2011-04-15Яруу найрагчдыг урт үсээ сураар боосон, архи үнэртүүлсэн гэх зэргээр тодорхойлсон нь бий.
Иймэрхүү маягаар хөгжмийн зохиолчдыг тодорхойлбол архи гэдэг үг мөн л дагалдах байх. Нүүрээ үрчийлгэн үнэн сэтгэлээсээ инээдэг, үсэндээ мөнгөн сортой нэгэн хөгжмийн зохиолчтой уулзлаа.
Хэд хоногийн өмнө урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр ах утасдаж “Хөгжмийн зохиолч С.Мөнхбат тоглолт хийх гэж байгаа. Яагаа вэ, “Сүүдэр цармын цэцэг”, Сараагийн дуулдаг “Бороо”-г зохиосон хүн шүү дээ” гэж хэлснээр бид энэ уулзалтыг товлосон юм. Дууг нь мэдэх ч хөгжмийн зохиолчийг нь танихгүйдээ бага зэрэг гайхсан.
Асуулт бүрийг анхааралтай сонсоод нухацтай хэрнээ шударга хариулт өгсөн түүнтэй ярилцахад таатай байлаа. Ярилцлагын дундуур төгөлдөр хуур тоглож, зохиосон дуунуудаа аялан “гайхуулах” энэ хүн яриандаа “нохой” гэдэг үгийг хэрэглэх их дуртай аж. Тэр ч бүү хэл энэ үг нь хөгжмийн зохиолчдын дунд “хит” болоод, бараг бүгд л ингэж хэлдэг болсон гэнэ.
-Та хэдэн дуутай вэ?
-Би тоо хөөцөлддөггүй, чанарыг чухалчилдаг. Дуу, романс 150 гаруй бүтээл байгаа. Гэхдээ дан хөгжмийн бүтээл олонтой. Энэ удаагийн тоглолтод шилж байгаад 25 дуу багтаана даа.
-Тоглолт хийлгүй 10 гаруй жил болсон гэсэн шүү дээ. Энэ жилийг онцлон тоглолт хийж байгаа нь учиртай юу?
-Тулгар төр байгуулагдсан, Ардын хувьсгал ялсан, Хүннү гүрэн байгуулагдсан гээд их олон ой давхцаж байна шүү дээ. Тэгэхээр гараа хумхиад сууж болохгүй. Түүнээс гадна сүүлийн хэдэн жил дан хөгжмийн бүтээлтэй зууралдаад дууны тоглолт хийсэнгүй.
-Дууны тоглолт учраас том хэлбэрийн бүтээлүүд энэ удаа эгшигдлэхгүй юү?
-Би уг нь тоглолтдоо дөрвөн ангит “Уран сэтгэмж”- ээ оруулахыг хүссэн ч зохион байгуулагчид “Дан хөгжмийн бүтээл оруулчихвал үзэгчид унтчихна” гээд байгаа юм. Дуу сонсох дуртай үзэгч байхад дан хөгжмийн бүтээлийг шимтдэг хүн ч байна. Гэхдээ тэд цөөнх л дөө.
-Тэгвэл ашгийг нь бодоод дуу хийгээд байвал яасан юм бэ?
-Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэж боддог. Аль алиныг нь л хийнэ.
Ингэж хариулчихаад тэрбээр төгөлдөр хуурынхаа ард суугаад “Сүүдэр цармын цэцэг” дуугаа тоглов.
-За нэг иймэрхүү. Энэ дуу ардын дуу шиг л түгсэн. Зохиолын дууны хитийг гурван удаа тэргүүлж байлаа. Тэрбээр дахиад л төгөлдөр хуурын даруул дээр хуруугаа “бүжиглүүлэв”. Энэ удаа түүний тоглосон аянд дуучин Б.Сарантуяа “Анир нугыг амилаасан бороо...” гээд дуулах шиг санагдав.
-Миний тоглолтод нийтийн болон эстрадын дуучид оролцоно.
-“Сүүдэр цармын цэцэг” дууг зохиосон түүхээ ярьж өгөөч?
-Нэрт яруу найрагч Дашзэвэгийн Банзрагч (морины) 1994 оны сүүлээр гурван шүлэг бариад ирлээ. Уг нь бид тийм ч дотнын танил биш. Би түүнийг сайн зохиолч гэдгийг нь л мэднэ. Тэгэхэд “Цэцгийн зун шиг ижий”, “Аавын нар”, “Сүүдэр цармын цэцэг” гэж аав ээж, ханийнхаа тухай бичсэн гурван шүлгээ өгсөн. Гурвуулаа “чулуу” байсан. Бүгд дуу болсон. Харин “Сүүдэр цармын цэцэг” нь хуучны дөрөв болон найман мөрт шүлэгтэй ижилгүй тав таван мөрөөр үргэлжилсэн15 мөр байсан. Сүүдэр царам гэдэг бол хэзээ ч нар үздэггүй, уулын арын огцом хад. Хангайд байдаг юм. Тэнд усан судал бууж, вансэмбэрүү ургадаг.
Тэгэхээр “Чи минь дэргэд нар үзэлгүй зовлоо” гэж ханьдаа хэлж, хайрлаж байгаа юм. Би шүлгийг өдөржин харж, цээжилж байгаад энэ дууны аялгууг таван минутад л бичсэн. Уран бүтээл төрнө, хийнэ гэж байдаг. Таван ноот тавьчихаад, шүлгээ хараад аялгуугаа засвал хийж байгаа хэрэг. Тэгэхээр “Сүүдэр цармын цэцэг” бол төрсөн дуу. Банзрагч руу утасдтал эхнэрээ дагуулаад хүрээд ирлээ.
Тэгэхэд манайх 220 мянгатад амьдардаг байсан юм. Эхлээд энэ дууг Хэнтийн “солгой” Төмөрхуяг дуулсан. Харин дараа нь алдаршаагүй байхдаа Түвшинтөгс гэж сэргэлэн залуу “Мөнхөө ах аа, би энэ дууг дуулъя” гэхээр нь өгөөд явуулсан. Тэгээд л нэг хартал хит болоод гараад ирсэн.
-Олны сонсох дуртай дуу учраас “Бороо” дууг хэрхэн бүтээснийг тань бас сонсмоор байна.
-“Буян”-гийн Жагаа баруун Германаас динакорд гэдэг том аппарат оруулж ирээд “Хөх тэнгэр” хамтлагийг байгуулсан. Жагаа угаас урлагт элэгтэй, эстрад урлагт их хувь нэмэр оруулсан хүн. “Хөх тэнгэр”-т хөгжмийн зохиолч “Хоовон” Энхбаяр, “Сахал” Пүүжээ, “Армян” Ганбаа гээд төгөлдөр хуурч, бөмбөрчин, басс гитарчин байсан.
Дуучнаар Дашдондог, “Мөнгөн харандаа”- гаас Сарааг авчирсан. Ингээд “Хоовон” , “Сахал” бид гурав дуу хийдэг байв. “Бороо”-г анх Сарантуяагаар дуулуулахын тулд хажууд нь зогсоод цээжлүүлж байлаа. 20 гаруй настай жаахан охин, хөгжмийн боловсролгүй байсан хэрэг. “Бороо” дууны дахилт нь төрж, бадгийг нь хийсэн. Ер нь төрсөн дуу ховор байдаг юм.
-Та хөгжмийн боловсролыг хаана эзэмшсэн бэ?
-Багшийн сургуулийн хөгжмийн ангийг төгссөн. Тэр бол их сайн сургууль. Жанчив багш байгуулаад түүний араас “Гайхмаараа”-гийн Батсүх, “Зулай цагаан Алтай”-гийн Сангидорж, Жанцанноров, Чойбаатар, Нацагдорж, Шарав, Билэгжаргал, Чинзориг, Тараа, Бямбабаяр, Сэр-Од нарын хөгжмийн зохиолч энэ сургуульд сурсан. Мэдээж төгсөөд СУИС болон ОХУ-д мэргэжил дээшлүүлдэг.
-Таныг Монголын радиогоос ажлын гараагаа эхэлсэн гэж дуулсан. Харин одоо чөлөөт уран бүтээлч үү?
-Үгүй. Би Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирлаар гурван жил ажиллаад, сүүлийн хоёр жил ерөнхий зөвлөх хийж байна. Би 2007 онд энэ байгууллагыг хувийнхаа 2000 доллараар босгосон юм.
-Тэгэхээр, үүсгэн байгуулсан гэсэн үг үү?
-Энэ холбоог 1957 оны Гончигсумлаа гуай байгуулсан юм. Сүүлдээ Намын төв хо - рооны дэргэдэх эвлэл болтлоо “томорсон”. Харин 1990 онд Жанцанноров энэ байгуул лагыг унагасан. Унагасан гэж хэлэхээс өөр аргагүй. Нийгэм тэр чиг тээ үймсэн шүү дээ. Түүнээс хойш Билэгжаргал, Лувсаншарав, Алтанхуяг нар даргалж бай - сан. 2007 онд Алтанхуяг суух байргүй, ширээгүй болчихоод тамгаа өвөртлөөд явж байсан юм. Тэгээд Хөгжмийн зохиолчдын холбооны чуулган хийгээд Бямбабаярыг ерөнхийлөгч болгоод би гүйцэтгэх захирал нь болсон. Одоо байгууллага шиг байгууллага болсон байгаа биз дээ.
Шалбаагт унагасан байсныг нь дахин босголоо. Зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэг байгуулаад Оюуны өмчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу ажлаа эхлүүлээд байна.
-Хөгжмийн зохиолч, яруу найрагчдыг ээж аавтай зүйрлэж болмоор санагддаг. Өөрсдийн оюун ухаанаас ургуулсан үнэт бүтээлээ дуучдад өгчихөөд хоосон үлддэг. Харин дуучдад алдар нэр, мөнгө хөрөнгө, шагнал нь ирдэг юм шиг ээ?
-Манайд л ийм эсрэг тогтолцоо байдаг. Үүнийг цэглэх гээд нийгэмлэг байгууллаа. Мөрдоржийн бүтээл хаана эгшиглэж байна тэр газраас төлбөр авч, түүний ганц хүүд өгөх ёстой.
Гэхдээ монголчууд цөөхүүлээ учраас тэгтлээ баяжих гээд байх албагүй. Хятадын “Чандмань эрдэнэ” гээд дуу байдаг даа, “...нар, сар, одон гурав юу вэ...” гээд дуулдаг. Хөгжмийн зохиолч нь зөвхөн энэ дуугаар тэрбумтан болсон байна шүү дээ. Түвшинтөгс “Сүү - дэр цармын цэцэг”-ийг, Сараа “Бороо”-г Ээнээ “Хоёр буурал”- ыг 100 удаа дуулсан байя гэж бодъё. Тэд нэг удаа ямар үнээр дуулдаг билээ. Миний толгойд багтахгүй тооцоо болно. Энэ дуу тэдэнд нэр төр, гавьяа шагналыг хамт өгсөн. Гэтэл намайг машинаа бариад явж байхад хөгжмийн зохиолч Мөнхбат байна гэж хэн ч танихгүй, тэр ч бүү хэл такси барих гээд гараа өргөнө. Харин Сарааг явж байвал зургийг нь авна биз дээ.
-Харамсалтай санагддаг уу?
-Үгүй. Угаасаа Бетховенийг таньдаггүй л байсан шүү дээ. Тэр суут зохиолч бороотой өдөр гэртээ ганцаараа амьсгал хураасан. Харин агуу Бетховений оршуулгад хот даяараа оролцсон юм билээ.
-Ихийг хийчихээд үнэлэгддэггүй ийм мэргэжил рүү яагаад тэмүүлсэн юм бэ?
-Энэ мэргэжил рүү зүтгэнэ гэж байдаггүй. Төрмөл авьяас гэсэн үг. Зүтгэсэн нэг нь амжилтад хүрдэггүй. Хөгжмийн зохиолчийн хүүхэд ч гэсэн сайн хөгжмийн зохиолч болох албагүй. Би нэгдүгээр ангид байхаасаа дуу хөгжмийн хичээлд дээр хэн дуулах вэ гэж асуувал хамгийн түрүүнд гар өргөдөг хүүхэд байлаа. Хоёрдугаар ангид байхаасаа хоорын гоцлооч болж, гуравдугаар ангид ороод гитар, төгөлдөр хуур тоглож сурсан.
Манайд төгөлдөр хуур байдаггүй болохоор Ганбат ахын төгөлдөр хуураар тоглоно. Миний аав нисгэгч, багш, ээж эмнэлгийн ажилтан учраас манай гэр бүлд урлагийн уур амьсгал байхгүй. Ээж минь сайн дурын уран сайханч байсан боловч аав бол урлагийг үл тоогч. “Эр хүн урлагт хүчин зүтгэх ёсгүй, чи байлдааны онгоцны нисгэгч бол” гэдэг байсан. Улмаар би 1979 онд бөмбөрчин болж, хөгжмийн сургуульд элссэн. Би 40 мянгатын “нохой” шүү дээ. Орцны үүдэнд гитар тоглоод суудаг хүү. Тэр үеэс орцны дуу зохиож, ах нар дууг минь дуулахаар өөрийгөө тоож, зохиох авьяастайгаа мэдсэн.
-Та ямар бүтээлээрээ онцлон сайн болсон гэж дүгнэдэг вэ?
-А.П.Чеховын “Цахлай”-г 106 жилийн дараа манай театрын тайзнаа амилуулахад би хөгжмийг нь бичсэн, үүнийгээ их тооно. Мөн 2008 онд Сөүл хотноо болсон Азийн үндэсний хөгжимд зориулсан бүтээлийн наадмаас шагнал хүртсэн “Уран сэтгэмж”-ээ сайн болсон гэж боддог. Тухайн үед Төрийн их найрал тоглож байсан юм. Одоо “Улаанбаатар” чуулгынхан тоглодог.
-Тэгвэл таны амьдралын бахархал юу вэ?
-Уран бүтээлч болсондоо баярладаг. Эцэг эх, хувь заяа, байгаль дэлхий, мөнх тэнгэртээ талархдаг.
-Та шүтлэгтэй юу?
-Би шашингүй үзлээр онц дүнтэй төгссөн хүн шүү дээ. Гэхдээ би эх байгалиа шүтдэг. Ууланд гараад сонгино ухдаггүй. Нутаг усаа тахиж, хүнтэй зөв сайхан харилцаатай байхыг хүсдэг.
-Онгодын тухай та ямар бодолтой байдаг вэ?
-Онгод гэдгийг янз бүрээр л ойлгодог. Тэр бол цусны эргэлт сайжирч, бие сэргэг болж байгаа үйл явц юм уу даа. Ядарсан, уурласан үед онгод ордоггүй байх аа. Ар гэрийн асуудалгүй, бүх зүйл сайхан байх эсвэл бүр хүнд хэцүү үед онгод ордог байж мэднэ. Хөгжмийн зохиолчдод ч онгод орно.
Их ажиллаж байгаад 100 грамм татчихаад түр зуур сэтгэл сэргээд, инээд хүрээд ч байх шиг болдог. Үүнийг онгод гээд байгаа юм. Энэ үед зохиолын санаа, аялгуу төрж болох ч бүтээл болохгүй. Бүтээлийг эрүүл тархиар хийх ёстой. Би бороо ороод, солонго татахаар мангартчихдаг. Тийм үед голын эрэг дээр майхан бариад, шорлог хиймээр санагдана. Бага залуу насны сайхан бүсгүйчүүд санаанд орно. Энэ нэг бол талаар “шизо” байх аа.
-“Ганбат ахынхаа төгөлд өр хуурыг тоглож байлаа” гэсэн. Танай гэр бүлд хөгжмийн мэргэжилтэй хүн олон уу?
-Авга ах Ё.Ганбат маань Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаач. Ёндондүйчир генералын хүүхэд шүү дээ. Нүхтийн лагерь дахь тэдний гэрт бага байхдаа их очдог байсан. Харин нэг дүү маань аранжировшик. “Арзаак” Төрөө гэхээр урлагийнхан андахгүй. Бусад нь бизнес эрхэлдэг юм.
-Та хэдэн хүүхэдтэй вэ, гэр бүлийн хүн тань эмч гэсэн үү?
-Гурван хүүхэдтэй. Том охин минь ХБК-ийн хийлийн ангийг төгсөж байгаа. Бага нь төгөлдөр хуурч мэргэжлээр сурч байна. Бага нь нялх. Ах нь хэнз хүүхэдтэй. Гэр бүлийн хүнийг минь Баттөгс гэдэг. Сэхээн амьдруулагч эмч. Бас уран сайханч. Миний бүтээлийн редактор. Хүүтэйгээ зэрэгцээд ноот сурчихсан юм.
"Яахуу"