2011-04-20…“Дугуй авч өгсөн аавдаа хайртай шүү. Хааяа л загнаж байгаарай”,
“Ээжид минь гоё бэлэг авч өгсөнд баярлалаа. Тандаа хайртай шүү”, “Архи уухаа больсонд хүү нь баярлаж байгаа шүү”, “Хаалга нь онгойдог машин авч өгсөнд баярласан шүү, аав аа”…. Цэцэрлэгийн жаалууд аавдаа ийм захиа дайжээ.
Томчууд бидний бодоогүйг бодож, анзаараагүйг анзаарчихсан явдаг, ээ дээ, энэ хүүхдүүд үү. Нийслэлийн Баянгол дүүргийн улсын тэргүүний 66 дугаар цэцэрлэгийн багачууд аавуудын бая раар хүслийн мод зурж, мөчир бүрт нь өөр өөрийн үгээ дайж, аавдаа хаягласан нь энэ аж. Цэцэрлэгт явах ямар вэ гэж хүүхдүүдээс асуухад “Гоё” гэж нэгэн дуугаар хариулна. Асуулт тавихаар “Би би” гэж гараа өргөнө, цовоо гэгч нь хариулна. Дуулж бүжиглэнэ, гимнастик хийнэ, бусадтайгаа тоглоно. Албаны жаалуудад амсхийх зав алга аа. Гэртээ уйдаж суугаа хүүгээ тэдэнтэй харьцуулсан чинь өрөвдөх ч шиг.
Аав ээжийгээ ажлаас орой ирэхэд нь татаж, чангааж байж хааяа хамт тоглоно. Өдрийн уртад эмээтэйгээ гэр сахина. Дүүтэй болсон биш ээж нь эрхлүүлэхээ больсноор барахгүй “Дүү нь унтаж байна, чимээгүй бол, тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй” гэж сав л хийвэл загнадаг болсон билээ.
Цэцэрлэгт зургаан төрлийн хичээл заадаг
Цэцэрлэгийн багачууд “гэрийн” жаалуудаас юугаараа давуу вэ гэдгийг мэдэхээр Баянгол дүүргийн тэргүүний 66 дугаар цэцэрлэгийг саяхны нэг өдөр зорьж очсон юм. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Сурнаа биднийг уриалгахан хүлээн авч цэцэрлэгээ танилцуулсан. Эднийх зургаан бүлэгт элсэлт авдаг бөгөөд дөрвийг нь 2-3 насныхан эзэлдэг гэнэ. Гурав хүртэлх насныхан түлхүү эзэлж байгаа шалтгааныг эрхлэгч сүүлийн жилүүдэд төрөлт их байгаатай холбож тайлбарласан.
Цэцэрлэгт хэл яриа, математик, биеийн тамир, дүрслэх урлаг, харилцаа, хөгжим гэсэн зургаан төрлийн хичээл заадаг ажээ. Мэдээж хэрэг нас насны онцлогт тохируулж, бүлэг тус бүр нь ялгаатай хөтөлбөртэй гэсэн. Энэ хичээлийн жилээс цэцэрлэгийн сургалтын хөтөлб өрт нэгэн шинэлэг зүйл нэмэгдсэн нь хөгжүүлэх хичээл юм. Хүүхэд бие дааж хөгжих боломжийг олгох зорилгоор өнгөрсөн хичээлийн жилээс туршилтаар, энэ хичээлийн жилээс албан ёсоор багачуудад ийм хичээл орох болжээ. Нийт хичээлийн цагийн 40 хувийг үндсэн хичээл, 60 хувийг нь хөгжүүлэх хичээл эзэлдэг аж.
Багш цасны тухай хичээл заалаа гэж бодоход энэ талаар нэмж дэлгэрүүлж, хүүхдүүдээр өөрсдөөр нь яриулах зэргээр бие даан сурах боломжийг нь илүү бүрдүүлдэг болсон талаар Ж.Сурнаа эрхлэгч ярьсан юм.
Хамт олны дунд байгаа хүүхэд хурдан нийгэмшдэг
“Цэцэрлэгт явдаг хүүхдүүд гэртээ байгаа хүүхдүүдээс мэдээж илүү хөгждөг. Дунд сургуулийн бага ангийн багш нар хэлдэг юм билээ.
Цэцэрлэгт явж байсан хүүхэд сурах чадвараас өгсүүлээд ой тогтоолт, анхаарал төвлөрөх чадвар гээд бүх талаараа гэрт байсан хүүхдээс илүү төлөвшчихс өн ирдэг гэж байсан. Хэл яриа хэл нь зүгширчихсэн, өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай, илүү нээлттэй байдаг. Харин гэртээ байсан хүүхдийн сул тал нь өөрийгөө илэрхийлэх чадвар муу, ичимхий, бүрэг. Сургуульд ороход бэлтгэгдээг үй байдаг. Сургуульд орно, хичээл үзнэ гэсэн сэтгэл зүйн бэлтгэлийг хүүхдүүд цэцэрлэгт авдаг” хэмээн 66 дугаар цэцэрлэгийн багш нар ярив.
Цэцэрлэгийн хүүхдүүд чаддаг байсан ч, чаддаггүй байсан ч “Би, би” гэж гараа өргөдөг бол гэртээ байдаг хүүхэд мэддэг зүйлээ ч зоригтой хэлж чаддаггүй гэнэ. Хамт олны дунд байгаа хүүхэд маш хурдан нийгэмшдэг. Хоорондоо маш сайн харилцдаг.
Олны санал дээр өөрийнхөө саналыг нийлүүлдэг. Хамт олонч хүмүүжилтэй байдаг. Тэгвэл цэцэрлэгт явдаггүй нөхдүүд, ялангуяа айлын ганц хүүхэд авна гэсэн зүйлээ авч байж л санаа амардаг муу талтай байдаг шүү дээ.
Цэцэрлэгт хүмүүжсэн хүүхэд сайн аав, ээж болдог
Цэцэрлэгт хүмүүжсэн хүүхэд сургуульд ороод онц сурч, насанд хүрсэн хойноо ч ажил, амьдралдаа амжилт гаргадаг гэж Харвардын их сургуулийн эрдэмтэн Жон Фрийдман нотолж байна. Тэрбээр Стэнфорд, Оксфорд зэрэг нэр хүндтэй их сургууль төгссөн 12 мянган хүнийг хамруулсан судалгаагаар үүнийг баталжээ.
Багадаа олж авсан тэр хүмүүжил нь амжилт гаргахад нөлөөлөөд зогсохгүй гэр бүлээ зөв төлөвлөж, сайн эцэг, эх болоход нь тусалдаг гэнэ. “Цэцэрлэгт дор хаяж хоёр жил хүмүүжсэн хүүхэд том болоод их сургуульд орох магадлал хоёр хувиар өсдөг” хэмээн Фрийдман хэлжээ.
Цэцэрлэгийн эрхлэгч нар ч үүнийг баталж байна. Цэцэрлэгт байхаасаа хүүхэд юунд илүү авьяастай вэ гэдэг нь тодордог аж. Мундаг, дуучин, бүжигчин болсон жишээ ч цөөнгүй бий. Авьяасаа нээхэд нь цэцэрлэгийн багш нь тусалдаг байна. Харин гэртээ байгаа хүүхдэд тийм боломж хомс.
Том болоод цэрэгт явна
Баянгол дүүргийн тэргүүний 66 дугаар цэцэрлэгийн ахлах бүлэгт хүмүүжиж байгаа жаалуудын яриаг танд хүргэе.
-За нэрээ хэлээрэй, хэн хэн гэдэг вэ?
-М.Мөнгөнболор, С.Эрдэмт өгс, Б.Чингүүнээ, М.Эрхэс.
-Цэцэрлэгт юу сурч байна, юу заадаг вэ?
-Шүлэг, дуу, хичээл, биеийн тамир заадаг.
-Их олон юм заадаг юм байна. Та нар ямар хичээлд илүү дуртай вэ?
-Зургийн хичээл, биеийн тамир, дууны хичээлд дуртай.
-Та нар дүүтэй юү?
Бүгд: -Дүүтэй.
С.Эрдэмтөгс: Манай Хүслэн дүү хоёр настай. Манай цэцэрлэгт явж байгаа.
-Дүүдээ сурсан зүйлээсээ зааж өгдөг үү?
-Баавгайны дуу зааж өгсөн.
-Та нар сонинд зурагтайгаа гарна. Аав ээждээ юу гэж хэлэх вэ?
Б.Эрхэс: Би ээждээ баярын мэнд хүргэе бодож байна. Бас аавдаа хайртай шүү.
Б.Чингүүнээ: Би аав, ээждээ зөндөө их хайртай. Бушуухан том болоод…
-Бушуухан том болоод яана гэнэ ээ?
-Цэрэгт явъя гэж бодож байна, би.
-Яагаад цэрэгт явна гэж?
-“Тусгай салаа”-нд гардаг шиг гоё цэрэг болно.
М.Мөнгөнболор, С.Эрдэмтөгс: Ээж, аавдаа хайртай шүү гэе.
Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нь хүүхдүүдийн том эрсдэл
Цэцэрлэгийн эрхлэгч Ж.Сурнаагаас энэ үеэр цөөн асуултад хариу авсан юм.
-Танай цэцэрлэг тойргийнхоо хүүхдүүдийг бүрэн хамруулж чадаж байна уу?
-Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтын талаар төр засаг, яам тамгын газраас үе шаттайгаар төсөл хөтөлбөр явуулж байгаа.
Тэгсэн мөртлөө бүрэн хамруулж чадахгүй л байна. Энэ нь олон шалтгаантай. Сүүлийн 20 жил цэцэрлэгийн барилга бараг баригдаагүй. Орон сууцны хороолол хаа сайгүй баригдаад байгаа боловч тэнд цэцэрлэг, сургууль байгуулахаа больсон. Зах зээлд шилжихэдясли, цэцэрлэгийн жижигхэн хөөрхөн байруудыг өөр зориулалтаар ашигласан. Нийгмийн даатгалын газар, татварын газар орсон байх жишээтэй. Хоёрдугаар шалтгаан бол сүүлийн үед гэр бүл төлөвлөлт маш эрт болсон. Төрөлт залуужиж байгаа.
Тийм болохоор цэцэрлэгүүд ачааллаа дийлэхгүй байна. Саяхан би “Хүүхэд насаа хайрлая” нэртэй зөвлөлгөөнд суулаа л даа. Хүүхдэд тохиолдох эрсдэл сэдвээр ярьж байсан. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа нь хүүхдүүдийн хувьд том эрсдэл мөн биз дээ, тийм үү.
-Танай цэцэрлэг хэдэн хүүхдийн багтаамжтай вэ?
-Манайх ердөө л 180 хүүхэд авах багтаамжтай. Тэгсэн мөртлөө би намар 230 хүүхэд бүртгэж авсан. Зургаан бүлгийн дөрөв нь бага бүлэг. Тэгэхээр төрөлт ямар байгаа нь мэдэгдэж байгаа биз. Хоёроос гурав хүртэлх насны хүүхдүүд гурван бүлгийг нь эзэлж байна. Манайх хоёрдугаар хорооны хүүхдүүдийг авдаг. Гэтэл нэгдүгээр хороонд цэцэрлэг байдаггүй.
Манайтай ойрхон Төмөр замын ганц цэцэрлэг бий. Ажилчдынхаа хүүхдийг л авна гэдэг. Тэгсэн мөртлөө замын урд талын 70, 69, 68 байрууд манайтай ойрхон гээд хүүхдээ өгнө гэдэг. Цэцэрлэгийн хүртээмжийн асуудал маш хэцүү байдаг.
Хөндлөнгийн хүмүүс сайн мэдэхгүй байх. Өчигдөр хүртэл нэг хүн “Би хүүхдээ хоёр настайгаас нь эхлээд танайд өгье гээд чадахгүй явна” гэж уйлж орж ирсэн. Их өрөвдөлтэй. Дөрвөн настай хүүхдээ цоожлоод явдаг, өдөр цайны цагаар эргэчихээд явж байна гэсэн. Гурван настай ангид орон тоо бараг гардаггүй. Гэсэн ч “Аваад ир дээ, яаж ийгээд авъя” гэсэн. Гэх мэтчлэн их зовлонтой. Цэцэрлэгийн тоог нэмэх шаардлагатай байна. Цэцэрлэг шинээр барих хэрэгтэй.
-Зургаан настнуудыг сургуульд элсүүлэхтэй холбоотой цэцэрлэгт ямар нэгэн бэрхшээл тулгарсан уу?
-Зургаан настай хүүхдийг сургуульд оруулахтай холбоотой төр засаг, яамны зүгээс сургуулиудыг ихээхэн анхаарсан. Бага насны хүүхэд авахад бэлэн үү, ширээ сандал нь хэр байна гээд. Гэтэл цэцэрлэгийн хувьд зургаан настай хүүхдүүдээ явуулаад таван настай хүүхдүүд бэлтгэл анги болж дэвшсэн. Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн ширээ сандалд стандарт гэж байдаг.
Зургаан настай хүүхдүүдийн сууж байсан ширээнд таван настай хүүхдүүд суух гэхээр таардаггүй. Нас байтугай сараараа хүүхдүүд ялгагддаг. Түүнийг Боловсролын яам орхигдуулсан. Бид яахав бор зүрхээрээ л явж байна. Заримыг нь тааруулаад засаж янзлуулсан.
Ё.Отгонбаяр сайд аа, салбар хариуцсан сайдын тань хувьд онцолж танаас асуумаар байна. Нийслэл хотын багачууд гэртээ биш, цэцэрлэгт хүмүүждэг болох цаг хэзээ вэ? Хүүхдүүдэд цэцэрлэгийн хүртээмж үнэхээр хангалтгүй байгаа.
Эмээтэйгээ гэр сахиж, гадуур тэнэж, аав ээжийнхээ ажил дээр өнжиж, зарим нь бүр гэртээ цоожлуулж байна. Дуртайдаа биш, ямар ч аргагүйдээ хүүхдээ ганцааранг нь түгжчихээд ажилдаа явж байна, аав ээжүүд. Та мэдээж үр хүүхэдтэй л байх.
Таны хүүхэд тохилог саруулхан, гоё цэцэрлэгт явдаг болохоор та зовлонг нь ойлгохгүй байж болох юм. Цэцэрлэгүүдээр очоод үзээч гэж танаас хүсмээр байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 70 хувьтай болоод байна гэж том тоо хэлж суухын оронд бодит амьдрал дээрээ ямаршуухан байгааг цэцэрлэгийн эрхлэгчдийн амнаас сонсоосой. Би лав хүүгээ гэрт нь түгжмээргүй байна.
Г.Оюун
"Өнөөдөр"