2011-05-02Монгол Улсын Ерөнхийлөгч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ нийслэлийн иргэдтэй уулзах үеэр хэлсэн үг, иргэдийн асуултад өгсөн хариултаас толилуулж байна.Энэ нь Ерөнхийлөгчийн Тамгын Газрын ОНХМБА-ны бэлдсэн албан ёсны материал болно.
Энд хүрэлцэн ирсэн манай нийслэл хотын иргэдийн эрхэм хүндэт төлөөлөл Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллах хугацаандаа иргэдтэйгээ уулзаж, нийслэл, хөдөө орон нутгийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож, тэдгээрийг шийдвэрлэх чиглэлд нилээн ажиллалаа
2007 онд нийтдээ 7 аймгаар явж иргэдтэй уулзсан. Энэ жил цагаан сарын дараа 2011 онд 10 аймгийн иргэдтэй уулзлаа. Ингээд нийтдээ 17 аймаг, 42 сум суурин газар ард иргэдтэйгээ уулзсан байна. Албаны хүмүүсийн гаргасан мэдээллээр 18 мянган иргэдтэй биечилж уулзсан дүн гарсан.
Хөдөө орон нутгаар явж иргэдтэйгээ уулзаж байгаа уулзалтын үеэр иргэдийн зүгээс орон нутагт нь гарч байгаа олон асуудлыг Ерөнхийлөгчид хандаж тавьдаг. Ард иргэдийн маань нэг сайхан уламжлал байдаг. Төрийн тэргүүндээ хандаж улс оронд тулгамдаж байгаа хамгийн хүнд хэцүү асуудлыг бүгдээрээ тавьдаг. Тэдгээрийн дунд, орон нутагтаа шийдчихэж болохоор, тухайн орон нутгийнхаа нийгмийн халамжийн байгууллагаар ороод асуугаад шийдчих боломжтой асуудал нилээн байдаг. Гэвч Ерөнхийлөгчид хандаж энэ бүхнийгээ ярьдаг явдал нь Ерөнхийлөгчийн хувьд иргэдтэйгээ холбоотой байж, жижиг бага гэлгүй ямар ч асуудалд Монгол Улсын иргэд маань санаа зовж байна гэдэг талаар мэдээлэлтэй байх ийм сайхан боломжийг олгодог юм.
Манай малчин монголчуудын ярьдгаар шар тос унасан сайхан хавар болж байна. Өчигдөр баруун аймгийн иргэд над руу утсаар “20 жил болоогүй өнтэй сайхан өвөл боллоо, одоо хавар болж байна, ихэнх нутгаар сайхан байна” гэж ярьж байсан. 2010 онд би та бүхэнтэй уулзаж байхад байгаль ямар хүнд хэцүү байгаа тухай ярьж байсан. Ингээд байгаль маань, бидний эргэн тойрон маань харж байна. Цаг агаар сайхан байна гэдэг нь монголчуудын амьдрал ахуйд их нөлөөлдөг зүйл. Гэхдээ л манай малчид аягатай цайгаа бүрэн уух боломжгүй их ажилд дарагдаж байгаа. Бог мал төллөөд дуусаж байгаа. Нялх ногоо цухуйж байна. Тариаланчид, ногоочид хаврын бэлтгэлдээ орлоо. Ногоогоо бид гаднаас биш газраас авдаг болъё гэсэн зүтгэлтэйгээр ажиллаж байна. Манай аж ахуйн нэгжүүд, ард иргэд ч адилхан. Зам барьдаг нь барилгынхаа ажилд, уурхайн ажилчид уурхайдаа гарчихсан байна. Монгол Улсын өөрийнх нь онцлог байдаг, ажил амжуулах хугацаа их бага, дулаараад цаг наашлаад 4 сараас эхлээд эрчимтэй ажиллаад, 11 сарын сүүл гэхэд хөлдөж эхэлдэг учраас ажил амжуулах хугацаа багатай. Нөгөө талаар зун найр наадам нь давхацдаг учраас энэ үедээ ажлаа амжуулаад авъя гэсэн ийм үйл явц Монгол оронд өрнөж байна.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн бодлого, гол анхаарлаа хандуулсан асуудлуудын талаар хэдэн зүйлийг хэлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх үүрэг, хийх ажлын хүрээ үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулагдсан байдаг. Нэгэнт ард иргэдээсээ сонгогдоод ажиллаж байгаа учраас ард иргэдийн хамгийн их санаа зовоож байгаа тэр асуудалд оролцож санаачилга гаргаж Их хурал, Засгийн газартайгаа хамтарч зөвшилцөж үгээ ярилцах шаардлагатай байдаг.
Хамгийн гол анхаарч ажилласан асуудлуудаа зургаан үндсэн чиглэлээр хувааж тайлбарлая.
Аливаа орны төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн нэн тэргүүн анхаардаг чухал асуудал нь улс үндэсний аюулгүй байдал, улс орны нийтлэг эрх ашиг. Монгол улсын аюулгүй байдал гэдэг нь монголын ард түмний нийтлэг эрх ашиг хангагдаж байх тэр нөхцөлийг хэлж байна. Тэр нөхцөлд ямар нэгэн аюул бий болж байвал аюултай нөхцөл байдал үүсэж байна гэж үздэг. Тэр нь хангагдаад явж байгаа бол аюулгүй байдал хангагдаж, нийтлэг эрх ашгийг эрхэмлэн ажиллах боломж байна гэж үздэг. Шилжилтийн үед бид эн тэргүүн эдийн засагтаа анхаарч, санхүүгийн асуудлыг голлон ярьдаг байсан. Одоо аюулгүй байдал, ард иргэдийн нийтлэг эрх ашгийн асуудал аливаа ажлын хамгийн эхний шалгуур болох ёстой.
Өнгөрсөн жил Их Хурал миний санаачилсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шаргуу хэлэлцэж, анхаарал тавьж баталж өгсөн. Одоо төрийн болон хувийн байгууллагад ажиллаж байгаа хэн ч бай, хаана ч байсан гар дээрээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг авсан, уншсан, мэдсэн, аливаа үйл ажиллагаа тань энэ үзэл баримтлалын үг үсэг, үзэл баримтлалын утга санаатай нийцэж байх ёстой. Ингэж бид ҮАБЗ-өөр ярьж, энэ үзэл баримтлалыг гаргаж Их хурлаар батлуулсан. Манай ард иргэд, төрийн байгууллагын ажилтнууд энэ үзэл баримтлалыг ягштал хэрэгжүүлэхийн төлөө, энэ үзэл баримтлалын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахын төлөө ажиллах ёстой гэж бодож байна. Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг тэргүүлдэг. Энэ зөвлөл маань Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга гэсэн гурван гишүүнтэй байдаг. Мэдээж энэ зөвлөлийн үйл ажиллагаа олон нийтэд тэр бүр ил байх шаардлагагүй. Улс үндэстний эрх ашигтай холбоотой чухал асуудлуудыг цаг тухайн үед нь хаалттай байдлаар хуралдаж асуудлаа шийддэг. Зарим шийдэл, зарим асуудлуудыг олон нийтэд хүргэдэг. Энэ бүтэц монголд байгаа нь юу харуулдаг вэ гэхээр Их хурал, Засгийн газрын удирдлага, Ерөнхийлөгч нь хамтраад аливаа томоохон асуудал дээр улс төрийн шийдэл олж ажиллах хүсэл эрмэлзэлтэй, тийм шаардлагатай байгааг харуулдаг. Аливаа асуудлыг шийдэхэд тэр шийдэл, зөвшлийг бий болгож чаддаг хүн өөрийгөө тодорхой түвшний удирдагч гэж үзэж болно. Бидэнд бол энэ нь албан үүргээр өгөгдсөн байдаг. ҮАБЗ-ийн хүрээнд бид хамгийн эхэлж, Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн гүнзгийрүүлэх тухай асуудлыг авч ярьсан. Энэ тухай хэлэхэд, бид шинэчлэлээ хийсэн, хийгээгүй гэж ярьдаг, эсэргүүцдэг, дэмждэг. Гаднаа дэмжиж байгаа дүр үзүүлсэн ч, тэр үйл ажиллагаанд хориг тавихыг оролддог хандлагууд байдаг. Харин хамгийн дээд түвшиндээ Монгол Улс төрийнхөө шийдлээ гаргасан, өнөөдөр энэ салбарт үнэхээр шинэчлэл хэрэгтэй байна, нийгэмд шударга ёс хэрэгтэй байна гэдгийг хэлье.
Дараачийн асуудал газар хөдлөлттэй холбоотой. Саяхан Япон Улсад юу болсныг та бүхэн мэдэж байгаа. Урьд хөршид газар хөдлөлтөөс үүдэж ямар аюулд хүрснийг мэдэж байгаа. Улаанбаатарын эргэн тойрон газар хөдлөлтийн аюултай бүсүүд байгаа. Хамгийн гол нь хүн бүхэн үүнээс айхдаа биш бэлтгэлтэй байх ёстой. Бид хоёр юмыг л мэдсэн баймаар байна. Миний амьдарч байгаа газар хөдлөх үү, байшин барилга найдвартай юу? Хичнээн баллын газар хөдлөлтийн аюулыг тэсэж чадах вэ? гэдгийг мэдсэн байх ёстой. Тийм аюул болоход би өөрийгөө төдийгүй эргэн тойрон байгаа хүмүүсээ яаж аваад гарах вэ? гэдэг ийм бэлтгэлийг иргэн бүхэн айл өрх бүхэн хийсэн байх ёстой. Ийм бэлтгэлгүй байсан Хаитид жишээлбэл жил гаруйн өмнө газар хөдлөхөд ямар аюул болсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ асуудалд хотын удирдлага, онцгой байдлын газар анхаарч байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ асуудлыг бид ҮАБЗ-ийн гурван гишүүний хүрээнд байнга ярьж чиглэл өгч байгаа. Саяхан төрийн байгууллагууд сургууль, цэцэрлэгийг хамруулаад нэг өдөр газар хөдлөлтийн түгшүүр зарлаад туршилт хийж ажилласан байна билээ. Ард иргэдээ яаж аврах вэ, нэн шаардлагатай үйлчилгээгээ яаж үзүүлэх вэ, дэд бүтцүүдийг яаж бий болгох вэ гэдэг асуудлуудад анхаарах хэрэгтэй. Бид бэлтгэлтэй байх ёстой. Газар хөдлөх боломж нөхцөл ойрхон байна шүү гэдгийг шинжлэх ухааны судалгаа анхааруулаад байна.
ҮАБЗ-ийн хүрээнд авч ярьсан, анхаарсан нэг асуудал нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал байгаа. Энэ бол 2005 оноос эхэлж нилээн эрчимтэй яригдаж байгаа сэдвийн нэг. Энэ рүү манай ард иргэд анхаарч байгаа нь маш чухал. 1993 оноос Монгол Улс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн байдаг. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл 18 жилийн хугацаанд нийтдээ 15 мянган ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл өгсөн байна. Нэг үе “Бидний газар нутгийн ихэнх нь ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлд орсон байна” гэж шүүмжилдэг байсан. Нэг үе олгосон лицензийн хэмжээ манай газар нутгийн 46%-д хүрч байсан нь үнэн. Үнэхээр энэ байдал монголын ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хөндөж байсан учраас ҮАБЗ, Ерөнхийлөгч анхаарч, шийдвэр гаргаж, ашигт малтмалын хайгуулын лицензийг зогсоо гэдэг үүргийг өгсөн. Их Хурлын дарга, Ерөнхий сайдтайгаа зөвшилцөөд аюулгүйн зөвлөлийн шийдвэр гаргаад, хууль санаачилж УИХ-д оруулсан. 2010 оны 12 сарын 31-нээр тэр зөвшөөрлийн хугацаа дуусаад дахиж сунгасан. Өнөөдөр 30-нд энэ хугацаа дуусаж байна. Энэ хугацааг дахин сунгана аа. Ашигт малтмалын хууль шинээр гартал, дахиад энэ хайгуулын зөвшөөрлийг олгохгүй байх хугацааг сунгах ёстой гэсэн агуулгатай хуулийн төсөлд сая би гарын үсэг зураад гарч ирж байна. Энэ төслөө 1 дэх өдөр Их хуралд өгч хэлэлцүүлнэ. Энэ хооронд асуудал хариуцаж байгаа албан тушаалтнууд бусад ажлаа хийгээд ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг олгохгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой.
Манай уул уурхай “цүнхний уурхай” болж хувирсан. Олон мянган лиценз нэг хүний цүнхэнд явж байдаг. Тэгээд цүнхнээс цүнхэнд дамжиж наймаалцаж байна. Монгол Улсын иргэнээс гадны иргэн зөвшөөрөл худалдаж авч байдаг, түүний нь дагаад хайгуулын эрх нь дараа ашиглах эрх болж, монголын хөрөнгө тэр гадны хүнд шилжиж байгаа мэт ойлгогдож байна. Гэтэл Үндсэн хуулин дээр тэр бол монголын ард түмний өмч байна гээд заачихсан байгаа. Тийм учраас үүнийг Төрийн тэргүүний хувьд анхаарах зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ чиглэлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарч ажиллаж байна.
Хотын утаатай холбоотой асуудлыг та бүхэн бүгдээрээ мэднэ. Энэ асуудалд нилээн арга хэмжээ авлаа. Утаатай тэмцэх талаар маш олон хөтөлбөр, боловсруулсан бичиг цаас байдаг. Нэгэнт хөтөлбөр гараад явахгүй байгаа учраас хууль гаргаад, тодорхой хугацааг нь тавьж өгөөд ажиллая гэж шийдсэн. Аюулгүй байдал гэдэг бол нэг талаас улс орны аюулгүй байдал, нөгөө талаас монгол хүний аюулгүй байдал юм. Монгол хүний аюулгүй байдал нь Монгол Улсын аюулгүй байдал гэж ойлгох хэрэгтэй. Монгол хүн аюултай орчинд амьдарч байгаа бол Монгол Улс аюултай орчинд амьдарч байна гэж ойлгох хэрэгтэй. Ингэж манай төр засгийн байгууллагууд Ерөнхийлөгчөөсөө авахуулаад бүх шатандаа анхаарч ажиллах ёстой гэсэн ийм бодолтой байна. Нэн тэргүүнд анхаарч ирсэн нэг чиглэл болох улс үндэсний аюулгүй байдлын талаар товч хэлэхэд ийм байна.
Дараагийн нэг чухал асуудал бол иргэдийн эрх чөлөө, орон нутгийн эрхийн асуудал юм. Монгол Улс Үндсэн хуулиараа иргэний нийгэм байгуулж байгаа. “Иргэний хүмүүнлэг, ардчилсан нийгэм” гэж бүгдээрээ хэлдэг болсон. Иргэн нь оролцдоггүй иргэний нийгэм гэж байхгүй. Хүн нь эдэлдэггүй хүний эрх гэж байхгүй. Энэ ойлголтоос бид бүх үйл ажиллагаагаа эхлэх шаардлагатай. Ямар учраас монголд жагсаал цуглаан болдог, ямар учраас төр засаг нь иргэдтэйгээ ойлголцохгүй байна? Гол шалтгаан нь, иргэн нь төр засгийн шийдэлд оролцохгүй байна. Төр засгийн гаргаж байгаа шийдвэр нь иргэдийн нийтлэг эрх ашгийг хангаж чадахгүй байна. Иргэд нь өөрсдөө оролцоод асуудлаа шийдэж байгаа бол шийдвэр зөв гарч, хэрэгжихдээ амархан байна.
Харамсалтай нь иргэдийн оролцоо ямар чухал вэ гэдгийг сайн ойлгохгүй байна. Иргэний оролцоо гэдэг асар өргөн утгатай. Их хуралд сонгогдож байна, төрийн байгууллагад ажиллаж байна, төрийн байгууллагад очоод санал хүсэлтээ тавьж байна. Энэ бүхэн чинь иргэний оролцоо юм. Манайхан тулган шаардалтыг иргэний оролцоо гэж ойлгодог. Тэр бол нэг л хэлбэр. Үнэхээр ажил явахгүй бол тулгаж шаардах хэрэгтэй. Гэхдээ оролцох маш олон хэлбэр байдаг. Ингэж байж улс орны тайван амгалан байдал, иргэн төрийн хоорондоо харилцаа оролцоо хангагддаг юм. Тэгэхээр энэ боломжийг нь манай төрийн зүгээс олгож өгөөгүй байна. “Хөгжлийн төвд хүнээ тавья” “Манай хөгжлийн зорилго бол хүн юм” гэж тунхагладаг, лоозон хэлдэг. Хөгжлийн төвд хүн тавьж байгаа бол, хөгжлийн зорилго чинь хүн байгаа бол тэр хүн өөрөө бүтээлч байдаг. Ямар хүн бүтээлч байдаг вэ? Эрхтэй хүн бүтээлч байдаг. Түүнээс биш төр нь бүх эрхийг нь булааж авчихаад, “одоо чи хөгжлийн зорилго” гэж байгаа бол энэ бүтэхгүй. Иргэн нь оролцдог, иргэн нь сайн сайхан амьдралаа авч явах ийм боломжтой байх ёстой. Хорооны хурал гэхэд тэр хурлын ирц хүрэхгүй байна гээд байна. Ямар учраас хүрэхгүй байгаа юм? Тэр дүүрэг хороон дээр болж байгаа санхүүгийн асуудлыг ярихгүй байна, хорооны даргын хөтөлбөрийг авч хэлэлцэхгүй байна. Тэр хорооны даргатай хариуцлага тооцдог эрх нь иргэнд байхгүй байна. Тэр иргэний төлж байгаа татвар хаана ороод яаж эргэж ирж байгааг мэдэхгүй байна. Багийн иргэдийн хурал бас оролцоо муутай. Багийн газар нутаг дээр ямар баялаг байна, хэн ашиглах гэж байна гэдгийг хамгийн эхлээд тэр багийн иргэдийн хурал ярилцдаг, шийдвэр гаргадаг байвал багийн иргэд оролцоно. Хэдэн малынхаа хөлийн татварын асуудлыг тэр багийн иргэд шийддэг байвал оролцоно. Тэр цуглаж ирсэн мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ шийддэг байвал тэр иргэд чинь оролцоно. Манай дарга нар бүх шатандаа, толгойдоо ойлго. Ямар учраас иргэний амьдрал муу байна гэхээр иргэнээ оролцуулах эрхийг нь та нар өгөөгүй байна. Тэр эрх төрийн ордонд ирж гацчихаад байна. Их Хурлын танхимд, Засаг дарга нарын өрөөнд, ИТХ-ын өрөөнд гацчихаад байна.
Иргэн нь оролцдог, бүтээлч байж улс орон сайн сайхан амьдардаг байхын тулд тэр эрхийг нь өгчих. Улс төрчид, төвд сууж байгаа улсууд, Их Хурал, Засгийн газар бүгд бодох хэрэгтэй. Ямар учраас бидэн рүү хандаад “тар, огцор” гээд шаардаад байна? Иргэд эрхгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ. Тэгэхээр иргэддээ тэр эрхийг нь өгөөд, үндсэн хөрөнгийн татварын эрхийг бүгдийг нь орон нутагт өгөх ёстой. 7 давхар байшинтайгаас нь 7 давхрын татвар ав,ганц амбаартайгаас нь 5 төгрөг ав гэдэг ийм эрхийг өгчих. Тэр нь эргээд орон нутагтаа ордог байж, төлсөн татвараараа дамжуулж иргэн нь төртэй харьцдаг байх хэрэгтэй. “Миний төлж байгаа татварын 60% ордог юм байна. Тэгвэл би сумтайгаа 60%-ийн тооцоо бодох хэрэгтэй юм байна. Манай сум, хороонд яагаад гэрэлгүй байна? Дүүргийн асуудал учраас энэ талаар би дүүрэгтэйгээ ярих юм байна. Миний татварын 20% нь хотод ордог, хот замын асуудлыг хариуцдаг. Тиймээс зам муу байгаа учраас хоттой ярих хэрэгтэй. Миний тэтгэвэр, миний цалинг Засгийн газар шийддэг юм байна. Нэгэнт би үүнийхээ төлөө 30%-ийн татвар төлж байгаа учраас одоо засагтай энэ асуудлаа ярина” гэж иргэн аль асуудлаа хэнтэй, ямар байгууллагатай ярихаа мэддэг байх хэрэгтэй. Ямар татвар төлж байна, ямар оролцоо байна түүгээрээ иргэний оролцоо гарч ирдэг. Соёл иргэншилтэй, хөгжилтэй орнуудад байгаа энэ харилцааг буулгахын тулд иргэний оролцоо, эрхийн асуудлыг шууд шийдэх ёстой. Энэ тухай бид төсвийн хуулин дээр оруулж өгсөн байгаа. Сумын төвд эмнэлгийн цонх хагарахад Засгийн газрын хурал дээр энэ асуудлыг ярьж байдаг бол, дараа нь иргэд гаргасан шийдийн чинь төлөө тань руу байнга довтолно. Одоо яагаад иргэд өөр рүү чинь хандаад уурлаад байгааг ойлгож ав.
Иргэний эрхийн тухай асуудалтай холбогдох нэг зүйл байдаг. Аливаа удирдах ажил хийж байгаа хүн өөрийнхөө үйлдлээр бусдад үлгэрлэж байх хэрэгтэй. Ерөнхийлөгч байна, ямар нэгэн удирдах ажил хийнэ гэдэг нь нэгдүгээрт, зөв үнэлэмжтэй байх ёстой, хоёрдугаарт, зөв сэтгэлтэй байх ёстой. Зөв үнэлэмж тухайн нийгэмтэйгээ холбогддог. Энэ бол ард түмний нийгэм юм болохоос төрийн нийгэм биш юм байна. Монголын ард түмэн байгаа учраас би ажил хийж байна. Миний ард түмэн намайг сонгосон учраас өнөөдөр Ерөнхийлөгчийн эрх ямба үүрэг нь надад байна, тийм учраас би ард түмнийхээ төлөө ажиллах ёстой. Ингэж ойлгож, ажиллавал ажил явна. Ийм учраас ард түмний оролцоо, иргэний оролцоог хангах ёстой. Ийм учраас бид Иргэний танхимыг байгуулсан. Х.Чойбалсан гуайгаас эхлээд Ю.Цэдэнбал гуай , Н.Энхбаяр Ерөнхийлөгч сууж байсан өрөөнд Иргэний танхим байгуулагдсан. Одоо иргэд асуудлаа шийддэг танхим болсон. Их хурлаас шийдэж байгаа гол гол асуудлыг Иргэний танхим дээрээ ярьж байна. Иргэний танхимын хэлбэр нь УБ хотод, Хан-Уул дүүрэг, Баянгол дүүрэгт, хөдөө орон нутагт, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Дорноговь, Өмнөговь, Завханд Иргэний танхим байгуулаад ажиллаж байна. Засаг даргад амар шүү дээ. Хүмүүсээ цуглуулаад аймгийнхаа хэвлэл мэдээллээр дамжуулаад шийдэх гэж байгаа асуудлаа эхлээд иргэддээ танилцуулчихна. “Энэ дээр би ийм тендер шалгаруулж байна. Энэ ажлыг хэн хийж чадах вэ? Олон нийтийн байгууллагууд санал өг, манай аймгийн аж ахуйн байгууллагууд саналаа өг өө. Ингээд сайныг нь ийм ийм шалгаруулалтаар шалгаруулна” гээд нээлттэй зарлаад, иргэд нь хяналт тавиад, оролцоод шийдчихвэл “чи идлээ, уулаа” гэдэг асуудал гарахгүй. Иргэд нь оролцоод шийдсэн юмаа биелүүлдэг. Өөрийн чинь саналаар санал хурааж шийдээ биз дээ? гэнэ. Иргэдээ оролцуулаад шийдэхээр толгойны янз бүрийн өвчин алга болдог. Одоо аймгууд дээр энэ ажил явж байна. Сумын хувьд сумынхаа иргэд багийн нийтийн хурлаа хийгээд сумын удирдлагадаа ажлаа танилцуулж байх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа цаашаа явна. Ийм иргэний оролцоог хуульчилах хэрэгтэй. Та бүхэн ардчилал хөгжсөн орнуудад хараарай, иргэд нь цуглаж юмаа ярьдаг Иргэний танхимтай, тэрнийг зөрчсөн байвал хариуцлага хүлээдэг газартай. Энэ бол төрийн үүслийн эхний үед хийж байсан ажлууд.
Иргэний нийгэм л юм бол бид иргэдээ оролцуулж шийддэг замыг сонгоно. Цаашдаа Монгол шууд ардчиллын чиглэл рүү орох хэрэгтэй. Би Швейцарьт Давосын хуралд оролцохдоо 2 хоног тэнд байж Швейцарийн шууд ардчилалтай танилцсан. Их хурал, парламент нь эцсийн шийдвэр хэлдэггүй. Их хурлаараа гаргасан шийдвэрийг ард түмэн шаардлагатай бол санал асуулга явуулаад хураагаад өөрчилчихдөг ийм эрх ард түмэнд нь байна. Сумын дарга суман дээрээ эцсийн шийдвэр гаргагч биш. Сумын иргэд тэр шийдвэрийг өөрчилөх эрхтэй. Хотын иргэдийн дунд, дүүргийн иргэдийн дунд, хорооны иргэдийн дунд асуугаад шийддэг энэ зам руу бид цаашид шилжих хэрэгтэй. Ингэвэл жинхэнэ ардчилал болно. Энэ хэлбэр монголын онцлогт тохирч байгаа. “Манай Улсад Ерөнхийлөгч юмуу, Ерөнхийлөгчийн ойр дотно байгаа хүнтэй уулзаад юм шийдэгддэггүй. Ард түмэн ийм асуудлыг ярьж шийддэг юм. Би тэр шийдвэрийг төлөөлдөг. Түүнээс биш би өөрийнхөө шийдвэрийг төлөөлдөггүй юм” гэдэг энэ чиглэлд төр болон төрд ажиллаж байгаа бүх хүмүүс үйл ажиллагаагаа нийцүүлж ажиллах ёстой болов уу гэж бодож байна.
Ардчилсан нийгэм шүүмжлэлгүй байвал гайхна. Ямар нэгэн шийдвэр гарч байхад шүүмжлэлгүй үлдэж байвал би гайхна. Шүүмжилж байгаа, сүүдрээ олж байвал цаашаа явна. Монголчуудын нэг гайхамшигт ухаан байгаа. Тэр юу гэхээр төрөө цэвэр байгаасай гэж харамлах, ерөөх сэтгэхүйтэй ард түмэн юм. Төрд муу хүн, муу ажилтан байвал шүүмжлээд уурлаад байдаг. Тэр чинь төрд тийм хүн байх ёсгүй гэж хэлээд байгаа юм. Асуудалд хандаж байгаа хандлагыг зөв байдлаар нь ойлгох хэрэгтэй.
Орон нутгийн эрх гэдэг дээр хоёр зүйл хэлье. Энэ Төрийн ордонд төрсөн хүн гэж байна уу? Дарга байна уу? Байхгүй. Би орон нутгийг Үндсэн нутаг гэж боддог. Үндсэн нутаг чинь орон нутаг шүү. Чиний ажиллаж амьдарч байгаа газар чинь үндсэн нутаг. Түүнээс биш энэ ордон биш, энэ ордонд төрсөн хүн гэж байхгүй. Тэр үндсэн нутагт хүн үндсэн эрхээ эдлэх эрхтэй, тэр үндсэн нутагт үндсэн баялаг нь бий болж байх хэрэгтэй. Өнөөдөр манай Засаг дарга нар, орон нутгийн дарга нараас асуухаар хөөрхий санаа зовмоор байдаг. Хорин хэдэн хүнтэй Тамгын газрын дарга сууж байдаг, гэтэл тэрнээсээ томилдог хүн гэж бараг байхгүй. Манай сургуулийн захирлыг аймгаас шийддэг, цэцэрлэгийн эрхлэгчийг аймгаас мэддэг, татварын байцаагчийг УБ мэддэг гээд сууж байдаг. Тэр хүнд мэддэг юм байхгүй. Хүнээ мэддэггүй даргаар юу хийх юм, энэ эрхийг нь одоо хүртэл өгөөгүй. Орон нутагтаа ажиллаж байгаа удирдлагад нь тодорхой эрх мэдлийг нь өгөөч. Тэр хүн муу ажиллаж байгаа бол тэр албан тушаалаас нь зайлуул, сайн ажиллаж байгаа бол ард түмэн дэмжээд л явна. Тийм биз дээ. Дээрээс нь мөнгөө мэддэггүй, санхүү байхгүй. Их Хурал “Чи байраа засахдаа 80 сая төгрөгөөр зас” гээд зүйл зүйлээр нь батлаад өгчихсөн байдаг. Орон нутгийн дарга “бид банкны кассын үүрэг гүйцэтгэж байна” гэж. Өөр юм байхгүй. Суманд бүрдэж байгаа баялаг байхгүй. Хураасан мөнгөө зарцуулах эрхийг нь өгөөч, тэр баялаг бүтэх эрхийг нь өгөөч. Асуудал шийдэж байна, хууль баталж байна гээд сууж байгаа улсууд, эрх мэдлээ төвлөрүүлээд, муу муухай бүхнийг өөр лүүгээ татаад сайн муу шийдэж байна. Энэ дээрээ ичих ёстой. Сумын засаг дарга сумын хөгжлийнхөө төлөө толгой өвдөж байх ёстой. Ерөнхий сайдын толгой тодорхой юман дээр л өвдөх ёстой. Төв, Засгийн газар зөвхөн хэм хэмжээгээ тогтоогоод хяналтаа хийгээд явж байх хэрэгтэй. Их Хурлын түвшинд “орон нутагт эрх хэрэгтэй, энийг ярих цаг болсон” гэдэг ойлголт бүрэлдсэн гэж би ойлгож байгаа. Шийдэх цаг нь ирсэн, өгдөг цаг нь ирсэн. Одоо хүлээх хугацаа байхгүй, би энэ тухай өнгөрсөн намрын чуулган дээр маш тодорхой хэлсэн.
Дараачийн асуудал бол шударга ёсны тухай асуудал. Монголын ард түмэн намайг сонгохдоо нэг чухал зүйлийг шалгуур болгосон. Энэ бол “Шударга байцгаая” гэдэг шаардлага. Нэг Ерөнхийлөгч сонгоод тайвширч болохгүй. Шударга ёс нь нийтийн үйлс. Таны үйлс. Та өөрөө шударга байхгүй бол, Та өөрөө ажлаа шударгаар гүйцэтгэхгүй бол яаж шударга ёс тогтох юм бэ? Шударга ёс гэдэг бол бүх нийтийн баялаг. Монголын сүүлийн 20 жил хэрвээ бид нийгмээ шударга болгосон бол энэ хамгийн үнэтэй баялаг. Шударга ёс бол нийтийн баялаг юм. Шударга бус байдал, авлигад Та дандаа мөнгө төлж байдаг. Гаднаас гурил оруулж ирэхдээ хахууль өгсөн бол гурилынхаа үнэнд тэр хахуулийн мөнгөө оруулаад танд зарж байгаа учраас гурил авах бүртээ та төлөөд байна. Хотод гуанз байгуулахдаа газрыг нь хахуулиар авсан бол нөгөө аж ахуйн нэгжийн нөхөр буузны үнэнд газрын даргад өгсөн хахуулийн мөнгийг оруулаад зараад байна. Бүх үйлчилгээн дээр ийм байгаа.
Хууль ёсоор төлсөн татвар төсөв болоод үлддэг. Шударга бус юманд төлсөн бол татвар төсөв болдоггүй. Харин авлигачид, нөгөө яригдаад байдаг цөөнхийн гарт ирдэг. Нийтийн эрх ашгийн төлөө зарцуулагдахгүй. Монголд шударга ёсны асуудлыг шийдэх шаардлагатай гэж бодож байна. Гүйцэтгэлийг шаардана. Өнөөдөр ажиллаж байхдаа шударга бай. Ерөнхийлөгч байхдаа өөрөө шударга бай, Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн байхдаа шударга бай. Их хурал хуулиа баталж байхдаа дандаа шударга ёсны талд хуулиа батал. Засгийн газар шийдвэр гаргахдаа дандаа тэр шийдвэрийн төлөө, сайд, агентлагийн дарга, төрийн албан хаагчид ажиллаж байгаа газар бүхнээ шударга бай. Төр иргэнээсээ эхлээд юм шаардахын оронд төр өөрөөсөө шаардах ёстой. Шударга ёсны гүйцэтгэлийг шаарддаг бай. Хамгийн гол нь ажиллаж байгаа албан тушаал дээрээ байхдаа л шударга бай гэж би хэлээд байна.
Би Ерөнхий сайдаар 2 удаа ажиллаж байсан. Ажиллаж байх үедээ бусад хүмүүстэй үг хэлээ ололцох боломж надад бүрддэг. Харин ганц л юман дээр асуудал шийдэж чаддаггүй. Энэ бол Шударга ёсны асуудал. Хүмүүс шийдэж чаддаггүй, нэгдэж өгдөггүй, дандаа хойрго ханддаг, дэгээ тавьдаг, айдаг, бэргэдэг. Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллахдаа шударга ёс сахиулахын тулд тодорхой арга хэмжээ аваад Их хурал намайг огцруулсан. Одоо бол харин миний ард түмэн намайг сонгосон. Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа би шударга ёс хэрэгжүүлэхийн төлөө ажиллая гэж хэлж байсан. “Ерөнхийлөгч өө! нийгэмд шударга ёс тогтоохын төлөө ажиллаарай” гэдэг энэ үгийг би өглөө бүхэн санаж босдог юм. Энэ байдлыг багийн дарга, хорооны дарга, хэсгийн ахлагчаасаа эхлээд бүгд өөртөө бий болго. Ингэж л чадвал монголд шударга ёс тогтоно. Өөрөө өөртөө гаргасан шийдвэр хамгийн хүчтэй шийдвэр байдаг.
Сая аюулгүйн зөвлөлөөр би хөтөлбөр батлуулаад явуулах гэж нилээн оролдсон, явахгүй байгаа нэг асуудал байгаа. 2010 оны 7 сард би хууль өргөн барьсан. Жирийн иргэнийг болохоор илүү шийтгээд, албан тушаалтан болохоор шийтгэлээс үлдээд байна. Жирийн иргэний гаргасан хэрэг, албан тушаалтны гаргасан хэрэг хоёрыг харьцуулаад харахаар албан тушаалтанд ноогддог ял нь бага, иргэнд ноогддог ял нь их байгаа шүү. 2005 онд намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад манай Засгийн газар санаачилж НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн. Нэгэнт монгол тэр конвенцид нэгдсэн бол одоо тэрэнд байгаа зүйл заалтуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ дагуу хуулиа гаргах хэрэгтэй. Тэгтэл гэнэт баяжих гэдэг заалт манай хуулинд байдаггүй, авлигын хэрэгтэй холбоотой заалт манай хуулинд байдаггүй. Албан тушаал нь өгсөөд байх тусам шийтгэл нь багасаад байх шинжтэй байна. Энэ бүхнийг өөрчлөөд албан тушаалтай байж, мэдсээр байж, төр түмний хөрөнгөөс хулгайлж байгаа бол хатуухан шийтгэе, шийтгээд зогсохгүй, дараа нь төрд алба хаадаг эрхийг нь хасъя гэсэн ийм хуулийн төслийг би жилийн өмнө санаачилж оруулсан. Одоо болтол Их хурал хэлэлцээгүй л байна. Би Их Хурлын дарга, гишүүд, бүлгийн дарга нартай уулзаж сануулдаг. “Хэлэлцэнэ, одоо төлөвлөгөөнд орж байгаа” гэдэг. Энэ бол үнэхээр шийдэх шаардлагатай асуудал.
Ийм ч учраас бид ярилцаад саяхан хэд хоногийн өмнө “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” гэдэг үндэсний чуулган хийсэн, тэр үйл ажиллагаа сайхан болсон. Сая хүлээс тайлагдсан шүү. Бүгдээрээ ярилцаад хийх юм байна гэдгээ ойлголцсон. Манай эрдэмтэн, судлаачид маш их идэвхтэй оролцсон. Шүүх гэдэг байгууллага шударга ажиллахын тулд юу хэрэгтэй байна? Юу хийж болох вэ? Энэ бүхнийг оруулаад 5 хуулийн төсөл дээр бид өдөр шөнөгүй ажиллаж байна. Энэ хаврын чуулганд өргөн барина. Эрүүгийн хууль, ЭБШХ, Иргэний хэрэг хянан хэлэлцэх хууль гээд хэдэн зуун хуудас том хуулиуд байгаа.
Өнөөдрийн эрх барьж байгаа нөхдүүдэд би “Та нар албан тушаал, мөнгөний асуудал дээр уургийн морь шиг байна. Яг шударга ёс хүний эрхийн асуудал дээр хашин морь шиг байна. Морио солих хэрэгтэй” гэдэг шаардлагыг тавьж байгаа. Солъё оо гэж байгаа, нэлээд нь сольж байх шиг байна. Би иргэний хүсэлтийг биелүүлнэ гэж боддоггүй даргын хүсэлтийг биелүүлнэ гэж яваад байна. Иргэн нэгдүгээрт, шударга ёс нэгдүгээрт тавигддаг гэдгийг хаа хаана ойлгоцгооё. Энэ чиглэлээр бид нилээн идэвхтэй ажиллаж байгаа.
Дараагийн нэг асуудал бол Байгаль орчинтой холбоотой асуудал юм. 2000 жилд бидний цэнхэр дэлхий биднийг сайхан байлгасан. Сүүлийн 20 жил, сүүлийн 10 жил, сүүлийн 5 жилд үнэхээр хүнд байдалд орж байна. Дэлхийн дулаарал бий болж, хүйтэн байдаг газар нь дулаан болоод мөс нь хайлж байна, далайд ойрхон байдаг нь далайд живэх нь, хуурай газар байдаг улс орнуудад цөлжилт болоод асар их хурдтай тэлж байна. Ойрын 100 жил хүн төрөлхтөн төрөл зүйлийнхээ хувьд тэсэж үлдэх тухай асуудал тавигдаж байна. Байгалийг захирдаг юм гэж байхгүй. Янз бүрийн муу муухай юм чинь хэмжээнээсээ хэтрээд дэлхийн гадуур бүрхүүл болоод хувирчихсан, агаар мандал нь сарниж байдаг нь сарнихаа болиод буузны жигнүүр шиг болчихсон. Зун болоод ирэхээр дулаалгаа авдаг, хаяагаа сөхдөг байтал зун ч хаяагаа манасан, өвөл ч хаяагаа манасан дэлхийд бид амьдраад байна. Бямбад орсон бороо Бямбад арилна гэж манай аав ярьдаг байсан. Хагас сайнд орсон бороо 7 хоног ордог байсан, шиврээ бороо шивэрдэг байсан, гэтэл одоо шиврээ бороо, намираа бороо гэж байхгүй болсон. Ганцхан аадар бороо болж хувирсан. Хувингаар гэнэт асгаад үер болох жишээтэй. Дэлхийн ааш ингэж өөрчлөгдөж байна. Увс нуурын ойролцоо газар 7 хоног 50 градустай байдаг газар өнгөрсөн жил хоёр сарын турш 50 градустай байсан.
Би, дэлхийн Байгаль орчны санаачилгаас Монгол Улс үлдэх ёсгүй гэж бодож байна. Бид санаачилагчдын манлайд явах ёстой гэж бодож байна. Та их утаа гаргадаг байсан бол одоо та ганцаараа угаартаад байгаа биш, дэлхий угаартаад байна. Танай яндангаас нүүрсний утаа гарч байгаа бол та зөвхөн утаа тавиад байгаа биш, эргэн тойрон утаа тавиад байна. Дөнгөж төрсөн нялх хүүхэд гарахдаа уушиг нь цоорч гарлаа. Юу болж байна? Миний гэрийн бүрээс давхаргыг нийслэл өгнө, миний зуухыг нийслэл солино гэж та бодож байгаа байх. Та өөрөө солих ёстой. Ажил хийхгүй, архи уусан, ажилгүйгээрээ гайхуулсан, үнэн худлаа хашгирсан энэ байдал бол арчаагүй байдал. Та өөрөөсөө эхэл. Өөрийнхөө гэрийн бүрээсийг сольчихоод төрийн гэрийн бүрээсийг солих тухай шаард. Энэ ажлыг хийхийн тулд би хууль баталсан. Албан тушаалтнаасаа эхлээд жирийн иргэнээ хүртэл энэ дээр анхаардаг байя. Төрж байгаа хүүхдүүд чинь цусны өөрчлөлттэй, удмын өөрчлөлттэй төрвөл яах юм? Таны төрүүлсэн хүүхдүүд 20 настайдаа уушигны өвчин тусаад, гучтайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж байх ийм ирээдүй угтаж байгааг харсаар байж зүгээр орхиж болохгүй.
Нэгэнт утаа ярьсных нэг зүйл хэлье. Утаатай өвөл тэмцдэггүй юм, утаатай зун тэмцдэг юм. Ойлгож байна уу, Нийслэлийн дарга аа? Утаатай тэмцэх талаар хуулийг Ерөнхийлөгч санаачлаад, Их хурал батлаад, Засгийн газар оролцоод бодлого гараад явж байна. Манайд нэг буруу юм байна. “Энэ санаачилж байгаа, үр дүн гарвал аягүй бол нөхөр л нэрэн дээрээ авна” гээд хойш суугаад байдаг. Тийм юм байхгүй ээ. Бүгд хохирч байгаа шүү дээ. Хотын удирдлага иргэдтэйгээ нийлээд бүгдээрээ энэ утааг багасгаад хойтон жил гэхэд 30%, дараа жил 60% багассан байвал энэ нь УБ-т амьдарч байгаа хүмүүс шаардсаны үр дүн. Бүгд энэ рүүгээ анхааръя. Утаагүй үед нь тэмцэх ажлаа хийдэг юм. Одоо утааг бууруулах дэд бүтцийнхээ асуудлыг шийдэх хэрэгтэй. 5-р цахилгаан станцынхаа асуудлыг одоо шийдэх хэрэгтэй. Цахилгаан станцынхаа үнийг багасгая гэхээр шинэ цахилгаан станц монголд хэрэгтэй байгаа. Энэ тухай албан тушаалтнууд 3 жил, 5 жил худлаа ярьж , маргалдаж ирлээ. Би шинэ цахилгаан станцын ажлыг энэ зун 7 сард эхэл гэдэг үүргийг өгсөн. Эхлэхгүй байна. Яагаад эхлэхгүй байна гэхээр хувийнх нь жоохон юм шийдэгдэхгүй байна гэнэ. Цахилгаан станцыг барих тэр компанитай тохирох гээд байгаа юм байна л даа. “Миний хувь, миний төгрөг хаа байна” гэдэг гэнэ. Энийгээ болиоч ээ. Утаа бол хариуцлагын асуудал шүү. “Утааг заасан хугацаанд бууруулж чадаагүй бол Засгийн газраас нь эхлээд тодорхой албан тушаалтнуудтай хариуцлага тооцно” гэсэн ийм заалтыг тэр хуулинд оруулаад санаачлаад Их Хурал руу оруулахад манай Их Хурал тэр заалтыг нь хасаад баталж байгаа юм. Утаа арилахгүй байгаагийн гол түлхүүр бол хариуцлага тооцохгүй байгаад байна. Дараа жил утааны 30% арилаагүй бол Засагтай хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Нийслэлтэй хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Тэгээд ирэхээр нийслэл дүүрэгтэйгээ тооцно. Дүүрэг нь хороотой тооцно. Ингэж явах ёстой. 5 сараас 10 сар хүртэл энэ утааг багасгах ажил хийгдэх ёстой. Утаан дээр шаардлагатай мөнгийг Их Хурал баталж өгөх хэрэгтэй. Утааны төсвийн асуудлыг заавал энэ 5 сард багтааж шийдэх хэрэгтэй шүү. Их Хурал шийдсэн шийдээгүй хийх ажил хотод маш их байгаа. Стандарт тогтоож, бүсчилэл бий болгож, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Утаа багасгах ажлыг зун, намар хийж байх ёстой шүү. Энэ асуудалд онцгой анхаарах ёстой.
Улаанбаатар дарьтай торх болж хувираад байна. Газар хөдлөлтийн хувьд, бохирын хувьд ч. Би хөдөө явахдаа “Хот бол хүн зүглээд, дурлаад байх газар биш. Хот аюултай газар болсон” гэж хэлдэг юм. Дээрээс нь энэ байгалийг муутгадаг ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа байгаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудалд утаа орно гэж бичээгүй байдаг. Гэхдээ энэ нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал учраас анхаарахаас өөр аргагүй байна. Харин тусалж байна гэж бодож ингэж явъя.
Би дөрвөн юмны тухай ярилаа. 1-рт, аюулгүй байдал, нийтлэг эрх ашигтай холбогдсон асуудал, 2-рт, иргэний эрх, орон нутгийн эрхтэй холбоотой, 3-рт, нийгмийн шударга ёстой холбоотой асуудал, 4-рт, хүрээлэн байгаа орчинтой холбоотой асуудал ярилаа.
5 дахь зүйл нь Монгол хүнтэй холбоотой асуудал юм. Бид хүчирхэг гүрэн байсан, бусдын эрхшээлд орсон, янз бүрийн буруу үзэл сурталд орсон, бие биенээ хядсан, янз л бүрийн юм болсон. Тэгэхэд юу үлдсэн гэвэл Монгол хүн л үлдсэн. Монгол хүн үлдсэн байгаа учраас нутагладаг нутаг нь үлдсэн.
Монгол хүний тухай, ёс заншил, монгол бахархал, монгол уламжлалын асуудал маш чухал. Монгол хүн гэдгээ мэд, монгол хүн гэдгээрээ бахарх. Монгол хүний ёс заншил, монгол хүнийг хүн болгодог, ахас ихэсээ хүндэтгэдэг энэ заншил бүр хүүхэд байхаас нь эхлэх ёстой. 2010 оны 9 сараас эхлээд монгол ёс заншил, уламжлалтай холбоотой хичээл бүх сургуульд ордог болно. Ямар учраас архи битгий уу гээд байгаа юм, ямар учраас ахас ихэсээ хүндэтгэ гээд байгаа юм гэдгийг заана. Иргэний үүрэгтэй холбоотой асуудлыг багаас нь заана. Цөөхөн монголчууд байтлаа яс чанар нь ямар их муудаж байна гэдэгт би санаа зовдог. Та нар хөдөө орон нутагт очихдоо анзаараарай. Ах дүүдээ очоод амраад замын айлаар ороход заримдаа тэр айлаас гарч ирж байгаа 7-8 хүүхдийн дунд шүлсээ гоожуулсан, биеэ авч явах чадваргүй, удамшлын өвчтэй нэг хоёр хүүхэд харагдана. Ийм дүр зураг асар их болж байна. Өнөөдөр монголын нэг багийн хүн амын 84% нь хоорондоо сууж байна. Баг дээр шүү дээ. Түүхээ мэд, есөн үеэ мэд. Хэдэн жилийн дараа удамшлаараа, УБ-ын утаанд нь хордоод, хүн ам нь улам багасаад, бид нарын цусанд байгаа 800 жилийн турш явж ирсэн тэр зүйл өөрчлөгдөж байна. Тэгэхээр эрүүл мэнд чухал, биеийн тамир спорт чухал. Ямар учраас цэцэрлэгээсээ авахуулаад монголын уламжлалт урлагийн багтай бол, урлаг соёлоо суралц, спортоор хичээллэ, хөдөлгөөн хий гээд байна?
Монголын гайхамшигтай үр удмыг бид үргэлжлүүлж үлдээх ёстой. Энэ утгаараа монгол хүн, монголын уламжлал ёс заншил, энэ бүхнийг тойрсон асуудал яах аргагүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн барьж явах шаардлагатай зүйл.
2010 онд төрсөн хүүхдийн тоо 2009 онд төрсөн хүүхдийн тооноос бага гарч байна. Энэ юу гэсэн үг вэ? Дэлхий дээр 10 сая монгол байна. Монгол руу харж цайныхаа дээжийг өргөдөг монголчууд байна. Монгол яахаараа хүн амаа өсгөж болдоггүй юм? Энэ дээр төр анхаарах ёстой. Энийг яагаад хэвлэл мэдээлэл ярьдаггүй юм. Үр хөндөлтийг яах вэ гэдгийг бид ярьж байх ёстой. Хүн олсон нь түүнийгээ төрүүлдэг, гаргаж чаддаг байх боломжоор нь эхчүүдээ хангаж өгөх хэрэгтэй. Ийм боломж бүрдүүлэх ёстой. Монголын хүн ам 3 сая хүрээсэй, бидний үед 5 сая Монгол харах юмсан. Үүний төлөө ажиллах ёстой. Д.Нацагдоржийн хэлсэн “Монголын үрс маш олон болтугай” гэдэг чинь ерөөл. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүрхэнд байх ёстой зүйл.
Бидний удамшлыг муутгаад байгаа, ард иргэдийн маань амь насанд аюул занал байнга учруулж байгаа нэг аюул байна. Энэ бол архидалт. Энэ бол эмгэнэл. Спирт ус хольсон “водка” нэртэй юм орж ирэхдээ сайн ч юм бодож орж ирээгүй. Өнөөдөр манайд яаж байна? Бөөн архидалт. Хүүхэд төрлөө, ээж нь хүүхдээ сүүгээр угжиж байхад, аав нь архиар өөрийгөө угжиж байдаг! Ямар балиар юм бэ? Энийгээ болиоч! Сургуульд орлоо, төгслөө, шагнал авлаа-архидалт. Бүүр нутаглуулж ирээд архидаж байна. Энэ бол муу ёр. Төрөхөөс чинь өөд болтол дагаж байгаа муу ёр шүү. Сая би 10-аад аймгийн нутгаар явахдаа сайхан явлаа. Яагаад сайхан явсан гэхээр би архигүй явлаа. Аймгийнхаа хил дээр дарга нар тосохдоо л 2 шил архи, хонины мах тавьчихсан тосож байдаг байсан тэр байхгүй болсон. Ерөнхийлөгч, Засаг даргаасаа эхлээд уулзалт хийнэ, хүлээн авалт болно хаана ч архи байхгүй, ямар ч пиво битгий гарга гэхэд л архины асуудал шийдэгдэнэ. Ерөнхийлөгчөөсөө, Засаг даргаасаа авахуулаад, хөдөө орон нутагт хаана явна ямар ч архи байх ёсгүй. Багийн дарга очсон газар архи байхгүй ёсгүй. Сумын дарга очсон газар архи битгий гарга, пиво ч битгий гарга. Архи өргөөд таны эрүүл мэндийн төлөө гэж байна. Таны эрүүл мэндийг муутгахын төлөө гэсэн үг биз дээ. Таныг богино наслуулна гэсэн үг биз дээ.
Сая 4 сараас хуримын ордон сүү өргөдөг болсон. Тэнд “Сүүтэй хурим” хийсэн. Хуримаа хар усаар эхлүүлбэл ямар өөдтэй болох вэ дээ? Архи уусан бол өвчтэй мал, араатан шиг болдог. Бие биедээ хохирол учруулдаг, дараа нь шүүх, шорон болдог. Оюутнууд сүүтэй төгсөлт хийж байна. Залуучууд, хүмүүс аливаа арга хэмжээнээс эрүүл гарсандаа баярладаг юм байна. Ямар сайхан уулзалт, нийллэг болов, ямар сайхан шинэ жил, март болов, цэргийн баяр болов гэж байна. Уул овоондоо сүү өргө. Бүх юмыг архигүй хийж сур. Архи пиво юу ч байхгүй, айраг, сүүгээ тавиад болоо шүү дээ. Энэ хороос ойрын жилүүдэд салах ёстой.
Дараагийн асуудал бол гадаад бодлогын асуудал юм. Үнэхээр монголын ард түмэн гайхамшигтай сонголт хийсэн шүү. Тал тал нь улаан дэлхийн бөмбөрцгийн дундаас монголын ард түмэн хөх гал мэт дүрэлзэж эрх чөлөөнийхөө төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө боссон, тэмцсэн, асуудлаа өөрөө шийддэг болсон явдал бол гайхамшиг. Одоо энэ ололтыг дэлхий ертөнцтэй хуваалцах ёстой. Сая Киргизийн парламентын гишүүд ирж байна. Өнгөрсөн жил Киргизэд бөөн үймээн шуугиан гарч аллага болсон. Дараа нь парламентын засаглалтай болмоор байна гэж Ерөнхийлөгч нь надтай уулзаад хүсэлт тавьж байсан. Танайх руу хүн явуулмаар байна гэсэн. “Монголд ир ээ. Бидэнд ололт ч байна, дутагдал ч байна. Манайхан ил ярина. Дандаа сайн л гялалзаад байх орон гэж дэлхийд нэг ч байхгүй, дандаа муугаар дүүрсэн орон гэж нэг ч байхгүй. Сайн нь арай илүү” гэсэн. Тэгээд Киргизийн парламентын гишүүд ирээд Шүүхийн шинэтгэлийн асуудлаар болсон тэр чуулганд манай зарим иргэдээс ч илүү идэвхитэй сууж байна. Тэгээд “Та нар бидний өмнө тулгарч байгаа юмыг ярьж байна. Гэхдээ арай өөр түвшинд ярьж байна” гэж байсан.
Бид тийм юм ярих түвшинд хүрсэн улс шүү дээ. Дэлхийн судлаачид ярьж байна. “Янз бүрээр судалж байна. Явж явж монгол хамгийн тогтвортой орон байх юм байна. 20 жил энэ ард түмэн зовдгоо зовсон байна. Улам л чангараад байх нь” гэж гадна дотныхон дүгнэж байна. Энэ бол та бүхний ололт. Одоо Монголд ямар ч Ерөнхийлөгч гарч ирнэ, ямар ч Ерөнхий сайд гарч ирнэ, хэдэн тэрбумаар нь гадаадын банкинд монголын ард түмний хөрөнгийг байршуулж чадахгүй ээ. Тийм Ерөнхийлөгч, Ерөнхий сайд дахиад давтагдахгүй. Тийм засаг дарга дахиад давтагдахгүй шүү. 7 жорлон барь гээд явуулахад гурвыг нь барьчихаад дөрвийг нь халаасалсан байвал тэр Засаг дарга маргааш огцордог болно. 40 жил суудаг дарга монголд давтагдахгүй. 4 жил тутам шалгалт өгдөг, ийм тогтолцоог бид сонгож авсан. Одоо энэ ололт цаашаагаа нийт ард түмний ололт болохын тулд яах ёстойг эхэнд нь хэлсэн, иргэд рүүгээ ханд, иргэд рүүгээ эрхий нь өг, улам явуул. Нэг дарга шийддэг байсан, 9 хүн шийддэг байснаа 76 боллоо, 76 шийддэг байснаа нийт иргэдийн хурал нь шийддэг байснаа 2,7 сая хүн шийддэг бол. Ингэж л явуул. Бидний гадаад бодлого бол нээлттэй бодлого. Бид хоёр хөрштэйгээ сайн хөршийн энэ харилцаагаа бэхжүүлэх ёстой. Бид бурхнаас заяасан ийм газар нутаг дээр байна. Бид байршлаа өөрөө сонгоогүй, энэ бол монголын өнөөгийн байршил, Бид ямар нэгэн ард түмнээс муу харах хэрэггүй, ямар нэгэн орноос муугаа харах хэрэггүй бид өөрсдөөсөө муугаа хайх хэрэгтэй. Өнөөдөр монголд буруу бодлого явж байгаа бол өөрсдөөсөө муугаа хай. Өнөөдөр гадны хүн орж ирээд монгол хүний ажлыг түрүүлж хийгээд байгаа бол өөрсдөөсөө муугаа хай. Өнөөдрийн энд ажил хийж байгаа, бодлого тодорхойлж байгаа улсууд муу байна, иргэдийнхээ эрх ашгийг өмнө нь тавьж чадаагүй л байна. Хамгийн гол асуудал шүү. Бид эрх тэгш, шударга харилцах ёстой. Энийгээ цаашаа олон улсын харилцаанд ярьж чаддаг байя. Бид өөрийнхөө үнэлэмжээр Европын холбоотой, өөр улсуудтай харьцдаг энэ бол үнэт зүйлээр холбогдсон холбоо. Өнөөдөр Монгол Улс дэлхийн 148 оронтой дипломат харилцаатай байна. Дэлхий нийттэй харилцаж, ажиллаж байгаа энэ юм бидний цаашдаа урт удаан, хөгжил дэвшилтэй байх баталгааг бий болгож өгдөг. Ийм учраас аливаа орны төрийн тэргүүн Тэргүүн дипломат нь байдаг. Гадаад бодлого гэдэг нь Төрийн тэргүүний хамгийн гол анхаарч явдаг зүйл. Энэ дотор ардчиллын ололтоо улам сайжруулж, бусдаас олох боломжтой. Ийм учраас би Ерөнхийлөгч болж гарч ирээд дэлхий дээр байгаа бүх улс оронтой дипломат харилцаа тогтооё гэж байгаа. Одоо цаашаа нэмнэ. 160, 180 улстай тогтооё. Монголчууд хэцүү замаа ардаа хийж байгаа. Бид цаашдын замаа улам сайн болгоод, сайн юмаа чулуу болгоод, буруу юмаа засаад явах хэрэгтэй. Таны ажил дээр дутагдал гарч байгаа байгаа бол тэрнийгээ засаад, сайн юм гэж үзэж байгаа ард иргэдийн зүгээс дэмжлэг аваад яв. Газар бүртээ ингэж ажиллах хэрэгтэй. Ингээд харахаар дотоод асуудал нь гадаад асуудал, гадаад асуудал нь дотоод асуудал байдаг. Түүгээрээ монголын оршин тогтнох хөгжил дэвшлийн баталгаа хангагддаг ийм орон юм. Тэгэхээр энэ асуудал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч үүргийнхээ дагуу онцгой анхаарч явах ёстой.
/Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийн асуултад хариулав/
Ингээд би та бүхний амаар болон бичгээр асуусан асуултад хариулья. Дашзэвэг гэдэг хүн хүний аминд хүрсэн насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдийн тухай сэтгэл эмзэглүүлмээр зүйл ярьж, Өршөөлийн хуулийн талаар асууж байна. Энэ хуулийн тухай хүмүүст 2 янзын ойлголт байгаа. Энэ хууль бол 2009 оны 7 сарын 1-ээс өмнө гэмт хэрэг үйлдсэн, шалгагдаж байгаа, хорих газар байгаа, хөнгөн ялтай, нэг удаа гэмт хэрэг үйлдсэн тийм хүмүүст хандсан хууль байсан. Өнөөдөр болтол тэр хугацаанаас хойш үйлдэгдсэн гэмт хэргийн эздэд энэ хууль үйлчлээд байна гэж ойлгоод байгаа. Би Ерөнхийлөгч болоод тангараг өргөж байхдаа нэг үг хэлж байсан. “Шударга бус байдалдаа цэг тавиарай” гэж хэлсэн тэр бол санамсаргүй үг байгаагүй юм. Одоо бид албан тушаалтнаас “Та тэр цэгээ тавьсан уу?” гэж асуумаар байгаа юм. Энэ хуулийг үнэхээр хуулинд зааснаар шударга хэрэгжүүлж чадсан уу гэдэг асуулт гарч ирдэг. Өршөөлийн хуулинд зааснаар бол тэтгэврийн насны болон болон 18 аас доош насныхан хамрагдсан байдаг. Гэтэл үнэхээр үзэшгүй муухай хэрэг хийсэн 2 хүүхэд өршөөлийн хууль гарахаас өмнө 18 нас хүрээгүй байсан байна. Одоо бол тэр нөхдүүд насанд хүрсэн гэж би ойлгож байгаа. Тэр этгээдүүд дахиад ямар нэг асуудал үүсгэж, гэмт хэрэгт холбогдвол Монгол Улсын хуулиар шийтгэгдэнэ. Насанд хүрээгүй гэдэг энэ заалт бол өмнө батлагдаад хэрэгжиж байсан бусад өршөөлийн хуулийн адил зарчимаар явчихсан юм аа.
Ийм муухай хэрэг гарсан. Энэ бол нэг айлын төдийгүй хэсэг хүмүүсийн аймшиг зэвүүцлийг төрүүлсэн асуудал байгаа. Нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах нэг зүйл гарсан. Цаашдаа улстөрчид, УИХ-ын гишүүд, албан тушаалтан тал талаас нийлж ажлын хэсэг байгуулдгийг болимоор юм билээ. Тухайлбал аймгуудад өршөөгдөх ёсгүй улсууд өршөөлийн хуульд хамрагдсан тохиолдол гарсан. Гэтэл нөгөө ажлын хэсгийн албан тушаалтан тэрийг оруулчихсан байдаг, зарим хамаарахгүй хэрэг байдаг, гэтэл тэрийг оруулчихсан байдаг энэ байдлыг болимоор байгаа юм. Цаашид өршөөлийн хууль гарвал шүүх энэ асуудлыг барьж шийддэг байх ёстой. Нөгөө талд хаалтыг асар сайн хийж өгөх шаардлагатай. Ийм асуудал гараад байгаа учраас энэ дээр асар их болгоомжтой хандаж, дээр нь бусад хуулинд үүнтэй холбоотой асуудлыг оруулж өгөх шаардлагатай байгаа.
Судалгаагаар, өршөөлийн хуулиар суллагдсан 4 мянга гаруй хүнээс гурван хувь нь хэрэг давтан үйлдсэн, 97 хувь нь төрийн хайр, энэрлийг эдлээд гэр бүлдээ анхаараад, ажиллаад явж байгаа. Тэр гуравхан хувь нь эргэж гэмт хэрэг хийж, бусад улсуудынхаа нэрийг баллаад байгаа хүмүүс байна. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргиод байгаа юм шүү гэдгийг хэлье гэж бодож байна.
Мягмаржав гэж хүн эх оронч үзлийг дэлгэрүүлэх хэрэгтэй гэж ярьж байна. Эх оронч үзэл гэдгийг Чингистэй холбож бодохоос илүү өөртэйгээ л холбоод бод. Эхлээд хогны мөнгөө төлчих, хашаагаа цэвэрлэчих. Эх оронч байя гэвэл шударга ажилла, архи уухаа боль. Хүн хүн өөр өөр дээрээ эх оронч байх шийдвэрээ гарга, энэ бол жижиг зүйлээс эхэлнэ шүү гэж би бодож байна.
Сая Шаарийбуу гуай охиныхоо амь настай холбоотой хэргийн талаар ярьж байна./Монгол иргэн Ш.Алтантуяа Малайз Улсад амиа алдсан хэргийн тухай хэлж байна/ Энэ асуудал олон жил яригдсан. Би таны ярилцлагуудыг харж байсан. Би Ерөнхийлөгчийн хувьд гадны улс орнуудын элчингүүдтэй уулздаг. Саяхан Малайз Улсын элчин сайдаас жуух бичгийг нь хүлээж авч, уулзах үеэр би шууд хэлсэн. “ 2 орны харилцааг сайжруулах тухай ярих олон асуудал байгаа. Гэхдээ түүнийг ярихаас өмнө би манай нэг иргэний амийг зэрлэгээр хөнөөсөн тухай асуудлыг танай улс шударгаар шийдэх ёстой. Үүнийг Монгол Улс харж байгаа шүү” гэдгийг би маш тодорхой хэлсэн. Энэ байр суурь хэвээрээ байгаа. Тэгэхээр хүний эрхийн байгууллагууд, манай албан тушаалтнууд, бусад улс орнуудад монгол иргэний эрх ашиг хөндөгдсөн асуудлыг ярихдаа эхлээд хүний эрхээ ярих ёстой шүү гэдгийг би байнга хэлж байгаа.
Архитай холбоотой олон асуулт ирсэн байна. Энд нэг хүн асуусан байна. “Та архи гэж нэлээн ярилаа. Гэтэл дарга нар чинь төрийн бүх арга хэмжээг төсвийн мөнгөөр архитай хийсээр байна. Үүнийг болиулаад, шууд гурав нугалж төлдөг байх хууль гаргачих. Танаас бусад дарга нар хундага тулгасаар байгаа шүү” гэж Доржсүрэн гэж хүн бичжээ. Төр нэг зарчим мөрдмөөр байгаа юм. Харахгүй, сонсохгүй, мэдэхгүй гээд нүд чих амаа дарцан нэг зураг байдаг, төр архины асуудал дээр ийм байх ёстой. Ерөөсөө төсвийн мөнгөөр нэг шил ч бай мянган шил ч бай архи худалдаж авсан л бол бүрэн хориглох ёстой. Ерөнхийлөгч ийм байр суурьтай байгаа, хууль гарна гэдгийг төрийн байгууллагууд мэдэх ёстой.
Архийг хор гэж нэрлэх юм гэтэл зохистой хэрэглээ гэх юм энэ зөв үү? гэж асуусан байна. Хор юм бол зохистой хэрэглээ гэж байхгүй, хорыг зохистой хэрэглэнэ гэж байхгүй шүү дээ.
Хариуцлагын асуудлыг ярих ёстой. Архины худалдаа өнөөдөр ихэнх нь албан тушаалтны бизнес байгаа шүү. Хөдөө орон нутагт ч тийм байдаг. Энэ худалдааны, үйлдвэрлэлийн цэгүүд дээр маш нарийн шалгуур тавих ёстой. Ашигт малтмалын тухай хурал дээр би хэлж байсан, ашигт малтмал, архины бизнестэй холбоотой хүн бол төр болон улстөрийн албан тушаалаас хол байх ёстой. Энэ асуудал дээр шийдвэр гаргаж байгаа хүмүүс хол байх ёстой шүү гэж байгаа. Шаардлагатай бол хуулинд оруулж өгье
Улс төрийн намын харьяаллаар ялгадаг тухай энд нэг иргэн бичжээ. Түлээ нүүрс өгөхдөө хүртэл намын гишүүнчлэл хардаг гэж байна. Үүнийг болиоч ээ , олон жил боллоо шүү дээ. Хүн ялгахаа боль л доо. Энэ намын гишүүнчлэлээр асуудалд ханддаг, тэгш хандах ёстой шүү дээ.
Өөр нэг асуулт хөрөнгө оруулалттай холбоотой, ажлын байрны тухай асуусан байна. УИХ хөдөлмөр эрхлэх тухай хууль ярьж байгаа, энэ талаар маш сайн анхаарах хэрэгтэй. Саяхан гагнуурын ажил хийлгэнэ гээд зарлал гаргахаар 300 хүн ирж байна яг шаардлага хангах нь 3 -хан хүн үлдэж байна гэж байна. Тэгэхээр тэднийг бэлдэх талаар төрөөс ч , хөрөнгө оруулалтаас ч мөнгө гаргах хэрэгтэй. Харин тэр дундаж насныхан бол туршлагатай, хий нь гарцан хүмүүс байдаг. Тэднийг бэлдээд ажилд авах талаар хөдөлмөрийн бирж, төрийн байгууллагууд анхаарах хэрэгтэй. миний харж байгаагаар ирж байгаа 2 жилийн дараа ажил хайдаг биш , ажиллах хүчний дутагдал болох жилүүд ирж байгаа.
Надтай уулзаж шийдүүлэх асуудлын тухай асуусан байна. Ерөнхийлөгчтэй уулзаад бүх асуудал шийдэгдэнэ гэж бодвол тэр бол эндүүрэл байгаа юм аа. Ерөнхийлөгчтэй биш хороон даргатай уулзаад шийдчих асуудлууд олон байдаг.
Доржсүрэн гуай ой модны асуудал, мод тойрсон асуудлыг хөндөж байна. Энэ бол үнэхээр хууль хэрэгжихгүй байгаа нэг асуудал мөн. Тэр модыг хамгаалж байх ёстой хүмүүс, хуулийнхан зохион байгуулалтай бүлэглэлийн шинжтэй болчихсон, хуулиа зөрчөөд явж байгаа. Энэ дээр хотын удирдлага, хуулийн хүмүүс онцгой анхаарч ажиллах ёстой. Уулнаас мод авчраад ургахгүй ээ гэж байна, тэр үнэн. Мод үржүүлгийн газарт үрээр нь суулгаж модыг таримаар байгаа юм.
Банкны луйвартай холбоотой, ер нь энэ төр засгийн гаргасан шийдвэрээс болж хохирсон иргэдтэй холбоотой асууж байна. Би нэг зүйл хэлье. Захиргааны болон захиргааны давж заалдах шатны шүүх байгуулагдсан байгаа. Гэтэл албан тушаалтны гаргаж байгаа шийдвэртэй холбоотой гомдол их ирэх болов уу гэсэн харин ч бага байна гэж яриад байгаа. Иргэн, Засгийн газрын гаргасан шийдвэртэй заргалдаад ялах боломж монголд байгаа шүү дээ. Цэц рүү, захиргааны шүүх рүү хандаад дүүрэг, аймаг дээр чинь гарсан болохгүй байгаа шийдвэрийн талаар гомдол гаргаад явахад “том толгойтой” албан тушаалтныг дийлж болж байгаа. Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй, албан тушаалтанд хариуцлага тооцохгүй байгаа энэ байдлыг бид хуулиндаа өөрчлөлт хийгээд янзална гэж бодож байгаа.
Та өмнө хөршид хар тамхины хэргээр цаазын ял авсан Дамдин гэдэг хүний тухай захиа бичиж байсан, тэр асуудал юу болсон бэ гэж асуусан байна. Би БНХАУ-ын дарга Ху Жин Тао гуайд энэ иргэний асуудлаар захидал бичсэн. Хариу ирээгүй байна. Засгийн газар ялтан солилцох гэрээ гэж боловсруулж байгаа, үүнийг Их хурал шийдэх хэрэгтэй. Манай улсын хувьд гадаад оронд ял сонссон иргэнээ эргүүлээд авах асуудал байдаг. Гэхдээ нэг асуудал босож ирдэг. Тухайн хэргийг мөрдөн шалгасан, шүүсэн, өмгөөлсөн зардлын асуудал байгаа юм билээ. Ер нь иргэнийхээ асуудлыг шийдээд явах боломж байгаа гэдгийг хэлье.
Мөнхбат гэж оюутан асуусан. Өөр хэд хэдэн асуулт бас бичгээр ирсэн байна. Энэ бол Их хурлаар одоо хэлэлцэж байгаа Оюутны цалин, тэтгэлэг, дээд боловсролын санхүүжилтийн хуультай холбоотой асуусан байна. Ер нь энд зарчмын нэг өөрчлөлт явж байгаа. Сая, 500 мянган төгрөг оюутан бүхний нэр дээр гаргаад тэрийгээ шууд сургууль дээр нь гаргаад явж байгаа, нөгөө мөнгө нь сургуулийн эзэнд, сургуульд очиж байгаа мөнгө болчихоод байна. Тэгэхээр миний хэлж байгаа санал бол, тэр мөнгийг оюутны гар дээр тавьж өгье өө гэж байгаа юм. Тэгээд оюутан сайн сургуулиа сонгож сураг, сайныгаа сонгож мөнгөө төлөг, сайн багшаа сонгож хичээлээ заалга, тэгвэл тэр мөнгөөр дамжиж шүүмжлээд байгаа муу сургууль сайжирна гэж байгаа юм. Иймээс гар дээр нь мөнгө өгье гээд байгаа юм.
Нэг зүйл хэлэхэд, хөөрхий энэ оюутнуудын амьдрал хүнд байгаа шүү. Улаанбаатарт өнөөдөр 140 мянган оюутан байгаа. Монголд 170 мянга байгаа. Тэд нар яаж амьдарч байна гэж та нар бодож байна? Эх эцэг нь зөвхөн сургалтын төлбөр өгөөд явуулдаг, цаана байгаа тэр байрны зардал, тэр номын мөнгө, унаа, идэх уухаа яаж болгож байна гэж бодож байна? Мөнгөтэй хүмүүсийг дагасан янз бүрийн юм их гарч байгаа шүү. Та нар цэцэг цэврүү шиг охиддоо, хөвгүүддээ хайртай бол нэг сайн бодоод үзээрэй. Үнэхээр гар дээр нь мөнгө өгнө гэсэн энэ асуудал чухал байгаа шүү. Их хурлын гишүүд эсэргүүцэхдээ нийтэд нь бүү өг гээд байх шиг байгаа юм. Энэ бол их мөнгө биш шүү. Энэ бол тэр албан тушаалтны завшаад байгаа мөнгөний дэргэд их мөнгө биш.
Бид эхлээд 50 мянган төгрөгөөр тооцож байсан одоо сар бүр 70 мянга болж байх шиг байна. Надаас эхлээд оюутан байхдаа стипенд, цалин авч байсан хүмүүс та нарын дунд олон бий. Цалинтай байхад сурах шаардлага нэмэгддэг юм, сонголттой бол хариуцлагатай болж, хариуцлагатай бол сайн боловсон хүчин болж гардаг байхгүй юу. Манай улсын дээд боловсролдоо зарж байгаа төрийн мөнгө дэндүү бага байгаа. 9 -хөн хувь. Гэтэл дэлхийн бусад оронд яаж байна? Герман Улсын нэг оюутан 7 хоног бүр 300 евро, Шведэд 200 евро, Өмнөд Солонгост 500 мянган вонн авч байна. Би нийгмээс гарч байгаа баялгийг зөв хуваарилахын тулд, боловсролоо дэмжихийн тулд 70-аар эхлүүлье гэж байгаа. Үүнийг дэмжих ёстой шүү. АНУ-д дээд боловсролын зардлын 47 хувийг төр гаргадаг. Ингэвэл төр мөнгөө өгөөд , стандартаа тогтоогоод, шаардлагаа тавина. Бид 20 жил яриад чадахгүй байгаа шүү. Төр ч, эцэг эх ч хариуцлага асууна, сургууль ч, оюутан ч хариуцлагатай болно.
ТМС-д сурч байгаа манай оюутнууд сар бүр 45 мянган төгрөг авч байгаа. Би Ерөнхий Сайд байхдаа энэ асуудлыг оруулж, шийдүүлж байсан. Төлбөр авдаггүй, тэгээд дээр нь цалин өгдөг. Одоо үүнийг нэмэх хэрэгтэй. Хэрэгтэй мэргэжлээр сургая гэж байгаа бол мөнгийг нь нэмээд өг.
Гадаад улсад хэрэгтэй мэргэжлээр сураад ирсэн бол тэр төлбөр, зардлын тодорхой хувийг төр төлж болно. Ер нь гадаадад сурсан сайн боловсон хүчин байгаа. Сайн сураад ирвэл төр боломж гаргая гэж байгаа. Гол нь сурах руугаа хандах хэрэгтэй. Дээр нь зөвхөн 70 мянган төгрөгийн асуудал хуулин дээр тавиагүй шүү. Сургуулийн санхүүжилтийн бусад хэлбэрүүдийг бодсон байгаа. Хажуудаа эмнэлэг, аж ахуйтай байх бүх боломжийг гадаадын шилдэг сургуулийн жишгээр тавьж өгсөн. Ингэж байж босож ирнэ. Манай улсын дээд боловсролын санхүүжилтийн 80 хувь нь оюутны төлбөр дээр явж байгаа. Бас нэг зүйл байгаа, тэр нь дээд сургууль бүр дээр 2 байгууллага заавал байх ёстой гэж тусгасан. Нэг нь санхүүгийн алба, нөгөө нь ажлын байрны алба. Төгсөөд хаана ажиллах вэ, сурч байхдаа ажиллах боломж байна уу гэдгийг тэр байгууллага байнга хариуцаж байх ёстой. Ийм маягаар зөв болгож байж асуудлыг шийднэ. Эндээс нийгэм л хожно. Энэ бодлого дэмжигдэнэ гэж бодож байгаа.
1 сая, 1,5 сая төгрөгийн тухай нэлээн асууж байна. Хөдөө орон нутагт ч энэ тухай асуудаг. Бөөнөөр нь авч болох уу, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй баймаар байна, би хөгшин настай хүн ч гэсэн оюутны 500 мянга авмаар байна, миний хүүхдүүд их дээд сургуулиа төгсчихсөн гэх мэт асуудаг. Энэ асуудлыг Засгийн газар судлах байх. Манай ард иргэд, төрийн бодлого дээр чинь цоорхой байна, амьдрал баян учраас ийм асуулт босож ирж байна гэж манай иргэд хэлээд байгаа. Одоо нэг зүйлийг хатуу ойлгох хэрэгтэй, Улстөрчид ч бай, улстөрийн намууд ч бай, 2012 оны сонгуулиас хойш дахиад бэлэн мөнгөний амлалтаа зогсоно шүү. Бүгд сургамж авсан. Энэ бол залхуурлыг дэмжиж байгаа. Дундуур нь бүгдээрээ явж гарч байж сургамж авсан бол одоо болих хэрэгтэй. Их хурлын хүрээнд ч энэ асуудлаа ойлгосон байх шиг байна. Хувь хувьцаа, бэлэн мөнгөний амлалт бүгдийг сонгуулийн хуулиар хааж өгье өө гэж байгаа.
Тэтгэвэр нэмээд өг гэж байна. Сар бүр арайхийж 21 мянган төгрөг тавьж байгаа төр өнөөдөр цалин, тэтгэвэр нэмэх чадалгүй байгаа байхгүй юу. Хэрвээ ийм бэлэн мөнгөний амлалт байхгүй байсан бол тэр цалин тэтгэвэр, хөрөнгө оруулалт нэмэгдээд явах байсан. Ажил хийж, үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсээ дэмжээд явах байсан. Та бүхэн монголд хийсэн бүтээгдэхүүн хэрэглэж бай гэж хэлмээр байна. Хэрвээ та өнөөдөр гадаад оймс худалдаад авч орж ирж байгаа бол таны охин ажилгүй болж байна гэж ойлгох хэрэгтэй. Монгол оймсоо авч байвал бид ажилтай л байгаад байна гэсэн үг. Монголын үйлдвэрлэлээ бид дэмжих хэрэгтэй. Та бэлэн авч байгаа энэ мөнгөнөөсөө хадгалах хэрэгтэй. Бөөнөөрөө нийлээд энэ мөнгийг яаж хэрэгтэй зүйлд зарцуулж, үйлдвэрлэл болгох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хүмүүс байгаа суугаа нутаг орондоо санаачилга гаргаад, хэсэг бүлгээрээ нийлээд энэ мөнгөө цуглуулаад аж ахуй эрхэлж байна гэж байна. Миний сонссоноор лав 29 газар иргэд өөрсдөө санаачлаад 600 гаруй сая төгрөгийн хуримтлалаар аж ахуй эрхэлж эхэлсэн байсан.
Та Солонгосуудад газар өгсөн үү гэж асуулаа. Ерөөсөө тийм зүйл байхгүй шүү. Намайг Дорнод аймагт явж байхад, Хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунай “Энэ газар нутагт жишиг ферм байгуулахад солонгосууд туслах гэж байгаа юм. Газар дээр нь үнээний ферм байгуулж, ногоо тарьж, усалгаа хийх гэж байгаа юм” гэж танилцуулж байсан. Энэ ажлыг солонгосын КОИКА гэж байгууллага хийж байгаа юм билээ. Энэ бол монголчууд газар дээрээ мал аж ахуй, газар тариалангаа хослуулж сурахад хэрэгтэй техник туслалцаа. Ийм гэрээ байгуулж байна гэж намайг ардаа зогсоосон. Гэтэл би газар зарсан болчихсон. Би Т.Бадамжунайд хэлсэн “чамайг хотын газар зараад дууссан, одоо Дорнодын газрыг надтай хамтраад зарчихлаа гэж бодоод байх шиг байна, тэр тайлбараа хий” гэсэн. Хийнэ гэж байна билээ. Тэгэхээр Т.Бадамжунай сайдаас асуугаарай.
7-р сарын 1-тэй холбоотой асууж байна. Намайг намын дарга байхад асуух ёстой хүмүүс нь энэ тухай асуудлаар маш сайн, нухацтай асууж байсан. Бид энэ дээр сургамж авах ёстой. Эрх мэдэл рүү хэт улайрсан, эрх мэдлийг хэт хамгаалсан үйл ажиллагаан дээр бид бодох ёстой. 7 сарын нэгэн гэдэг бол бидэнд “ Долоо хэмжиж нэг огтол” гэсэнтэй адил сонсогдож байгаа. Эрх мэдэлтэй холбоотой асуудал дээр бид долоо хэмжиж нэг огтлох ёстой гэж ойлгогдож байна.
Гадаа болж байгаа жагсаал цуглаантай холбоотой, энэ цуглааныг та юу гэж бодож байна гэж асуусан байна. Ард түмнээ хүндэтгэх ёстой гэж хэлмээр байна. Бид бас 90 онд жагсаал цуглаан хийгээд, нийгмийн асуудлыг тавиад явдаг байсан. Тэр үед бид тодорхой цагт цуглаад, тодорхой цагт тарах ёстой гээд тэр цагтаа тардаг, хамгаалалтаа өөрсдөө хийдэг, тарахдаа талбайгаа шүүрдээд явдаг байсан. Энэ бол ард түмэндээ хандсан хүндэтгэл байсан. Одоо ч цагдаагаар хамгаалуулсан, хүнээр цэвэрлүүлсэн, унтсан, өнжсөн тийм болж дээ. Нөгөө талаар, иргэдийн зүгээс тавьж байгаа шударга шаардлагуудыг бид ялгаж сонсох хэрэгтэй. Тэр хүмүүсийн ярьж байгаа дотор үнэн зүйл их байгаа шүү. Харин улстөрчдийн янз бүрийн сонирхол орцон юм ч байгаа. Надад хүртэл заримдаа “Их хурал, Засгийн газар тар” гэж хэлмээр тийм зүйл харагддаг. Гэхдээ намайг нэг л зүйл хүлдэг. Тэр юу гэхээр, энэ ардчилсан сонголт, хууль, ард түмний нийтлэг эрх ашиг хүлдэг. Бид Их хурлаа сонгочихоод, итгэл хүлээлгэчихээд дөрвөн жил бололгүй хөөж тараагаад байвал дараагийн хүмүүст бас л адилхан зүйл тохиолдоно. Харин бид тэр дөрвөн жилд нь шахаж ажиллах ёстой. Энэ Их хурлаар ийм ажил хийлгэж, ийм хууль батлуулъя гэвэл би хамтарч ажиллахад бэлэн байна. Би 2 удаа огцорч үзсэн. Дараа нь гарч ирсэн хүмүүс дээрдээд байдаггүй, харин ч дорддог юм байна гэж би бодсон. Шударга шаардлага тавьдаг хүн шударга байдаггүй юм байна гэж би бас харсан шүү. Тиймээс энэ бий болгосон тогтолцоо, үнэлэмжээ нэгдүгээрт тавих ёстой, ард иргэдээ сайн сонсох ёстой гэж бодож байгаа.
Олигархиудын жагсаалтыг та үзсэн үү? Бат-Үүл олигархи мөн үү? гэсэн байна. Би ард иргэдтэйгээ адилхан мэдээлэл авч байгаа. Бат-Үүлийг олигархи гэвэл жинхэнэ олигархиуд гомдох байлгүй дээ.
Тавантолгойтой холбоотой орон сууцны корпорацитай холбоотой асуусан байна. Би нэг зүйл хэлье. Төр бол жижиглэн дээр ажилладаггүй юм шүү. Төрд онцолж хэлэх гурван дутагдал байна. Ард иргэд засахыг шаардаж байгаа гурван зүйл байна. Нэгдүгээрт төр эрхээ шилжүүлэхгүй байна. Тийм байгаа биз? Иргэддээ эрхээ өгөхгүй байна. Эрх нь шилжихээр ажил бий болдог эрх шилжихээр хариуцлага бий болдог. Орон нутаг ч адилхан иргэн ч адилхан. Хоёрдох юм бол төр бол ашгийн газар биш. Төр заримдаа ашгийн хойноос гүйгээд байна. Төрд ажиллахаар яагаад танд цалин өгдөг юм? Яагаад танаас хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг юм? Төр бол ашгийн газар биш. Орон сууцны корпораци орон сууцжуулах гэж мөнгө баталсан байна. Гэтэл компаниуд дээр очоод наад орон сууцыг чинь би дуусгаад өгье гэж нэг хэсэг мөнгө аваад, хувь хүн дээр очоод таныг орон сууцны зээлэнд хамруулаад өгье гэж мөнгө гуйж байна гэж би сонссон. Үүнийг авлига гэдэг юм. Үүнийг албан тушаалын гэмт хэрэг гэдэг юм. Тэгэхээр иргэдээ орон сууцтай болгоё гээд төр шийдэж, мөнгө гаргаж байгаа бол тэр мөнгө банкаараа тэр бүтцээрээ явах ёстой.
Тавантолгой дээр том дарга нар машин нийлүүлээд явж байна гэсэн. Тэр Тавантолгойн нүүрсний уурхайг ашиглая гэдэг бол төрийн шийдвэр. Төр бол улс төрийн шийдэл гаргаж, томыг нь шийддэг, жижиглэнг нь ард түмэн аж ахуйн нэгж хийдэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Манай төрийн нэг буруу юм бол өөрөө ашгийн төлөө гүйгээд байна. Үүнийг засах шаардлагатай гэж бодож байгаа.
Хоёрдахь нэг дутагдал бол хариуцлагын асуудал. Ерөөсөө хариуцлага тооцох энэ үйл ажиллагаа явагдахгүй байна гэж хүмүүс яриад байгаа. Түрүүн нэг хүн хэлж байна, хариуцлага шударга ёсны тухай хууль гаргаж өгөөч гэж. Би энэ хууль Монголд хэрэгтэй юм байна гэж бодоод байгаа. Сонирхлын зөрчил энэ тэр гээд хуулиуд яваад байгаа. Их хурал дургүйцээд байх юм бол надтай хамт энэ хуулийг санаачилъя, саналаа өгье гэж бодож байгаа ард иргэд байвал шууд манай Тамгын газар саналаа явуулаарай. Тийм хуульчид байгаа бол хамтарч ажиллаарай. Хариуцлага, шударга ёсны тухай хууль, хариуцлага шударга ёсыг чангатгах тухай хууль Монголд хэрэгтэй байгаа. Уг нь хууль хуулинд нь хийгээд өгчмөөр л байгаа юм. Нөгөө утаагаа багасгаагүй бол хариуцлага тооцно гэдэг шиг. Манайхан болохоор төрийн албаны хуулинд хийсэн гэдэг. Тэр худлаа юм байна билээ. Төрийн албан хаагчтай хариуцлага тооцно гэчихээд ямар дутагдал гаргавал хариуцлага тооцохыг бичээгүй. Оноож бичиж байж явах байхгүй юу! Яавал албан тушаалаас нь авч хаях вэ гэдгийг бичээгүй зальтай аргаар хийсэн байна билээ.
УИХ, Засгийн газрын гишүүн нэг байгааг та юу гэж бодож байна вэ? Хоёр танхимтай больё гэсэн шаардлагыг юу гэж үзэж байна вэ? гэсэн асуулт байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар саналаа хэлнэ үү гэсэн байна. Энэ асуудал дээр байр сууриа илэрхийлье. УИХ, Засгийн газрын гишүүн нэг байх нь буруу. Хэрвээ Их Хурал асуудал шийдэх гэж байгаа бол нэг ажлаа өөдтэй хийж чадахгүй байж хоёр ажлыг яаж өөдтэй хийх вэ? Тийм биз дээ. Миний туршлагаас, улс төрд явсан бусад хүмүүсийн туршлагаас харахад Монголд бол энэ бол буруу. Намайг бага хурлын гишүүн байхад Засгийн газар “гаднаас” байсан. Бямбасүрэн гуайн үеийн Засгийн газрын нэг сайд Бага хуралд орж ирээд загнуулаад, “Энэ Бага хурал гэдэг чинь ямар аймар юм байдаг юм бэ” гээд хөлсөө арчаад гарч байсныг сайн санаж байна. Тийм байх ёстой. Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байж болно бусад сайд ерөөсөө УИХ –ын гишүүн байх хэрэггүй. Ерөнхий сайдаас бусад нь тусдаа байх хэрэгтэй. Энэ хуулиа Их хурал гарга л даа. Дараагийн Засгийн газар ийм болно гэдгийг шийдээд гарга.
Би хувьдаа дараагийн Засгийн газрыг ийм байхыг шаардах болно. Нэг ажлаа сайн хий, хяналтыг бий болго. Хоёр танхимын хувьд илүүдээд байгаа эрх мэдлээ ард түмэнд шилжүүлж иргэд рүүгээ өгөөч ээ. Илүү танхим байгуулж Улаанбаатар руу битгий татаа. УИХ хяналтын бүтцээ бий болго. УИХ-ын гишүүд нэг тэрбум төгрөг биедээ тараадгаа боль. Тэрийгээ төсөвтөө хийгээд орон нутгийн эрх болгож өг. Ийм хачин дутагдлаа боль. Бусад оронд байдаг парламентын санал асуулга парламентын мөрдөн байцаалт гэх мэт тэр бусад юмаа бий болго. Тэр ажиллаж байгаа албан тушаалтнуудыг ард түмний төлөөлөгчдийг чичрүүлж байгаад буруу үйл ажиллагаа хийсэн байх юм бол дор нь огцруулаад хөөж явуулаад чаддагийг нь томил л доо.
Үндсэн хуулийн өөрчлөлт. Би үүнийг цаг нөгцөөх гэсэн арга гэж бодож байгаа. Үндсэн ажлаа сайн хийж чадахгүй, ард түмний шаардаад байгаа тэр асуудлыг сайн шийдэж чадахгүй байна. Их хурал сонгуулийн хуулиа шийд, Засгийн газар тэрэн дээрээ хамтар. Улстөрийн намыг гишүүнчлэлгүй болго. Энэ монголын ард түмнийг хуваадаг байдлыг зогсоо. Бусад улс оронд байдаг намын систем рүү оруул. Энэ хуулийг батал.
Төрийн албаны зөвлөл гэж газар байна. Зарим сонин дээр “Энэ агентлагийн даргаар тэрийг тавих гэж байгаа гээд бүр тэрэнд зориулсан шалгуур гаргаж байгаад авч байгаа тухай” бичсэн байсан. Ийм бүтцийг татан буулга. Төрийн албаны зөвлөлийг би татан буулга гээд хэлээд байгаа шүү дээ. Би өнгөрсөн жил шаардсан. “Төрийн албаны хуулиа өөрчил. Ажил хийе гэж байгаа сайхан мэргэжилтэй залуусыг мэргэжлээр нь ёс зүйгээр нь шалгуур тавь. Намын гишүүнээр шалгуур тавьдгаа боль. Өөрт нь үнэнч байдаг шалгуур тавьдагаа боль. Ард түмэнд үнэнч байдгаар шалгуур тавь. Энэ хуулиуд яагаад батлагдахгүй байна? Тэр төсвийн эрхээ өг. Одоо миний ИХ-д оруулах гэж байгаа шүүх шударга ёс гэсэн тэр тав зургаан хуулийг баталж өг. Ашигт малтмал лицензтэй холбоотой асуудлыг өнөө маргаашгүй хэлэлц” гэж би шаардсан. Зөндөө асуудал байгаа биз? Улаанбаатарын асуудал дээр мөнгө гаргаж өг. Юуны чинь хоёр танхим? Юуны чинь Үндсэн хуулийн өөрчлөлт? Ингэж анхаарлыг өөр тийш нь татахаа боль. Тэр төмөр замаа тавих ажлаа хий. Ард иргэдээ ажилтай болгох ажлаа хий. Хуулиа батал. Үндсэн хуулийн өөрчлөлтийг судлаачид, эрдэмтэд ярьж болно. Манай хуулийн хэдэн арван сургуулиуд яриад ийм шаардлага байна уу үгүй юу гэдгийг гаргаж ир. Харин улстөрчид сэтгэл хөдлөлөөрөө шийддэг асуудал биш. Хариуцлагаас зугтаж ярьдаг асуудал биш.
Дараагийн асуулт. Би дөрвөн хүүхэдтэй энэ онд одон авах эрхтэй болж байгаа юм. Тодорхой шалтгааны улмаас материалаа өгөөгүй. Одоо өгөх гэхээр хоцорсон гээд байх юм. Одоо яах вэ? гэсэн байна. Энэ одоо хүн чирэгдүүлдгээ болиоч ээ. Хэн хоцорсон гээд байгаа юм бэ? Төрүүлсэн бол үнэн. Өсгөсөн л бол та авна. Төрснөөс илүү үнэн гэж байдаг юм уу? Хоцрохгүй. Өмнө нь таван хүүхэд төрүүлсэн бол хоёрдугаар одон авдаг байсан бол одоо дөрвөн хүүхэд төрүүлээд хоёрдугаар зэргийн одон авна. Зургаан хүүхэд төрүүлээд нэгдүгээр зэргийн одон авдаг болсон байгаа. Манай ээж найман хүүхэд төрүүлсэн. Орчин үеийн хүүхнүүдэд энэ бол хэцүү даваа байж магадгүй. Тийм учраас үүнийг арай буулгаж өгч байгаа юм. Дээр нь хүн ам зүйгээ дэмжье гэж байгаа.
20 настайдаа 60 настайдаа өөд болчихсон хүүхдийг маань тооцож өгөх үү гэж асууж байна. Сая УИХ руу оруулаад ийм байдалд орсон ээжүүдийн сэтгэлийн шархыг хөндөөд яах вэ, одон авчихаад явж байгаа эхийн нэг хүүхэд эндэхэд одонг нь хурааж авдаггүй шүү дээ, тэгэхээр энэ дээр шударга байя гээд УИХ руу тогтоолын төсөл оруулж байгаа. Одоо чухам ямар шаардлага тавьж байна вэ гэхээр нэг наснаас дээш та хүүхдээ өсгөсөн л бол, амьд сэрүүн байлгасан л бол одон авдаг болно. Тэр 18 гэдэг шиг тийм өндөр босго байхгүй шүү гэж хэлье.
Өөр нэг юм асуусан байна. Бид гурван хүүхэдтэй нэг хүүхэд өргөж авсан бол орох уу гэж байгаа. Гурван наснаас доош бол орно. За иймэрхүү амьдралын маш олон зүйлүүд байна. 6 сарын нэгэн гэхэд эхчүүдийн одонг олгоно. Энэ жил 130 мянган эх хамрагдаж байгаа. Уг нь бол жил бүр 3000 эхчүүдийн одонгийн асуудал шийдэгддэг. Одон нь Ерөнхийлөгчийн шагнал болдог учраас энэ асуудал бидэнтэй ойр байдаг. Энэ жил 130 мянган эх одон авч байгаа учраас 40 тэрбум төгрөг хэрэг болж байгаа. Одонгоо хийлгэнэ, бүртгэнэ гээд олон ажлууд байгаа. Эхчүүдийн урамшууллын мөнгө, одонгийн мөнгө өгнө. Өмнө нь 50 мянган төгрөг байсан. Тэр нь 100 мянган төгрөг болсон. 100 мянган төгрөг нь 200 мянган төгрөг болсон.
Хүүхдийн мөнгөний тухай асуудал тавьсан байна. Миний хувьд намуудын амлалт дуусаад хүүхдэд олгодог мөнгийг үргэлжлүүлж өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ чиглэлээр би хууль санаачилъя гэж бодож байсан, харин Улсын Их Хурлын гишүүд хууль санаачилж байгаа юм байна. Ер нь 2012, 2013 оноос хойш 20 мянган төгрөгөөр тооцож хүүхдийн мөнгийг олгох ёстой гэж бодож байгаа.
Тэгэхээр би хоёр мөнгөн дээр “За” гэж хэлж байна. Оюутанд олгох амьжиргааны баталгаажих түвшний 50 хувь, хүүхдэд олгох 20.000 төгрөг. Энэ хоёр мөнгөн дээр би “за” гэж хэлнэ. Харин бусад мөнгөний асуудал дээр “Үгүй” гэж хэлнэ.
Би мөнгө амлахгүй ээ. Зарим хүмүүс амлалтын тухай надаас асуудаг. Намуудын амласан хувь хишгийн амлалтууд олгогдоод явж байгаа, энэ олгож байгаа хувь бол Монголын хувьд болон олон улсад шинэ зүйл юм шүү. Үүнийг өгүүлэхийн төлөө ажиллана. Энэ шаардлагыг тавьж байгаа. Цаашид иймэрхүү байдлын амлалт өгүүлэхгүйн төлөө ажиллана. Өөр зүйлд мөнгөө зарцуулъя. Хөрөнгө оруулалт, цалин, тэтгэвэртээ илүү зарцуулъя.
УИХ-ын гишүүдийн тойрогтоо хувааж авсан мөнгө маш буруугаар зарцуулагдаж байна. “Эхо аппарат” 50 сая төгрөгөөр авчихаад 100 саяар шахаж байна л гэнэ. Янз бүрийн юм байна. Үүнд би хориг тавьсан. Ийм бүдүүлэг байдлыг дахин гаргаж хэрхэвч болохгүй. Үүнийг төсвийн хуулиндаа оруулж хориглож өгч байгаа байх. Энэ оны төсөлд “нэг тэрбум” яригдаагүй. Гэхдээ л цаагуур наагуур нь “юм хийх гээд байдаг” ийм хандлага байгаад байгаа юм.
“Манай хэсгийн дарга нар гэж сул цалин авсан, хороон даргын найз, ах дүү голдуу хүмүүс байна. Сонгуулийн үед идэвхжиж, гол будлианыг хийдэг улс чинь тэд шүү. Болиулаач ээ. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн, өндөр настан Цэрэндондов” гэсэн байна.
За би үүнийг улс төр талаас нь хариулахаа болъё. Хэсгийн дарга нар гээд ажиллаж байгаа бол, би нэг зүйлийг хэлье. Иргэдийн оролцоог хангадаг, иргэдийн төлөөлөгч нар байгаач ээ гэмээр байна. Шударга ёсыг хангах, иргэдийн оролцоог хангах, орон нутаг руу эрх олгох Ерөнхийлөгчийн төлөөлөгч болооч Та бүхэн. Ерөнхийлөгчийн зүгээс явуулж байгаа энэ бодлогыг ялгалгүйгээр, нам улс төр харалгүйгээр ажилла гэдэг санал хэлье.
Хотын газрын маргаантай холбоотой нилээд олон асуулт асуусан байна. “Өнгөрсөн жилийн уулзалт дээр сургуулийн газар руу дайрахаа больсон гэж хотын дарга таны дэргэд мэдэгдсэн. Гэтэл энэ нь худал байна. Манай дүүргийн 75, 52 дугаар сургууль тал талаасаа газраа тонуулсаар байна. Хэзээ болих вэ? Хан-Уул, Доржготов” гэсэн асуулт иржээ.
Хотын дарга нар үүнд анхаарах ёстой. Одоо Улаанбаатарт, ялангуяа 1 дүгээр тойрог дотор олгох газар байхгүй. Би Ерөнхийлөгч болоод Улаанбаатар хотын захиргаан дээр очоод хэлж байсан. Одоо хуучин байшин буулгаад оронд нь байшин баръя гэвэл газар гарч ирнэ. Тэгэхээр би Хотын захиргаанд Улаанбаатарын дөрвөн уулыг тойруулсан хурдны зам тавъя, дагавар хотуудыг хөгжүүлье гэж хэлээд байгаа. Зуслангууд руу явахад хотоос очдог биш, хурдны замаар тойроод араас нь ордог болгочихооч. Тэгээд тэр замаа дагуулаад дагуул хотууд, дүүргүүдээ байгуулаач. Оюутны хотхон, төрийн байгууллага ажилладаг хотхон газраа сонгооч, энэ Төв аймагтайгаа яриач. Ингэж байж Улаанбаатарын тэлэлтийн асуудлыг шийднэ. Богд Уулын урдуур төмөр зам тавиач. Да.Ганболд Хотын орлогч дарга болоогүй байхдаа энэ асуудлыг гаргаж ирээд уг нь Мянганы сорилтын сангаас хийх гэж байсан. Тэгээд тэр нь зогссон. Одоо энэ асуудал явахгүй болсон. Хот дундуур төмөр зам явдгийг болиулаад Богд уулын урдуур явдаг болох юм бол Монголын төмөр замын тээвэрлэлтийн нэвтрүүлэх хүчин чадал бараг 70 хувь нэмэгдэхээр байгаа. Иймэрхүү байдлаар асуудлыг том харж шийдэх хэрэгтэй. Ирээдүйг нь том харж шийдвэл энэ ажил явна гэж бодож байна.
Сургуулийн талбай, хүүхдийн талбай, хөл бөмбөгийн талбай дээр асуудал битгий яриач ээ. Хуримтлалын бүлэг, иргэний эрх гээд ярьж байна. Манай Улаанбаатар чинь хүний төлөө зориулагдсан хот болох ёстой шүү дээ. Иргэн оролцсон бол ариун цэврийн газрын асуудал шийдэгдэх ёстой, иргэн оролцоод эхлэх юм бол Улаанбаатарт тэргэнцэртэй хүний зам байх ёстой, иргэн оролцсон бол Улаанбаатарт гэрэлтүүлэг сайтай байх ёстой, иргэнээ оролцуулж хотоо төлөвлө. Иргэнийхээ төлөө хотоо байгуул. Түүнээс биш, хотын төлөө хот байгуулбал ажил явахгүй шүү.
“Тавантолгойн хувьцааг хэзээ авах вэ” гэсэн асуулт байна. Тавантолгой дээр би ганц хоёрхон зүйл ярья. Энэ хувьцаан дээр хүмүүстээ сургалт явуулах ёстой. Тэр хувьцаа нь буруу гарах ёсгүй. “Яагаад хувьцаагаа авангуутаа зарж болдоггүй юм, над шиг мөнгө хэрэгтэй нь зараад, бололцоотой нь цуглуулна л биз” гэсэн байна. Одоо бол авангуутаа зараад ч хүн худалдаж авахгүй. Иргэнд өгч байгаа энэ хувьцаа бол давуу эрхийн хувьцаа. Үүн дээр яаран зарах тухай бодох шаардлага байхгүй. Бусад улс оронд төр нь ингэж хувьцаа нэрлэж тараадаг тухай би сонсоогүй. Монгол Улс үүнийг хийж байгаа юм. Монгол орон баян учраас, энэ нь монголын ард түмний хөрөнгө гэж үзэж байгаа учраас хийж байгаа юм. Гэхдээ үүнийг Тавантолгойгоос цааш олон газар хэтрүүлж болохгүй. Энэ зүйл зөв явах нь уу, буруу явах нь уу гэдгийг харах ёстой.
Цахилгаан станцаа хурдан барих хэрэгтэй. Өнөөдөр Оюутолгой нь дэлхийн том үйлдвэр гэсэн мөртлөө дизель станцаар ажиллаж байгаа гээд та бүхэн бод доо. Тэнд яагаад цахилгаан станц байхгүй байна вэ гэсэн чинь, дизель түлшийг нь “шахдаг” нэг хэсэг нөхдүүд шийдвэрийг гаргуулахгүй “бариад байна” гэсэн яриа гарч байгаа юм. Тийм байж болох уу? Одоо ямар ч сум дизелиэс татгалзаж өндөр хүчдэлтэй болсон. Оюутолгойд цахилгаан станц барих асуудлыг энэ Засгийн газар нэн даруй эхлүүлэх хэрэгтэй. Эрчим хүчний асуудлыг дотоод гадаадын компаниуд нийлээд цахилгаан станцаа бариад цахилгаанаа зар, улс тэднээс татварыг нь авъя. Тэгээд л болно биз дээ. Иймэрхүү маягаар цаашид ажилламаар байна.
Оюутолгойтой холбоотой олон асуудал босч ирдэг. Би амьдрал дээрээс нэг жишээ хэлье. Оюутолгой Ханбогдын нутаг дээр, Тавантолгой нь Цогтцэцийн нутаг дээр байгаа. Сая УИХ-ын дарга явж ирээд надад хэлж байсан. Ухаахудаг дээр явж очоод иргэдтэй нь уулзахаар 10 хүний 9 нь Тавантолгой, Ухаахудагийн талаар сайн хэлж байна. Ухаахудаг дээр 12 мегабайтын Цахилгаан станц ашиглалтад орох гэж байгаа юм байна. Тэрнийгээ 16 мегабайт болгоод нэмье гэж байгаа юм байна. Зөв. Ухаахудаг нь цахилгаантай. Гэтэл Оюутолгой нь Ханбогд сумаас 42км-ийн зайтай байж одоо хүртэл дизель станцтай сууж байх жишээтэй. Ухаахудагийг тойроод 500 айлын орон сууц барих гэж байна. Түүнээс 100-г нь эхлээд ашиглалтад оруулахаар бэлдэж байна гэж байхад Ханбогд дээр юу ч байхгүй байна. Цогтцэций дээр өнөөдөр сургууль, эмнэлгийн төсөл, цэцэрлэгийн төсөл гарч байна. Гэтэл нөгөө Оюутолгой юу ч байхгүй байна гэж байгаа. Энэ ард иргэдийн зүгээс шаардаад байгаа шаардлага буруу биш шүү. Цогтцэций суман дээр 2400 хүн амьдарч байсан бол одоо 11 мянгад хүрч байна. Одоо тэнд аймгийн төвөөс том төв бий болох гээд байна. Тэгэхээр тэнд оруулах ёстой хөрөнгөө оруул. Монгол хүнийг ажиллуул.
Нэг зүйлийг болих хэрэгтэй. Монгол хүн гадны хүн хоёр адилхан ажил хийсэн мөртлөө цалин нь зөрүүтэй байдаг. Монгол хүн хэд дахин бага цалин авдаг, гадны хүн хэд дахин өндөр цалин авдаг. Ингэж монголчуудыг Монгол нутаг дээр нь ялгаварлахаа болих хэрэгтэй. Энэ бол чухал шаардлага, шударга шаардлага гэж бодож байгаа. Нийгэмтэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй. Монголын хөрсөнд шарх үлдээгээд буцдаг биш, Монголын хөгжилд түлхэц болоод буцах ёстой. Энэ бол маш чухал гэдгийг онцлон хэлье.
“Тендерийн хуулийн талаар анхаарахгүй бол болохгүй боллоо. Төрийн өмчийн газраас зарласан ямар ч тендерт туршлагатай аж ахуй нэгж оролцоод ямар ч нэмэргүй юм байна. Учир нь аль хэдийн оролцох компаниа тодруулчихаад, нэр төдий тендер зарласан төдий болоод нөгөө байгууллагаа ялуулдаг нь жирийн үзэгдэл болжээ” гэсэн асуулт ирж.
Тендерийн хуулийг Сангийн яам, Засгийн газар санаачилж оруулж ирж байгаа. Ер нь тендерийг зарлахдаа тухайн орон нутагт баригдаж байгаа нутгийн аймаг нь, ард иргэд нь хариуцдаг, дүүрэг нь хариуцдаг болъё гэж байгаа юм. Улаанбаатараас аймагт очоод нэг барилга барьсан болчихоод явдаг. Хог болоод үлддэг, ард нь иргэд хохирч үлдээд байгаа юм. Тэгснээс аймаг нь хариуцаад, аймаг, сумынхаа иргэдийг ажиллуулаад явбал энэ ажил чинь явна гэж хэлье.
“Би таны И-мэйл хаягаар олон хүсэлт тавьсан. Та үзсэн үү?” гэж асуусан байна. Ер нь www.president.mn гээд манай албан ёсны вэб хаяг руу орох юм бол Ерөнхийлөгчийн үйл ажиллагаануудын тухай байгаа. Ер нь цаашид ард иргэдийн цахим хаягаар ирүүлж байгаа асуултуудыг өргөжүүлэхээр ажиллаж байгаа.
“Энэ хамтарсан засгийн газар МАНАН гэдэг үнэн шүү дээ. Хариуцлага тооцохгүй байна. Энэ асуудлыг шийдээч ээ” гэж асуусан байна. Нэг зүйлийг хэлье. Би энэ засгийн газрыг огцроосой ч гэдэг юм уу, аль нэг нь болиосой гэж бодохгүй байгаа. Би энэ засгийн газрыг амжилт олоосой гэж бодож байгаа. Ажил хийгээсэй л гэж бодож байгаа. Түрүүчийн миний хэлээд байгаа, ард иргэдийн шүүмжлээд байгаа ажлыг үлдсэн богино хугацаанд хийх ёстой.
“Танай гэр бүлийн орлого яг хэд вэ?, Эхлээд 360 сая гэснээ дараа нь арав дахин буураад 36 сая ч болох шиг, энэ ямар учиртай юм бэ? Ер нь танай гэргий ямар ажил хийж, хэр орлого олдог вэ? Ард түмэндээ үнэнийг хэлнэ үү. Сүхбаатар дүүрэг, өндөр настан Жамц” гэсэн байна. Жамц гуайд үнэний нь хэлье. АТГ манай хөрөнгө орлогын мэдүүлгийг аваад сонинд хэвлэхдээ 35 сая төгрөгийг л 350 сая болгоод арав дахин нэмээд хэвлэсэн байна билээ. Тэр бол алдаа. Араас нь залруулж байх шиг байна билээ. Залруулсан нь зөв өө гэж бодож байгаа. Манай гэргий “Итгэл” гээд хавдартай тэмцдэг сан байгуулаад ажиллаж байгаа. Дээрээс нь “Болор” санг ажиллуулж байгаа. Мөн хувийн нэг лабораторитой, өөрөө мэргэжлээрээ түүнийгээ ажиллуулдаг Бид хоёр төрсөн дөрвөн хүү, өргөж авсан нэг охинтой. Дээр нь хүний өнчин өрөөсөн, гудамжинд хаягдсан 24 хүүхэд авч явдаг юм аа. Би боддог юм. Амьдрал нь муу байгаа, хүнд байгаа айлын нэг ч болсон хүүхдэд туслах хэрэгтэй. Би хорин хүүхдийг тэжээ гэж хэлэхгүй л дээ. Олон хүмүүс, олны олон юм чинь болоод байх юм. Одоо бид дөрөв таван жил энэ хүүхдүүдийг асарч байна. Бүгдээрээ л манай хүүхдүүд болсон. Энэ хугацаанд нэг хэсэг нь хоолыг нь даагаад, нэг хэсэг нь хувцсыг нь даагаад ингээд олны дэмээр болж л байна. Манай хүүхдүүд сайхан босож байгаа. Эцэх эхийн хайр энэрлээс холдсон, орон шоронд орсон, нас барчихсан, гудамжинд хаягдсан, хаяг тогтоохоос ирсэн байсан эдгээр хүүхдүүд маань өнөөдөр сайхан босож байна.
Мөнгөтэй төгрөгтэй хүмүүс морь уралдуулаад сэтгэлийн таашаал авч байх юм. Энэ буруу биш байх. Гэхдээ нэг ч болов хүний хүүхэд өсгөөд сэтгэлийн таашаал аваач ээ гэж хэлмээр байгаа юм. Энэ бол хүнлэг энэрэнгүй нийгэмд байх зүйл. Тийм хүүхдүүдийг 18 нас хүргээд, сургуулийг нь төгсгөөд, гэрлүүлээд, ингээд нэг сайн сайхан амьдралд нь хүргээд явуулбал сайхан шүү дээ. Боломжтой улсууд их болсон, энэ дээр манай ард иргэд анхаарах шаардлагатай байх аа гэж бодож байна.
“С.Зоригийн хэргийг хаах тухай нэг хэсэг яригдсан, энэ үнэн үү?” гэж асуусан байна. Энэ худлаа. Тэр тухай асуудал байхгүй. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг байгаа. Энэ хэргийг үнэхээр илрүүлэх шаардлагатай. Ерөнхийлөгчийн хувьд одоо тэр хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой гэж бодож явдаг. Энэ хэрэг илрэх ёстой. Илрээсэй гэсэн хүсэл бодол надад байдаг юм.
“АТГ-ын дарга, удирдлагуудыг шоронд хийсэн нь зөв шүү дээ” гэж байна. Энэ зөв буруугийн тухай би энд тайлбар өгөхгүй ээ. Ер нь би нэг зүйлийг хэлж байгаа. Жирийн иргэн шүүхийн шийдвэр гараад яллаад явахад гайхаад байдаггүй мөртлөө, даргыг аваад явлаа гээд гайхаад байх шаардлагагүй. Хууль бол тэгш л үйлчлэх ёстой. Дээрээс нь УИХ шийдэх ёстой юмаа шийдэх ёстой. Хуулийн байгууллагуудын ажиллах боломжийг нь УИХ-ын зүгээс олгож өгч байх ёстой юм шүү гэдгийг энд хэлье.
“Ерөнхий Прокурор байсан М.Алтанхуяг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох гэж байгаа гэсэн. Энэ үнэн үү? Зохимжтой юу?” гэж асуусан байна. Энэ бол зохимжгүй ээ. Хуулийн байгууллагад өнгөрсөн хугацаанд олон жил ажиллаад, тэр ажлынх нь үр дүнг үзээд би хамтарч ажиллахгүй гэдэг байр сууриа хэлсэн. Одоо хүмүүс асуугаад байгаа. Та хариуцлага тооцсон уу? гэж. Би хамтарч ажиллахгүй л гэдэг байр сууриа хэлж байгаа. Тэр хүмүүсийн хуулийн дархлаа маш мундаг шүү дээ. Би эхлээд ажил шаарддаг. Нийгэмд шударга ёс тогтоо, болохгүй байгаа асуудлыг шийд, шийдэхэд нь тусал гэж ард түмэн намайг сонгосон. Энэ бүтцийг бий болгох ёстой. Ер нь хуулийн байгууллага дээгүүрээ албан тушаалтнуудын айхтар хүрээлэл бий болгочихсон. Хоорондоо хэрэг наймаалдаг, том мөнгөтэй хэргүүдийн хойноос явдаг, ард иргэдийг хохироодог хачин бүтэц бий болсон байсан шүү. Энэ гинж тасарч байгаа. Цаашид ч таслах болно гэдгийг хэлье.
Сонгуулийн хуулийн талаар би санал бодлоо хэлье. Өнгөрсөн жил Их хурал дээр үг хэлэхдээ ч энэ талаар тодорхой хэлсэн. Энэ Монгол орныг жижиглэсэн 76 тойргоор сонгууль явуулахыг зөвшөөрөхгүй ээ. 2008 оны сонгуулийн хувилбар бол муу хувилбар. Энэ ямар үр дүнд хүргэснийг бүгд мэдэж байгаа. 2008 оны 7 сарын 1-ий үйл явдлын дараагаар намын дарга нар цуглаад бүгдээрээ ойлголцсон нэг зүйл бол сонгуулийн хуулиндаа өөрчлөлт хийе, булхай будлианыг таслан зогсооё, сонгуулиа шударга явуулдаг больё гэсэн дүгнэлтэд хүрсэн. Одоо болтол Их хурал дээр хоёр гол намын нөхдүүд энэ тухай ярьсаар байна. Би үүнийг батлах гэж ярьж байгаа гэж ойлгож байна.
7 сарын 1 дахин давтагдахгүй, булхай будлиан, энэ хүндрэлтэй байдал дахин гарахгүй гэсэн баталгааг Их хуралд сууж байгаа хүмүүс өгөх үүрэгтэй. Үүнийг би шахаж арилгана. Би хувьдаа аль алиных нь тусгал тусгасан 50/26 гэсэн хувилбар дээр юм уу гэж бодож байгаа. Монгол Улсын хувьд энэ нь дээр юм уу гэж боддог.
Түрүүн Санжмятав гэж иргэн асуусан. Ажилд ороход хүнээс мөнгө шаардаж байгаа тухай хэлсэн байна. Төрийн байгууллага, төрийн шинжтэй томоохон үйлдвэр дээр ийм зүйл ажиглагддаг. Энэ бол буруу шүү. Ийм тохиолдолд хандах газар тодорхой шүү дээ. Тийшээ хандах хэрэгтэй шүү.
Хоттой холбоотой олон асуулт ирсэн байна. Энэ хотын удирдлагууд иргэдтэйгээ цаг зарлаж байгаад , сайхан тайван уулзах хэрэгтэй. Дараа нь чиглэл чиглэлээрээ уулзах хэрэгтэй. Энэ сайдууд, ерөнхий сайд хүртэл иргэдтэйгээ уулзах хэрэгтэй. Би яагаад хавар иргэдтэй уулздаг вэ, цагаан сарын дараа яагаад хөдөө аймагт яваад байдаг вэ гэхээр иргэд хавар үнэн үгээ хэлдэг байхгүй юу. Зуны налгар өдөр уулзахаар юу ярих вэ дээ. Тэгэхээр иргэдийн амьдралд хамгийн их тулгарч байгаа хаврын цагаар энэ тарчиг цагаар хүмүүс үнэн үгээ хэлдэг. Бухимдалтай байгаа цагаар иргэдтэй нүүр тулж уулзах хэрэгтэй. Аймаг, сум багийн дарга нар иргэдтэй уулз. Яахаараа иргэдтэй уулзаж чаддаггүй юм бэ. Зарим нь уулзаж л байгаа байх, гэхдээ бүх шатанд хийх хэрэгтэй. Ийм ажил үгүйлэгдэж гэж ойлголоо. Гарч байгаа олон асуултыг хараад байхад орон нутгийн хэмжээнд шийдчих боломжтой байна шүү дээ.
Хотод аж ахуйн байгууллага ихэнх нь хаягаа гадаадаар бичих юм. Үүнээс ажлаа эхлээч гэжээ. Энэ бол бас л яригдаад байдаг сэдэв.Энэ дээр би ажил хийгдэж байгаа гэж бодож байна.
23-р хорооны хоорондох хогийг авах ажлыг зохион байгуулна гэсэн байна. Ханын материалын комбинатын эцсийн буудалд “ОО” бариулна уу гэсэн байна. Энэ бүхэн хотын хэмжээнд шийдчих асуудал баймаар юм. Гэхдээ Ерөнхийлөгчийг сонсооч гэж байх шиг байна. Цэцэрлэг, сургуулийн тоглоомын талбайг үгүй хийнэ гэдэг нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг хийж байгаа хэрэг. Үүнд Улаанбаатарын удирдлага цэг тавь гэж Та хэлж өгөөчээ гэсэн байна. Би хэлж байгаа, дахиад хэлье. Үүндээ цэг тавиарай. Би ноднин уржнан хүртэл хэлж байсан. Одоо хотоо гадагш нь тэлэх хэрэгтэй дагавар хот дээр ажиллая. Манай хөрөнгө оруулагч нар ч ингэж бодож байгаа байх.
Та хувьсгал дууссан 90 онд хийсэн гээд байгаа, энд гадаа байгаа хүмүүс хувьсгал дуусаагүй хувьсгал хийнэ гээд байгаа аль нь үнэн ярьж байна вэ , үүнд хариулаач гэжээ. Ер нь бол хүн бүр өөрийнхөө толгойд хувьсгал хийгээд явах хэрэгтэй шүү. Энэ гол өөрчлөлтөө өөрийнхөө ажил, үйл ажиллагаан дээр хийх хэрэгтэй. Миний харж байгаагаар хувьсгал гээд хүн сольж үздэг, хувьсгал гээд систем сольж үздэг биш, хувьсгал бол эрхийн шилжилтээр шийдэгддэг болсон шүү. Шийдвэр гаргадаг эрхийн лиценз гэдэг шиг тусгай зөвшөөрлийг ард түмэн хэнд өгөх вэ , аль түвшинд барих вэ гэдгээр шийдэгдэнэ. Тэгэхээр орон нутаг руу эрх шилжих энэ асуудал шийдэгдээгүй байна. Энэ дээр бид хувьсгал хийх ёстой гэж бодож байна.
Сая тэр армитай холбоотой армид ажиллаж байсан олон улсууд ярьж байгаа. Би хувьдаа нэг зүйлийг дэмжиж байгаа. 2010 онд Монгол Улсын хэмжээнд гурван аймагт барилга инженерийн ангийг нэмж байгуулсан. Сая хөдөө ажиллаж байхад “манай аймагт байгуулж өгөөч ээ. Энэ цэрэгт явуулдаг цэргээр дамжуулан хүмүүжил авдаг байдлыг дэмжиж өгөөч” гэсэн санал их ирсэн. Би үүнийг маш их дэмжиж байгаа. Энэ талаар Жанжин штабт, Батлан хамгаалах яаманд үүрэг өгсөн. Нэмээд аймгууд батлан хамгаалахаас тавьж байгаа шаардлагыг хангаад газраа гаргаж өгөөд ажиллах хүчнээ бий болгоод ингээд барилга инженерийн ангиудыг нэмж байгуулъя гэвэл үүнийг шийдэх хэрэгтэй. Цаашдаа барилга инженерийн ангид алба хааж байгаа цэргийн хугацааг 2 жил болгосон ч болно. Хил, бусад салбарт алба хааж байгаа нь нэг жил, барилга инженерийн ангид байдаг нь тэндээ сайн мэргэжлээ эзэмшээд тэндээ ахлагч болоод цаашаагаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно. Энэ Монголын бүтээн байгуулалтад арми, эрчүүд идэвхтэй сайхан оролцож байсан, ажилгүй хүмүүсийг ажилтай болгож байсан ийм уламжлал байсан. Дээр нь цэрэгт алба хаасан бол төрийн албанд хамгийн түрүүн ажиллуулдаг бодлого монголд явж байгаа. Төрийн албаны хуулинд энэ тухай заалт байдаг юм. Энэ дээр манай хүмүүс анхаарах ёстой шүү.
Урт нэртэй хууль нэг хүн асууж байсан. Ер нь энэ хуультай холбоотой олон асуудал гарч байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай. Төрөөс асар их хэмжээний нөхөн олговор шаардаж нэг зүйл яригдаад байгаа. Тэр хууль гарахаас өмнө Монгол улсад 20 тонн алт тушаагддаг байсан. Дараа нь 2 ч тонн алт тушаагдаагүй байдаг. Ийм байдал байгаа. Тэгэхээр тэр шаардлага тавиад байгаа нөхдүүд байгаль орчинд учруулсан хохирлынхоо асуудлыг шийдэх хэрэгтэй. Дээрээс нь улсад хэдэн тонн алт тушаасан гэдгийг нь гаргах хэрэгтэй. Ямар татвар өгдгийг аж ахуйн нэгжээр тооцох хэрэгтэй. Тэр аж ахуйн нэгжүүдийг байгальд учруулсан хохирол бүртэй нь тооцох ёстой. Малчин зөвшөөрөөгүй бол бэлчээр дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулдгийг болих хэрэгтэй. Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт орох гэж байна. Хамгийн түрүүнд орох ёстой өөрчлөлт бол тухайн нутагт амьдарч байгаа иргэд дэмжээгүй дэмжээгүй бол одоо ашигт малтмалын хайгуулын лиценз, хайгаад юм олсон ч гэсэн олборлодог тэр тусгай зөвшөөрлийг олгохгүй гэж байгаа юм. Манайх бол хайгуулын лиценз тойрсон хуультай. Ашиглалтын асуудал ерөөсөө байхгүй. Оюутолгойн ашиглалтын лицензийг өгч явуулчихаад хойноос нь гуйж очиж гэрээ байгуулсан шүү дээ. Уг нь тэр ашиглах, ашиглалтын лицензийг 2003 онд өгч байхдаа тэр шаардлагаа тавих ёстой байсан байхгүй юу. Ийм замбараагүй явж ирсэн учраас үүнийг зохицуулъя гэж байгаа юм. Боловсруулалт хийхэд, эцсийн бүтээгдэхүүн хийхэд, бүх түвшинд нь төр зөвшөөрөл өгдөг байх ёстой. Энэ ашигт малтмал гэдэг бол нийт ард түмний баялаг, төрийн өмч гэдэг энэ ойлголтоор явах ёстой. Хайгуулын лиценз өгч байгаа нь зөвхөн чамд хайх эрх өглөө. Ашиглах лиценз өгч байгаа нь зөвхөн ашиглах лиценз өглөө. Борлуулах эрх өглөө гэж байгаа нь чамд борлуулах эрхийг чинь өглөө л гэж байгаа юм. Түүнээс биш төр газар нутгаа худалдаж байгаа тухай ойлголт биш. Ийм байдлаар бид цаашид зохицуулах хэрэгтэй. Цаашид ийм хандлагатай болох шаардлагатай.
Ер нь Монгол ашигт малтмал ашиглах энэ үйл ажиллагаа бол цэгцтэй болох юм байна, бодлоготой болох юм байна, шаардлага нь өндөр болох юм байна, ард иргэдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавих юм байна гэдэг энэ чиглэл рүү орж байгааг хүмүүс одоо ойлгоод аваарай. Дээрээс нь улс төрчид, төрийн албан хаагчидтай холбоотой маш тодорхой сануулга гэдгийг дахин дахин ойлгох ёстой шүү.
Өршөөл уучлалтай холбоотой, шагналтай холбоотой маш их асууж байна. Ерөнхийлөгчийн хувьд уучлал үзүүлэх эрх байдаг. Олон хүмүүс үүнийгээ хуулийн байгууллагын хүмүүстэй зөвлөөд, Ерөнхийлөгчид хандаад шаардлага нь хангагдаж байгаа бол өршөөх уучилах чиглэлийг баримтална. Ер нь өршөөнө, уучилна гэдэг бол хүнд заяах нандин сэтгэл л байх гэж би хувьдаа боддог. Гэхдээ үүнийг зөв зохион байгуулах хэрэгтэй. Зуун хүн энэ асуудлаар ороод гарахад нэг хүн асуудал хөндөхөд л төрийн энэ бодлого цаашид буруугаар ойлгогдох хүндрэл байдаг гэдгийг энд дахин хэлье.
Байртай холбоотой, ажилтай холбоотой, Ерөнхийлөгчийн цохолттой холбоотой бичгүүдийн тухай ярилаа. Ерөнхийлөгчид маш их захидал ирдэг. Байртай холбоотой асуудлаар над руу хандахад би асуудлыг шийдэхгүй шүү дээ. Би Хотын захиргаа руу л явуулдаг. Ажилд оруулаад өгөөч гэж захидал их ирдэг. Би энэ асуудлыг шийдэхгүй шүү дээ. Хариуцсан яам руу нь явуулдаг. Тэтгэмжтэй холбоотой асуудлыг их тавьдаг. Би энэ асуудлыг шийдэхгүй. Тэгэхээр тухайн ажил хариуцсан хүмүүс рүүгээ хандаж байгаарай. Ерөнхийлөгч рүү хандаад шийдэгддэг асуудал гэж байна, шийдэгддэггүй асуудал гэж байна. Та бүхэн хууль дүрмээ сайн судалж үзээрэй гэдгийг хэлье.
ЕТГ-аас өгч байгаа хариу, цохолт бол би танилцаад явуулдаг юм шүү. Тэр бол Ерөнхийлөгчийн зүгээс өгч байгаа хариу. Бид захидал харилцаан дээрээ асар их дэвшил гаргаж ирсэн. Захидал бүхэнтэй танилцахыг байнга бодож байдаг юм аа гэдгийг энд хэлэх нь зөв байх.
Түрүүн саналаа хэлсэн Сүхбаатар гэдэг иргэнээс авахуулаад зургаан байртай холбогдсон асуудлыг яриад байна. ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахдаа улс төрийн түвшинд бүрэн шийдэгдсэн асуудал шүү дээ. Одоо засгийн газар, Төрийн өмчийн хороо холбогдох түвшиндээ шийдэх ёстой. ОХУ-ын зүгээс хоёр Ерөнхийлөгчийн түвшинд яриад хоёр Ерөнхий сайдын түвшинд яриад шийдчихсэн асуудал. Харин ЕТГ-ын дарга Д.Баттулга анхаараад Гадаад бодлогын зөвлөхтэйгөө анхаараад судалж үзэх шаардлагатай зүйл байвал тэнд амьдарч байгаа оршин суугчдын төлөөлөл уулзаад шийд гаргая.
Мөн оюутантай холбогдсон зүйлийг тодруулъя. Түрүүн нэг оюутан хугацаа гэж надаас асууж байсан. Одоо оюутны тэтгэмж, цалингийн тухай хууль энэ ондоо батлагдах юм бол уу? гэж байна. 2011 ондоо 500.000 төгрөгөө өгөөд явах юм. Энэ бол нэг л удаагийн юм. Нэг удаа ийнхүү өгөөд асуудал шийдээд дуусаж байгаа. Бидний санаачилж оруулж байгаа хууль бол байнгын асуудал юм. Тэгэхээр 2011 оны асуудал шийдэгдсэн. 2012 оны төсвөөс саяын хууль хэрэгжиж эхэлнэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Ер нь их дээд сургуульд оюутан хүүхдээ сургана гээд мөнгө төлж байгаа явдал бол тухайн өрхийн орлогод асар их нөлөөлдөг том асуудал шүү. Ядуурал руу, банкинд зээлээ тавьдаг асуудал юм. Тэгэхээр оюутных нь гар дээр сонголтоор нь дамжуулж асуудал шийддэг явдал бол бусад хөгжилтэй оронд ч байдаг, манай улсад ч байх ёстой ийм хэлбэр. Онцгой оюутан, онцгой мэргэжлийг дэмжье гэвэл төрөөс нэмж дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа.
Түрүүн нэг иргэн их чухал асуудал хөндөж байна. Цөмийн хаягдал, ашигт малтмалын тухай. Би түрүүн нэгэнт ярьчихсан. Цөмийн хаягдалтай холбоотой ийм асуудлаар Ерөнхийлөгчийн түвшинд, Үндэсний аюулгүй байдлын түвшинд шийдсэн, ярилцсан нэг ч зүйл байхгүй. Ийм юмыг хүлээж авна гэсэн нэг ч бодлого байхгүй. Би хувьдаа энэ асуудал дээр эсрэг байр суурьтай байдаг хүн гэдгийг энд хэлье. Энэ бол Монголын төрийн түвшинд яригдсан зүйл биш юм шүү.
Мөн нэг иргэн усны асуудал, байгаль орчны асуудлаар маш чухал асуудлуудыг хөндлөө. Ус гэдэг бол асар үнэтэй нөхөгдөшгүй баялаг юм. Ам цангавал алт уухгүй, ус ууна. Хичнээн баян байгаад мянга алт олборлоод, мянга баялаг цуглуулаад яах юм бэ? Тэгэхээр энэ чиглэлд төрийн бодлого гарч хатуу ажиллах ёстой. Тэр гарах гэж байгаа хуулиудад ч тусгах ёстой гэж бодож байна.
120 мянгатын тэнд Алтай констракшн мод унагаад хаячихсан, барилга барина гэж байна гэнэ ээ. Сая Баатарзориг дарга очоод шийдсэн гэж байна. Би бол зөв гэж бодож байгаа. Ингэж 50, 60 жил ургаж байгаа модыг тайрч хаяж байгааг зогсоох хэрэгтэй. Зарим оронд бол тэр өмнө ургасан модыг нь оруулаад архитектур, дизайныг шийддэг, тийм үнэтэйгээр ханддаг. Одоо хэдүүлээ нэг зүйл тохиръё. Аливаа барилга барих гэж байгаа, тоглоомын талбай, тойрон байгаа оршин суугаа хүмүүсийн эрх ашигтай холбоотой бол заавал тэднээс асууж шийдэх хэрэгтэй. Түрүүн нэг хүн онцгой юм хэлсэн шүү. Аж ахуйн нэгжүүд янз бүрийн хүмүүс явуулж дарамтлуулдаг, янз бүрийн гэмт хэрэгтэн, танхайгаараа түрий барьдаг гэж яригдаж байгаа. Тийм нөхдүүдийг явуулж, ард иргэдийг дарамтлуулж байгаа бол энэ бол хуулийн асуудал шүү. Шууд хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Тэгж иргэний эрхийг зөрчдөг асуудал байж болохгүй. Энэ бол чухал, анхаарах шаардлагатай асуудлыг иргэд хөндөөд байна л гэж ойлгож байна. Тэр унагасан модыг нь аж ахуй нэгжээр нь дахиж тариулах хэрэгтэй.
Хотоос гадна гарч барилгаа барь л даа. Хархорин руу очоод барилга барь. Их хуралд энэ барих гэж байгаа байшингаа Хархорин руу бариач. Үндсэн хуулийн цэцийн байшинг хотоос гаргаж барих хэрэгтэй. Ер нь хотоос нүүх боломжтой хоёр гурван зүйл байна. Оюутнууд нүүх боломжтой. Оюутны хотхоныг дэмжих хэрэгтэй. Эндээ оролцъё гээд сая оюутнууд ярьж байна. Дээрээс нь төрийн төв байгууллагууд заавал Улаанбаатар хотын төвд суугаад байх шаардлагагүй. Эхлээд газар бий болгоод, хашааг нь барьж өгөөд “Энд та очиж буу, хотод амьдрах гэж байгаа бол та ийм үүрэг хүлээ, хүлээж чадахгүй бол тэнд оч” гэж иргэнд сонголтыг нь бий болгооч.
Миний нэг сэтгэл зовоодог юм бол, байж байгаад л нэг микро автобусны жолооч, байж байгаад л нэг ТҮЦ, нэг дэн буудлын шалгалт гэж дарамталдаг болж. Энэ иргэд арай гэж боломжоороо хэдэн төгрөг олоод явж байхад нь хот түрүүлж битгий оч оо. Хажуугаар нь шийдмээр олон асуудал байна шүү дээ. Ажлын байр бий болгоод, өөрсдөө нэг амьдралаа аваад явж байна шүү дээ, төрийн оролцоогүйгээр. Б.Цэнддоо бичсэн байсан. Баянхошууны эцэст сууж байгаа, ТҮЦ–тэй, хөдөөнөөс ирсэн малчны тухай. Төр тэднээс 16 мянган төгрөг авдаг байснаа шууд 20 сая төгрөг болгож шийдэж болохгүй шүү дээ. Хотын төвд байгаа тийм дэлгүүртэй хүн бол өөр орлого олж байгаа. Хотын захад байгаа тийм дэлгүүртэй хүн бол өөр л орлого олж байгаа шүү дээ. Байршлаар нь, орлогоор нь асуудалд хандаач. Сая Засгийн газар эргүүлээд энэ хуулиа өөрчилж байх шиг байна. Амьдрал судалж байж асуудал шийд ээ. Би түрүүн хэлсэн, сэтгэл хөдлөлөөрөө, зөвхөн мөнгөнд, төр орлого олдог гэсэн байдлаар асуудал шийдэж ард иргэдийг хохироож бухимдуулаад байдаг аа болиоч.
Төрийн гол үүрэг бол хүний өмнүүр орж, хүний уур хүргэдэг, хүний өмнөөс асуудал шийдэх гэж бүр будлиулж хаядгаа л болих хэрэгтэй. Тийм шийдвэр гаргаснаас гаргаагүй нь дээр байхгүй юу. Тэгэхээр ийнхүү ард иргэдийн зүгээс ирж байгаа асуудал, тавьж байгаа зүйлүүдийг жагсааж бичиж байгаад “За төр одоо юу руу орох хэрэгтэй байна” гэдгээ хар л даа. Би энэ утааны асуудлыг хоёр жил тэвчсэн. Үнэхээр болохгүй болохоор нь орж байгаа юм. Ашигт малтмалын асуудлыг би хоёр жил харлаа, үнэхээр болохгүй болохоор нь энэ хэлэлцүүлэгт өөрөө орж явж байгаа. Яг иймэрхүү маягаар асуудал руугаа харж бай л даа. Тэгээд иргэдийг гомдоогоод байгаа, дийлээд байгаа гэж үзэж байгаа “чадалтай бяртай” тэр нөхдүүдтэй хариуцлага тооцох гэж явах ёстой. Түүнээс биш ядарсан зүдэрсэн, амьдралаараа явж байгаа хөөрхий тэр нэг худалдаа наймаа хийж байгаа, бараа ширхэглэж байгаа тэр хүмүүсийг нүд үзүүрлэдэг биш, шаардлагаа тавиад төрийн зүгээс стандарт тавиад явах ёстой л юм байгаа юм даа.
Түрүүн Адилбиш гэдэг хүн эмнэлгийн тухай асуудал хөндлөө. Одоо манай эмнэлгүүдийн коридорт нь өвчтөн хэвтэж байгаа шүү. Өнгөрсөн жил би төрөх эмнэлгийн тухай асуудлыг ярьж байсан. Бүр болохгүй бол тэр Их тэнгэрийн аманд аваачаад ч барьсан болно шүү дээ гэхэд болохгүй ээ л гээд байсан. Тэр барих газар нь олдсон, одоо эхэлж байх шиг байна.
Манай энэ эрүүл мэндийн салбарт буруу юм гарч ирээд байна. Арав хонуулаад хөөгөөд гаргадаг. 30 хоног эмчилж болдоггүй юм уу, гурав хоногийн эмчилгээ гэж байж болохгүй юу? Гурван жил эмчийн хяналтад байх өвчин гэж байдаггүй юм уу? Би гайхаад байгаа юм. Нэг юм буруу болоод байна. Төрөөс эмнэлгийн бүх үйлчилгээг үзүүлэх гэж урдуур нь орохоо боль. Даатгалынхаа асуудлыг шийдээд, иргэдийнхээ мөнгийг төлөөд бусад нь өрсөлдөөд явдаг тогтолцоо руугаа төр орох ёстой. Энэ нь явахгүй байна. Хэдэн эмнэлгийн дарга нар нь намайг солилоо, тэрнийг солилоо гээд суулт хийгээд, тухайн эмнэлгээрээ дамжуулж ашиг хийгээд байгаа юм шиг ийм замбараагүй зүйл их гарч байна.
Би түрүүн хэлсэн. Төр бол ашгийн хойноос хөөцөлддөг байгууллага биш. Төрийн албан хаагч та цалин авч байгаа. Хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг АТГ-т мэдүүлж байгаа. Тэрнээс илүү ашиг олох гэж байгаа бол төрөөс яв. Улс төрийн албан тушаалаас яв. Тэр чинь цалинг нь аваад ажил хийе гэсэн хүний л ажил. Төр бол мөнгө хийдэг хүний ажил биш юм.
Сая нэг хүн төрийг чихгүй, дүлий гэж хэлж байна. Ингээд чихгүй, дүлий оргиод байхаар л би дахин дахин хэлээд байгаа юм. Үүнийг зүрхэндээ хүртэл ойлгох ёстой. Хамгийн гол асуудал бол улс төрд ажиллаж байгаа хүмүүс үнэлэмжтэй, үнэт зүйлтэй байх ёстой. Үнэт зүйл дээр нь л тэр хүний ажил босдог юм шүү.
Сая нэг иргэн цахилгааны үнийн асуудлаар маш чухал сэдэв хөндөж ярилаа. Цахилгааны асуудлаар, Тавантолгойн асуудлаар Эрчим хүчний сайдуудад үүрэг өгөөд цахилгаан станцаа эхлүүл гэж хэлж байгаа. Судалгаа хийж байгаа, техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа гэж яриад байгаа. Би асуусан юм, хэзээ энэ чинь дуусах юм бэ гэж. Хэдэн жил боловсруулдаг техник эдийн засгийн үндэслэл вэ? Одоо наадахаа дуусга гэж хэлсэн. За дөрвөн сард дуусгана гэж хэлсэн. Дөрвөн сардаа дуусгаад Засгийн газарт танилцуул гэсэн. Засгийн газар нь тендерт оруулна гэсэн. Тэр нь 2-3 сар болдог гэсэн. Тэгээд 7 сард энэ ажлаа эхлүүл гэсэн. Намайг цахилгаан станц барь гээд үүрэг өгөхөд маргааш нь цахилгааны үнийг нэмсэн шийдвэр засаг гаргаж байгаа юм. Энэ ер нь юу болж байна? Би цахилгааны үнийг нэм гэж хэлээгүй. Нэмэх шаардлагатай байж магадгүй. Гэхдээ цахилгаан станцынхаа асуудлыг эхэлж шийдэх хэрэгтэй. Гуравдугаар цахилгаан станцынхаа хажуугаар дөрвийгөө барь. Сая нэг хүн Багануур дээр цахилгаан станц барих ёстой гэж байсан. Зургаа дахь станцаа Багануур дээр барь. Дээр нь Тавантолгой, Оюутолгойгоо хангах цахилгаан станцаа одооноос эхлүүл. Одоо дизель шахдагаа боль. Олон жил хангалттай шахлаа. Ажлаа хий. Шивээ-Овоо дээр цахилгаан станцын тухай асуудал яригддаг. Түүнийгээ эхлүүл.
Манай иргэд хүүхэд, ахмадуудын асуудал тавьж байна. Би нэг зүйлийг боддог. Ер нь Монголын төр ажлаа хийгээд, хийх ёстой үүргээ гүйцэтгээд гавъяаныхаа амралтанд гарч байгаа ахмадуудаа хамгийн түрүүнд халамжилж байх ёстой. Ахмад хүн халамжилна, дэмжинэ гэдэг бол буян. Төрд ажиллаж байгаа хүн гурван зүйл дээр анхаарал хандуулж байх ёстой гэж би боддог. Ахмад хүний үгийг сонсож байх ёстой, ахмад хүний халамж шаардлагыг биелүүлж байх ёстой. Нөгөө нэг зүйл нь эрх үүргээ бүрэн хэрэгжүүлэх чадваргүй байгаа хүүхдүүдээ халамжилж байх ёстой. Энэ хоёр дээр онцгой анхаарч байх ёстой. Гурав дахь зүйл нь байгаль орчноо хайрлаж байх ёстой. Зөв зүйл хийнэ гэдэг бол буян юм.
Сая нэг хүн би огт хаяггүй хүн гээд саналаа хэлээд, оролцож байна. Би их баярлаж байна. Ийм хүний үгийг хүртэл сонсох хэрэгтэй. Ерөнхийлөгч уулзалт хийнэ гэсэн гээд орж ирээд үгээ хэлж байна шүү дээ. Огт хаяггүй явуулж байгаа нь төрийн буруу байх. Гэхдээ бид үгийг нь сонсох хэрэгтэй. Хүүхдээ тэнүүлж байна. Траншейнд хонуулж байна. Бид үүндээ ичих ёстой. Эндээс эхлээд боломжтой хүмүүс энд анхаарах хэрэгтэй. Тэр хүүхдүүд тийм олон байсан. Гадагшаа гараад явчихав уу? Шорон оронд явчихав уу? Хаана байна гээд асуугаад байна зарим хүн. Би энд санаа зовдог. Би хүүхдийн байгууллагаас тоог нь гаргуулж авч байгаа. Ер нь хүүхдийн мөнгө зэрэг хүчин зүйлсээс болоод эцэг эхчүүд нь хүүхдээ буцаагаад авдаг гадна дотно орхидоггүй болоод эхэлсэн л дээ. Хэдэн жилийн дараа Монголд тэнэмэл хүүхдийн тухай ярихаа болих хэрэгтэй. Ер нь нийгэмд амьдарч чадахгүй, ажил төрлөө олж чадахгүй, ажилгүй, хаяггүй гээд явж байдаг хүмүүс байдаг. Гэхдээ энд зориулсан боломж, дэд бүтэц нийгэмд байдаг.
Саяхан нэг настан хэллээ. Тос боловсруулах үйлдвэртэй хажуугаар нь байрны зээлтэй, өгөхгүй байна гээд. Ийм зүйл хийгээд үйлдвэртэй, ажиллая гэж байгаа хүнд зээлийг нь өгөөч. Бэлэн мөнгө амлаад байгаа учраас зээл нь бүтэхгүй байгаа юм. Барьцаагүйгээр зээл өгдөг нь 30 тэрбумд орсон гээ биз дээ. Нийслэлд 100 тэрбумаар нь мөнгө өгсөн. Ноднин 120 гаруй тэрбумын хөрөнгө оруулалттай байсан. Энэ жил төсвөөс гарч байгаа хөрөнгө оруулалт нийлээд 220 тэрбум болж байгаа. Ийм их хэмжээний мөнгө гарч байна. Ийм их хэмжээний ажил гарч байна шүү дээ. Энд би зөвхөн хөрөнгө оруулалтын тухай ярьж байна. Нийслэлд оруулдаг хөрөнгө оруулалтын хэмжээ 2-3 жилийн дарааг 1990 онд байсан улсын төсвийн хэмжээний мөнгө болох гэж байна. Ийм сайхан боломжууд бий болж байна. Хүмүүсээ ажлаар нь хангадаг энэ ажлыг хийж байх ёстой.
Цаазтай холбоотой асуудлаар сая нэг хүн асууж байна. Би нэг л зүйлийг хэлдэг. Ийм ял байхаар нэг талаар улс төрийн зорилгоор ашиглагдаад явдаг сургамж бий. 1937 онд бид 27 мянган хүнээ цаазлуулсан. Тэр үед цаазыг халчихсан байсан бол арай өөр ял аваад хэдэн жил шоронд суугаад гарах л байсан байх. Тухайн үеийн бидний нийгмийн өнгө болсон гайхамшигтай хүмүүс тэгж амь насаа алдсан. Энэ ялыг гадны хөрш том орнуудын ашиг сонирхолд ашигладаг. “Энийг цаазлаад өг” гэж зарим хүмүүс хашгираад байгаа юм. Яг цаазалдгийг нь та мэдэж байгаа юм уу? Хүн хэрхэн цаазалдгийг нь та харсан юм уу? Энэ бол улсын нууцлалд ордог маш чухал зүйл л дээ.
“Цаазаар авахуулсан хүн аль шороон доор байна надад зааж өгөөч би хүүхдээ зүгээр очоод нэг хийморийн сан тавьчих гэсэн юм” гэж хүн ханддаг юм. Тэгэхээр Ерөнхийлөгчид энэ асуудлаар хоёр өөр зовлонтой хүн хандаж байгаа юм. Нэг нь миний хүүхдийн амь насыг хөнөөчихлөө, амь насыг нь амь насаар солиод өгөөч гэж ханддаг. Яг тэр хүн хөнөөсөн үү үгүй юу гэдгийг шударгаар тогтоож чадаж байгаа юу гэдэгт би болгоомжтой ханддаг. Одоо чинь өнгө мөнгөний нийгэм шүү. Нэг хүн гэмт хэрэг үйлдчихсэн байдаг, том гэмт хэрэг, том аллага янз бүрийн юм болдог, гэтэл мөнгөтэй хүний өмнөөс ядуу хүний хүүхэд хэрэг хүлээвэл яах вэ? Ядуу хүний хүүхэд очоод буудуулчихсан байвал яах вэ? Манайд өнөөдөр хуулийн байгууллага хэргийг тулгаж хүлээлгэдэг, ядуу хүний хүүхэд хэрэг хүлээгээд явдаг гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ.
Тэгэхлээр хүн алж шийтгэхдээ гол нь биш, гэмийг олж шийтгэхдээ гол нь байгаа юм. Гэмийг олох чинь л шударга ёс юм. Түүнээс хүнийг алах нь гол биш. Ер нь төрсөн л бол үхдэг шүү дээ. Хатуу чанга дэглэмтэй шоронд хүн 30 жил даадаггүй дээд тал нь 12 жил болоод үхдэг гэж байна. Хэрвээ шүүх буруу шийдсэн бол 12 жилийн дараа жинхэнэ эзэн нь олдвол яах вэ? Орост тийм явдал болсон. Хүн амины хэргээр 3 хүн цаазалсны дараа 4 дэх нь жинхэнэ гэмт хэрэгтэн байсан. Ийм аюул байгаа. Хүн л ажиллаж байгаа учраас алдаа гардаг. Тэгэхээр цаазын ялыг гяндан болгож өөрчилж, насаар нь хорих ялаар сольж байгаа байхгүй юу. Гянданд гав гинжтэй суудаг, тэрийг даадаггүй гэсэн. Одоо бол цаазыг байхгүй болгох нь зөв. Шүүхээ шударга болго, юмыг зөв шийддэг бол. Үр хүүхэд нь аймшигт араатны гарт өртсөн хүмүүс, гэр бүлийн өмнөөс миний элэг эмтэрч явдаг. Гэхдээ энэ цооорхойгоор улс үндэстний шударга ёс гоожиж болохгүй.
Гадаадаас ажиллах хүчний зөвшөөрөлтэй аж ахуйнуудын талаар ямар арга хэмжээ авах вэ гэж байна. Ер нь ажил хариуцаж байгаа хүмүүс ажлаа сайжруулж, байнгын тооллого хийдэг байх хэрэгтэй. Гадаад иргэд хөдөлмөр эрхэлнэ гэж орж ирээд, янз бүрээр хийдүүлээд, хуйвалдаад явдаг, 100 хүний эрх авчихаад 300 хүн ажиллуулаад дундаас нь завшиж байна гэсэн юм сонсогдоод байгаа. Энэ дээр хуулийнхан анхаарах ёстой. Иргэдийн өмнө тухайн албан тушаалтан тайлангаа нээлттэй тавих ёстой. Ерөнхийлөгч нээлттэй ажиллахыг хичээж байна, бусад нь бас тэгж ажиллах хэрэгтэй.
Таны уулзалтад яагаад хотын дарга байхгүй байна вэ гэсэн байна. Түрүүн Д.Баттулга дарга хэлж байсан, гадаадад айлчлалтай явж байгаа, иргэдийн хурлын дарга өвчтэй гэсэн. УИХ-ын хэдэн гишүүн ирсэн бэ гэж асуусан би тоолсонгүй. Лу.Болд, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Х.Тэмүүжин, Ц.Шинэбаяр, Б.Батбаяр, С.Бямбацогт нар харагдаж байсан. Байсанд нь баярлалаа. Байгаагүй нь миний энэ ярьсан асуудлыг тв-ээр хараад тэмдэглэл хөтлөөд сууж байгаа гэж ойлгож байгаа.
2000 онд Үндсэн Хуульд өөрчлөлт оруулсан тухай асуусан байна. Ер нь бол олон хүн тэр өөрчлөлтийг сайжруулна гэж оруулж байсан, одоо бол “дордуулсан долоон зүйл” гэдэг болсон байна. Би тэр өөрчлөлтийг хийх нь зөв гэдэг итгэл үнэмшилтэй явж байсан. Одоо харж байхад дордуулсан юм харагдаж байгаа. Ямар ч байсан 2 зүйл өөрчлөх шаардлагатай байсан юм байна. УИХ олонхоор эрх авдаг байсан мөртлөө, дийлэнх олонхоор ирц бүрддэг байсан, тэгээд төрийн алба гацаадаг байсан. Тэгэхээр олонхоор эрх авдаг, олонхоор ЗГ байгуулдаг зарчим зөв байсан. Дээрээс нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг ялсан нам нь оруулаад ирэхээр буцаадаг, 7 удаа буцааж байсандаа, тэрийг зохицуулсан нь Ерөнхийлөгчийн эрхэнд халдсан мэт боловч, улстөрийн үйл ажиллагаанд тээг болоод байсан. Бусад таван өөрчлөлтийн тухай бол хэрэггүй өөрчлөлт өө. Ер нь тэр 7 оо эхлээд хүчингүй болгочихоод, тэгээд Үндсэн Хуулинд ямар дутагдал байна гэдгээ судалгааны үндсэн дээр засаж болно оо.
Иргэний танхимаа орон нутагт, дүүрэгт ажиллуулж өгөөч гэж байна. Энэ бол их зөв асуудал. Зөвхөн танхим очих биш хороо багийн хурлаа ингэж хийдэг бол оо гэж байгаа, иргэд өөрсдөө энийг хийгээд өргөжүүлээд аваад явах хэрэгтэй.
Гадаадад байгаа иргэд саналаа өгдөг байхыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа.
Хөдөө явж ажиллаж амьдрах уугуул нутагтаа шилжин суурьших айл өрхийг дэмжиж тэтгэлэг өгч болох уу гэж байна. Энэ их зөв санаа гаргаж байна. Улаанбаатараас нүүе гэж байгаа иргэдээ сайхан бүртгэж аваад, наад зах нь нүүх зардлыг нь гаргаад хуулинд оруулж болно шүү дээ. Улаанбаатараас явж байгаа иргэдийнхээ асуудлыг ингэж шийдэж болно. Улаанбаатарт хүн нэмж авах зай байхгүй. Улаанбаатарт амьдрахад амьдралын өртөг нь өндөр байх ёстой. УИХ дээр бүсийн нэмэгдэл гэж ярьж байгаа. Алслагдсан аймагт амьдарч байгаа хүмүүс амьдрал нь хэцүү болоод мал нь дуусаад наашаа нүүгээд байдаг. Одоо хөдөө орон нутагт ажиллахад арай илүү цалин авдаг, арай илүү тэтгэвэр авдаг, тэнд очиж байгаа барааны нэмүү өртгийн татвараас чөлөөлж өгдөг, аж ахуйн нэгж байгуулсан бол тодорхой хугацаанд татвараас чөлөөлдөг байх юм бол хүмүүс хөдөө орон нутагт явна. Энэ асуудлуудыг дагуулж шийдэх хэрэгтэй.
Амьдрал баян учраас хоёр жилийн өмнө миний харж байснаас өнөөдрийн монголчуудын шийдэх шаардлагатай цоо шинэ их олон асуудлууд гараад ирж байна. Миний бүрэн эрх бол хугацаатай. 4 жилийн хугацаагаар сонгогдсон. Энэ хугацаандаа Монголын ард түмний өмнө тулгамдаж буй хамгийн хэцүү асуудлуудыг барьж аваад шийдэх юмсан. Ерөнхийлөгч өөрийн хуультай байдаг учраас би яриагаа эхлэхдээ хэлсэн 6 зүйлийн төлөө тууштай ажиллаж байна. Дүүргүүд, нийслэл, засаг дарга нарт бүгдэд нь хийх ёстой ажлууд их байна. Бүх газрууд ажил ажлаа хайрцаглаж хараад тулгамдаж байгаа асуудлуудаа шийдээд явчихвал их зүгээр байгаа юм.
Энэ удаад миний иргэдтэй уулзсан хамгийн урт уулзалт боллоо. Таван цаг болсон байна. тэвчээртэй суусан та бүхэндээ их баярлалаа. Миний монголын заяа мандан бадраг.
''Сонин мн"