2011-02-23Талийгаач цагдаа Ш.Эрдэнэ-Очирын ах ярилцлага өгөв
Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын цагдаа Ш.Эрдэнэ-Очир долдугаар сарын үймээний үеэр хүнд бэртэл авч түүнээс хойш өвчиндөө шаналж байгаад энэ сарын 9-ний өдөр амьсгал хураажээ. Түүний ар гэрийнхэнтэй холбогдож талийгаачийн талаар ярилцах гэсэн боловч эхнэр нь "Бидэнд одоохондоо хэвлэлд ярилцлага өгөх боломж алга. Бидэнд хэцүү байна" хэмээсэн юм. Харин талийгаачийн ах Ш.Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
-Нийгмийн хэв журмыг хамгаалах газар буюу хуучнаар Эргүүл хамгаалалтын газарт талийгаач хэдэн онд ажилд орсон юм бэ?
-2007 онд цагдаагийн байгууллагын анхан шатны дамжаанд суралцаад тэндээсээ цагдаа болж ажилласан. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн болсон тэр хар өдөр хамгаалалтад гарч байгаад толгой руугаа чулуугаар цохиулж гэмтэл авсан.
-Чулуугаар цохисон эзэд нь олдсон уу?
-Олдоогүй.
-Зөвхөн толгойдоо л бэртэл авсан юм уу?
-Тийм, бэртэл авсан тэр өдрөө Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт хүргэгдэж тэндээ хэвтсэн.
-Тухайн үед онош нь юу гэж гарч байсан юм бол?
-Толгойдоо л хүнд гэмтэл авсан гэж байсан. Эмнэлгийн нарийн хэллэгийг нь сайн мэдэхгүй байна.
-Эмнэлэгт хэр удаан хэвтэж байгаад ажилдаа буцаж орсон юм бэ?
-2008 оны долдугаар сарын 1-нээс хойш эмнэлэгт хэвтэж байгаад ажилдаа буцаж орсон. Гэсэн ч гэмтэл нь сайн эдгээгүй. Байнга толгой тархиар нь хатгаж өвдөнө. Ажлынхаа хажуугаар эмчлүүлэх боломж түүнд олдоогүй. Сүүлдээ авсан бэртлээсээ болж маш их шаналж эхэлсэн. Хүнд юм өргөж чадахаа байж, хамраас нь цус гоождог болов. Эцэст нь гар нь салгалж, хөл дээрээ алхаж чадахаа байсан. Бид ярилцаж байгаад ардын эмнэлгээр жаал явсан. 2009 оны таван сард ажлаасаа гарсан юм. Түүнээс хойш гэрээрээ эмчилгээ хийлгэж байсан.
-Үймээний талаар тэр юу гэж ярьдаг байсан бэ?
-Монголчууд нэг нэгийгээ хайрлахгүй, балмад хэрцгий авирласан тухай ярьж байсан. Тухайлбал, хамгаалалтад зогсож байсан зарим цагдааг иргэд чирч, дээрээс нь дэвсэлж, зодсон гээд тэр үед болсон үйл явдалд их л зэвүүцэн ярьж байсан даа. Хүн хүнээ хайрлахгүй ширүүн догшин, муу муухай зүйл үймээний үеэр болж байсан гэдэг. Дүү минь ч өөрийнхөө үзэж харснаар бас найз нөхдийнхөө ярьсныг ярьдаг байв.
-Мэдээж бэртэл аваад өвчиндөө шаналж суухдаа төр засагт гомдох үе байсан байх даа?
-Залуу хүн болсон хойно гэртээ суугаад бухимдаж, өвчиндөө шаналж харамсаж байсан л байх. Тэр тухай надад үг дурсаж байсангүй. Мөн ажил төрөл гээд тус тусынхаа амьдралыг хөөгөөд тухтайхан үг солих нь ховор байж дээ.
-Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас ямар нэгэн хэмжээгээр тусалж дэмжиж байсан уу?
-Цагдаагийн ерөнхий газраас үймээний үеэр бэртэж гэмтсэн албан хаагч нартаа нэг удаагийн буцалтгүй тусламж өгч байв. Талийгаач 750 мянган төгрөг авч байсан. Яах вэ, тэр нь тухайн үед эмчилгээ, сувилгаанд нь нэмэр болсон л байх. Бага хэмжээний мөнгө ч гэсэн цагдаагийн байгууллагад бас баярлаж явдаг юм аа.
-Нэг бодлын баярлах юу байх вэ дээ. Албан үүргээ гүйцэтгэж байгаад гэмтэл авч амиа алдлаа. Хамгийн гол нь талийгаачийн эхнэр, хоёр хүүхэд өнчрөөд хоцорч байна. Тэдний амьдралын баталгааг төр хариуцах ёстой юм биш үү?
-1-10 насны хоёр хүүхэдтэй. Бага нь дөнгөж нэг ой хүрч байгаа.
-Таны аав, ах, дүү талийгаач гээд бүгдээрээ л цагдаагийн байгууллагад хүчин зүтгэж явсан хүмүүс гэдэг. Тийм болохоороо бас энэ байгууллагаар бахархаж, талархаж байдаг биз. Гэхдээ хүнээ алдчихаад дуугүй суух хэрэг бий гэж үү?
-Манай аав цагдаагийн ахмад цолтой тэтгэвэрт гарсан хүн. Шуурай гэдэг хүн бий. Ах маань бас энэ байгууллагад ажиллаж байгаад гарсан. Бидний хоёр нь Нийгмийн хэв журмыг хамгаалах газарт ажиллаж байсны нэг нь тапийгаач. Үймээний үер олон цагдаа бэртэж гэмтсэн.
Үүнд цагдаагийн байгууллагын буруу гэж юу байх вэ. Тэд үймээн самууныг таслан зогсоох гэж тэмцсэн. Албан үүргээ л гүйцэтгэсэн. Талийгаачийн 49 хоног өнгөрөхөөр ЦЕГ-ын удирдлагуудтай уулзах бодол бий. Эхнэр нь тайтгарч амжаагүй байна. Тайтгарсных нь дараа хоёр хүүхдэд нь халамж энэ тэр гээд юу байдгийн хөөцөлдөнө.
-Та нар эцэг эхээс хэдүүлээ юм бэ?
-Тавуулаа. Дүү маань айлын гурав дахь хүү. Миний яг доод талынх.
-Тэр өдрийн аймшигт үймээний үйл явдалд та тэгээд хэн буруутай гэж бодож байна?
-Буруутныг нь тогтоох биз дээ. Хэн буруутай гэдэгт хариулж чадах юм үнэндээ алга даа.
-Хамгийн гол нь таны дүү шиг олон цагдаа өнөөдөр өвчин эмгэгдээ шаналаад ажил үүргээ гүйцэтгээд явж байна. Тэгж байгаад тэдний хэнд нь ч ийм аймшигт явдал тохиолдох юм билээ?
-Цагдаагийн байгууллага энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж бодож байгаа. Энэ удаа миний дүү амиа алдлаа. Бусад бэртсэн цагдаа нарын амь нас хутганы ирэн дээр байна. Тэднийг төр засаг хамгаалтандаа авч анхаарал хандуулах цаг болсон.
-Талийгаачтай та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Цагаан сарын өмнөхөн уулзсан. Түүнээс хойш уулзаж чадаагүй... Энэ сарын 9-ний өдрийн өглөө ажлаасаа буугаад явж байсан чинь дүүгийн чинь бие муудлаа гэсэн хэл надад ирсэн. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг дэәр явж очиход аль хэдийнэ амьсгал хураасан байлаа. Тэр өдөр түргэний машинаар дүү минь хүргэгдэж ирээд эмнэлэгт цаг болоод өнгөрсөн. Дүү минь хамт олныхоо дунд нэр хүндтэй, сэргэлэн авхаалжтай хүүхэд байсан юм. Бага байхдаа л цагдаа болно гэж ярьдаг байсан. Бие бялдар ч сайтай. Цагдаагийн байгууллагад дөнгөж нэг жил болоод л тэр гайтай өдар бэртэл авсан. Цал залуухан 30 насандаа хорвоогоос буцлаа.
-Чингэлтэй дүүргийн эмнэлэг үхлийн шалтгааныг нь юу гэж тайлбарлаж байсан бэ?
-Тархиндаа хүнд бэртэлтэйн улмаас зүрх нь тэр ачааллыг нь даасангүй гэж эмч хэлж байсан. Үхлийн шалтгааных нь дүгнэлт албан ёсоор хараахан гараагүй байгаа.
-Үймээний дараахан ЦЕГ зарим албан хаагчдаа шагнаж урамшуулсан байдаг. Үүнд талийгаач багтсан болов уу?
-Талийгаачийг эмнэлэгт хэвтэж байхад цагдаагийн гавьяа шагналаар шагнасан юм билээ. Тэр үед нь би хөдөө ажлаар явсан байсан.
-Долдугаар сарын үймээний үеэр бэртэж гэмтсэн цагдаагийн албан хаагчид хэвлэлээр ярилцлага өгч, холбоо хүртэл байгуулж байсан. Танай дүү яагаад тэр үед юу болсон тухайгаа, өөрөө хэрхэн хохирсон тухайгаа ярьж байгаагүй юм бол?
-Мэдээж бэртэж, гэмтсэн хүмүүстэйгээ холбоотой байсан. Мөр зэрэгцэж явсан нөхөд нь Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж байхад тзднийг сэтгэл санаагаараа дэмжээд хажууд нь байсан. Харин хэвлэлд ярилцлага өгч байгаагүйг нь бодоход өорийнх нь хувийн зан чанараас болсон байх. Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбооныхонтой холбоотой байсан.
Г.ЯЛГУУН