2011-05-26Хөгжихийн хэрээр дэлхийн улсууд бие биенийхээ нууцыг мэдэх гэж хичээх боллоо.

Өндөр технологи, стратегийн нууцыг мэдэх нь ямар ач холбогдолтой болохыг олон улс хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгвэл АНУ-ын эдийн засаг хийгээд стратегийн хамгийн том өрсөлдөгчөөр нэрлэгдэж буй Хятад бусад улсын нууцыг мэдэх ажиллагаагаа аль хэдийнэ эхлүүлсэн. Тэд Оросын нууцад нэвтэрч чадаагүй. Харин АНУ-ын салбар бүрийн нууцыг иргэнээр нь дамжуулан олж авч байна.
Хятадын тагнуул хэмээгдэн АНУ-ын шоронд энэ оны нэгдүгээр сараас хоригдож буй 29 настай Жленн Дуффие Шривер хэмээх залуу Цагаан ордныхны “толгойны өвчин” болж байсан билээ. Тэрбээр 2008 оноос өмнө АНУ-д 57 ажиллагаа явуулж, Хятадын талд үлэмж хэмжээний нууц мэдээлэл дамжуулж байсан аж. Жленн Шривер англи хэлний багш мэргэжилтэй байсан нь Хятадад олон удаа зорчиход сэжиг төрүүлдэггүй байжээ.
Тэрбээр АНУ-ын нууц материалуудыг Хятадын талд шилжүүлэхэд 70 мянга ам.доллар авсан тухайгаа Холбооны мөрдөх товчоонд өгсөн мэдүүлэгтэй дурьдаж байсан аж. Энэ тагнуулч АНУ-ын мэдээлэл, харилцаа холбоо, өндөр нууцлалтай инновацийн технологи, худалдааны нууц хэлэлцээр, тус улсад хөрөнгө оруулсан гадаадын компаниуд, батлан хамгаалах салбар болон хятад бизнесмэнүүдтэй холбоотой нууц мэдээллийг Бээжинд дамжуулдаг байсан тухай “АР” агентлаг уламжилсан байдаг.
Өнгөрсөн оны зун ОХУ-д АНУ-ын 10 тагнуулч баривчлагдсан тухай Оросын Холбооны аюулгүй байдлын яамнаас мэдээлж байсан. Эдгээр тагнуулчийн дунд Жленн Шривер байсан хэмээн яригдсан ч батлагдаагүй. Мөн тэдгээрийг тагнуулч биш жуулчид байсныг АНУ-ын генерал Эрик Холдер баталж байсан билээ. Жленн Шривер “Би тагнуулынхаа ажиллагааг Шанхайгаас эхэлж байсан. 2004 онд Мичиганы их сургуульд сурч байхдаа сургалтын хөтөлбөрийн дагуу Шанхайд очиж хятад иргэдийн аж амьдрал, соёл иргэншлийг судлах болсон.
Тэгээд АНУ-д ирчихээд буцаад Хятад руу очиж байсан” гэжээ. Тэрбээр 2004 оны аравдугаар сард тухайн үед 22 настай байсан Шанхайд дахин очсоныхоо дараа Аманда хэмээн бүсгүйтэй танилцаж байсан аж. Тэд англи хэлний хичээл заахын сацуу Зүүн Азийн улс төрийн асуудлаар нийтлэл бичдэг байжээ. Тухайлбал, АНУ, Хятад, Хойд Солонгос, Тайванийн холбоо сүлбээний талаар бичсэн нийтлэлээ хэвлэлд 120 ам.доллараар худалддаг байв.
Аманда мэдүүлэг өгөхдөө Шриверийг олон сонирхолтой хүнтэй уулзаж байсан тухай дурьджээ. Ингэхдээ By, Тан хэмээх залуустай уулзаж байсан аж. Тэд Шривертэй дараа жил нь 20 орчим удаа уулзалдсан байна. By, Тан нь Хятадын тагнуулын албаны ажилтнууд байжээ. Үүнээс хойш Шривер Хятадын тагнуулчаар ажиллах болсон байна. Тэрбээр “Нууцыг зөвхөн цагт нь дэлгэх ёстой” хэмээн шоронд орохынхоо өмнө мэдэгдэж байжээ.
2005 онд Аманда найз залуу Шриверээ АНУ-ын Төрийн департментын Гадаад хэрэг эрхэлсэв газарт ажилд оруулсан байиа. Тухайн үед Шривер АНУ-ын гадаадтай холбоотой нууц баримтыг 10 мянган ам.доллараар Хятадын талд худалдаж байжээ. Харин 2006 оны дөрөвдүгээр сард олсон нууц баримтаа 20 мянган ам.доллараар худалдсан байна. 2007 оны зургаадугаар сард Шривер Холбооны улсын стратеги хэмээх нууц баримтын нэгээхэн хэсгийг Хятадын талд шилжүүлжээ. Бээжингээс зургаан сарын дараа түүнд 40 мянган ам.доллар илгээсэн байна.
Шривер ээждээ илгээсэн захидалдаа “Би Вашингтонд ажиллаж байгаа. Аманда бидний амьдрал маш сайхан байна. Бид удахгүй танайд очно” хэмээжээ. Түүнийг Холбооны мөрдөх товчооныхон тагнах болсноор Шривер Лос Анжелос руу нүүв. Гэсэн ч 2010 оны зургаадугаар сард тагнуулынхан Шриверийг Виржиниа мужаас баривчилжээ.
Батлан хамгаалахын нууц задарсан нь
Пурдейгийн их сургуулийн багш, профессор, “В-2″ бөмбөгдөгч онгоцны ерөнхий инженерээр ажиллаж байсан нэгэн хүн бүтээлийнхээ талаар Хятадын талд мэдээлсэн хэргээр 32 жилийн ял сонсчээ. Энэ тухай АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч уламжилж байсан юм. Түүний ярьснаар шинэ загварын бөмбөгдөгчийн удирдлага, загварын талаарх дэлгэрэнгүй материалыг Бээжин рүү илгээсэн аж. Бостон хот. Харвардын их сургуулийг дүүргэсэн нэгэн бизнесмэнийг баривчлан тодорхойгүй хугацаагаар шоронд хорьжээ.
Мөн түүний экс эхнэрийг Холбооны мөрдөх товчооныхон шалгаж байгаа гэнэ. Бизнесмэн АНУ-ын эскпортолдог цэргийн радар, байлдааны электрон тоног төхөөрөмж болон батлан хамгаалахтай холбоотой бусад нууц баримтыг Хятадын цэргийн талд дамжуулсан аж. Төрийн департмент нууц алдагдсаныг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулсан явдал хэмээн тайлбарласан байна.
Лос Анжелос хот. АНУ-ын мөн нэгэн бизнесмэн нууц задруулсан хэргээр “аавын хаалга” татав. Тэрбээр Шанхайн компанид АНУ-ын цэргийн нууц тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Рэйтион” компанийн бүтээлүүдийн тухай нууц мэдээлэл дамжуулжээ. Ингэхдээ тэрбээр нууц мэдээллүүдийнхээ дийлэнхийг дүрс бичлэгийн камерт бичсэн байжээ. Ингээд нууц материал бичсэн дүрстэй камераа Хятад руу экспортоор гаргадаг камеруудын дунд нууж гаргасан гэж Холбооны мөрдөх товчоо тогтоожээ.
Хятадын хөрөнгө сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Иймээс хөрөнгийнхөө нэгээхэн хэсгийг сөрөг тагнуулын ажиллагаанд зориулж буй нь нууц биш. Мөн АНУ-ын нууц материалыг гартаа оруулахын тулд их хэмжээний мөнгө зориулж байгаа аж. Үүний дүнд Хятадын батлан хамгаалахын зэвсэглэлийн чадвар үнэмлэхгүй нэмэгджээ.
Тухайлбал, он гараад удаагүй байхад Хятадын Батлан хамгаалах яам Чендугийн агаарын цэргийн баазаас радарт үл харагдах шинэ үеийн “J-20″ сөнөөгч онгоцны туршилтын нислэгийг үйлдсэн билээ. Энэ үеэр Бээжинд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс айлчилж байсан юм. Энэ бол АНУ-ыг нууцаа алдахгүй байхад анхаарах цаг болсныг гэрчлэх аж. Учир нь Хятадын сөнөөгч онгоц нь АНУ-ын “F-22″ байлдааны хөлгийн загварыг хуулбарласан байна. Мөн Т-22″-ыг бодвол харьцангуй олон талт үйлдэл хийх чадвартай болох нь тогтоогджээ.
Тэгэхээр Хятад улс одоо юу хийж байна вэ. Тэд 1999 онд Сербийн дайнд сөнөөгдсөн АНУ-ын нисэх онгоцнуудын сэгийг Балканы цэргийнхнээс өндөр үнээр худалдаж авч байсан гэж тухайн үед “АР” агентлаг мэдээлсэн байдаг. Үүний сацуу АНУ-ын нууц төсөл дээр ажилладаг инженерүүд олон жилийн турш Хятадын талд мэдээлэл дамжуулах ажил гүйцэтгэснээр Бээжингийн зэвсэглэл хөгжсөн үү гэлтэй.
Холбооны улсын прокурор “В-2″ бөмбөгдөгч онгоцны программ дээр ажиллаж байсан энэтхэг гаралтай, АНУ-ын иргэн, холбооны инженер Ношир Говадиаг Хятадын талд нууц дамжуулсан хэргээр ялласан. Хэрэгтэн энэ оны нэгдүгээр сард Хонолулугийн шоронд хоригджээ. Ношир Говадиаг 14 үндэслэлээр ялласан байна. Үүний дотор түүнийг үндэсний холбооны нууц мэдээллийг гадаадын улсад дамжуулсан хэмээн үйлдвэрлэгчид дэлхийн томоохон брэндийн бүтээгдэхүүнийг худалдаанд гарахаас нь өмнө хуулбарлаж худалдсан тохиолдол гарч байсан юм.
“Хятадын үйлдвэрлэгчид ямар ч асуудалгүйгээр өөрчлөлт хийдэг. Үүнд Шривер, Говадиа гэх мэт хүмүүс тусалдаг” гэж АНУ-ын армийн бэлтгэл офицер Ларру Вортзел ярьжээ. Тэгвэл Хятадын Гадаад харилцааны яамны тайланд “Дэлхий даяар тархсан хятад хүн АНУ-ын нууцыг олж мэдэхэд бүхнээ зориулах ёстой” хэмээн бичсэн байна.
Өнөөдөр Хятадын тагнуулаар профессор, инженер, бизнесмэнүүд ажиллаж байгаа аж. Тэд хөрөнгө чинээтэй төдийгүй нууц мэдээлэл олж авах эх сурвалж сайтай байдаг гэнэ. Мөн Хятадын засгийн газраас санхүүждэг нь тогтоогдсон байна. Тагнуулчид одоо Төрийн департментыг онилж байгаа гэж “АР” агентлагийн мэдээнд дурьджээ.
Үүний сацуу АНУ-ын томоохон корпораци “Боинг”, “Моторола”, “Дау”-д Хятадын тагнуулчид ажиллаж байгаа гэнэ. Тэд компютерын нууц код, холбооны өндөр нууцлалтай технологийг Бээжинд шилжүүлдэг аж. Бүр АНУ-ын тэнгисийн цэргийн “Нэви” цөмийн шумбагч хөлгийн талаарх нууц мэдээлэл алдагдсан байна. Ерөнхийлөгч Жорж Бушийн үед Холбооны сөрөг тагнуулын газрын ерөнхий захирлаар ажиллаж байсан, хатагтай Мишель Ван Клеавегийн ярьснаар 1990 онд Хятадын тал АНУ-ын цөмийн технологитой холбоотой нууц баримт хулгайлж байжээ.
Тухайн үед цөмийн нууц баримтыг Лос Аламосын Үндэсний лабораторид ажиллаж байсан хятад гаралтай, АНУ-ын иргэн Вен Хо Ли хулгайлж байсан аж.
1970 оноос эхлэн Хятад улс цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Лос Аламосын Үндэсний лабораторид хятад гаралтай Петер Ли тэргүүтэй мэргэжилтнүүд ажиллах болжээ. Энэ нь нууц мэдээлэл Бээжин рүү урсахад нөлөөлсөн гэж АНУ-ын шинжээчид тодорхойлдог.
1996 онд Зэн Зоу (Америк найзууд нь Алекс хэмээн дууддаг) багш мэргэжилтэй залуу Харвардын их сургуульд суралцаж төгсөв. Тэрбээр Хятад дахь электрон барааны үйлдвэрээ худалдаж, АНУ-ын Массачусеттс мужид “Читрон” хэмээх үйлдвэр байгуулжээ. Америк технологийг эзэмшсэн Зэн Зоугийн үйлдвэрийн нууц Хятадын цэргийн талд илгээгдэж байсан аж.
Мөн тэрбээр АНУ-ын батлан хамгаалахын зэвсэглэлийн талаарх нууц баримтыг шилжүүлдэг байжээ. Иймээс түүнд Нью-Йоркийн шүүх энэ оны нэгдүгээр сард найман жилийн хорих ял ногдуулсан байна. Нууц алдагдсан хэрэг үүгээр дууссангүй. 2007 онд Төрийн департмент өндөр технологио бусдад анх удаа худалдах шийдвэр гаргаж байсан аж. Харин үүний сүүдэр дор АНУ-ын стратегийн нууц баримт Хятад, Ираны эрх баригчдын гарт орж байжээ. Мөн Уиллиам Чи Вэй Цу хэмээх хятад гаралтай бизнесмэн АНУ-ын иргэдийг хууран мэхэлсэн, инженерийн нууцыг бусдад дамжуулсан хэмээн буруутгагдаж энэ оны нэгдүгээр сард гурван жилийн хорих ял сонссон байна.
Тэрбээр Хятадын “Dimagit Science & Technology” компанид АНУ-ын холбоо харилцааны өндөр нууцлал бүхий технологийг шилжүүлсэн аж. Үүнд цэргийн радарын систем багтаж байжээ.
Холбооны мөрдөх товчоонд тагнуулч шургалав
Ян хэмээх хятад гаралтай залуу Холбооны мөрдөх товчоонд нэлээд өндөр албан тушаал хашиж байсан аж. Тэрбээр байгууллагынхаа нууц материалуудыг Хятад руу илгээдэг байсан нь тогтоогдсон байна. Ян мэдүүлэг өгөхдөө “Надад R, D хэмээх баримт шаардлагатай байсан. Үүнийгээ ч олсон. Би нууц баримтыг мэйлээр явуулахаас татгалздаг байсан” гэжээ.
Түүнийг өнгөрсөн оны зургаадугаар сарын 30-нд ор сураггүй алга болсны дараа мөн оны арванхоёрдугаар сарын 3-нд Канадын нисэх онгоцны буудлаас Хятад руу явах гэж байхад нь баривчилсан байна. Тухайн үед Янд 20 мянган ам.доллар байсан аж. Мөн энэ оны эхэнд Холбооны мөрдөх товчооны тагнуулч Ай Си Смитийг Вашингтонд байрлах Олон улсын тагнуулын музейгээс баривчилжээ. Тэрбээр баривчлагдах үедээ нууц мэдээлэл агуулсан дүрс бичлэгийг хэн нэгэнд дамжуулах гэж байсан аж.
Түүнийг Холбооны аюулгүй байдлын төв газарт ажиллаж байхад Хятадын тагнуулч хэмээн сэжиглэн шалгаж байжээ. Смит “Хэзээ нэгэн цагт намайг баривчилна гэж би мэдэж байсан” хэмээн мэдүүлэг өгөхдөө дурьдсан байна. Түүнд 1986 онд Хятадын тагнуулаар ажиллахыг Сөрөг тагнуулын газарт ажиллаж байсан Ларри Чин санал болгож байсан аж. Иймээс ч Ларригийн олж авч чадахгүй мэдээллийг Смит олж өгдөг байсныг хожим нь тогтоожээ.
Смит гурван жилийн өмнө Жленн Шривертэй холбоотой болсон. Тэд “Америкийг булшлах төлөвлөгөө” боловсруулж байснаа мэдүүлэгтээ дурьдсан байна. Смит “Би Хятадын иргэдэд гэнэтийн бэлэг барихыг хүсч байсан” хэмээн мэдүүлэг өгөхдөө онцолж байжээ.
Д.Түвшинтөр
Эх сурвалж: “Нийгмийн толь”