Зуухан дээр ууршуулаад алтаа ялгаад авчихдаг. Заримдаа дотор муухайраад байхаар нь гадаа гарч агаар амьсгалчихаад орж ирнэ...
Гэтэл одоо, миний муу охин хоёр ой өнгөрчихсөн хэрнээ ярьж ч чадахгүй, бүр сууж ч чаддаггүй” гээд Б санаа алдав. Түүний охиныг би харсан. Өрөвдмөөр бяцхан амьтны дүр төрх одоо хэр нь санаанаас гардаггүй юм. Чухам тэр үеэс хувиараа алт олборлодог энэ залуугийн гэр бүлтэй адил олон зуун хүнд мөнгөн усны хордлого илэрч байв. Угтаа бол чимээгүй үхэл таригч химийн бодисын хор аюул Монгол Улсад энэ үеэс бодитоор нүүрлэж эхэлсэн гэж болно. Харамсалтай нь, мөнгөн усны тархалт үндэсний аюулгүй байдал сөхөгдөх хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрөх хүн тун цөөхөн байлаа.
Эрдэмтдийн баталж буйгаар мөнгөн уснаас үүдсэн сөрөг үр дагавар Монголд бүр 2004 оноос гараад эхэлчихсэн. Төрөлхийн мэдрэлийн согогтой, саажилттай хүүхдүүд мөнгөн ус ихээр хэрэглэсэн сумдад төрж байв. Энэ асуудал хүн ам цөөнтэй Монгол Улсын хувьд түгшүүр биш гэж үү. “Өлсөж үхэлтэй биш.
Хордож үхтэлээ үр хүүхдээ тэжээе” хэмээн химийн бодист хордсон эхчүүд ярьж байлаа. Уг нь энэ асуудалд нэн яаралтай анхаарал хандуулах цаг болсныг эрдэмтэд анхааруулж байсан ч төрийн байгууллагууд таг дуугүй чимээгүй суусаар.
ТҮГШҮҮР
2007 он. Хэдий хожимдсон ч Монгол Улсын Засгийн газар арга хэмжээ авсаан. Тодорхой хэлбэл, Засгийн газар энэ оны арваннэгдүгээр сард мөнгөн усыг импортлох болон ашиглахыг хориглох шийдвэр гаргав. Үүний дагуу мөнгөн ус хэрэглэдэг нийт 247 тээрэм хурааж, хяналт шал - галтынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хэдэн сар ажиллав. Эхний шалгалтаар л хорт бодисын тархалт байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах төвшин гамшгийн хэмжээнд хүрснийг баталж байсан юм. Чухам тэр үед Монголын төр улс о р н ы хэмжээнд түгшүүр зарлаж яагаад болоогүй гэж. Хэрвээ тухайн үед ард түмэнд сэрэмж дохио маш хүчтэй өгчихсөн бол мөнгөн уснаас бүрэн татгалзах хэмжээний ухамсар нэлээд хэсэгт нь суух байсан биз ээ.
Тэгвэл өнгөрсөн жилүүдэд чухам юу өрнөв, юу өөрчлөгдөв. Юутай ч түүх сөхье. Албан бус эх сурвалжаар хувиараа ашигт малтмал олборлогчдын тоо 100 мянгад, алтны үндсэн орд дээр ажилладаг хүмүүсийн тоо 50 мянгад хүрчээ. Энэ үеэс хувиараа олборлогчид мөнгөн усыг бараг хоол хүнс шиг л хэрэглэдэг болоод байлаа.
Хувиараа олборлогчид алтны үндсэн орд ашиглаж эхэлснээр мөнгөн усны бохирдолт Монгол орон даяар нэлэнхүйдээ, яг л борооны дараах мөөг шиг тархсан. Мөнгөн ус нь хүний мэдрэлийн системд нөлөөлөөд зогсохгүй, 3-4 үе дамжин хордуулдгаараа тун аюултай бодис. Минамата буюу мэдрэлийн системийн гэмтлийн өвчин анх Япон улсын Минамата хотод оношлогдсон. 1932-1968 онд ацетийн хүчлийн үйлд вэр мөнгөн устай хог хаягдлаа Минамата хойгт зайлуулдгаас тэндхийн ус бохирдсон байна.
Мөнгөн усанд хордсон загасыг хүнсэндээ хэрэглэдэг нутгийн ардууд аюулт өвчинд нэрвэгдэх нь тэр. 1950-иад оны үед Минамата хотод тархины эмгэгтэй, ээрч гацдаг, хөл гар нь мэдээ алддаг, ухаан нь самуурдаг өвчлөл дээд цэгтээ хүрчээ. Байдал ийн хүндрээд байхад Японы Засгийн газар 1968 он хүртэл буюу 12 жилийн турш нуун дарагдуулсан түүхтэй. Үүнийхээ төлөө гай таригч үйлдвэр болон Японы Засгийн газар өнөөдрийг хүртэл хохирогчдод нөхөн төлбөр олгож байна. Өөрөөр хэлбэл, минамата өвчний уршиг одоо хэр нь байсаар байна гэсэн үг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан албан ёсны баримтаар бол энэ хугацаанд 200 мянга орчим хүн мөнгөн усны хордлогод өртжээ. Эндээс та нэг зүйл анзаарав уу? Япончууд тэр үед мөнгөн усаар алт бариулаагүй, зөвхөн хордсон загас идсэнээр хохирсон. Ийм эмгэнэлт гашуун түүхийг бусдад сургамж болгох, минамата өвчинд шаналж яваа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өнөөдрийг хүртэл Японд жил бүр уулзалт зохион байгуулдаг. Гэтэл манайхан, хувиараа ашигт малтмал олборлогчид мөнгөн усыг яаж хэрэглэсэн билээ.
Энд асар том зөрүү байгаа биз. ...Хууль бусаар алт олборлогчид хүрээгээ улам бүр тэлсээр байлаа. Тэд улсын хамгаалалттай газрын бүс нутаг руу довтолж эхэлсэн. Говийн аймгуудын гуравхан суманд гэхэд тэр үед хүдрийн 100-гаад тээрэм ажиллаж байв. Үүний хэрээр олон зуун тонн мөнгөн устай шлам газарт тархсан. Гэвч энэ байдалд сумын удирдлагууд ч, хяналтынхан ч, аль аль нь үнэндээ санаа зовоогүй.
Харин тэр үед говийн аймгуудад тархины эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхэд хэдэн арваараа төрнө гэж хэн ч санаагүй. Гэвч таамаг хоосон байсангүй. Өмнөговь аймгийн зарим суманд төрөлхийн гажигтай хүүхэд хэдэн арваараа төрж эхэлсэн юм. Зүрх нь цээжин дээрээ ил байрлалтай нярай хүртэл төрсөн. Нүд халтирам, зүрх зүсэгдэм ийм эмгэнэлтэй байдалд хүргэсэн буруутан хэн гэж Та бодож байна вэ?
Харамсалтай нь дэндүү олон буруутан гарч ирнэ.
ТӨЛӨӨС
2008 он. Байгаль орчны яамны хийсэн судалгаагаар Өмнөговь, Сэ - лэнгэ, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд цианит натри, мөнгөн ус тархаж, 53.5 га талбайд химийн бодис ул мөрөө үлдээснийг тогтоолоо. Юутай ч энэ арга хэмжээний хүрээнд мөнгөн усны тархалт зогсох нөхцөл бүрдсэн гэж болно. Гэвч хүдрийн тээрмийг хурааж, импортыг хориглосноор химийн хорт бодисын хэрэглээг хазаарлаж чадсангүй, Монголын төр. Угтаа бол энэ шийдвэр зөвхөн ил цагаан хэрэглээг зогсоосон арга хэмжээ болоод байна.
Түүнчлэн хувиараа алт олборлогчид химийн хорт бодисыг замбараагүй хэрэглэснээр өөрсдөдөө төдийгүй бусдын эрүүл мэндийг золиослоод зогссонгүй. Татвар төлөгчдийн халаасыг тэд давхар ухсан. Мөнгөн ус, цианит натриар бохирдсон газрыг цэвэрлэхэд улсын төсвөөс гурван тэрбум гаруй төгрөг зарцуулж билээ. Олон улсын байгууллагуудын хандив, тусламжийн мөнгөн дүнг үүн дээр нэмбэл бүр талийж өгнө. Мөнгөн устай шламыг хоргүйжүүлэх төслийг Чех улсын нэгэн компани гүйцэтгэснийг санаж байна уу.
Тус компани энэ үеэр 100 хүртэл кг мөнгөн ус ялган авсан. Чехийн мэргэжилтнүүд сүүлд нь “Биднийг тэнд мөнгөн устай шламыг цэвэршүүлж, хоргүйжүүлж байхад хувиараа алт олборлогчид хажууханд хэрэглэсээр байсан нь хамгийн харамсалтай байлаа” хэмээн ярьжээ. Б-гийн яриаг дахин сонсъё. Тэрбээр анх Төв аймгийн Заамар суманд алт ухаж байсан бол 2007 онд Өмнөговьд суурьшсан байлаа.
“...Мөнгөн усыг өмнөх шигээ хэрэглэхээ больсон, хааяа л бариулж байгаа. Өөрөөр амьдрах арга алга байна шүү дээ. Ямар хулгай хийлтэй биш...Харин охин маань дөрөв хүрэлгүй өөд болсон. Алтнаас олсон мөнгө юм болдоггүй гэж үнэн юм билээ. Олсон бүх мөнгөө охиныхоо эмчилгээнд зарцуулсан ч нэмэр болсонгүй” гэв. Тэр үед Б-гийн нүдэнд нулимс хурж байсан.
Зүрх зүсэгдэх шиг болов. Гэхдээ яагаад? Хортой, аюултай гэдгийг мэдсээр атлаа, үр дагавар нь нүдэнд харагдаж, биед мэдрэгдээд байхад яагаад тэд салж чадахгүй байна вэ. Өнөөдөр идэх хоолноос илүү эрүүл мэнд, үр хүүхдийнх нь амьдрал чухал гэдгийг ойлгохгүй байгааг зөвтгөх хувилбар үнэндээ олдохгүй юм. Б бол алтнаас болж мөнгөн усанд хордсон олон гэр бүл, олон монгол хүний амьд жишээ. 2009 он. Өмнөговь аймагт хий сэн судалгаанаас харахад энэ оны эхний таван сарын байдлаар гэхэд есөн нярай ургийн гажигтай төрсөн гээд бод доо.
Цэн алтны төлөөсөнд Монголын ард түмэн, хойч үе, бяцхан хүүхдүүд ийн золиослогдож байна. Үндсэн орд дээр ажилладаг хүмүүс мөнгөн усаар гачигдах зовлонгүй. Энэ бизнес хэдийнэ цөөн тооны ченжүүдийн гарт оржээ. Хятадаас хулгайгаар оруулж ирдэг бүлэг, цааш нь дамжуулдаг ченжүүд, хувиараа алт олборлогчдод жижиглэн худалддаг сүлжээнийхэн гээд бүх зүйл нарийн чанд зохион байгуулалтад орчихсон. Хэдийгээр хуулиар хориглосон ч энэ бизнес хил гаалийн хяналтаас холуур тойрч чадаж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Баримт сөхье. Баянхонгор аймгийн төвийн нэг айлын хашаанаас 55 шуудай хүдрийн чулуу, хоёр кг мөнгөн ус илэрсэн удаатай. 200 грамм мөнгөн усаар 110 грамм алт ялган авдаг.
Тэгэхээр ийм хэмжээний мөнгөн усаар хэдий хэрийн хөрс газрыг бохирдуулж, үүний хэрээр хэчнээн хүн, амьтан хордохыг тооцож болох юм. Түүнчлэн шалгалтын явцад тухайн айлын хүмүүст шинжилгээ хийхэд мөнгөн усанд хордсоныг тогтоосон.
Ганцхан удаагийн шалгалтаар л энэ хорт бодис Монголд хэрхэн тархсаныг гэрчилсэн баримт энэ байлаа.
АЙДАС
Япончууд Минамата хойгийн мөнгөн усанд бохирдсон талбайг цэвэрлэхэд 30 орчим жил зарцуулжээ. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар хохирогчдод өгсөн нөхөн төлбөр болон нөхөн сэргээж цэвэршүүлэхэд зарцуулсан зардал нийт гурван тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингээд бодоход мөнгөн усыг шүүж цэвэрлэхэд урт хугацаа, дээр нь асар их хөрөнгө шаардагдаж байгаа биз. Уг нь бичил уурхай эрхлэх зөвшөөрлийг хуулиар хүлээн з ө в ш ө ө р с ө н .
Гэхдээ алтны үндсэн ордод мөнгөн ус, цианит натри зэрэг аюултай бодис ашиглахыг хэдэн хүн нийлсэн нөхөрлөлийн бүлэглэлд даатгаж болохгүй нь тодорхой. Үүнтэй холбоотойгоор хүдрийн тээрмээ хураалгасан хувиараа алт олборлогчид уур, нүдүүр ашиглан мөнгөн усыг гэр орондоо нууцаар хэрэглэсээр байна. Монголд одоо бүртгэгдсэн төв мэдрэлийн системийн согог гажиг тай, ээрч гацдаг, хөл гар нь саажилттай хүүхдүүдийн цаана хэдэн хүн энэ өвчинд шаналж яваа бол.
Цаашлаад хэчнээн хүүхэд мөнгөн усанд хордсоныг, ирээдүйд хэд болж нэмэгдэхийг хэлж мэдэхгүй юм. Хамгийн харамсалтай нь, нэг удаагийн цэвэрлэгээ, импортын хоригоор хи - мийн хорт бодисын бохирдлоос ард түмнээ хамгаалах ажлыг зогсоочихсон шүү дээ. Гэхдээ саяхнаас Өмнөговь аймагт мөнгөн усны нөлөөллийн төвшинг нарийвчлан тогтоох судалгааг нөхөн үржихүй болон хүүхдийн оюун ухааны хөгжилтэй уялдуулан судалж, цус, шээс, үсэнд мөнгөн ус тодорхойлох генетикийн шинжилгээг хийж эхэлсэн.
Дүгнэлт ирэх зургадугаар сард гарах ёстой. Энэ бол ганцхан аймагт хийх шинжилгээ. Үнэндээ ийм судалгааг Монгол Улсын хэмжээнд явуулах зайлшгүй шаардлагатай байгааг, чимээгүй үхэл таригч мөнгөн усны хор гамшгийн хэмжээнд хэдийнэ хүрснийг өнгөрсөн хийгээд өнөөдрийн бодит жишээнүүд батлахгүй байна гэж үү. Чимээгүй үхэл хаяанд ирчихсэн хаалга тогшиж байна. 2010 оны арваннэгдүгээр сар. Б-тэй дахин уулзлаа. “...Манай авгай жирэмсэн, гурван сартай....Ах нь одоо нэг л юмнаас айж байна...Энэ хүүхэд маань эрүүл л төрөөсэй...Эв эрүүл төрөөсэй”...
"Өнөөдөр"