2011-03-21Цагдаагийн хэмээх хoндтэй бөгөөд хариуцпагатай ажилд нэр төртэй зүтгэж яваа тэргүүлэх бүсгүйчүүдийн нэг бол
Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасгийн байцаагч, цагдаагийн ахмад Л.Ундармаа юм. Тэрээр ажилдаа байнга шинийг эрэлхийлж идэвх санаачилга гарган ажилладаг. Энэхүү мэргэжлээ хүндэтгэдэг ажилсаг байдлыг нь мэргэжил нэгт нөхөд нь ихэд үнэлдэг юм билээ.
Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдалд сэтгэл зовниж явдаг эл бүсгүй Улаанбаатар хотын авто зам, замын хөдөлгөөний менежментийг сайжруулах чиглэлээр болон замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах ажилд өөрийн санал бодлоо нэмэрлэж тэр нь тодорхой үр дүнд хүрсэн байна. Энэ мэтчилэн Ундармаа ажилдаа үнэн сэтгэлээ өгч мэргэжилдээ эзэн байхыг олон ажлаараа харуулж яваа нь түүний ярианаас илхэн харагдах биз.
Ингээд “Ажил хэрэгч бүсгүй” буландаа Цагдаагийн ахмад Л. Ундармааг урьж ярилцлаа.
-Эмэгтэй хүн цагдаагийн байгууллагад ажиллана гэдэг том хувь тохиол. Та энэ албатай хэрхэн холбогдсон бэ?
- Би 1992 онд Москва хотын Авто замын дээд сургуулийг замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер мэргэжлээр төгссөн. 1992 оны зун 7 дугаар сард ирээд “Тээврийн бирж”-д, одоогоор Автотээврийн газарт тээвэр ашиглалтын улсын байцаагчаар ажилласан. Би мэргэжлийнхээ дагуу ажиллах сонирхолтой, тэгээд ч сургуулийг нь төгссөн юм чинь энэ чиглэлээр улсдаа өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулъя гэж бодоод энэ чиглэлийн ажил хаана байдгийг судалсан. Гэтэл ийм чиглэлийн ажил Замын цагдаагийн газарт байсан.
Гэвч шууд мэргэжлийн ажил хийх боломжгүй. Цагдаагийн байгууллага болохоор шат дараатай явна. Эхний ээлжинд ямар ч байсан Замын цагдаад ажилд оръё. Тэгээд болно биз гэж бодсон. Ингээд 1999 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хөдөлгөөний хяналтын хэлтэст операторчнаар ажилд орсон. Би энэ хэлтэст гурван жил хагас, дараа нь Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албаны хэлтэст хоёр жил хагас операторчнаар ажиллаад, 2005 онд үндсэн мэргэжлээрээ Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасагт байцаагчаар томилогдон ажиллаж эхэлсэн.
Одоо энэ тасагтаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Дээр нь цагдаагийн байгууллагад ажиллаж цагдаагийн дүрэмт хувцас өмсөхөд гэр бүл нөлөөлсөн л дөө. Манай нөхөр Цэргийн нэгдсэн дээд сургууль буюу одоогийн Цэргийн Их сургуулийг төгссөн офицер хүн. Тэгээд нөхөр дүрэмт хувцас өмсдөг нь сайхан харагдаж, ханьтайгаа адилхан дүрэмт хувцас өмсөх юмсан гэж боддог байлаа. Тэгээд би цагдаагийн байгууллагад орж ажилласнаар хоёулаа ижилхэн дүрэмт хувцсаа емсөх юмсан гэдэг хүсэл мерөөдөл биелсэн гэж хэлж болно.
-Ер нь эмэгтэй хүн цагдаагийн байгууллагад ажиллах ямар байдаг юм бол. Тэр тусмаа хүнд-рэлтэй тал их байдаг байх гэж боддог юм?
-Ер нь цагдаагийн алба цаг наргүй хүнд ажил л даа. Энэ албанд ажиллахын тулд бага багаар дадлага туршлага олж, ажлын хатуужил, тэсвэр тэвчээр сууж байж, цаашид ажиллах зүг чигээ олох нь зөв юм байна гэж боддог. Тэгэхгүй бол гэнэт офицер болчихсон хүнд алдаж онох зүйл бишгүй тохиолдож байх шиг харагддаг. Би ч гэсэн хоёр хэлтэст зургаан жил операторчнаар ажиллаж нилээд дадлага туршлагатай болсон. Энэ нь цаашид ажиллахад их тус дэм болсон гэж боддог.
-Таны ярианаас мэргэжилдээ үнэхээр дуртай ямар ч хатуу хүтүү тохиолдсон түүнийг бэрхшээхгүй даваад гардаг байдал харагдаж байна л даа?
-Тиймээ. Миний хувьд багаасаа хөдөө өссөн болохоор эршүүд талдаа, тэгээд ч өөрийн хүсэл зорилгынхоо дагуу ажиллаж байгаа болохоор Цагдаагийн байгууллагад ажиллах үнэхээр сайхан байдаг. Олон эрчүүдийн дунд ажиллаад ирэхээр тодорхой хэмжээгээр хатуу хүтүүг дааж сурдаг юм байна. Мөн орой, үдшийн цагаар болон амралтын өдөр ч шаардлага гарсан тохиолдолд ажилладаг. Аливаа хүн ажилдаа сэтгэлээ өгч ажиллавал хатуу хүтүүг ажрахгүй шүү дээ. Тийм ч учраас надад түүртэх юм байдаггүй.
- Ийм ажилтай хүмүүст ар гэрийн амгалан тайван амьдрал хамгийн чухал байх нь мэдээж.
-Тийм ээ. Манай хүн цэргийн хүн болохоор миний ажлыг маш сайн ойлгодог. Үнэнийг хэлэхэд ар гэртээ гаргах цаг зав тун хомс. Энэ утгаар ар гэрийн ажил орхигддог. Ер нь орой есөн цагаас өмнө гэртээ орно гэж байхгүй шүү дээ. Хамгийн гол нь гэртээ цөөхүүлээ, хүүхэд том болсон, аав, ээж байнга тусалдаг болохоор ар гэрийн ажилд санаа зовох нь бага байдаг.
-Таны ажил ховорхон мэргэжил. Мэргэжлээрээ бахархах үе олон байдаг биз?
- “Замын хөдөлгөөний зохион байгуулалт” гэсэн мэргэжлээр сургууль төгссөн хүн Монголд ховор. Миний мэдэхээр Москвагийн Авто замын дээд сургуулийг энэ чиглэлээр төгссөн тав, зургаахан хүн байдаг. Энэ мэргэжил нь одоохондоо манайд нэг их дэлгэрээгүй байгаа. Маш гоё, чухал мэргэжил учраас би мэргэжилдээ дээд сургууль төгссөн. Замын орчин нөхцлийг сайжруулахад гол ажил чиглэгдэж байгаа. Зам эхэлж баригдаж байгаа учраас замын дэд бүтэц хараахан хөгжөөгүй бүхий л зүйл учир дутагдалтай байна.
Тийм ч учраас яах аргагүй тулгамдсан мэргэжлийн нэг болох нь гарцаагүй хөгжүүлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг боловсронгуй болгох, зам, замын байгууламжаас шалтгаалсан зам тээврийн осол, хэргийг гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажиллах шаардлага чухлаар тавигдаж байна. Замын аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх, гэрлэн дохио, замын тэмдэг, тэмдэглэл, хаалт, хашилт, чиглүүлэгч хэрэгсэл, замын гэрэлтүүлэг гэх мэт зам, замын байгууламжтай холбоотой бүхий л хэрэгсэл бүрэн гүйцэд хангагдсан байх ёстой.
Яаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахав, яаж замын хөдөлгөөнд оролцогчдыг аюулгүй зорчуулах вэ гээд хийх ажил их байна. Замын цагдаа л гудамж замд гэрлэн дохио, тэмдэг болж зогсож байна гэж хэлэхэд илүүдэхгүй байх гэж бодож байна. Ажил, амралтын өдөр, баяр наадам, өдөр, шенийг ялгахгүйгээр замын цагдаа нар л хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байна. Өвлийн хүйтэнд нь даарч, зуны халуунд нь наранд шарагдаад зогсч байдаг. Цагдаа л байхгүй бол жолооч нар дүрмээ зөрчөөд эхэлдэг. Замын хөдөлгөөнд оролцогчид зөвхөн өөрийгөө бодож, маш соёлгүй хөдөлгөөнд оролцдог.
Замын гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэлийг зөрчдөг, хоорондын зайгаа барьдаггүй, зай завсар л байвал дайрч орж, гацаа түгжрэл үүсгэдэг. Хөдөлгөөнд оролцож байгаа бусад хүмүүсээ хүндэлдэггүй. Тэгээд өөрсдийгөө их боддог юм уу гэхээр тийм биш. Хамгаалах бүсээ ч зөв зүүгээд хөдөлгөөнд оролцож чаддаггүй гэх мэт яриад байвал замын цагдаагийн ажлыг хүндрүүлдэг их олон зөрчил дутагдлууд байна даа.
-Таныхаар цагдаагийн байгууллагын ажил нэгэн хэвийн явагдахад юу дутагдаж байна гэж боддог вэ?
- Мэдээж эхний ээлжинд хүнтэй харьцах харьцааны соёл дутмаг санагддаг. Цэрэг, цагдаагийн гэдэг утгаараа захирсан, тушаасан харьцангуй их байдаг. Мөн мэдлэг боловсрол, сахилга хүмүүжлээрээ тэргүүний байх ёстой. Замын цагдаагийн ажилтнуудын хувьд ярихад замын цагдаа оролцдоггүй ажил гэж үндсэндээ бараг байдаггүй гэж хэлэхэд болно. Тухайлбал, халтиргаа гулгаа үүслээ гэхэд иргэд замын цагдаа руу л ханддаг.
Гэтэл энэ ажлыг хариуцдаг олон байгууллага, аж ахуйн нэгж байгаа шүү дээ. Замын тэмдэг, тэмдэглэл, замын эвдрэл, хагарал, хонхорхой нүх гэхэд Нийслэлийн авто замын газар, нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Нийтийн тээврийн газар, үзлэгийн болон шүүрт худгууд гэхэд чиглэл чиглэлээрээ “Улаанбаатар” Дулааны шугам сүлжээ ХК, Ус сувгийн удирдах газар, “Усны барилга байгууламж” НӨҮГ-ууд, замын гэрэлтүүлэг гэхэд “Цахилгаан тээвэр” компани, “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-ууд тус тус хариуцан ажилладаг. Бүгд хариуцах эзэнтэй.
Тэд яагаад заавал замын цагдаагаар хэлүүлж, шаардуулахгүйгээр өөр өөрсдийн хийх ажлаа хийгээд явж чадахгүй гэж. Уг нь замын цагдаа замын хөдөлгөөнд хяналт тавих, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг жолооч нарыг илрүүлэх, тэдэнд хариуцлага тооцох үүрэгтэй хүмүүс. Тийм учраас бусад ажил хариуцдаг байгууллага, холбогдох хүмүүс үүрэгт ажлаа хийж чадахгүй байгаа нь замын цагдаагийн ажил хэвийн хэмжээнд явагдахадхүндрэл, саад учруулж байна гэж үзэж байна.
- Мэдээж мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх тал дээр их анхаардаг байлгүй?
- Ер нь хүн алхам тутамдаа л байнга сурч байдаг шүү дээ. Хар ажил хийсэн ч, гэрийн ажил хийсэн ч бусдаас сурах юм зүйл гардаг. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх талаар маш их анхаардаг. Би цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа учраас хуулийн талаар мэдлэг эзэмших шаардлагатай болсон. 2005 онд офицер болсныхоо дараахан Цагдаагийн академийн эчнээ эрх зүйн ангид орж суралцсан. 2008 онд Шведийн олон улсыг хөгжүүлэх агентлагийн шугамаар Люнд хотод 1 сарын сургалтад хамрагдсан.
Энэ сургалт нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хийгдсэн үр дүнтэй сургалт болсон. Мөн 2 дахь шатны сургалт нь Өмнөд Африкийн Иоханнесбург хотод, Замби улсын Лусака хотод болох үөд долоо хоногийн сургалтад хамрагдсан. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар норм, дүрэм, журам, стандарт боловсруулах, судалгаа шинжилгээ хийж хэрэгжүүлэх, зам, замын байгууламжаас шалтгаалан гардаг зам тээврийн осол, хэрэг, зөрчлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр байнга идэвх санаачлагатай ажиллахыг хичээдэг.
-Мэргэжлийнхээ дагуу цаашид хийж гүйцэтгэмээр ажил их байдаг байх даа?
-Тэгэлгүй яахав. Хийж хэрэгжүүлж болохоор нилээдгүй олон ажлууд байна. Замын хөдөлгөөнийг зохи-цуулах, зохион байгуулах ажил нь хөрөнгө мөнгө их шаардсан ажлууд байдаг учраас санаа байвч сачий хүрэхгүй гэгчээр биелэгдэхгүй юм их байдаг. Тухайлбал, хамгийн наад зах нь бүх хатуу хучилттай замуудад хэвтээ болон босоо тэмдэглэлийг бүрэн гүйцэд хийх, замын гэрлэн дохио, тэмдгүүдийг стандартын дагуу бүрэн гүйцэд тавиулах, хараагүй болон тахир дутуу хүний аюулгүй байдлыг хангах, тэднийг зам хөндлөн гарахад зориулсан мэдрэх боломжтойхээтэй плитанууд болон алаг эрээн чулуунуудыг явган хүний гарц, явган хүний зам дээр суулгаж өгөх.
Гэр хорооллын болон дүүргүүдийн алсын замуудыг хооронд нь холбож хөдөлгөөнийг сийрүүлж өгөх нь зүйтэй байгаа юм. Хотын төв рүү орж байж нөгөө дүүрэг рүү ордог. Жишээ нь: Орбитыг Толгойттой Толгойтыг нь Баянхошуутай, Баянхошууг Хайлаасттай нь холбосон алсын замууд чухал байгаа юм. Өөрөөр хэлбэл гуравдагч тойруу замыг. барьж өгвөл зүгээр байна. Манай нийслэлд хот төлөвлөлт муу хийгдсэн, зай завсар л байвал байшин барилга барьдаг. Автомашины зогсоол, холбогдох зам, гадна тохижилтыг нь тооцдоггүй.
Замын хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах судалгаа, шинжилгээний төвтэй болох, мөн зам, замын байгууламжийг хурдан шуурхай засуулдаг байнгын эргүүл, хяналтын албатай болох хэрэгтэй. Энэ алба нь тодорхой тогтоосон цаг хугацааны дотор эвдрэл гэмтлийг засуулдаг, энэ үүргээ биелүүлж чадахгүй бол хариуцлага тооцдог байх гэх мэт. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн хамтын ажиллагаа чухал байгаа юм.
-Эцэст нь мэргэжил нэгт нөхөддөө хандаж юу хэлэх вэ?
- Цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж яваа мэргэжил нэгт нөхөддөө ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэхийн ялдам тэдний гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэгтэй адил хамтдаа урагшаа тэмүүлцгээе.
Д.Гэрэлт
Эх сурвалж: “Нийслэл таймс”