2011-05-13Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай хэлэлцсэн УИХ-ын Эдийн
засгийн байнгын хорооны хурал өчигдөр ажлын цаг дуусахтай уралдан эхлэв. Хоёр цаг гаруй үргэлжилсэн асуулт хариулт, шүүмжлэл гомдлын эцэст санал хураахад Байнгын хорооны 14 гишүүнээс хоёр нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулахыг зүйтэй хэмээн үзлээ. Ийнхүү Засгийн газрын хамгийн залуу гишүүнийг огцруулахаар хоёр дахь удаагаа хөндөгдөж буй эл асуудал мөн л дэмжлэг хүлээсэнгүй.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар Д.Зоригтыг огцруулах долоон үндэслэл гаргасан боловч Байнгын хорооны санал хураалтын мөчид Н.Батбаяр, Д.Ганхуяг хоёроос өөр хүн гар өргөсөнгүй. Цөөнх болж байгаадаа С.Эрдэнэ, Г.Баярсайхан хоёр дургүйцлээ илэрхийлэн санал хураалтаас сайн дураар хоцорсон нь энэ болов уу. С.Эрдэнэ гишүүн Д.Зоригт сайдыг огцруулах бичгийг дахин үйлдэхээ өөрт нь ууртайгаар дуулгасан. “Гурав, дөрөв, тав, зургаан удаа өргөнө барина, за юу” хэмээнэ лээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр өрнөсөн асуулт, хариултыг тоймлон хүргэе.
Н.Батбаяр: Улаанбаатарын гэр хороолол жилд хэдэн тонн нүүрс хэрэглэдэг вэ. Нэг тонн нүүрсний үнэ хэд вэ?
Д.Зоригт: Нэг сая гаруй тонн нүүрс түлдэг. Тонн нүүрсний үнэ энэ жил Багануурын уурхайнх 35000-40000, Налайхынх 70000-80000 төгрөг байна. Энэ бол ахуйн хэрэглээний үнэ.
-Цахилгаан станцад нийлүүлж байгаа нүүрсний үнэ яагаад айл өрхийн худалдаж авч байгаа нүүрснээс хямд байдаг юм бэ?
-Тонн нүүрсний өөрийн өртөг 22000-23000 төгрөг байдаг. Үүн дээр тээврийн зардал, ажиллах хүчний хөлс шингэдгийг та өөрөө бизнес эрхэлсэн туршлагаараа мэдэж байгаа. Цахилгаан станцуудад нийлүүлэх үнийг Засгийн газар татаасаар барьж эрчим хүчний эх үүсвэрүүдээ ажиллуулсаар ирсэн.
-Монгол орон нүүрстэй мөртлөө сүүлийн 20 жилд, ер нь таныг сайдаар ажилласан гурван жилд яагаад MCS-ээс өөр нэг ч компанид цахилгаан станц барих зөвшөөрөл олгосонгүй вэ?
-Эрчим хүчний зах зээлд хувийн хөрөнгө татах нөхцөл одоо л гацаанаас гарч байна шүү дээ. Цахилгаан станц барихад хөрөнгө мөнгө, хүн хүчний бэрхшээл байдаг. Төсвийн хөрөнгөөр Дөргөн, Тайширын цахилгаан станцууд ашиглалтад орсон. Бид 2008 онд ТЭЦ- 5-ын тендерийг зарлахад ганцхан компани санал ирүүлж байсан. Тэгээд ч тэд тендерийн шалгуурт тэнцээгүй. Бид олон жил сунжирсан энэ төслийг гацаанаас нь гаргаж хөдөлгөлөө. ТЭЗҮ нь бэлэн болсон, 18 сарын дотор ажилд орно. Би дөнгөж сая ҮАБЗ-д энэ төслийг танилцуулах ажилтай байгаад, 30 минут хоцорч ирсэндээ хүлцэл өчье.
-Монгол нефтийн хомсдолтой. Өөрсдийн хөрөнгөөр нефтийн үйлдвэр байгуулъя гэсэн үндэсний компаниуд байхад та яагаад зөвшөөрөл өгдөггүй юм?
-Сүүлийн 20 жилд Засгийн газар яагаад үүнийг хийгээгүй тухай бүх түүхийг Та надаас асуугаад байх шиг. Би сайд болсноосоо хойш дотоодын дөрвөн компанид тусгай зөвш өөрөл олгосон. Гэхдээ тэдгээр компанийн ажил өөрсдөөс нь шалтгаалж хойшлоод байгаа.
-Та Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан гурван сайдын нэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэрээнд өөрчлөлт оруулахаар болсон. Одоо зургаан сар өнгөрчихөөд байхад яагаад өөрчлөгдөхгүй байгаа юм?
-Оюутолгойн гэрээ 2004 оноос яригдаж, УИХ-ын төвшинд 2007 оноос хэлэлцсэн. Харин гэрээг боловсруулж, гарын үсэг зурлаа гэж буруутгаж байгаа бол би хүлээн зөвшөөрөхг үй. Энэ бол Засгийн газар, УИХ-аар хэлэлцэж баталсан, гурван сайдын гарын үсэг зурсан гэрээ. Төгс төгөлдөр болсон гэж би хэзээ ч хэлж байгаагүй. Хүн муучлах гэж, хамтарсан Засгийн газрыг харлуулах гэж байж гол ажлаа дэмий нураах вий дээ. Сайжруулах шаардлагатай учраас бид гэрээн дээр ажиллаад энэ оны гуравдугаар сарын сүүлээр Засгийн газарт танилцуулж, гарын үсэг зурах эрхээ авсан. Ирэх долоо хоногт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Р.Раш: Налайхад хүний амь үрэгдсэн хэрэг байна. Онгойж үлдсэн нүхнүүдийг өдөр шөнөгүй ухдаг. Тэгээд энэ асуудлыг хэн хариуцах вэ. Танай яам юу хийв?
Д.Зоригт: Яам МХЕГ-тай хамтарч ажиллаж байгаа. Налайхын нүүрсээр олон зуун өрх амьдралаа залгуулдаг. Гэвч бид хүчээр тогийг нь тасалж, 87 амыг хаагаад байна. Одоо 13 ам үлдсэн. Хаах мэдэгдлийг нь МХЕГ-аас хүргэсэн.
-Засгийн газрын гурван сайдаас нэгийг нь онцолж гогддогийн учир нь юу юм бол гэж Д.Зоригтыг огцруулах саналыг санаачилсан гишүүдээс асууя.
С.Эрдэнэ: Энэ хүн ямаа гэхээр тэмээ гэдэг учраас зориуд онцолсон. УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгж үүлсэн үү, үгүй юу гэдэг асуудал бол түүнийг огцруулах шалтгаан юм.
Р.Раш: Оюутолгойн гэрээг сайжруулж байгаа гэлээ. Хэр бодитой юм бэ?
Д.Зоригт: Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах үед дэлхийн зах зээл хямралтай байсан. Тэр үеийн нөхцөлөөс шалтгаалсан зарим зүйл заалтыг өөрчиллөө. Зээлийн хүүг 6.5 хувь хүртэл бууруулсан. Энэ хүүг энэ оны нэгдүгээр сарын 31-нээс мөрдөж эхэлсэн.
А.Тлейхан: Эрчим хүчний тав дахь эх үүсвэр баригдаагүйгээс олон айл цахилгаангүй, Улаанбаатар агаарын бохирдолтой болсон гэж үзэж болох уу?
Д.Зоригт: Сүүлийн 20 жил нийслэлийн хүн ам бараг гурав дахин өссөн бөгөөд одоо 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэгэхээр Улаанбаатарыг орон сууцжуулах хөтөлб өр, утаа бага гаргадаг түлшний асуудал чухал юм. ТЭЦ-5-ын хувьд эхний ээлж нь 2015 онд, хоёр дахь нь 2020 онд ашиглалтад орно. Улаанбаатарыг эхний ээлж нь л цахилгаанаар шууд хангана. Энэ онд барилга угсралтын ажлыг нь сонгон шалгаруулах юм.
-Тавантолгойн асуудлаар таныг бас буруутгаж байгаа. Энэ төсөлд таны оролцоо юу вэ?
-Ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ахалдаг. Би Засгийн газрын зарим сайдын хамт Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа. Тавантолгойн ордын лицензийг гадаадынханд хувааж өгөх нь гэдэг. Ямар ч тийм юм байхгүй шүү.
Үүгээр Д.Зоригт асуултад хариулж дуусахад гишүүд саналаа хэллээ.
С.Эрдэнэ: Та нар тогтвортой байдал нэрийн дор Оюутолгойн гэрээг 30 жилээр хийсэн. Ядаж 20 жилээр хийж болох байсан. Би чамайг 15-20 тэрбумыг гадныханд, олигархиудад өгсөн гэж хардаж байна. Чи даруулгатай байгаарай.
Р.Раш: Ашигт малтмалын хуулийг өөрчилж “30 жил хүртэл” гэсэн өгүүлбэрийг шургуул, тэгээд гэрээгээ илүү сайжруулж болох бол бид дэмжээд өгье. Гишүүдийн хэлж байгаа санаа оноог бичиж, тэмдэглэж аваарай.
Б.Энхцэцэг