2011-04-06“Киви ” хамтлаг тарж байгаа тухай асуудлыг Б.Ангирмаа нам дарж авав.
Хэн нь ч ганц үг ганхийгээгүй энэ дуулианы эргэн тойронд хамгийн эвгүй байдалд орсон нь Б.Намуунаа. СТА цол авч байж эвэндээ орсон нь бойкот хийж санасандаа хүрсэн мэт ойлголтыг илт төрүүлэв. Ука бие даасан цомогтоо ханцуй шамлаж, Намуунаа энгэр цоолж буй энэ үест хамтлагийн гуравдахь гишүүн Агий ор хоосон үлдлээ.
“Киви”-гийн хамгийн үзэсгэлэнтэй, ёс зүйтэй, төлөв даруу энэ бүсгүй рейтингээрээ нөгөө хоёрыгоо хол хаяна. Загварын тайзнаас анх хамтлагт хөл тавьсан П.Алтанцэцэг зүтгэлээ мөн үнэлүүлэх ёстой гэж үзэх хүмүүс олон байгаа юм. Тэгээд ч хамтлаг гэдэг бол “багийн тоглолт”. Анхнаасаа ялгаварлан шагналд тодорхойлсон Б.Ангирмаагийн амгийн том алдаа.
Энэ бүхнийг түр орхиод Монголын рок попын тайзнаа гоо үзэсгэлэнгээрээ манлайлах дуучин П.Алтанцэцэгийн яриаг та бүхэнд хүргэе. Энэ удаад хамтлаг тойрсон дуулианыг тэр хойш тавилаа.
-Дуучин бүсгүйн уран бүтээлийн нэг өдөр хэрхэн өрнөдөгөөс яриа эхлэх үү?
-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би залуу хүн учраас ажил амьдралынхаа нэг өдрийг үр бүтээлтэй, итгэл сэтгэл дүүрэн эрч хүчтэй маш цаг завгүй өнгөрөөхийг хичээдэг. Хүсч мөрөөдөж байгаа зүйлийнхээ төлөө хичээж зүтгэж цагийг өнгөрөөдөг. Шинэ клипний зураг авалт, төлөвлөсөн ажил ар араасаа ундарч байдаг. Энэ бол бидний бэлтгэлийн өрөө. Өдрийн ихэнхийг эндээ өнгөрөөж өндөр зохион байгуулалт дор тоглолтын бэлтгэл ажил явагддаг. Хоолойн дасгал, бүжгийн бэлтгэл, албаны уулзалтууд гээд нэг л мэдэхэд орой болчихдог доо.
-Том тольтой тохилог сайхан өрөө байна. Ингэхэд тань шиг сайхан бүсгүй толины өмнө нэлээн саатна биз. Өөрөөсөө өө хайх уу?
-Толинд хараад өөртөө сэтгэл хангалуун байлгүй яахав. Ямар ч байсан эцэг эхээс заяасан энэ дүр төрхөндөө би хэзээ ч гомдож байгаагүй. Энэ том толиныхоо өмнө хамтлагийнхан маань бэлтгэлээ хийж өөрийн болон бусдынхаа алдааг хянаж зааж зөвлөөд явдаг. Товчхондоо толь бол ажлын маань багаж хэрэгсэл, хамтрагч гэж болно. Энгийн амьдралдаа би толины өмнө нэг их цаг гарзаддаггүй. Цаг заваа зарцуулах өөр ажил зөндөө бий.
-”Киви” таныг өөрчилсөн үү? Исгэлэн жимсний энэ нэр таны хувьд ямраар буудаг вэ?
-Мэдээж “Киви” хамтлаг миний амьдралд маш том өөрчлөлт оруулсан. Эргээд харахад 4 жилийг ардаа орхижээ. Өнгөрсөн хугацаанд чамлахааргүй ихийг амжуулсан байна. Гэхдээ миний хүсэл, мөрөөдөл хязгааргүй. Үүндээ хүрэх алхам, шатыг хамтлаг ургашлуулж өглөө. Би анх хамтлагийнхаа нэрний тухай Ангирмаа багшаасаа онцгойлон асууж байсан л даа. Киви бол бусад жимснүүдээс хамгийн тансаг зэрэглэлийнх, идэхэд хүртэл хялбар биш шүү дээ гэж надад хариулж байсан.
-”Киви” бол цаг үеийнхээ тайзан дээрх хамгийн халуун охид. Эрчүүдийн харцанд ээрэгдээд амаргүй биз?
-Хүмүүс яг ингэж боддог юм шиг байна. Бид нарт эрчүүд хандаад амар заяа үзүүлдэггүй юм байхгүй. Тийм байсан ч энэ мэт хандлагад сатаарахыг хүсдэггүй. Бид өмнөх ажлаа амжуулаад санасандаа хүрэх гэж зүтгэж байгаа. Мэдээж энэ тэнд явж байхад хүмүүс таньдаг, алхаа гишгээ, харьцаанаас эхлээд олны нүдэнд танил болсоноо хүлээн зөвшөөрнө. Биеэ хаана яаж авч явах, хэнтэй хэрхэн харьцах гээд тэр бүхнээ ухаалгаар зохицуулах хүмүүжил төлөвшил бидэд бий.
-Та хамтлагийн отгон гишүүн, насаар ч бага нь. Таны бага нас, гарал үүслийг сонирхмоор байна?
-Би эцэг эхээс хоёулаа. Айлын отгон охин. Багадаа маш даруухан, гэхдээ урлаг уран сайханд идэвхитэй, дуу дуулж, шүлэг уншиж, бүжиглэдэг охин байсан. Жаахандаа яг л одоогийн Аагий тэр чигээрээ байсан. Ээж аав хоёр маань маш сайхан хүмүүс байдаг. Би гэр бүлдээ их хайртай. Тэд маань миний амьдрал уран бүтээлд хүндэтгэлтэй хандаж үргэлж дэмждэг.
Хэзээ ч буруутгаж байгаагүй. “Чиний амьдрал бол чиний сонголт, энэ амьдралыг чи өөрөө чиглүүлж залж явна. Харин үүнд нь аав ээж хоёр нь үргэлж туслана” гэж хэлдэг. Хамтлагт орох саналыг маань дэмжиж урам өгсөн. Намайг бүхий л талаар урамшуулж явдаг түшигтэй, амьдралын арвин туршлагатай тэднээрээ би бахархдаг.
-”Киви” хамтлагт орохоосоо өмнө та хэн байсан бэ?
-Намуунаа бид хоёр найзууд л даа. “Киви” хамтлагийг анх байгуулагдсан цагаас нь хойшхи бүхий л зовлон жаргалыг нь мэдэх хэмжээнд ойр байсан. Хамтлагийн гишүүд нь гарахад ямар хэмжээний хүнд байдалд ордгийг бие сэтгэлээрээ мэдэрдэг байсан.
Анх хамтлагт орох санал ирэхэд маш таатай хүлээж авсан. 3 жил хөлс хөдөлмөрөө зарж хийсэн уран бүтээлтэй олонд танигдсан энэ хамтлагт гишүүнээр орно гэдэг надад алдаж болшгүй ховор боломж байсан. Гэхдээ нөгөө талаар маш том хариуцлага гэдгийг ухаарч байлаа. Тиймээс бусдынхаа итгэлийг алдахгүйн тулд өнөөг хүртэл хичээж яваа. Цаашдаа ч он удаан жил хамтлагтайгаа хөдөлмөрлөхийг хүсч байна. Биднийг нэгтгэж байгаа хүчтэй зүйл бол хүсэл мөрөөдөл маань.
Нэг л зүйл рүү хүсч тэмүүлж байгаа бидэнд продюсер Ангирмаа багш маань маш том боломжийг нээж өгч өнөөгийн амжилтанд хүргэснийг онцгойлон хэлэх ёстой. Бид маш сайн ойлголцож чаддаг. Би “Киви”-д орохоосоо өмнө “Монгол модель” агентлагт, топ модель Болороо багшийн удирдлаган дор загвар өмсдөг байсан. Мэргэжлийн хэд хэдэн тэмцээнд чамлахааргүй шагнал хүртсэндээ сэтгэл хангалуун явдаг. Загварын тайзнаас одоогийнхоо уран бүтээлд суурь болсон олон чадварыг олж авсан. Гэвч загвараа орхилоо гэж харамсдаггүй.
-Ахлагчийн үүрэг роль, багийн зарчим мэдээж үйлчлэх байх. Гэхдээ Укаг өөрийгөө илүү гол дүрд тавьдаг гэх шүүмжлэл байдаг?
-Хамтлагийн ахлагч илүү үүрэг рольтой л доо. Хэн нь клипэнд эхэлж гарах вэ, яаж оролцох вэ гэдгийг бид биш клип мэйкерүүд мэднэ. Энэ талаар хүмүүс жаахан буруу ойлголттой байдаг юм шиг байна аа.
-Дуулахаас гадна жүжиглэнэ, бүжиглэнэ гээд олон талын авьяас шаардагдахад загвар өмсөгч байсны хувьд нүүр хагарчихсан байсан байх?
-Тийм ээ. Анх хамтлаг байгуулагдсан цагаасаа л бүжиг дууг хослуулж ирсэн. Тэр ч утгаараа байнгын бэлтгэлтэй байдаг. Үргэлж өөрсдийгөө боловсруулждаг үеэсээ нэг алхам түрүүлж явах шаардлага гардаг. Тусдаа бэлтгэлийн заалтай болсондоо маш их олзуурхаж байгаа. Нүүр хагарах тухайд гэвэл гурвуулаа өөр өөр дүр төрхийг илэрхийлдэг.
Хэт задгай, сексуалный байдлаас илүү шигтгээ маягийн бага зэргийн тачаангуй төрхийг хальт харуулах маягаар клипүүд хийгддэг. Түүнээс камерын өмнө илүү дутуу ааль аяг гаргах гэсэн утгаар биш л дээ. Хоёр найз, Ангираа багшийнхаа ачаар нэг их хүндрэлгүй нүүр хагарч чадсан.
-Таньд гадна дотны томоохон компаниудаар сурталчилгааны санал тавьсан гэж сонссон. Та ямар нэгэн сонголтын өмнө байна уу?
-Ерөнхийдөө ийм яриа гадуур их тархсан байна. Ямар утгатай хаанаас гаргасан мэдээлэл болохыг мэдэхгүй. Одоогийн байдлаар хамтлагаасаа урваж өөр зүйлд анхаарах шаардлага байхгүй. Яагаад гэвэл би хамтлагтаа хайртай. Аль нэгэн компанийн нүүр царай болохоос илүү төлөвлөсөн зорьсон ажил бидэнд их бий. Ганцхан надад биш манай хамтлагт хамтран ажиллах санал ирдэг. Хамгийн анх “Tiger” брэндтэй ажилласан. Үүндээ ч тууштай байхыг боддог. Санхүүгийн асуудлаа продюсертээ даалгадаг. Үүндээ ч сэтгэл хангалуун явдаг.
-Танай продюсер рок поп урлагт хөдөлшгүй хувь нэмэртэй, дайчин хатагтай. Гэхдээ л түүний шаардлагууд та нар шиг залуу охидод арай хатуудах шиг санагддаггүй юу?
-Ажил хэрэгт заавал зарчмын шаардлага тавигддаг. Бидний дунд чанд хатуу гэрээ үйлчилдэг. Хэрвээ хамтлагтаа олон сайхан уран бүтээл туурвия хийе гэж бодоогүй бол надад тэр гэрээнд гарын үсэг зурах шаардлага байхгүй. Ангирмаа багшийн зүгээс бидэнд тавьдаг шаардлага бол маш ажил хэрэгч. Ажил амьдрал хоёроо сайн ялгаж салгадаг байх хэрэгтэй гэж зөвлөдөг.
Тиймээс хатуу гэж ярих утгагүй. Харин ч уран бүтээлдээ улайраад ажлынхаа бэрхшээл хүндрэлийг тэр бүр ойшоодоггүй. Дэндүү сайн ойлголцдог болохоор хүндрэл гардаггүй. Ангираа багш маш олон зүйлийг зааж зөвлөж сургадаг. Багш, зөвлөгч, эгч, ээж бүгдийг л орлочихдог.
-Найз залуу, хувийн амьдралын асуудлыг хойш тавьчихсан байгаа гэсэн үг үү?
-Ерөнхийдөө хойш тавьсан. Гэр бүл хэзээ ч зохиож болно. Хүсэл мөрөөдөл, уран бүтээлд бүгдийг зориулахгүй бол цаг хугацаа хүлээхгүй.
-”Киви”-гийн охидын гоо сайхны нууц жор юу байна? Хоолны дэглэм, гоо сайхны хэрэглээ гээд охидууд сонирхож байгаа байх?
-Бид гурав тусгайлсан хоолны дэглэм барьдаггүй. Фитнессээр бол хичээллэдэг. Байнгын бүжгийн бэлтгэлтэй. Гоо сайхны хувьд сайн унтаж амрахыг хичээдэг. Эмэгтэй хүний арьс унтах үед илүү тайвширч амардаг гэдэг. Аль болох эрүүл зөв хооллох чухал. Түүнээс өндөр үнэтэй косметик брэнд хэрэглэдэггүй. Үеийнхэнтэйгээ харьцуулахад би нүүрэндээ будаг нэг их хэрэглэдэггүй байсан. Манай Намуунаа намайг нүүрээ ч буддаггүй даруухан охин байсан гэж ярьдаг юм. Хамтлагт орсноос хойш уруулаа будаж макеир хийж сурсан. “Киви” намайг огцом өөрчилж чадсан.
-Таныг сүүлийн үеийн үнэтэй Lexus унадаг гэж сонссон. Ямар ч байсан хар теньтэй машинтай явахыг чинь харсан юм байна?
-Теньтэй машин унахгүй бол бас хэцүү(инээв). Миний машины тухай хэвлэлд тиймэрхүү зүйл бичсэн байсан. Тийм үгүй гэж хэлээд яахав. Хэтрүүлсэн юм ч байсан. Тааралдсан хүмүүс нь харах байлгүй. Энэ сэдвийг нээлттэй орхиё.
-Та хэр сахилгатай жолооч вэ?
-Ямар ч байсан сахилгагүй жолооч биш. Жолоо бариад хоёр жил болж байна. “Би жолооч”гэдэг нэвтрүүлэгт саяхан орсон. Өөрийгөө нэг их сайн жолооч гэхгүй ч дүрмээ бол баримталдаг. Замын түгжрэл ихтэй үед жолоо барих тийм ч дуртай биш.
- “Emotion” -ы Солонгоо “Манай хамтлаг “Киви”-гээс бүх юмаараа илт давуу” гэж ярьсан. Хор шар бас хөдөлсөн байх?
-Хүмүүс л биднийг хооронд нь их өрсөлдүүлэх дуртай юм шиг байна. Яг амьдрал дээрээ бол хоорондоо сайхан харилцаатай, эвтэй байдаг. Сараа эгч, Ариунаа эгч, “Киви”, “Гурван охин” гээд л хооронд нь өрсөлдүүлж ярьдаг. Биднйй дунд бие биенээ доош хийсэн хандлага байхгүй. Урлагийнхан харин ч амь нэгтэй улс юм биш үү. “Еmotion”-ы Солонгоо эгчийг тийм яриа өгсөн гэж сонсож байсан. Яг уншаагүй л дээ. Тэр хүний өөрийнх нь бодол байх. Бид нар хэзээ ч тэгж бодож байгаагүй.
Өөрсдийгөө жишээд зэрэгцүүлээд байх шаардлага байхгүй. Манай хамтлагаас өмнө уран бүтээлээ хийгээд хүмүүст хүргээд явж байсан. Бид нар ч багадаа сонсдог л байсан. Солонгоо эгчийн дуунуудад ялангуяа сүүлд гаргасан “You and me” дуунд нь дуртай.
-Та бол ёстой нөгөө “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” насандаа яваа үзэсгэлэнтэй, авьяаслаг бүсгүй. Таны өмнө маш дардан ирээдүй байна. Энэ хаалганы өмнө зогсож байгаа өөрийгөө хэн гэж тодорхойлох вэ?
-Яг үнэндээ би залуу насаа хий дэмий өнгөрөөхийг ерөөсөө ч хүсэхгүй байна. Аливаад өөрийгөө сорьж, хийж бүтээж үзмээр байна. Нэг ёсондоо амьдралыг амталмаар байна. Эргээд харахад хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун үр ач нартаа бахархах юмтай байхыг хүсдэг. Залуу насандаа л хийж бүтээхгүй юм бол хэзээ хийх вэ. Найз нартайгаа инээж хөхрөх, цагийг хамтдаа өнгөрөөх үе байлгүй яахав. Гэхдээ зорилгоосоо няцаж болохгүй. “Киви”-д орсноороо маш олон зүйлийг сурсандаа олзуурхдаг. Сургуульдаа сураад томьёо үзээд сууснаас илүү практикт ихийг мэдэж авлаа.
-”Залуу сайхан охидыг ангуучлах өнгөлөг мөнгөлөг эрчүүд хорвоогоор дүүрэн байна” гэж дизайнер Н.Соёлмаа дуу алдаж байсан. Хандлага мэдрэгдэх юм уу? Таны харцанд өртөж, сэтгэлд буух эр хүнд ямар шалгуур тавих вэ?
-Би эр хүнийг зорилготой, мөрөөдөлтэй, хүсэлтэй, боловсролтой, ямар ч хүнийг хүндэлж чаддаг байгаасай гэж хүсдэг. Ирээдүйн хань болох хүнээ мэдээж энэ талаас нь харахыг хичээнэ. Одоогийн залуус маш ажил хэрэгч, боловсон болсон. Харин зорилгогүй хүмүүсийг харахаар урам хугардаг.
-Хайр сэтгэл, түүний төлөө шаналж, гансарч, амталж үзсэн тухайгаа…?
-Энэ мэдрэмжийг аль болох мэдрэхгүй, өмнөө байгаагаа л хийж бүтээх гэж зорьж байна. Мэдээж хайр дурлалын амтыг мэдрэх цаг хэзээ нэгэн цагт ирнэ. Ямар ч байсан одоогоор бол мэдрэхийг хүсэхгүй байна.
-Яагаад? Зүрх сэтгэлийн асуудлыг ямар ч гэрээ төлөвлөгөө хорьж цагдахгүй шүүдээ Хамтлаг, хайр сэтгэл гэсэн хоёр сонголтын өмнө ирвэл та яах вэ?
-Хамтлагаа ямар ч үнэ цэнэтэй зүйлээр солихгүй гэж боддог шүү.
-Хайртай хүнээрээ ч гэсэн үү?
-Их хүнд асуулт байна. Ямар ч байсан хамтлагтаа хайртай. Баргийн зүйлээр солихгүй л гэж бодож байна. Хайртай хүн таарвал намайг бас уран бүтээлийг минь ойлгож, дэмжиж хүлээх болох байх. Урлагийн хүний ахуй амьдрал, ар гэр хүлээцтэй түшигтэй хүнтэй байх хэрэгтэй. Үүнийг ирээдүйд хань болох хүн маань ойлгоосой гэж мэдээж хүснэ.
-Таныг экс ерөнхийлөгчийн бэр болох нь гээд л шуугидаг шүү дээ?
-Хаанаас тэгээд шуугиад байдгийг би мэдэхгүй. Миний тухай ташаа мэдээлэл их гардаг. Би араас нь хөөцөлдөж ач холбогдол өгдөггүй. Ойр дотныхон найз нөхөд маань тэгж бичсэн байна л гэж хэлдэг.
-Сэтгэл алдарсан үнэнч фенүүд алмайрмаар эмоци гаргана биз. Тоглолтын үеэр далимдуулаад үнсэж тэврэх гээд ч юм уу?
-Манайхан хөдөөгүүр тоглолт хийгээд ирсэн. Тэднээс ирж байгаа эмоци маш сайхан байсан. Тайзан дээр гарч ирээд биеэ барихгүй хамтдаа дуулж бүжиглэж байсан. Бид гурав хэзээ ч хэсэг хүмүүсийг өмчилж фен гэж ярьдаггүй. Үзэгч сонсогч ард түмэн гэж олон нийтэд хандаж ярих дуртай.
-Монголын одод гоо сайхны хувьсгалд хошуураад удаж байна. Өөртөө итгэлтэй таньд бол энэ талын проблем байхгүй биз?
-Би хэзээ ч гоо сайхны мэс заслын тухай бодож байгаагүй. Эцэг эхээс заяасан энэ дүр төрхөндөө сэтгэл хангалуун байдаг гэдгээ түрүүн хэлсэн. Олны танил урлагийн тайзан дээр байгаа бүсгүйчүүдийн алхаа гишгээ, гадаад дүр төрх бүгд л хүмүүсийн нүдэнд ил байдаг. Тэр бүрт өнгөлөг, гэгээлэг сайхан харагдах үүрэг хүлээчихсэн юм шиг байдаг. Шүүмжлэл ирвэл сэтгэлээр унах үеч байна. Бидний насанд өөрийнхөөрөө чөлөөтэй байж чадахгүй, бусдад хянагдаж амьдрах амаргүй. Ямар ч байсан хүмүүст зөв харагдаж сайн явахыг төлөө өөрийнхөө хэмжээнд хичээж байна.
-Өдрийн ихэнхийг хамтлагтайгаа өнгөрөөж байгаа биз дээ?
-Бид нар чинь орой гэртээ хариад унтахаас бусад цагт нь дандаа л хамт байдаг. Ийм байдал маань ч таалагддаг. Гадагшаа явбал өвөртөө унтацгаагаад хоорондоо их эвтэй.
-Таныг юу догдлуулж хөл алдан баярлуулдаг вэ?
-Хамгийн их догдлол тайзан дээр гараад дуулахад үзэгчдээс ирж байгаа халуун алга ташилт хүчтэй эмоци. Үүнээс илүү том бэлэг, шагнал гэж байхгүй.
-Дотносох гэсэн залууст урамгүй хариулт байна даа?
-Тийм ээ. Уран бүтээлч хүнд тийм л сэтгэл ханамж үнэ цэнэтэй.
-Таны орд?
-Хилэнц.
-Эрч хүчтэй, бүсгүйчүүд нь халуун тачаангуй орд, тийм үү?
-Тэгж уншиж байсан юм байна. Манай Ука бас хилэнц.
-Аргагүй л “Киви” юм. Амжилт хүсье.
Ж.Анужин
Эх с урвалж: “Монголын нэг өдөр”