2011-05-11-Эрх мэдэл, албан тушаалтан Ганцад хоригдож, байцаагдах болохоороо л бие нь муудсаны улмаас хэмээн “чөлөө хүсэх” нь өрөвдөлтэй-
Сүүлийн үед улсад их бага хэмжээгээр хор хохирол учруулж, байцаагдах хоригдох дээрээ тулаад ирэхээр бие нь муудаж, гадаадад эмчлүүлэхээр батлан даалтад гарч, гадуур байцаагддаг, тэр бүү хэл Өршөөлийн хуульд хамрагдчихдаг сүйхээтэй, зайтай эрс олон болжээ.
Эрх мэдэл, албан тушаал хашиж байсан нэгэн Ганцад хоригдож, шүүх цагдаагийнханд асуугдах байцаагдах болохоороо л бие нь муудсаны улмаас хэмээн “чөлөө хүсэх” нь өрөвдөлтэй. Ганцад зөвхөн тэд л байгаа юм биш, алдсан оносон жирийн иргэд өчнөөн олноороо хоригдоод байцаагдаад зүгээр байж болоод л байна. Бие нь муудлаа гээд ч тэднийг батлан даалтаар гаргах ч үгүй, даалтаар авах мөнгө төгрөг ч үгүй болохоор ямар ч өршөөлгүй байдаг биз.
Өнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаалд дулдуйдагчид хийсэн хэргийнхээ төлөө ял сонсох болохоороо ингэж ч бие нь муудлаа, тэгж ч өлсгөлөн зарлалаа гэсээр Ганцын амьдралыг гэрийн “хориогоор” солиулж дөнгөдөг гаж тогтолцоо манайд нэгэнт тогтсон байна. Сүүлийн хэдхэн жишээг энд сийрүүлье.
Энд хэн нэгний мууг үзэх гэсэнгүй. Харин хууль бүх хүнд адил тэгш үйлчлэх ёстой гэдгийг л сануулах гэсэн хэрэг.
Ч.Амарболд генералын бие муудаж гадаадад эмчлүүлэхээр болов
Хамгийн сүүлд ийм мэдээ хэвлэлийн хуудаснаа дурайлаа. Долдугаар сарын 1-ний хэргийг шалгах ажил үргэлжилж, цагдаагийн дарга нартай холбоотой хэргийг дахин сэргээн шалгахаар болсон билээ. Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан генерал Ч.Амарболд нарын цагдаагийн дөрвөн хурандаа одоо ч шалгагдаж буй. Эрхэм генералын зүйл анги өөрчлөгдөж 5-10 жилийн ял авч магадгүй болоод ирэнгүүт тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан гэнэт бие чилээрхсэн тул гадаад руу явж эмчлүүлэхийг хүсчээ.
Гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хүн гадаад руу хил давах ёсгүй гэдгийг хуулийн хүн мэдэхийн дээдээр мэдэж байх учиртай. Харин прокурорууд хариу өгөхөөс татгалзсан сурагтай байсан. Генералын хувьд хэргээс оргон зайлах гэсэн санаа гаргасан ч байж болох гэдгийг эх сурвалжууд хэлж буй нь үнэний ортой ч байж мэднэ.
Хүндээр өвчилсөн гэдгээр ял завшиж магадгүй
Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр шалгагдаж шүүхээс дөрвөн жилийн ял авсан Д.Сүрэнхор ч мөн ялгаагүй. Тухайн үед хоригдож байхдаа долоон удаа бие нь муудаж, эмнэлэгт хэвтсэн. Бөөрний архаг үрэвсэл, ходоодны шарх гэсэн оноштой. Өнгөрөгч өвөл Д.Сүрэнхорыг удахгүй суллагдаж магадгүй талаар шивэр авир хийж байсан ч тэгсхийгээд намдсан. Түүний бөөр нь устаж, маш олон удаа эмнэлэгт хэвтсэн, дотор эрхтнүүд нь ч хүндээр өвчлөөд байгаа гэх.
Хэрэв Эрүүл мэндийн яамнаас ял эдлэх боломжгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгөх юм бол суллагдах магадлалтай гэгддэг. Д.Сүрэнхор бусад залилагч авлигачдыг бодвол хэргээ хүлээсэн, бас хохирлынхоо тодорхой хувийг ч барагдуулчихсан. Хил дамнан мөрийтэй тоглож, улсын хөрөнгийг үрэн таран хийж байхдаа “ёо” гээгүй Д.Сүрэнхор хуулийн дагуу ял эдлэх болохоороо ийн хүндээр өвчлөөд байгаа нь ял завших гэсэн арга гэдгийг ч хэлэх хүн бий.
Өлсгөлөн зарлаж, эмнэлэгт хүргэгдсэн бааштай эр
Долдугаар сарын 1-ний үймээн самууныг зохион байгуулсан хэрэгт буруутгагдаж АН-ын гишүүн О.Магнай Ганцад морилж, тэнд жинхэнэ “үхэл ханхлуулсан”. Буруугүй гэдгээ батлахын тулд өлсгөлөн зарлаж, хоёр хөл дээрээ ч тогтох сөхөөгүй болж, Зайсан дахь урьдчилан хорих төвийн эмнэлэгт хүргэгдэж байсан. Тэр ямар ч байсан ял завшиж чадсан. Буруутай, үймээн самууныг удирдан зохион байгуулсан гэдгийг нь хууль шүүхийнхэн тогтоож чадаагүй ч жагсагчид, жирийн иргэд түүнийг гэрчилдэг, хэлдэг.
Ганцад 20-иод хонохдоо бие нь эрс муудаж, нарсанд бус наранд байхгүй бол болохгүй гэсэн оноштойгоор гарч байсан. Уушгины багтраатай хүнийг хорьж болдоггүй өгөөмөр хуулийн заалт түүнд тус болсон гэдэг. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхгүй гэж гүрийгээд тэнд хэвтвэл өөрийг нь хорлож, хор өгч ч магад гэж улстөржсөн. Одоо тэр үеийн О.Магнайгийн зүс нь хувирч, үзэл бодол нь ч тэнгэр газар шиг ялгаатай болсон байна лээ.
Бие нь муудсан ч шийр заасан эр
Авлигын хэргээр торны цаана найман жил суусан цорын ганц хүн бол гаалийн Х.Баатар. Олон хүний, нэг намын золиос болсон түүнийг Дарханы хорих ангид байхдаа Ганцхудагийн тоосгоны хориход шилжүүлэн авчирч байсан. Ял эдэлж байхдаа бие нь муудаж, шоронгийн ая даах тэнхэлгүй болж, бие нь муудаж, эмнэлэгт хэвтэж байгаад суллагдсан. Гэхдээ энэ эр бусад шигээ новшроогүй. Өршөөлд хамрагдаагүй гэсэн үг. Чихрийн шижин өвчин нь хэзээ ч хүндэрч мэдэхээр байсан ч тэр ажил хийсээр ялынхаа хугацааг дуусгаад гарч ирсэн шийртэй эр. Түүнийг Дарханд хоригдож байхад нь өвчнөөр нь далимдуулан суллуулах гэж хэсэг хүмүүс хөөцөлдсөн ч амжилт олоогүй. Авлигын хэргийн золиос болж, МАХН-ын лидерүүдийн өмнөөс ял эдэлсэн гэгдэх Х.Баатарыг найз нөхөд, намынхан нь хэн ч эргэж очдоггүй байсан гэдэг.
Ганцын эмнэлэгт хэвтээд амжсан “банкир”
“Анод” банкны дампууралтай холбогдуулан ТУЗ-ийн гишүүн Н.Даваа ч аавын хаалга татаад авсан. Ганцад байхдаа эмнэлэгт нь хэвтэж, эмчлүүлж байсан. Банкны авлагын дүнгээ буруу мэдээлсэн, тайлан тооцоогоо дутуу гаргаж байсан гэдэг үндэслэлээр тэрбээр шалгагдаж байсан. Сонгуульд 300 сая төгрөг цацаж явсан энэ хүн шатсанаа нөхөх гэж хувьцаа гаргаж иргэдийг залилсан, хувьдаа ашигласан мөнгөө найдваргүй зээлд тооцуулсан хэмээн буруутгагддаг. Харин сүүлийн үед жагсагч, босогчдыг санхүүжүүлсэн хэргээр дахин шалгуулж, асуугдах дээрээ тулаад байна. Түр саатуулагдаад авсан.
Шүүхийн шийдвэр сонсоод л бие нь мууджээ
Өнгөрөгч оны зургадугаар сард Гадаад харилцааны яамны ажилтнууд улсын нууц задруулсан хэргээр зад шийтгүүлэв дээ. Тагнуулын ерөнхий газрынхан шалгаж, УИХ-ын Тамгын газрын зөвлөх Ц.Жаргалсайхан нарын гурван хүнийг холбогдуулан шалгаж, Ц.Жаргалсайханд ял оноосон. 17 жилийн ял сонссон Ц.Жаргалсайханы бие гэнэт муудаж, бас л наана уу, цаана уу болж байсан. Дипломатч аав нь хүүгээ зохион байгуулалттай хэргийн золиос болсныг хэчнээн хэлээд ч нэмэр болсонгүй. Ганцхудагийн урьдчилан хорих төвд очиж, хүүгээ эмнэлэгт үзүүлэх талаар ч ярьж байсан. Шүүх нэгэнт буруутайг нь тогтоосон болохоор Ц.Жаргалсайхан дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлээд буй.
Байцаалт өгөхдөө цус харважээ
Саяхан Д.Сүхбаатарын нэрэмжит Хэвлэх үйлдвэрийн хувьчлалын асуудлаас болж хэсэг хүнийг хорьж цагдаж, шалгаж байцаав. “Хангарьд” компанийн захирал Л.Сэргэлэн гэх залуу Н.Энхбаярын нэр холбогдож ирсэн хэвлэх үйлдвэрт хөрөнгө оруулсан 500 сая төгрөгөө нэхэж шүүхэд хандсанаар энэ хэрэг сөхөгдсөн. Тухайн үед хэвлэх үйлдвэрийн хувьчлалын менежментийн багийг ахалж байсан Ж.Саруулбуянг Л.Сэргэлэнгийн нэхэмжлэлийн хариуцагчаар татаж хорьж байцаав. Буруутай эсэх, хөрөнгө завшсан гэдгээ ч мэдэх сөхөөгүй байхад нь барьж хорьсонд айх гайхах зэрэгцсэн СГЗ зохиолч Ж.Саруулбуянгийн бие гэнэт муудаж эмнэлэгт хүргэгдэж, бүр сэхээнд хүртэл орсон. Эмч нар түүнд хөнгөн хэлбэрийн цус харвалт гэсэн онош тавьсан гэдэг.
Б. Оюу
yanaamn