама хүртэл социалист нэр зүүж байх вэ. Дэлхий даяар төр засгийн үүрэг роль нэмэгдэж, нийгмийн эрх тэгш байдал, баялгийн шударга хуваарилалтын асуудал яригдах боллоо. АНУ, Европын холбооныхон санхүүгийн хямралтай тэмцэх зорилгоор төсвийн зардлаа нэмэгдүүлж, зах зээлд идэвхтэй оролцож эхэлсэн. АНУ л гэхэд, өндөр орлоготой иргэдийн татварыг нэмэгдүүлэх замаар ядуусынхаа эрүүл мэндийн даатгалын асуудлыг шийдэх зорилт тавьж байна. Маркс, Энгельстэнгүүд амьд сэрүүн байсан бол баярлах байсан биз ээ.
Тэгвэл Скандинавын загвар хэмээгддэг Норвеги, Швед, г.м. улс орнууд олон жилийн өмнөөс нийгмийн халамжийн асуудлыг чухалчилж, иргэдийнхээ эрх тэгш байдлыг хамгаалахад онцгой анхаарч ирсэн. Тэнд баян хоосны ялгаа бараг байхгүй, ихэнх иргэд нь хангалттай өндөр цалинтай, орон байртай, унах унаатай. Энэ утгаараа Скандинавичууд “жинхэнэ” социализмыг бүтээн байгуулж буй гэлтэй. Магадгүй хүн төрөлхтөн капитализмыг алгасч социализмыг байгуулах бус, капитализм нь яваандаа социалист хэв шинжинд орж төлөвших ёстой байсан юм болов уу?
Бидний хувьд социализм хэмээх үг аль хэдийн хараалын үг болсон. Харин Скандинавичууд социалист гэдгээрээ бахархдаг юм билээ. Учир нь тэдний социализм бидний мэдэх социализмаас эрс ялгаатай. Тэнд ганц нэр дэвшигчтэй сонгууль, нэг намын дарангуйлал, үзэл суртлын дайн, эрх чөлөөгүй иргэн, төлөвлөгөөний комисс, Орос дэлгүүр гэсэн ойлголт байсангүй. Тэгвэл тэд социализмыг юу гэж ойлгодог вэ? “Ес далан зургаа” сэтгүүл хүн амын тоо, эдийн засгийн бүтцийн хувьд Монгол улстай төстэй Норвеги улсын туршлагыг сонирхсон юм.
Норвеги загварын социализм

Норвеги загварын социализм ямар онцлоготой вэ? 1930-аад оноос эхлээд зүүний үзэл баримтлалтай Хөдөлмөрийн нам Норвегийн улс төрийн амьдралд онцгой байр суурь эзлэх болжээ. 1935 онд тус нам Норвеги улсын анхны социалист Засгийн газрыг бүрдүүлж байсан ба тэр цаг үеэс хойш удаа дараалан сонгуульд ялалт байгуулж, олон жил засгийн эрх барьсан. Хөдөлмөрийн намын нөлөөн дор, нийгэм, эдийн засгийн амьдралд төр засаг чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн социалист гэмээр үзэл санаа газар авч, тус улсын хөгжлийн бодлогод хүчтэй нөлөөлжээ.
1969 онд Хойд мөсөн далайд их хэмжээний газрын тосны нөөц олдсон нь Норвегийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. Норвегичууд газрын тосны салбарт төр засаг идэвхтэй оролцож, компаниудыг удирдан чиглүүлж, ашиг орлогыг нь ард түмэндээ зориулах ёстой гэсэн бодлого баримталж эхлэв. 1972 онд Засгийн газар нь “Статойл” хэмээх төрийн өмчит компанийг үүсгэн байгуулж, Хойд мөсөн далайд газрын тос олборлох онцгой эрх олгожээ. 2001 онд Норвегийн Засгийн газар “Статойл”-ын тодорхой хувийг хөрөнгийн биржээр дамжуулан худалдсан ба одоо хир тус компанийн 60 гаруй хувийг эзэмшсэн хэвээр байгаа юм. 2009 онд “Статойл” хувьцаат компани 79 тэрбум ам.долларын борлуулалт хийж, 2.65 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ[1].
Өдгөө Норвегийн ихэнх томоохон компаниуд төрийн өмчийн оролцоотой үйл ажиллагаа явуулдаг ба Осло хотын Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг нийт хувьцааны 32 хувь нь Норвегийн Засгийн газрын мэдэлд байдаг[2]. Засгийн газар нь олборлох салбараас гадна агаарын тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, банк санхүүгийн салбарт хувьцаа эзэмшдэг. Энэ нь стратегийн ач холбогдолтой компаниудад урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, Норвегичуудын өрсөлдөх чадварыг сайжруулах Засгийн газрын идэвхтэй бодлогын үр дүн юм.
“Төр бол хамгийн муу менежер” хэмээх дүрэм Норвегичуудад хамаардаггүй гэлтэй. “Heritage foundation”-аас эрхлэн гаргадаг “Эдийн засгийн эрх чөлөөний индекс 2010”-т Норвеги улс 69.4 оноотойгоор 37-р байранд орсон байна[3]. Аж үйлдвэрийн салбарын 50 орчим хувийг төр нь эзэмшдэг ч, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хувьд нээлттэй, эрхзүйн тогтолцоо сайтай Норвеги улс дэлхийн дунджаас илүү өндөр үнэлгээтэй байгаа юм. Гэтэл гадны зөвлөхүүд бидэнд “төр засаг эдийн засагт оролцож эхлэх л юм бол эдийн засаг сүйрнэ” гэж сургасаар байгаа шүү дээ.
Маш үнэтэй хорих байр

Энэ оны 5-р сард “Time” сэтгүүлд Норвегид нэгэн шинэ шорон нээгдсэн тухай өгүүлэл нийтлэгдсэн юм. “Time” сэтгүүлийн мэдээлснээр, Halden Fengsel хорих байрны нээлтэд Норвеги улсын хаан Харальд V өөрийн биеэр хүрэлцэн ирж, нүсэр том хүлээн авалт хийжээ (энэ дашрамд дурдахад, Норвеги бол парламентын засаглалтай хаант улс юм). Хамгийн сонирхолтой нь, уг шорон муухан зочид буудлаас илүү тансаг юм байх. 30 га газрыг зүлэгжүүлж, дугуйн зам, спортын талбай бүхий цогцолбор болгон тохижуулсан төдийгүй өрөө болгон нь LCD зурагт, мини хөргөгчтэй. Хоёр зуу гаруй хүний хүчин чадалтай тус шоронд 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ.
Гэмт хэрэгтнүүдээ хүртэл ийнхүү тансаглуулдаг Норвеги улс хүний хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг билээ. Эдийн засгийн хувьд ч тэр, 4.7-хон сая хүн амтай тус улсын нэг хүнд ноогдох ДНБ (РРР) 58 600 ам.доллартай тэнцдэг нь дэлхийд тавд орох үзүүлэлт юм[4].
Норвегичуудад дэлхийн санхүүгийн хямралыг харьцангуй бага мэдрэгдсэн. 2008 онд Норвегийн эдийн засаг 3 орчим хувиар өссөн байна. Улсын төсөв нь алдагдалд орох нь байтугай, нэмэхтэй гарчээ. Мөн ганц ч банк дампуураагүй. Тодорхой дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Норвегийн банкууд эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас татгалздаг гэх.
Байгалийн баялаг ихтэй орнуудын эдийн засаг түүхий эдийн үнийн хэлбэлзлээс маш их хамааралтай байдаг. Сүүлийн жилүүдэд газрын тосны үнэ нилээд тогтворгүй байсан ч, Норвегийн эдийн засаг нэг их савлаагүй. Норвегичууд газрын тосны орлогоо “ард түмний хадгаламжийн данс” гэж ойлгодог учраас өдөр тутмын хэрэгцээнээс аль болох хол байлгахыг хичээдэг. Хямралаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар нь төсвийн зарцуулалтаа нэмэгдүүлсэн ч, газрын тосны салбараас орж ирсэн ихэнх орлогоо тусгай санд байршуулдаг тул үрэлгэн загнасангүй.
Хамгийн баян хөрөнгө оруулалтын сан

1990 онд Норвегийн Засгийн газар газрын тосны орлогоо зохистой удирдах урт хугацааны бодлого боловсруулах зорилгоор Газрын тосны санг байгуулсан түүхтэй. Энэ нь 2006 онд “Засгийн Газрын Тэтгэврийн Сан Глобал” болон өөрчлөгджээ. Норвегийн Сангийн Яаманд харъяалагддаг тус сангийн хөрөнгийн менежментыг Төв банк нь хариуцдаг. Газрын тосны салбараас орж ирсэн төсвийн орлогыг олон улсын хөрөнгийн зах зээлд байршуулах замаар дотоодын эдийн засгийг түүхий эдийн үнийн хэлбэлзэл, валютын ханшны өөрчлөлт, эдийн засгийн халалтаас хамгаалах зорилготой.
1969 оноос хойш Норвегийн Засгийн газар байгалийн хий, газрын тосны экспортоос 600 гаруй тэрбум ам.долларын орлого олсон гэсэн тоо баримт бий[5]. Энэ хугацаанд нийт орлогынхоо 40 хувийг улсын төсвөөрөө дамжуулан зарцуулж, Засгийн газрын өр зээлийг барагдуулахад ашигласан бол 1996 оноос тусгай санд төвлөрүүлж эхэлсэн юм. Өдгөө Норвеги улс тэтгэврийн сангаараа дамжуулан дэлхийн хөрөнгийн биржүүдээр арилжаалагддаг нийт хувьцааны 1 хувийг эзэмшиж байна. Тавхан сая Норвегичууд ийнхүү дэлхийн хамгийн том компаниудад хувь эзэмшиж, эзэн суух болжээ.
2009[J1] онд “Засгийн Газрын Тэтгэврийн Сан Глобал”-ын хөрөнгийн хэмжээ 457 тэрбум ам.доллартай тэнцсэн нь рекорд үзүүлэлт байсан юм. Түүнчлэн, 18 тэрбум ам.долларын активтай “Засгийн Газрын Тэтгэврийн Сан Норвеги” хэмээх тусдаа сан дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Сангийн үйл ажиллагаа төсвийн бодлоготой нягт холбоотой буюу улсын төсөв алдагдалтай гарсан тохиолдолд Засгийн газар тэтгэврийн сангаас хөрөнгө татах боломжтой байдаг. Гэхдээ 2001 онд төсвийн шилжүүлгийн хэмжээ сангийн тухайн жилийн бодит ашиг буюу нийт хөрөнгийн 4 орчим хувиас илүүгүй байх ёстой гэсэн шинэ хууль батлагдсан юм. Энэ нь хэт үрэлгэн төсвийн зарцуулалтыг хазаарлах ач холбогдолтой.
Ажиллаж амьдрахад таатай улс

Бид социализмын үед долоо хоногт зургаан өдөр ажиллаж, чөлөөт цагаараа субботник хийж, намын хуралд суудаг байсан. Таван өдөр ажилладаг болсноос хойш хэт их амарч байна, баялаг бүтээхийн тулд өдөр бүр ажиллах хэрэгтэй гэж яригдах болсон ч, ажлын цагийг уртасгаснаар бүтээмж нэмэгдэх нь юу л бол. Жишээ нь, Норвегичууд долоо хоногт дунджаар 37.5 цаг ажилладаг. Өглөө 8:00 цагт ажилдаа ирээд, 16:00 цагт харьдаг тун энгийн цагийн хуваарьтай. Тэдэнд гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх, мөн спортоор хичээллэж, хоббигоо хөгжүүлэх хангалттай цаг зав бий. Манайд ажил таслах явдал маш их гардаг бол Норвегичууд нэг их таслаад байдаггүй гэнэ. Ажлын бүтээмж нь ч өндөр.
Тийм ч учраас Норвеги улс ажиллаж амьдрахад хамгийн таатай орноор удаа дараалан шалгарсан юм. Мөн “Save the children” сангаас жил бүр эрхлэн гаргадаг “Best places to be a mother” индекст тэргүүн байр эзэлж, эхчүүдэд хамгийн ээлтэй улсаар шалгарчээ. Учир нь Норвегичууд улсын төсвийнхөө 40 орчим хувийг нийгмийн халамжийн үйлчилгээнд зориулж, 30 орчим хувийг нь эрүүл мэнд болон боловсролын салбарт хуваарилдаг[6]. Шинэ ээжүүд нь бүтэн жилийн цалинтай декрет авдгаас гадна аавууд нь хүртэл 4 долоо хоногийн цалинтай амралттай. Түүнчлэн, 18-аас доош насны бүх хүүхдэд сар бүр 970 норвеги крон буюу 200 орчим мянган төгрөг, бага насны хүүхэдтэй ганц бие эцэг эхчүүдэд 1.5 сая төгрөгийн тэтгэмж олгодог юм байна.
Төр – татвар – хүн

“Төр оршихуй дор татвар буй, татвар буй дор төр оршихуй” гэдэг. Норвеги улс дэлхийн хамгийн өндөр татвартай улсын тоонд ордог ба татварын орлого нь ДНБ-ийх нь 45 орчим хувьтай тэнцдэг байна. Хамгийн наад захын жишээг дурдвал, машин худалдаж авлаа гэхэд улсад тушаах татварын хэмжээ машины үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэнэ. Норвегичууд газрын тосны нөөц ихтэй ч, шатахууныг маш өндөр хувиар татваржуулдаг. Энэ нь байгаль орчныг хамгаалахад чиглэсэн бодлогынх нь нэгээхэн хэсэг юм. Тийм ч учраас ихэнх Норвегичууд дугуй унахыг эрхэмлэдэг байна.
Аж ахуйн нэгжүүд 28 хувийн орлогын албан татвар төлдөг бол газрын тос, байгалийн хий олборлодог компаниуд нэмэлт 50 хувийн онцгой татвар төлөх ёстой. Мөн ихэнх бараа бүтээгдэхүүнд 24 хувийн НӨАТ ноогдуулдаг.
Магадгүй тийм ч учраас Норвегид очсон хүмүүс үнэтэйг нь гайхдаг болов уу. Гэхдээ Норвегичууд цалин сайтай. Ихэнх иргэд нь үйлдвэрчний эвлэлд гишүүнчлэлтэй ба эвлэлээрээ дамжуулан ажил олгогчтойгоо цалин урамшууллын хэмжээгээ тохиролцдог. Бага сургуулийн багш нарын сарын цалин 35 400 норвеги крон буюу 7.5 сая төгрөг байдаг бол дэлгүүрийн худалдагчид дунджаар 25 600 крон буюу 5.4 сая төгрөгийн цалинтай[7]. Мэдээж цалингаас нь 28 хувийн орлогын албан татвар, 0-12 хувийн нэмэлт орлогын татвар болон 10 орчим хувийн нийгмийн даатгалын шимтгэл суутгаж таарна. Татвар нь өндөр ч, гар дээр ирдэг цалин нь өдөр тутмын хэрэгцээнд нь хангалттай хүрэлцээтэй. Тэгээд ч эрүүл мэнд, боловсрол нь үнэгүй болохоор иргэдийнх нь амьдрал харьцангуй баталгаатай.
Хэзээд бэлхэн
Норвегийн хамгийн гайхалтай зүйл бол хүмүүс нь. Норвегичууд даруухан гэдгээрээ алдартай, хааны гэр бүл нь хүртэл маш энгийн амьдралтай; жишээ нь, хааны ач охин Ингрид Александра гүнж нь харъяа дүүргийнхээ бага сургуульд суралцдаг гэх. Олон зуун жилийн туршид газар тариалан эрхлэн амьдарсан Скандинавичуудын зан араншин жижиг тосгоны амьдралтай нягт холбоотой. Хэн нэгэн нь бусдаасаа илүү гарч, хөршүүддээ дээрэнгүй хандаж, баярхахыг эс тэвчих сэтгэхүй тэдний мах цусанд нь шингэсэн байдаг гэлтэй. Баячууд нь хүртэл төдийлөн онцгойроод байдаггүй. Эрх тэгш байдлыг эрхэмлэх энэхүү зан чанар нь өнөөгийн нийгэмд нь тусгалаа олжээ.
Аливаа нийгмийн бүтэц, зохион байгуулалт тухайн ард түмний төрөлх зан араншин, түүх соёлтой нь нягт уялдаатай байж гэмээнэ амжилт олдог гэлтэй. Тэгвэл Норвегичууд өөрсдийнхөө хувьд хамгийн тохиромжтой нийгмийн тогтолцоог сонгож, түүнийхээ дүрмэнд захирагдан амьдарч байна: ардчилсан сонгууль, хариуцлагатай төр засаг, нийгмийн баялгийн эрх тэгш хуваарилалт. Зарим хүмүүс Норвегийн ололт амжилтыг зөвхөн газрын тосны баялагтай нь холбож тайлбарладаг. Харамсалтай нь байгалийн баялаг ихтэй улс үндэстэн бүр төдийлөн сайхан амьдарч чаддаггүй гэдгийг бид хангалттай сайн мэднэ.
Одоогоор газрын тосны салбар Норвегийн эдийн засгийн 20 орчим хувь, экспортын орлогынх нь 45 хувийг бүрдүүлж байна. Гэхдээ газрын тосны нөөц нь удахгүй дуусна, учир нь талаас дээш хувь нь аль хэдийн олборлогдсон гэх. Норвегичууд энэ тохиолдолд бэлэн байхыг эрмэлзэж байна. Тэд иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж, өндөр боловсролтой, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай ажиллах хүчинтэй болохыг зорьж байна. Газрын тосны нөөц нь дууслаа гэхэд тэтгэврийн санд нь хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгийн эх үүсвэр үлдэнэ. Тэд хэзээд бэлхэн байна.
[1] Статойл хувьцаат компани, Жилийн тайлан, 2009 он [2] Норвегийн хаант улсын Худалдаа, Аж үйлдвэрийн яамны мэдээ, 2005 он [3] Heritage foundation, Эдийн засгийн эрх чөлөөний индекс, 2010 он [4] АНУ-ын Тагнуулын төв газар, Дэлхийн мэдээллийн ном, 2010 он [5] Засгийн Газрын Тэтгэврийн Сан Глобал, Жилийн тайлан, 2009 он [6] Норвеги улсын Статистикийн эмхтгэл, 2009 он [7] Норвеги улсын Статистикийн эмхтгэл, 2009 он