2011-05-27Улаанбаатар утаан бүрхүүлээсээ бага ч болов салав. Өвөлжин нүүрсний тортогт бүгшүүлсэн

уушги сая л нэг юм онгоймор аядаж байна. Гэхдээ л хавар хаяанаас ходсонгүй. Байгаль дэлхий хаврын хуйсгануур зангаа мэдрүүлэх мэт өглөө нь дулаанаар ээж, үдэш нь хүйтэн салхиар шавхуурдана.
Зуны тэргүүн сар хэдийнэ эхэлчихсэн ч цаанаа л жихүүн, хүйтэн салхи сийгүүлэн сэнгэнэнэ. Ийм нэгэн жихүүн өдөр бид Найрамдалын амны зүг хөдөллөө. Найрамдал, Баянголын аманд модны хулгай ихсэх болсон талаар манай Эко мэдээллийн албанд иргэдээс мэдээлэл ирсэн.
Энэ дагуу бид өнгөрсөн мягмар гаригт газар дээрээс нь сурвалжлахаар Шижирийн давааг зорьсон нь энэ. Нутгийнхны хэлдгээр энэ даваа модны хулгайчдын гол жим. Энэ утгаараа тэднийг “барихад” бидэнд ойн цагдаа, байцаагч хэрэг болсонгүй. Жим өөрөө хулгайчдын мөрөөр хөтлөн, мөшгихөд “туслав”.
Шижирийн даваа, Баянголын ам, Тахилтын даваа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршдог. Нийслэлийн хамгийн олон хүн амтай тус дүүргийнхний дийлэнх нь гэр хорооллынх. Хөдөөнөөс шилжин ирсэн олон айл хоосон харагдсан газар бүрт хашаа хатгамар аядаад л гэрээ барьдаг тогтсон “заншилтай”. Ийн буусан айлуудын зах бараг л Шижирийн даваанд тулжээ. Уг нь ууландаа тулчихсан “манаачтай” болохоор улайм цайм хөрөө хангинуулан мод огтолдог хулгайч бараг үгүй болж.
Харин Төв аймгийн Батсүмбэр, Зүүнхараагаас мод бэлтгэсэн хулгайч нар, энэ даваагаар давж хот руу орж ирсээр жим гаргажээ. Шижирийн давааны зам энхэл донхол, чулуу ихтэй. Үүний хажуугаар саяхан орсон цас хайлж дуусаагүй тул зарим газар шалбааг тогтжээ. Ийм замаар манай муу жижиг тэрэг мөлхөх шахам явах зуур ард гэнэт ачааны “ЗИЛ-130” машин гараад ирэх нь тэр. Хуучны ачааны машинууд одоогийн жийптэй харьцуулшгүй аж. Тэр замаар нисэх мэт тоос татуулан давхиад алга болов.
Нэгэнт бид гүйцэхгүйгээс хойш хэсэг харзнаж байгаад тэр хавьд байдаг айлуудын нэгнийхээр нь орлоо. Г.Баяр ээжтэйгээ энд буугаад нэг жил болжээ. Тэрбээр “Манай энд мод бэлтгэдэг хүмүүс харагдахгүй байгаа. Ойрд цаг агаар тааруу байсан болохоор тэр юм уу, ер нь мод ачсан машин харагдаагүй” хэмээн ярилаа.
Өнгөрсөн сарын сүүлчээс тав хоногийн зайтай гурван удаа хүйтэрч, нэлээд хэмжээний цас дарсан нь модны хулгайчдын ажлыг “алдагдуулсан” бололтой. Шижир, Тахилтын давааны зарим хэсгээр 10 см хүртэл зузаан цас тогтож, даваа хаагдсан нь аврал эрсэн моддын хувьд хэд хоног ч гэсэн завшаан болжээ.
Ийнхүү хэдэн үг асуугаад гараад иртэл өнөөх ачааны машин Шижирийн давааны цаахна зогссон харагдав. Яагаад зогссоныг гайхан юутай ч дөхөж очоод зам асуух далимаар хэдэн үг солих санаатай машины зүг хөдөллөө. Модны хулгайч нар хутаг шөвөг, буу гэх мэт зэвсэгтэй. Хэрвээ эвгүйдвэл яаж ч мэдэх нөхөд явдаг талаар ойн байцаагчдаас дуулж байсан тул битүүхэндээ болгоомжилсон хэрэг. Гэтэл биднийг дөхөх зуур ачааны машин хөдлөөд явчихав. Гайхан зогстол араас бас нэг “ЗИЛ-130” машин гараад ирэх нь тэр.
Тэр машин зөвхөн урдаа дугаартай бөгөөд арын дугаар нь улсын дугаар нь танигдахаа больсон нь нэг л сэжигтэй. Угаасаа хулгайн тээвэрчид машины дугаар битгийхэл бичиг баримт ч үгүй явдаг аж. Бас бүхээгт нь сольж тавих сэлгээний дугаарууд байдаг гэж байгаа. Ингээд хоёр том машин тоос манаруулан давхиж байснаа хойно явсан нэг нь бас л зогсчихлоо. Бараг 10 минут зогсоод цааш хөдөлсөн. Үүнээс үзэхэд тэд яах аргагүй модны хулгайч болж таарав. Тэгэхдээ бүр нэлээд гаршсан этгээдүүд.
Ганцаараа бус ханиндаа явна. Явахдаа нэг нэгийгээ хүлээж, ард урд нь өөр машин, сэжигтэй хүн явж байгаа эсэхийг тандаж, хоорондоо утсаар харилцан явдаг бололтой юм. Шижирийн давааны энэ зам Батсүмбэрийн сангийн аж ахуй руу хүргэдэг.
Уг замын хажууд нэлээд хэдэн үхэртэй ганц айл байв. Тэр айлын эзэгтэй Б.Цэдэвсүрэнтэй уулзлаа.
-Танай энэ хавиар мод ачсан машин их явдаг уу?
-Лав хоёр жилийн өмнө гол харламаар их мод ачсан машинууд явдаг байсан. Энэ жил харьцангуй гайгүй болчихоод байна. Ялангуяа, ойрд тэнгэр муухай, цас их орж, шуурсан.
-Тэгвэл ер нь багассан гэсэн үг үү. Хүмүүс модны хулгай нэлээд гараад байгаа гэж мэдээлсэн?
-Багассандаа биш ээ. Та нар дотор нь ороод хар л даа. Баахан ёзоор байгаа биз дээ. Сая та нарыг ирэхийн өмнөхөн хоёр ачааны машин явлаа. Манай энэ Шижирийн даваагаар чинь хоосон машинууд л явдаг юм. Яг мод ачсан нь Тахилтын даваагаар хот руу ордог гэсэн.
-Танайх түлшний модоо яаж базааж байна вэ?
-Манайх энд олон жил болж байгаа. Тэгсэн ч ойгоо хайрлаад хугарч унасан хусны мөчир түүдэг. Харин хулгайч нар тэр сайхан моддыг яаж хайр найргүй хөрөөдөж чаддаг юм, бүү мэд. Тайрч тасдаад ачиж явааг нь харахаар л сэтгэл эмзэглээд байдаг юм хэмээн ярилаа. Ингээд бид Шижирийн давааны хажуугийн уулын мод руу орлоо. Уг нь энэ уул зах хэсгээрээ хус, цаашлаад нарсан ойтой. Ой ч гэж дээ. Холоос харахад л ой болохоос дотор нь орвол хөгшин хүний толгойн үс шиг сийрэг болчихож.
Уг нь шигүү, сайхан байсан бололтой. Одоо энд тэндээ халцарсан мэт тайрдас, хожуулууд л үлджээ. Харин уулын бэлээр байгаа хусыг тоож огтолдоггүй бололтой юм. Хулгайч нарын ганц минутын дотор цахилгаан хөрөөгөөр огтолсон модыг дахин ургуулахад тэдний нэг насны амьдрал хүрэлцэхгүй. Дор хаяж 100 жил болж байж нарс нас биед гүйцэн ургана гээд бодохоор харамсалтай.
Гэтэл хулгайч нарын хэлдэг тайлбар нь ердөө л “Амьдрал хүнд байна. Ажил олдохгүй. Ар гэрээ тэжээхийн эрхээр л...” гэсэн хуурмаг бөгөөд хэвшсэн хэдэн үг байдаг. Амин хувиа бодсон энэ арчаагүй хүмүүсийн зөвхөн өнөөдрөө бодсон үйлдлээс болж хайран сайхан ой мод юу ч үгүй сүйдэж байгаад харамсаад барахгүй. Цаг хэдийнэ 20.00 өнгөрчээ. Нар жаргахаас өмнө буцахаар бид замдаа орлоо. Замаараа Баянгол, Тахилтын ам хариуцсан байгаль хамгаалагч Д.Жамбалжамц гуайтай уулзав. Тэрбээр ажлаа аваад удаагүй ч модны хулгайчдыг нэлээд хашрааж байгааг дуулсан юм.
-Ойрд модны хулгай ихсэж байгаа сурагтай байна?
-Цас ч их орсон болохоор ойрд хүн амьтан яваагүй. Уг нь манай энэ хавийн амууд гайгүй болчихоод байгаа. Харин Батсүмбэр, Зүүнхараагаас ирж буй хулгайч нар л дамжин өнгөрдөг. 22-ын товчооноос бултахаар нь би энд саатуулаад байгаа болохоор нэлээд цөөрсөн.
-“Сая хоёр машин явж өнгөрсөн. Та дугаарыг нь мэдэх үү?” хэмээн урд нь байсан дугаарыг хэлбэл:
-Мэдэхгүй дугаар байна. Гэхдээ тэд чинь янз бүрийн дугаар сольж тавьдаг. Тиймээс өмнө нь явж байсан машин ч байж магадгүй.
-Өнгөрсөн сард хэчнээн машин саатуулсан бэ?
-Оны эхний хоёр сард 100 машин саатуулж арга хэмжээ авсан. Харин дөрөвдүгээр сард 12 машин саатуулж, 900 гаруй мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Одоо санаа зовоож байгаа зүйл гал түймэр л байна. Дулаараад ирэхээр хүмүүс хэд хэдээрээ зугаалах, хусны шүүс уух гэж мод руу ордог. Үнэндээ бид бороо, цас их орохоор л баярлах юм.
-Та тэгээд түймэр гаргахгүйн тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Амуудынхаа ойролцоох хүмүүст утсаа өгчихсөн. Ой руу хүн орвол надад мэдээлдэг юм. Түүнээс гадна морьтой хоёр эргүүл, сайн дурын хүмүүс бий. Тэдэнтэйгээ гэрээ хийчихсэн. Түймэр гарсан тохиолдолд дайчлах машины жагсаалт, хүмүүсийн нэр, утасны дугаар байгаа. Найрамдал зусланд байдаг Гал унтраах ангийнхантай мөн гэрээ хийгээд, долоо хоногт хоёр удаа эргүүл хийж байгаа гэв.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож, нийслэлийн хэмжээнд 60 гаруй мянган мод тарьжээ. Нэг хэсэг нь хот дотор мод тарьж байхад нөгөө хэсэг нь захаас нь огтолж байна. Хэрэв Монгол модгүй болбол яах вэ? Асуултын хариу үнэхээр аймаар биш гэж үү.
Модны хулгайч нарын мөрөөр “Өнөөдөр” сонины Эко мэдээллийн алба үргэлжлүүлэн мөшгисөөр байх болно.
Р.Оюунцэцэг
"Өнөөдөр"