2011-03-09Монгол Улс эрчим хүчний шинэ тоглогч болж, олон улсын зах зээлд хөл тавьж буйгаа
хэдхэн хоногийн өмнө дэлхийд зарлалаа. Том уриа, сайхан мөрөөдөл нэвт үнэртсэн “COAL MONGOLIA-2011” Төв Азийн цээжин дэх утаатай Улаанбаатарт 13 орны хөрөнгө оруулагчдыг морилон саатуулж чадав.
Монгол нүүрсний ориг утааг магадгүй хэзээ ч мартахааргүйгээр уушгиндаа шингээсэн тэд Монголыг дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч гэдгийг хүлээн зөвшөөрч буй. Яг үнэндээ эрчим хүчний шинэ тоглогч гэж хэн бэ, Монгол Улс үнэхээр ийм тоглогч байж чадах уу, ийм байхын тулд яах ёстой вэ зэрэг олон асуулт бидний өмнө байна.
Илэрсэн нөөцийнхөө хэмжээгээр Тавантолгой үүцээ дөнгөж задалж буй дэлхийн шинэхэн ордуудыг тэргүүлдэг. Жилд 100 сая тонн нүүрс экспортлоход нэг зуунд хүрэлцэх нөөцтэй энэ ордоос Монгол Улс өнгөрсөн ганцхан жилд экспортолсон 16.6 сая тонн нүүрснийхээ дийлэнхийг зөөжээ.
Энэ нь урд хөршийн өнгөрсөн онд импортолсон 130 сая тонн нүүрсний 30 хувийг эзэлж буй. Үүнийгээ 50 хувь хүртэл нэмэгдүүлэх боломж манайд байгааг олон улсын мэргэжилтнүүд онцоллоо. Сайхан л мэдээ. Харин үүнээс монголчууд юутай үлдэх вэ. Нүүрсээ түүхийгээр нь зөөж, түүхий эдийн бэлтгэл бааз болж буйгаа ийнхүү дэлхийгээр нэр зарлаад байгаа юм биш биз.
Нүүрсээ зөөж хамгийн том экспорлогч болсноор өнгөрсөн онд монголчууд бид юутай үлдэв. Улсын төсөвт, сангийн авдарт дусал ч гэсэн хувь нэмэр оруулаа л биз. Ингэлээ гээд баялгаа түүхийгээр нь зөөсөн улс орон дэлхийн хэмжээнд тоглогч болно гэж үү.
Өнөөдөр дэлхийд манайхтай адил нүүрсээ түүхийгээр нь зөөж буй олон орон бий. Тэд түүхий эдийн бэлтгэл бааз л болсноос дэлхийн зах зээлд гол тоглогч болж байгаагүй. Харин баялагтай, нөөцтэй, түүнийгээ дагасан дэд бүтцээ хөгжүүлж, хамгийн шилдэг техник, технологи бүхий үйлдвэртэй улс орон л гол тоглогч болдог нь зах зээлийн зарчим. Гэтэл өнөөдрийг хүртэл Монголд ийм боломж нөхцөл бүрдээгүй л байна.
Баялаг нь байгаа ч хамгийн наад захын шаардлага болох дэд бүтэц нь сураг ч алга. Засгийн газар төмөр зам тавих, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах гээд олон сайхан бодлогыг цаасан дээр төлөвлөсөн. Гэвч ажил хэрэг болж буй анхны алхмаа хийсэн нь юу билээ.
Ийм байтал дэлхийн хэмжээний “шинэ тоглогч” гарч ирснийг зарласан нь хэтэрхий ахадсан санагдана. Дэлхийн хэмжээний эрчим хүчний шинэ тоглогч болоход дэд бүтэц, боловсруулах үйлдвэрээс эхлээд төрийн хэмжээний стратегийн бодлого, дэлхийн зах зээлийг тооцоолсон алсын хараа хэрэгтэй. Монгол Улс “Хоёр толгой”-гоо дэлхийн зах зээлийн лангуун дээр дэлгэн тавьснаас хойш олон жил өнгөрлөө.
Эхнийх нь болох “Оюутолгой”-н гэрээг зургаан жилийн турш дуншиж байж байгуулсан ч үзэглэснээс өөрөөр дэлхийд байтугай эх орондоо гайхуулах бодит бүтээн байгуулалтын суурь ч тавигдаагүй байна. Урьдчилгаа гэх хэдэн сая ам.долларыг ард түмэнд хувь хишиг болгон “долоолгосноос” өөр юу байна вэ?
Тавантолгойн орд газарт оператор компанийн болон хөрөнгө оруулах компанийг сонгoн шалгаруулах тендер зарлалаа.Одоо хүртэл эцэслээгүй л байна. Төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компани хөрс хуулалтаа эхлүүлж, олборлоход бэлэн болгоод байгаа.
Энэ бас амжилт л даа. Гэхдээ байгаа баялгаа зөөхөөс өөрөөр дэлхийд хэрхэн үнэ хүргэх талаар дорвитой эхлэл мөн л тавигдаагүй байна. Нүүрсээ ухдаг, түүнийгээ зөөдөг, урд хөршийнхөө эрчим хүчний зах зээлийн хамгийн том импортлогч нь болж, Австралитай өрсөлдөгч болж байгаагаа “эрчим хүчний шинэ тоглогч болчихлоо” гэж ойлговол дэлхийн доог тохуу болж буй биш үү. Дэлхийн хэмжээний шинэ тоглогч гэдэг нүүрсээ түүхийгээр нь зөөдөг, хэн нэгний түүхий эдийн бэлтгэл бааз болсон улс орныг хэлэхгүй ээ.
Эхний ээлжинд нүүрсээ түүхийгээр нь зөөгөөд хурааж хуримтлуулсан мөнгөөрөө төмөр зам барина гэж бид “мөрөөдөж” байгаа. Улаанбаатарыг зорьж Монголд яагаад хөрөнгө оруулах ёстойгоо судалж буй эрхмүүд бидний энэ мөрөөдөлд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж байсан. “Төмөр зам тавиагүй байж автомашинаар нүүрсээ зөөж байгаль орчныг сүйтгэж буйн хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой” хэмээн Дэлхийн банкны уул уурхайн ахлах мэргэжилтэн ноён Г.Хэнкок хатуухан хэлж байсан.
Нүүрсээ ухах гэж, зөөх гэж яарч буй Засгийн газрын байр суурийг ганц тэр ч биш өөр бусад ч мэргэжилтнүүд ч эргэн харахыг зөвлөж байсан. Гэтэл бид энэ удаад ч бас эхний ээлжинд нүүрсээ зөөж олсон ашгаараа төмөр замаа тавих тухай ярьсаар.
Хэрэв тийм бол Тавантолгойд олон улсын хөрөнгө оруулагчдыг урьж залах ямар хэрэгтэй билээ. Өнөөдрийг хүртэл Тавантолгойн хар алт өмнийн говийн хөрсийг улаанаар эргүүлсээр, нүүрсний хар зам татуулан байгаль орчныг сүйтгэсээр л байна.
Гэтэл бид эрчим хүчний шинэ тоглогч хэмээн дэлхийд зарлаж буй мөртлөө нүүрсээ машинаар зөөж буй нь дэлхийд элэг доог болж байна. Ядаж дэд бүтцийн асуудлаа шийдэж, боловсруулах үйлдвэрүүдийнхээ суурийг тавьчихаад, аж үйлдвэрийн цогцолборынхоо төслийг бэлэн болгосон хойноо ингэж дуугарсан бол Монгол үнэхээр дэлхийн нүүрсний зах зээлд “эзэн” суусныг хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрөх байсан биз. Нүүрсээ боловсруулж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ тив алгасдаггүй юм гэхэд хөршүүддээ нийлүүлэх хэмжээнд хүрчихээд том дуугарах өөр хэрэг. Өнөөдөр дэлхийн хэмжээний нүүрсний экспортлогч болохын тулд дэд бүтэц хэрэгтэй.
Өндөр ашиг олж, өндөр хөгжилд хүрэхийн тулд боловсруулах үйлдвэр хэрэгтэй. Аль аль нь бидэнд алга. Тавантолгой-Сайншанд хүртэл төмөр зам тавьж, аж үйлдвэрийн цогцолбор байгуулан нүүрс, зэсээ боловсруулан дэлхийд гаргах Засгийн газрын бодлого “цаасан” дээр төдий л яригдаж байгаа.
Уул уурхайн салбар ийнхүү цаасан дээр “хөгжиж” байгаа энэ мөчид Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийн шалгаруулалт уг нь “”дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч” байх Монгол Улсын эрх ашиг, сонирхолтой нэгдсэн бол эхний боломж байх байлаа. Монголын нүүрсийг ачаад, зөөгөөд байж хэн ч чадна. Монголчууд өөрсдөө ч энэ ажлыг хийсээр ирсэн.
Тэгвэл одоо ачиж, зөөх тухай ярих нь дэндүү хоцрогдсон. Нүүрсийг ердөө л угаах төвшинд боловсруулах нь ч хангалттай бус. Зүүн бүс нутагт Дорнодын газрын тос, Сүхбаатарын цайр, Төмөртэйн орд гээд ойрын жилүүдэд ашиглах нь ашигт малтмалын арвин их баялаг бий.
Тэднийг бүрэн цогцоор нь ашиглан, хамтад нь дэлхийн зах зээлд гаргах талаар ч “Тавантолгой”-гоор түрий барин бодолцох учиртай. Тиймээс дэд бүтэц, орчин үеийн техник, технологи бүхий боловсруулах үйлдвэрийг “Тавантолгой”-г сонирхож буй хөрөнгө оруулагчдаас шаардаж яагаад болохгүй гэж. Ухсан нүх, овоолсон шороо, сөнөсөн байгальтай үлдэхгүйн тулд газрын хэвлийгээс гаргаж авсан баялгаа бүрэн гүйцэд ашиглан боловсруулж, эрчим хүч, ган, төмөр үйлдвэрлэн, дэлхийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар экспортод гаргаж чадвал олон мянган хүн ажлын байртай, орлоготой, хамгийн гол нь уул уурхайн том туршлага бидэнд үлдэнэ. Үүнийг бидэнд хэн өгч чадах вэ?
Одоогоор тендерт оролцож буй хөрөнгө оруулагчид монголчууд бидний, манай Засгийн газрын гол зорилт болсон аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулах эсэх нь тодорхойгүй байгаа. Магадгүй үүнд ач холбогдол өгч байгаа нь ч эргэlзээтэй.
Үүнийг тандах нь тендерт ялагч болох эхний босго байж болохгүй гэж үү. Тавантолгойн нүүрсийг түшиглэн аж үйлдвэрийн цогцолбортой болчихвол хэдэн зуун жилдээ ашиглах, боловсруулах түүхий эд нь, ашигт малтмал нь бидэнд бий. Харин Монголын төрд цаасан дээрээ үлдэж мэдэх сайхан мөрөөдөл байна. Тиймээс эрчим хүчний шинэ тоглогч байх сайхан мөрөөдлөө нүүрс тойрсон шоу болгочихгүй байгаа даа. Үүнээс гадна хоёр хөршийн ирээдүйн чиг хандлагыг ч тооцохоос аргагүй.
БНХАУ ойрын жилүүдэд хүлэмжийн хийгээ 30 хувь бууруулах амлалтыг дэлхий нийтийн өмнө авсан. Үүндээ хүрэхийн тулд манайтай хиллэдэг ӨМӨЗОны нутаг дэвсгэр дэх хуучирсан, хоцрогдсон технологи бүхий нүүрс боловсруулах 600 гаруй үйлдвэрээ хаалаа. Дэлхий дахин зөвхөн нүүрс ч биш бусад түүхий эдийг хаягдалгүйгээр, байгаль орчинд хор хохиролгүйгээр ашиглан, улам олон төрлийн бүтээгдэхүүн гарган авч, ахиу нэмүү өртөг шингэх технологи руу хошуурч байна.
Тиймээс Монгол ч бас ийм шаардлага, тийм болзлыг тавьж болохгүй гэж үү. БНХАУ цаашид боловсруулаагүй түүхий нүүрс импортоор оруулахыг хориглох бодлого баримтлах хандлагатай байгаа. Ийм тохиолдолд монголчууд урд хөршид зах зээлтэй байхын тулд боловсруулах үйлдвэртэй болохоос аргагүйд хүрнэ. Тйимээс өнөө маргаашийг биш 20-30 жилийн алсыг тооцвол Таван толгойн тендерт оролцогчдод одооноос ийм шаардлагыг тавих нь монголчуудын хувьд алсаа харсан алхам болно.
Дэлхийн уул уурхайн хөгжлөөс харахад баяжуулж, угаах үйлдвэр анхан шатны хамгийн энгийн үйлдэл аж. Үүнийг тээвэрлэхэд маш их хэмжээний нунтаг шороо, нүүрс хаягддаг юм байна. Тйимээс Монголд боловсруулах үйлдвэр байгуулах нь нэмүү өртгийг эх орондоо үлдээхээс гадна байгаль орчинд ч аврал болно.
Угааж баяжуулсан нүүрсээ ширхэг ч тоосны хаягдалгүй боловсруулан, хэд хэдэн бүтээгдэхүүн болгоод хэрэгцээтэй улс орнуудад нь экспортолж чадвал Монгол Улс жинхэнэ утгаараа дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч болох юм. Монголын зорилго том. Хөгжингүй орнуудтай энэ тэнцүү хөгжих эрмэлзэл бидэнд бий. Үүндээ хүрэхийн тулд Монголд алсыг харсан зөв тоглолт хэрэгтэй.
Түүнээс биш сайхан уриа, хоосон мөрөөдөл, хувь хишиг ард түмэнд тараах төдий явцуу ашиг сонирхлоор дэлхийд шоудах нь Монголын нэр хүндийг, баялгийн үнэ цэнийг унагахаас өөрөөр ашиг орлого авчрахгүй биз ээ.
unuudur