2011-03-26Монгол хүн сансарт ниссэний болон хамтарсан нислэгийн 30 жилийн ойн энэ өдрүүдэд хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл сансрын сэдвээр “амьсгалж” байна. Тэр бүр хэвлэлээр гараагүй сонирхолтой сэдвийг эрж сурсаар бэлтгэл хурандаа Л.Дашжаргалтай уулзсан юм.
-Сансарт нисэх хүн судлах, эмнэлгийн үзлэгт оруулах ажлыг таныг гүйцэтгэж байсан гэж сонслоо.
-1977 оны 2 дугаар сард юмаа. Би тэр үед БХЯ-ны БХГ-ын офицерийн хэлтсийн орлогч даргын алба хашиж байсан юм. ЗХЖШ-ын орлогч, оперативын газрын дарга, хурандаа Ш.Жадамбаа өрөөндөө дуудлаа. “Монгол хүн сансарт нисэх боллоо. Төв Хорооны комисс гарсан. Тийм учраас нисгэгч нараас 4 хүн шилж, сонгон олох хэрэгтэй байна. Ил зарлахгүй, нууц явагдана” гэлээ.
Би ийм үүрэг авсан тухай хэлтсийн даргадаа илтгээд 137, 109 дүгээр анги, Иргэний агаарын тээврийн ерөнхий газрын удирдлагатай ярьж, сансарт нисэх боломжтой хүмүүсийг судлах, сонгох ажилдаа орлоо.
-Тухайн хүндээ “сансарт нисэх” гэдэг үгийг хэлж байв уу?
-Хэлж байсан, зарим нь цочирддог юм билээ. Цэргийн нууцтай холбоотой учраас уулзсан хүмүүс цааш нь үг дамжуулдаггүй байсан. Эхний хүмүүсийн тухайд…? -80 гаруй хүнтэй уулзаж судлаад 20 гаруйг нь госпитальд эмчийн үзлэгээр оруулсан юм. Оросоос эргэдэг сандал авчирсан байлаа. Нисэгч хүн эргэдэг сандалд суугаад тогтож чадаагүй тохиолдол ч бий.
-Эмч нарт сансарт нисэх хүн сонгох гэж буйгаа хэлсэн үү?
-Хэлээгүй, ер нь анзаараагуй байх аа. Нисэгч нар л эрүүл мэндийн үзлэгт орж байна гэж бодохгүй юу.
-Эхний 20 хүнээс ?
-Госпиталь, I эмнэлэг, Оддын хотхоноос ирсэн эмчийн үзлэгээр С.Усник, Б.Лхагвасүрэн, Ш.Эрхэмбаяр, С.Шаравсамбуу, Д.Баатар, Сүрэнхорлоо нар тэнцэж байлаа. Эд нар II эмнэлэгт хэвтэж, хяналтад байсан юм. Эдгээрээс Б.Лхагвасүрэн, Ш.Эрхэмбаяр, С.Шаравсамбуу, Сүрэнхорлоо нарыг сонгон намтар, анкет, бусад холбогдох материалыг орос хэл рүү орчуулж, Төв Хорооны комисст хурандаа Ш.Жадамбаа танилцуулан, хүлээлгэж өгсөн.
-Шийдчих нь тэр үү?
-Үгүй ээ, оросоос хариу ирсэн чинь “Нисгэгч нар дунд боловсролтой байна. Дээд боловсролтой, инжөнер хүн байх шаардлагатай” гэжээ.
Сүрэнхорлоо инженер тул үлдээгээд өнөө гурваа Цэргийн амралтад 14 хоног амраагаад анги руу нь буцаасан. Хожим сонсоход Кубын сансрын нисэгч дунд боловсролтой байсан юм билээ. Сансарт нисч ирээд манай нэг офицертой академи хамт төгссөн байдаг.
-Дахиад хүн судлах, олох ажил хэдэн сард явагдав?
-8,9 дүгээр сард явагдаж 100 шахам хүнээс 30 хүн эмнэлгийн үзлэгт орж байлаа. Заримынх нь нэрийг мартжээ. Ш.Паламдорж, Сайнцог, Ц.Ишган, Г.Дугарсүрэн, Б.Магвансүрэн нарыг санаж байна. Академич Б.Чадраа гуай утасдаж “Энгийн хоёр хүн байна, судлаач” гэсний дагуу хурандаа Ш.Жадамбаа бид хоёр ГУУЯ-ны сайд П.Очирбаттай уулзаж, өнөө хоёр хүнийг авсан нь Ганхуяг, Бэгз нар байлаа.
-8 хүн үлдсэн гэдэг байх аа?
-Тийм, тийм. Сүрэнхорлоо, Г.Гүррагчаа, Ш.Паламдорж Ц.Ишган, Сайнцог, М.Ганхуяг, Бэгз, Г.Дугарсүрэн нар, эдгээр 8 хүний анкет, материалыг бүрдүүлж, Төв Хорооны комисст хүргүүлсэн. Оддын хотхоноос ирсэн сонголтоор Сайнцог, Ж.Гүррагчаа, М.Ганхуяг, Сүрэнхорлоо дөрвийг Орост явуулж, үзлэг, сорилтод оруулах болсон юм.
-Нөгөө нэр сольсон талаар …?
-Ганхуяг гэдгийн хуяг нь оросоор эвгүй дуудагдах тул солихоор болсон. Зориг гэдгийг өөрөө сонгосон байх аа. Би хотын захиргаанд очиж нэрийг нь Ганзориг болгон солиулж байсан юм. Орост явсан дөрөв удалгүй ирсэн, сонголт хийгдсэн. Ж.Гүррагчаа М.Ганзориг хоёрыг гэр бүлээр нь Баянгол зочид буудалд хамгаалалттай байрлуулж байсан. Би буудлын нэг өрөөнд очиж тэр хоёртой уулзаад хариуцлагатай ажилтаны анкет бөглүүлж авснаар миний хүлээсэн үүрэг, гүйцэтгэх ажил өндөрлөсөн дөө. Үүнээс цааших үйл явдлыг монгол хүн бүр мэднэ шүү дээ.
-Ажил арай дуусчихаагүй үед нь та орхилоо доо?
-Нэг зүйл нэмж хэлье л дээ. Тэр хоёрын энгэрт юу ч байдаггүй. Тодорхойлолт бичээд л дарга нарт танилцуулж, Зэвсэгт хүчний ойн болон Эвлэлийн Төв Хорооны Цэргийн алдар алтан медалиар шагнуулахад оролцсон юм байна.
-Дараа нь тэдэнтэй хэзээ уулзав?
-Сансрын нисэгчид амралтаараа ирээд Бага тэнгэрийн аманд байхад нь БХЯ-наас намайг явуулахад хоёулантай нь уулзсан.
-Сансарт нисэх мөчид нь …?
-1981 оны 1 дүгээр сард би Одесс хотод БХЯ-ны төлөөлөгчөөр дипломат албанд томилогдлоо. Москвад удсан даа. 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би ЭСЯ-ны хариуцлагатай жижүүр байлаа.
-Сансарт нисэх хүсэлт, өргөдөл гаргасан хүн байсан гэж сонссон юм байна?
-Тэр үед интеркосмос гээд бүх социалист орноос сансарт нисч байлаа. Интеркосмос программд манай орон хамрагдсан, тэгэхээр монгол хүн сансарт нисэх боломжтой гэсэн ойлголт нийгэмд байсан юм. Өнөө юу, маргааш уу гэдэг нь тодорхойгүй байхгүй юу. Өмнөговиос нэг өргөдөл ирсэн. Бэлтгэл офицер хүн, Монгол хүн сансарт нисдэг л юм бол би нисэх ёстой хүн гэсэн үгтэй.
Судалсан чинь эрүүл мэндээр халагдсан нөхөр. “Та тайван цагт цэргийн албанд тэнцээгүй тул сансарт тэнцэхгүй” гэсэн хариу өгсөн дөө. Хошууч генерал Ц.Генадий ч эрүүл мэндийн үзлэгээр орно гээд л байсан. Холбооны яамны орлогч сайд Д.Гарам-Очир би гадаад хэл сайтай, инженер хүн сансарт ниснэ гэж санал гаргаад II эмнэлэгийн үзлэгээр тэнцээгүй дээ.
Дэд хурандаа П.Батнайрамдал
Эх сурвалж: “Соёмбо”