2011-05-27Монгол Соёлын Төвийн УЗ-ийн гишүүн Содномын Энхцэцэг
“Цахим Өртөө” ТББ-ын УЗ-ийн гишүүн Мягмарын Саруул-Эрдэнэ
Нэг. Дэлхийн олон улсын хаана нь явна вэ, бид?
Гадаад дахь иргэдийнхээ сонгуулийн саналыг авдаг туршлагаар нь харьцуулбал
Монгол улс ардчилалд цус урсгалгүй орсноороо бахархдаг. Бүс нутагтаа, Төв Азидаа, ерөөс Ази тивд ардчиллын үлгэр дуурайл болсон орон гэж бид өөрсдийгөө дөвийлгөх дуртай. Гэтэл ардчиллын хамгийн чухал зарчмын нэг болсон “оролцоо” гээчийг манай улс хэр анхаарч байгаа билээ?
“Цахим Өртөө” ТББ-аас саяхан мэдээлснээр “Гадаадад оршин суугаа Монголчууд нь 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө бүртгэгдсэн 1,542,617 сонгогчдын ойролцоогоор 10 хувь болох бөгөөд өнөөдөр Монгол иргэдийн 10 хүний нэгнийх нь эрх зөрчигдөж байгаа гэсэн үг” гэжээ . Бүтэн арван хувийн оролцоог орхигдуулсан тийм ардчилал гэж байх уу?
Цувралаар хүргэх мэдээлэл маягийн өгүүллийнхээ эхний дугаараар бид та бүхэнд гадаад дахь иргэдийнхээ сонгуулийн саналыг авах байдал дэлхий дахинд ямар байдалтай байгаа, Монгол улс чухам хаана нь явна вэ гэдгийг тайлагнан үзүүлэхээр шийдэв.
Амьдрах орчин, авилга, эдийн засгийн болоод улс төрийн эрх чөлөө зэрэг нийгмийн гол гол асуудлаар олон улсын байгууллагууд өөр өөрийн индексийг гаргасан байдаг. Бид тэр бүхнийг харан өөрсдөдөө дүгнэлт хийж, энэ ертөнцийн олон улсын дунд ямар байр суурьтайгаа мэдэж, ухаарч явдаг билээ. Тухайлбал, 2011 оны Эдийн засгийн эрх чөлөөг дүгнэсэн индексээр 183 орноос 94-т жагссан бол сүүлийн жилүүдэд авилгын асуудал улам хурцдаж байгааг Авилгын индексийн үзүүлэлтүүдээс мэдэж болно. Ямар ч байсан 200 гаруй улс оролцуулсан аль ч индекст манай улс 100-аас доош бууж байгаагүй, заримдаа бүр нэлээд өндөр хөгжилтэй улсуудын өмнө гишгэж, тавь, жар хүртэл урагшилсан тохиолдол буй билээ.
Тэгвэл одоо гадаад дахь иргэдээ сонгуульд оролцуулдаг тал дээр бид хэддүгээр байранд яваагаа тодорхойлох гээд үзье. Үүний тул хэд хэдэн олон улсын байгууллага, хүрээлэн, мөн хувь хүмүүсийн судалгаан дээр ажиллав.
Хэдэн улс гадаад дахь иргэдээ сонгуульд оролцуулдаг вэ?
Олон Улсын Ардчилал, Сонгуулийн Дэмжлэгийн Хүрээлэн буюу International IDEA хэмээх байгууллагаас дэлхийн 214 улсын сонгуулийг ажиглаж үзэхэд 2007 оны 5 сарын байдлаар 115 улс ямар нэг байдлаар гадаад дахь иргэдээ сонгуульд хамруулдаг, дор хаяж сонгуульд оролцохыг нь баталгаажуулсан хууль эрхзүйн заалттай байжээ. Үлдсэн 99 улс нь гадаад дахь иргэдээ үл хайхардаг бөгөөд тэдний нэг нь Монгол улс юм. Тиймээс байр эзлүүлбэл, 99 улсын хамт 116-р байранд гэж хэлж болно, эс бөгөөс 99 улсын хамт хамгийн сүүлчийн буюу 214-р байранд явна гэж үзэж бас болох юм.
Гадаад дахь иргэдийн сонгууль хэмээн ярихад манай удирдагчид ихэвчлэн хөрөнгө мөнгөний бололцоо муу учир хэцүү гэдэг бол тэрхүү 115 улсын дотор манайхаас дорой хөгжилтэй, ядуу улсууд, нийгэм эдийн засагийн байдал нь манайхаас ч тогтворгүй, дайн дажинтай улсууд жишээлбэл, Руанда, Хондурас, Афганистан байгаа нь хачирхалтай.
Ингээд өмнө дурдсан байгууллагын зарим судалгаа, статистикаас дурдвал:
Дэлхийд гадаад дахь иргэдээ сонгуульд оролцуулдаг
Алжир, Ангол, Бенин тэргүүтэй Африкийн 28
Аргентин, Боливи, Панама тэргүүтэй Америкийн 16
Афганистан, Бангладеш, Лаос тэргүүтэй Азийн 20
Австри, Азербайжан, Беларус тэргүүтэй Европын 41
Фижи, Шинэ Зеланд, Микронези тэргүүтэй Номхон далайн 10 улс, нийт 115 улс байдаг ажээ.
Эдгээр улсын дотор хэдийгээр гадаад дахь иргэдээ сонгуульд оролцуулах хууль эрхийн актыг нь бүрдүүлж өгсөн боловч хараахан бодит байдал болгож чадаагүй цөөн орон бас байна.
Тухайлбал:
Ангол
1992 оны сонгуулийн хуулиндаа гадаад дахь иргэдээ сонгуульд оролцож болохыг, ингэхдээ оршин сугаа газрынхаа дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлж, биеэр саналаа өгөхийг хуульчилсан байна. Мөн гадаад дахь иргэдээ сонгуулийн тойрог болгож, Үндэсний Хуралдаан буюу парламентдаа гурван төлөөлөгч сонгон оруулахыг ч заажээ. Гагцхүү ажил хэрэг болгохыг нь Үндэсний Сонгуулийн Хороо нь хариуцаж, хэрэгтэй материал сэлтийг бэлдэх ёстой бөгөөд энэ ажил нь харин удаашралтай байгаа аж.
Боливи
1991 онд гадаад улсад амьдарч буй Боливи иргэд Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй, чухам хэрхэн оролцохыг нь тусгай хуулиар зохицуулна хэмээжээ. Тэрхүү тусгай хууль нь 2005 оны 12 сард Парламентийн доод танхимаар нь батлагдсан боловч дээд танхимаараа баталгаажиж хараахан чадаагүй байна.
Үүний дээр Грек, Никарагуа, Панама улсууд хуулиндаа заалтаа оруулсан, гагцхүү нарийн дүрэм журмаа баталж чадаагүй байгаа бол бусад 110 улс аль хэдүйн гадаад дахь иргэдээсээ саналыг нь авдаг болчихсон байна.
Гадаад дахь иргэд улсынхаа ямар ямар сонгуульд оролцож болдог вэ?
Өмнө дурдсан Олон Улсын Ардчилал, Сонгуулийн Дэмжлэгийн Хүрээлэнгийн судалгаагаар улс орнууд гадаад дахь иргэдээ доорх дөрвөн төрлийн сонгуульд оролцуулж болдог нь тогтоогджээ. Үүнд:
1. Хууль тогтоох байгууллагын сонгууль
2. Ерөнхийлөгчийн сонгууль
3. Бүх нийтийн санал хураалт
4. Орон нутгийн сонгууль
Харин эдгээр сонгуульд бүгдээрэнд нь оруулдаг эсэх, заримд нь оруулдаг бол ямар ямар комбинациар хамруулдгаараа тус 115 улс ялгарч байна. Тухайлбал:
Австрали, Азербайжан, Бангладеш зэрэг 31 улс зөвхөн хууль тогтоох дээд байгууллагынхаа сонгуульд
Афганистан, Мексик, Бразил зэрэг 14 улс зөвхөн Ерөнхийлөгчийнхөө сонгуульд гадаад дахь иргэдээ оролцуулдаг бол
Аргентина, Болгар, Мозамбик гэх мэт 20 улс Ерөнхийлөгчийн болон Хууль тогтоох байгууллагынхаа сонгуулийн аль алинд нь оролцуулдаг байна.
Үүнээс гадна бусад хослолууд байгаагаас сонирхуулбал:
Канад, Эстон, Унгар зэрэг долоон улс хууль тогтох байгууллага болон бүх нийтийн санал хураалтад,
Франц, Габон, Киргиз зэрэг долоон улсад Ерөнхийлөгчийн сонгууль болон Бүх нийтийн санал хураалтад,
Австри, Колумб, Молдав зэрэг 11 улсад Ерөнхийлөгчийн болон Хууль тогтоох байгууллагын сонгууль дээрээ Бүх нийтийн санал хураалтад гадаад дахь иргэдээ оролцуулдаг уламжлалтай ажээ.
Мөн Дани, Финланд, Малайз зэрэг өөр 19 улс орон нутгийн сонгуульдаа дээрх гурван сонгуулийн аль нэгэнтэй нь хамт оролцуулдаг бол гадаад дахь иргэдээ бүхий л сонгуульд, өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн, Хууль тогтоох байгууллагын, Орон нутгийн сонгууль болон Бүх нийтийн санал хураалтад бүгдэд нь оролцуулдаг зургаан улс байдаг нь бусад улсдаа энэ чиглэлээр үлгэр дуурайл болж байна. Эдгээр зургаан улс бол:
АНУ, Алжир, Беларус, Ирланд, ОХУ, Того болно.
Того улс дөрвийн дөрвөн сонгуульд, бүр орон нутгийн сонгуульд хүртэл гадаад дахь иргэдээ оролцуулж чадаад байхад Монгол улс ганц ч сонгуульд оролцуулж чадахгүй байгаа нь харамсалтай.
Мөн эдгээр 115 улс гадаад дахь иргэдээ сонгуульд оролцуулахдаа ямар нэг байдлаар ялгадаг, болзол тавьдаг эсэх нь сонирхолтой асуудал юм. Судалгаанаас харахад ердөө 14 улсад тусгайлан заасан хүмүүсийг гадаадаас сонгуульд оролцуулдаг бол бусад 101 улс бүхий л иргэдээ хамруулдаг байна. Жишээ нь, Бангладеш зөвхөн төрийн албаныхнаа, Гана зөвхөн дипломатуудаа, Энэтхэг зөвхөн цэргийнхэн болон төрийн албатнуудаа гэх мэтээр ялган заадаг бол зарим улс гадаад улсад тодорхой хугацаанаас илүүгүй суусан байх болзол тавьдаг аж.
Мэдээж санхүүгийн асуудал гарах нь зүй хэрэг. Тэгвэл манайтай төстэй, санхүүгийн хувьд дэлхийд дээгүүр орохооргүй улсууд гадаад дахь иргэдийнхээ саналыг хэрхэн авснаас жишээ дурдъя. Доминикан улс жишээлбэл түүхэндээ анх удаа 2004 онд Ерөнхийлөгчийнхөө сонгуульд гадаад дахь иргэдээ оролцуулсан байна. Тэдний хувьд дэлхийн тэр олон улсад сонгуулийн баг ажиллуулж чадахааргүй байсан тул эхний ээлжинд Доминикан иргэд хамгийн ихээр суурьшсан таван улсыг, тухайлбал, Канад, Испани, Пуэрто-Рико, АНУ, Вэнэсуэл тав, тэр дотроо тодорхой хотуудыг сонгон ажилласан байна. Мозамбик улс мөн л манайхаас түрүүлсэн бөгөөд анх 2004 оны парламентийнхаа сонгуульд Африкийн тав, Европын хоёр улсад суугаа элэг нэгтнээ хамруулж чаджээ.
Гадаад дахь иргэдээсээ санал авах талаар ийнхүү Монгол улс дэлхийд хамгийн сүүлчийн байранд орж байгаа нь манай ардчиллын олон амжилттай харшлахуйц үзүүлэлт юм. Дараагийн цуврал нийтлэлүүдээрээ бид гадаад дахь иргэдээсээ санал авах арга хэлбэр, мөн тэдний зөвхөн саналыг нь аваад зогсохгүй төлөөлөгчийг нь хууль тогтоох байгууллагадаа оруулдаг улсуудын туршлага, зарим тодорхой улс орны түүх, алдаа оноо зэргийн талаар өгүүлэх болно.
Endnotes
1
Цахим өртөө ТББ-ын вэб хуудас, Гадаадад суугаа 200000 иргэдийн эрх ашиг зөрчигдсөөр байна, http://www.tsahimurtuu.mn/24tsag/2011/05/06/1965
2
The Heritage Foundation, Эдийн засгийн эрх чөлөөг дүгнэсэн индекс, http://www.heritage.org/index/ranking
3
Administration and Cost of Elections (ACE), Comparative Review of Voting from Abroad, http://aceproject.org/ace-en/topics/va/comparative-review