ойлголттой явсан үе бий. Гэтэл тийм биш ажээ. Дөнгөж төрсөн хүүхдийг саяхан үйлдвэрээс гараад гялалзаж яваа машинтай зүйрлэмээр санагддаг. Гэвч энэ зүйрлэлд эргэлзэх болов. Төрөл бүрийн хорт хавдартай, нуруу нугасны хүнд өвчтэй, Монголд эмчлүүлэх боломжгүй гэсэн хүүхэд ямар олон болоо вэ.
Хүнд өвчтэй хүүхдээ өндөр хөгжилтэй оронд эмчлүүлэх гэж тусламж гуйсан мэдээлэл телевиз, сонинд даанч их гарах болжээ. Өвчтэй хүүхдийн шаналангуй төрх, ээж, аавынх нь өрөвдмөөр гуйлт. Тэднийг хараад сэтгэл өвдөвч тусалж чадахгүйдээ гутарна.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн ширээн дээр ийм гачлан тоочиж мөнгө төгрөг гуйсан өргөдөл хэдэн мянгаараа өрөөстэй байдаг байх даа. Дөнгөж төрсөн хүүхдэд өвчтэйн зовлон байхад залуу хийгээд дунд насныхан ямар явдаг нь ойлгомжтой биз ээ.
Өвчлөл сүүлийн үед огцом ихэссэнийг ойр дотнын ах дүүс, хэзээ ч орсон бараан зах лугаа оволзох улсын эмнэлгүүдийн ачаалал гэрчилнэ. Ачааллаа дийлэхг үйдээ аргаа барж Улсын клиникийн төв эмнэлэг ажлын цагаа уртасгасанд хүмүүс талархаж байна.
Монголд өвчлөл үнэхээр хавтгайрчээ. Анагаахын дээд сургуулийг 1980-аад оны сүүлчээр төгссөн залуухан эмчийг Хавдар судлалын төвд хуваарилжээ.
Өвчлөл багатай учир эмч, ажилчид нь хийх ажилгүй шахам байсан энэ эмнэлэгт томилогдсондоо залуухан мэс засалч баахан сэтгэл дундуур. Харин 10 жилийн дараанаас үйлчлүүлэгч эрс нэмэгдэж, өнөөдөр ачааллаа дийлэхгүйд хүрчээ.
Эмнэлгийн хонгилоор өвчтөнүүд шахцалдах нь холгүй хөлхөлдөж, өөрийнх нь хариуцдаг тасагт өдөрт арваад хүн мэс засал хийлгэж байна. Хорт хавдраар зогсохгүй бөөр, зүрх, мэдрэлийн өвчин гээд тэр гэж тодотгохын аргагүй өвчин хавтгайрлаа. Засгийн газраас “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлсэн ч сүржин эхэлсэн энэ ажил даржин төгссөн. Иргэдэд зонхилон тохиолдох өвчнүүдээс сэргийлэх сурталчилгаа явуулах нь эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээний ажлын нэг хэсэг байсан. Гэсэн ч нэр төдий энэ ажил иргэдэд сүйдтэй тус хүргэсэнгүй бид өвчтэй Монголыг улам бататгасаар.
Монголчууд угаасаа эрүүл саруул ард түмэн байсан гэвэл үгүй. Харанхуй бүдүүлгээсээ болж ардын хувьсгалын өмнөх, хойших үед халдварт өвчинд дарлагдаж байв. Эрүүл мэндээ яаж хамгаалахаа мэдэхгүй цаг үед амьдарч байсан тэдний буруу биш. Харин одоо бол өөр. Эрүүл мэндээ өөрөө хариуцдаг ардчилсан нийгэмд амьдарч буйгаа манайхан таг мартчихжээ. Бүх өвчин хоолтой холбоотой үүсдэг. Хоолоо л биедээ тохируулж хэрэглэвээс өвчнөөс айх хэрэггүй юм. Мөн хүн амын дунд, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг монгол хэл, математикийн адил зааж эхэлье.
“Шүдээ угаа, гараа угаа. Эмнэлэгт үзүүлж бай, биеийн жингээ үзэж бай” гэдгээс эхлээд хүүхдүүдээ эрүүл аж төрөх соёлд сургамаар байна. Хүн төрлийг олсон л бол мөнхийн рашаан уусан мэт явдаг монголчуудын нийтлэг байдал хөмөрсөн тогоон доторх шиг харанхуй бүдүүлгийн шинж билээ.
Ж.Хайрулла: Монголчуудын өвчлөлийн гурав дахь үе ирэд байна
Монголд өвчлөл ийн газар авсныг ахмад эмч нар хэрхэн тайлбарлахыг сонслоо. П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн зөвлөх, ардын эмч Ж.Хайруллагаас энэ талаар асуусан юм.
-Хүн амын дунд өвчлөл газар авсан нь таны бодлоор юутай холбоотой бол?
-Монгол хүмүүсийн өвчлөлийг гурван үе болгон хувааж болно. Нэгдүгээр үе 1938-1945 он. Тэгэхэд би Улаанбаатарт дөнгөж ирж байлаа. Гудамжаар хоёр хүүхэд хөтөлсөн эх ховор харагддаг байв. Хаа нэг ганц, хоёр хүүхэд хөтөлсөн ээж харагдах жишээтэй. Тэгэхдээ тэдний аль аль нь их цөөн. Тэр юутай холбоотой вэ гэвэл төрөлт ч бага байсан. Нялх нярайн үхэл ч өндөр, өвчлөл ч их байсан үе.
Хамар дээрээ алгын чинээ хар булигаар наачихсан хүмүүс Улаанбаатарт их олон явдаг байлаа. Өнөөгийн Барилгачдын талбайн зүүн талд Улаанбаатарт ганцхан Төв номын сан байсан. Тэр номын сангийн үүдэнд олон хүн оочирлодог. Тэнд улаан тариа хийдэг байсан юм. Их Нацагдоржийн “Хайран хамар” өгүүллэг ч үүнээс гаралтай. Тухайн үед монголчуудын дундаж нас 48-49, 50-52 гэж ярьдаг байлаа. Хувьсгалын дараах тэр цаг бол монголчуудын эрүүл мэндийн нэгэн үе.
-Хоёрдугаарх нь аль цаг үе байв?
-1950-60-аад оны үе. Энэ үед ЗХУын тусламжтайгаар Монголд тархсан нийгмийн халдварт өвчнийг устгах арилгах үе байлаа. Арьс өнгөний өвчин, сүрьеэ. Би сүрьеэ өвчний нэг бригадыг, арьс өнгөний өвчний нэг багийг ахалж ажилласан. Бид 1958 он гэхэд ажлаа дуусгасан. ЗХУ-ын олон мэргэжилтэн монгол эмч нартай баг болоод явж байлаа. Энэ ажил чанартай болж арьс өнгө, сүрьеэ өвчнийг газар нутаг дээр нь илрүүлээд эмчилж, тодорхой үр дүнд хүрсэн. Харин өнөөдөр өвчлөлийн гурав дахь үе нь болчихоод байна.
1990-2010 оны завсрын үе юм даа. Энэ үед өвчлөлийн шинэ хэлбэрүүд гарсан, хуучин үгүй болсон өвчин дахин дэлгэрсэн. Бидний дарж байсан сүрьеэ өвчин элбэг боллоо. Саяхан манай эмч нарын “Алтан чагнуур” гэдэг чуулга уулзалт боллоо. Түүн дээр би эмч нарт сануулж л байлаа. “Сүрьеэ өвчин Улаанбаатарын гудамжаар, агаарт нисэж хийсэж явна шүү” гэж. Энэ бол оргүй зүйл биш. Хоёрдугаарт, бэлгийн замын өвчин элбэг болсон. Гуравдугаарт, урьд нь огт дуулдаж байгаагүй вирусийн гаралтай олон янзын өвчин дэлгэрч байна.
Тухайлбал, ДОХ, H1N1-ийн вирусийн халдвар ч гэх шиг. Өмнөхтэй харьцуулахад нийгмийн хөгжчихсөн үе хэр нь өвчин эмгэг их дэлгэрээд байна.
-Энэ ямар учиртай юм бэ?
-Үүн дээр бодит шалтгаанууд байна л даа. Нэгдүгээрт, хүмүүсийн төвлөрөл их болж. Хүмүүс бөөгнөрнө гэдэг өвчин халдвар ихэснэ л гэсэн үг. Хаа газар тийм л байдаг. Хоёрдугаарт, олон улсын харилцааны хөгжил өвчин ихсэхэд түлхэц өгсөн. Монголд дуулдаагүй Африк, Сибирийн орнуудад байдаг өвчнүүд манайд ирж байна. Гуравдугаарт, байгаль орчинтой холбоотой.
Эрүүл сайхан байгаль өвчин эмгэг бага гарахад түлхэц өгдөг жамтай. Эрүүл саруул байгальд нутаглаж байвал хүмүүст сайн нөлөө өгнө. Нөгөө талаас эрүүл байгальтай газар нутагт ан гөрөө, бүргэд, элээ, шар шувуу гэх мэтийн жигүүртэн их. Эд чинь үлийн цагаан оготноос эхлээд газар тариалан сүйтгэдэг амьтан, ой модны хорхой шавьжийг түүж иддэг. Гэтэл одоо ой модгүй болоод, гол ус ширгээд, амьтан ч ховордоод түүний оронд өвчин нэмэгдээд гарч ирээд байгаа юм.
-Улаанбаатар хотод өвчлөл орон нутгаас илүү байх шиг?
-Тийм ээ, урьд нь ховор тохиолддог нярайн өвчин эмгэг элбэг боллоо. Шинэ хүүхэд элий балай ухаантай төрөх нь ихэссэн. Хордлоготой жирэмсэн эхчүүд их болсон. Энэ бол Улаанбаатар хотын утаатай холбоотой. Утаа гэдэг тэр чигээрээ угаар шүү дээ. Дандаа угаартаад байгаа хүний хэвлий дэх ураг яаж эрүүл байх вэ. Жирэмсэн, бие султай эх яаж эрүүл байх вэ.
Түүнээс гадна тархинд цус харвах, тархины цусан хангамж хямралд орох өвчин бас их элбэг болсон. Ялангуяа цус харвалт. Цус харвалт ихэссэний нэг шалтгаан нь хүмүүсийн сэтгэл санаа тайван биш, тухайн үеийн нийгмийн явуулж байгаа улс төр, эдийн засгийн бодлоготой шууд холбоотой. Стрессээс болж даралт ихсэх, цус харвах нь их болсон. Энэ талаар багагүй ярьсан даа. Тэгээд тодорхой арга хэмжээ авахгүй л байна.
Р.Сандуйжав: Хорт хавдрыг монголчууд мэдэхгүй явсан үе бий
Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын зөвлөх, анагаах ухааны доктор, профессор, гавьяат эмч Р.Сандуйжав тус эмнэлэгт 40-өөд жил ажиллаж байна. Тэрбээр өдгөө тархаад байгаа хорт хавдрын өвчлөлийн талаар сайн мэдэх хүн.
-Хорт хавдар гэдэг өвчнийг монголчууд бараг мэддэггүй байсан гэдэг. Тэр цаг үе нь чухам хэзээ вэ?
-Одоогоос 40-өөд жилийн өмнө манай хүн амын дунд хорт хавдрын өвчлөл бага байсан. Зах зээл хөгжсөнөөс хойш хүн амын дунд хоол унд, амьдарч байгаа орчин, ажил амьдралын нөхцөл, сэтгэл санааны байдал зэрэг олон хүчин зүйлд өөрчлөлт орлоо. Үүнтэй холбоотой өвчлөлийн байдал ч өөрчлөгддөг юм байна.
Дүрс оношлогооны орчин үеийн аргууд нэвтэрснээр урьд нь илрүүлж чаддаггүй байсан өвчнийг оношлох боллоо. Хожуу үед нь илрүүлж байсныг арай өмнөх шатанд нь илрүүлээд эхлэхэд өвчлөл нэмэгдсэн мэт харагдаж болох талтай. Манайх зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил боллоо. Тэр үед хүмүүс яахаа мэдэхгүй явж байгаад нэг мэдэхэд эрүүл мэндээ гаргуунд хаячихсан гэж санагддаг. Социализмын үед эмнэлгийн систем “Таны эрүүл мэндийг бид хариуцна” гэдэг байлаа. Харин капитализмын нийгэмд эрүүл мэнд хувь хүний хэрэг болсон. Үүнд монголчууд сүүлийн 20 жилд суралцаж эхэлж байна.
-Хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол дээшилсэн гэж үү?
-Хүмүүс эрүүл мэнддээ өчүүхэн ч гэсэн анхаарал тавьж эхэлсэнтэй холбоотой шинжилгээ хийлгэх хүний тоо ихсэж байна. Ингэснээр хавдар, бусад өвчин ч ихэслээ. Бодит тоогоор хэлбэл, 1977-87 онд хавдраар жилд дунджаар 1402, 2000-2011 онд 3500-4500 хүн өвчилж байна.
1970-80-аад онд 100.000 хүн амд 69- 88 хүн хавдраар өвчилж байлаа. Харин одоо 130-147 хүн боллоо. Хорт хавдар үнэхээр ихэссэн нь эндээс харагдаж байгаа биз. Хавдар настай хүний өвчин гэдэг ч залуучууд, хүүхдүүд ч өвчилж байна.
Хорт хавдрын өвчлөлийг 1990 оноос өмнөх, дараа гэж хоёр ангилж болно. 1990 оноос хойших 20 жилийн дотор хорт хавдрын бүтцэд өөрчлөлт орсон. Одоо гол таван төрлийн хавдар нийт хорт хавдрын 80 гаруй хувийг эзэлдэг. Элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүү, хөхний хорт хавдар, бүдүүн шулуун гэдэсний хавдар хамгийн түгээмэл байна.
Харин 20 жилийн өмнө хорт хавдрын нэгдүгээрт эрэгтэй хүнд ходоод, дараа нь улаан хоолойн хорт хавдар ордог байлаа. Эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдар нэгдүгээрт орж байсан. Харин одоо эмэгтэйчүүдэд ч ялгаагүй элэгний хорт хавдар давамгайлах боллоо. Тэр үед элэгний хорт хавдар өнөөгийнх шиг түгээмэл байгаагүй.
-Энэ юутай холбоотой вэ?
-Өмнө нь бид мах, гурилаа л иддэг байсан. Одоо бол халуун, хүйтэн ногоо, архи дарс, олон төрлийн жимс, шарсан тахианы гуя л гэнэ. Есөн жорын баталгаатай, баталгаагүй хүнс хэрэглэж байна. Хүмүүсийн хоолны бүтцэд өөрчлөлт гарсан. Энэ нь биед сайн, муугаар нөлөөлж байгаа. Энэ л өвчний шалтгаан болж байна. Хорт хавдрын 35-60 хувь нь хоол ундтай холбоотой үүсдэг гэж дэлхий даяар үздэг. Тэгэхээр манайд үүнээс ч илүү байх магадлалтай гэж бид үздэг.
-Архи, тамхины замбарааг үй хэрэглээ ч хорт хавдар үүсэхэд нөлөөлнө биз дээ.
-Тэгэлгүй яах вэ. Хүн амын дунд архидалт замаа алдлаа. 1990 оноос өмнө хүмүүс архи огт уудаггүй байсан уу гэвэл үгүй. Гэхдээ өнөөгийнх шиг замбарааг үй уух явдал байгаагүй. Одоо наян настай хөгшин ч, найман настай хүүхэд ч архи уусан гэж ярьж байна шүү дээ. “Мянганы сорилтын сан”-гийн Эрүүл мэндийн төслөөс IV-XI ангийнхны дунд саяхан хийсэн судалгаагаар 70 хувь нь “Архи амсаж үзсэн” гэжээ. Архидалттай холбоотой ДЭМБ-аас гаргасан тооцоогоор нэг хүн жилд таван литр архи хэрэглэдэг гэсэн байна.
Гэтэл Монголд нэг хүнд 32 литр архи ногдож байна. Насанд хүрсэн хүн амын 51-52 хувь нь архинд дуртай гэж судалгаа гарсан. Хүн амын талаас илүү хувь нь архи байвал буцахгүй гэж байна. Хүмүүс сүүлийн хэдэн жилд нэг буруу зуршилтай боллоо. Эцэг эхчүүд зургаан настай хүүхдээ бэлтгэл сургуулиа амжилттай төгссөнийг тэмдэглэе гэж байна гэнэ.
Монтаж хийнэ, нийлж хоол иднэ ч гэх шиг. Үүнийхээ далимаар томчууд архи уудаг. Энэ бол хүүхдэд буруу хүмүүжил олгож байгаа хэлбэр шүү дээ. Архи вирусийн халдваруудыг маш их идэвхжүүлдэг. Эд эрхтнийг гэмтээдэг. Хамгийн түрүүнд элэг, дараа нь уушги, зүрх, бөөр гэмтэнэ. Сүүлийн үед архийг маш хүчтэй хорт хавдар үүсгэгч гэж үзэж байна. Тийм учраас химийн хорт бодис ч гэж үздэг.
-Ер нь хоёр жилд нэг шинжилгээ хийлгэхэд болох байх, тийм үү?
-Машинаа жилд нэг удаа оношлогоонд оруулдаг. Түүнтэй адил хөгшин залуугүй эрүүл мэндээ шалгуулж шинжилгээ хийлгэж байх ёстой. Та 20-той, 40-50-тай ч бай өвчилнө. Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 80-90 хувь эцсийн шатандаа орсон хойно эмнэлэгт хандаж байна. Ингээд ах дүүсээрээ баахан зардал төлүүлээд Америк, Англи, Герман явдаг. Нэгэнт оройтсон бол эцэст нь үхэж л таарна.
Хүн өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө хамгаалах ёстой. Олон бизнесмен хорт хавдраар өвчилсөн. 1997 онд нэр бүхий бизнесмен өвчилсөн л дөө. Тэгэхэд манайд 5000-тын дэвсгэрт гараагүй байсан. Тэр хүн “Эмч ээ, эрүүл мэндийг мөнгөөр авч болдог бол 1000-тын дэвсгэртийг зулаад хэвтэхэд 5-10 см зузаантай давхарлах мөнгийг би цуглуулсан.
Түүн дээр хэвтээд эдгэрдэг бол эдгэрмээр байна” гэж надад хэлж байсан. Мөнгө эрүүл мэндийн хажууд юу ч биш. Хүнд эд хөрөнгө, мөнгө хэрэггүй шүү дээ. Эрүүл бие хамгаас чухал юм.
Э.Энхмаа