2011-02-21-БИД НАРЫН НАСАН ДЭЭР АНХНЫ ХАЙРТАЙГАА УЧИРЧ БАЙСАН Л БАЙЖ ТААРАА-

Өсвөр насныхны төдийгүй томчуудын сонирхлыг татах болсон хамтлаг бол “Good boys” хамтлаг билээ. Тус хамтлаг хосуудын баяр гэгдэх Валентины өдрөөр “Хайр ирлээ” нэртэй тоглолтоо хийсэн нь фэнүүддээ барьсан томоохон бэлэг болжээ. Хамтлагийн хөвгүүд 11-16 насныхан бөгөөд хамгийн ахмад нь Э.Мөнхбаатар өнөө жил аравдугаар ангийн сурагч бол хамгийн бага нь О.Жаргал. Тэрбээр тавдугаар анги юм байна. Харин Б.Тэлмэн, Д.Очсүрэн нар “Монгени” сургуулийн 7-р ангид сурдаг нэг ангийн хоёр аж. Тэд томчуул шиг завгүй хөдөлмөрлөдөг бололтой. Хоёр өдөр дараалан тоглолт хийсэн ч биднийг ярилцлага авахаар очиход гэрээт продакшн дээрээ хөгжмийн нэвтрүүлгийн бичлэг хийлгээд сууж байлаа. Хамтлагийн ахлагч нь Э.Мөнхбаатар бөгөөд бусад нь ахаа гэж дууддаг юм билээ.
-Саяхан болж өнгөрсөн тоглолтын тухай яриагаа эхэлье. Хоёр өдөр циркийн суудал дүүрэн үзэгчидтэй тоглолт хийсэн гэж сонслоо. Анхны тоглолт учраас мэдээж олон сайхан дурсамж үлдсэн байх?
-Тоглолт маш гоё болж чадсан. Бид “DX” продакшнтай гэрээтэй ажилладаг. Продакшны ах нар энэ тоглолтын ажлыг хариуцаж зохион байгуулсан. Бид өмнө нь хүүхдийн ордон болон бусад газар багахан хэмжээний тоглолт хийж байсан л даа. Харин энэ удаа анхны томоохон шоу тоглолтоо хийлээ. Энэ тоглолт маань рок, попын оддын зохион байгуулдаг тоглолтын хэмжээнд зохиогдсон. Тоглолтын үеэр санаанд оромгүй явдал болсон. Бид дөрвүүлээ маш их шоколад, захиа хүлээж авсан. Тоглолт тараад гарах гэтэл бидэнтэй уулзах гэсэн охидууд, хүүхдүүд үүдэнд хүлээгээд зогсчихсон. Цаг 30 минут шахуу хүлээж байж хүмүүс сийрэхээр гарч ирсэн. Тийм зүйл болно гэж төсөөлөөгүй.
-Хэн нь хамгийн олон захиа хүлээж авсан бэ?
-Бүгдээрээ л авсан. Гэхдээ Э.Мөнхбаатар ахад арай олон захиа ирсэн байх. Саяын тоглолт ч гэлтгүй бидний утсанд танилцъя гэсэн мессеж өдөр бүр ирдэг. Утасны дугаар хаанаас ч авдаг юм бүү мэд. Хариу бичихгүй байвал нэгжгүй байгаа юм уу гээд нэгж явуулах тохиолдол ч бий.
-Захиаг сонирхож болох уу. Ямар үгтэй захиа байгаа бол?
-”Захиа энд байхгүй. Утсан дээр ирсэн мессэж бол байна” гээд (Э.Мөнхбаатар нэлээд гуйлгаж байж нэг мессеж үзүүлэв) Тэнд “Чамтай танилцаж болох уу. Намайг Номин гэдэг. Найз охин байгаа юу” гэжээ.
-Тоглолтоо яагаад “Хайр ирлээ” гэж нэрлэсэн юм бэ Магадгүй томчуулын зүгээс хүүхдүүд байж хайр дууллаа гэж шүүмжлүүлсэн байх?
-Э.МӨНХБААТАР:
Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан тэр дундаа хайрын тухай дуу маш цөөхөн байдаг. Дуулдаг хамтлаг ч одоохондоо байхгүй. Бид анхдагч болж гарч ирсэндээ баяртай байгаа. Мэдээж томчуулын зүгээс хайр дууллаа гэж шүүмжлэл сонссон. Хэтэрхий жаахан байж хайр дууллаа гэдэг. Зарим нь хөөрхөн л юм байна ш дээ гэдэг. “Хайр ирлээ” гэж бидний дууны нэр. Энэ дуугаар цомгоо бас тоглолтоо нэрлэсэн. Бид энэ дуугаа дуулах дуртай, хүмүүст ч хамгийн их хүрсэн дуу гэж боддог. Энэ дууны маань утга нь өсвөр насныхны хайрын тухай, анхны хайрын тухай дуу. Том хүмүүс дандаа хайр дуулах албагүй. Том хүмүүс ч гэсэн бидний насыг дайраад л өнгөрсөн. Бид нарын насан дээр анхны хайртайгаа учирч байсан л байж таараа. Бидэн шиг өсвөр насны хүүхдүүд анхны хайртайгаа учирч байгаа.
Д.Очсүрэн: Хорвоо ертөнцийг тогтоодог зүйл бол хайр гэж би боддог. Хайр бол хамгийн аугаа зүйл. Эцэг, эхийн хайр, найз нөхдийн хайр, үерхэл гээд зөндөөн хайр байгаа. Ер нь бүх зүйлийг нэгтгэж чаддаг зүйл бол хайр. Манай хамтлагийг ч хайр нэгтгэсэн.
-Та нар найз охидтой юу?
-Байхгүй.
-Танай хамтлаг байгуулагдаад хэдэн жил болж байна?
-Манай хамтлаг анх 2006 онд байгуулагдсан. Тухайн үед дөрвүүлээ хүүхдийн ордны дугуйланд явдаг байсан. Бүгдээрээ гоцлол дуугаар тэмцээнд ордог байж байгаад нэг тэмцээнд хамтлаг гэсэн төрөлд санамсаргүй дөрвүүлээ нийлж ороод тэр төрөлдөө анх түрүүлсэн. Тэр цагаас хойш хамтлагаараа салахгүй явж байгаа. Анх хамтлаг байгуулахад Э.Мөнхбаатар ах 11 настай, бид нар 7-8 настай байсан.
-Хамтлаг болоход багш нар болон эцэг эх холбож өгч байсан байх?
-Манай ээж, аавууд найзууд байсан. Хүүхдийн ордны багштайгаа ярилцаад л гэнэт л хамтлаг болчихсон.
-DX продакшнтай хэзээнээс гэрээ байгуулж ажиллаж байна. Гэрээ байгуулна гэхээр та нар цалинжина гэсэн үг үү?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлж ажиллаад одоо нэг жил болж байна. Энэ хугацаанд чамгүй олон уран бүтээл гаргаж амжсан. Нэг жилийн дотор ингэж гарч ирж байгаа юм чинь дараагийн жилд илүү их зүйлийг хийх байх. Бидний гэрээ хамтын ажиллагаа нэг, хоёр жилээр дуусчихгүй. Цаашдаа ч хамтран ажиллах бодолтой байгаа. Бид нар олон уран бүтээл гаргахын хэрээр хариуцлага өндөр болж байгаа. Гадуур биеэ авч явах байдал, хувцаслалт гээд бүх тал дээрээ анхаарах шаардлага гарч ирсэн. Гэрээ байгуулна гэдэг нь энэ студийн харьяа болж байна гэсэн үг. Студиэс бидний тоглолтын хувцас, бэлтгэл гээд бүх зүйлийг даадаг. Студитэй гэрээ байгуулснаар бидний ажлыг маш их хөнгөвчилж өгч байгаа. Урьд нь ихэнх зүйлээ өөрсдөө л хийдэг байсан бол гэрээ байгуулснаар бүх зүйлийг продакшн хийдэг болсон.
-Хичнээн цомог гаргасан бэ. Та нар бас кинонд тоглосон байх аа?
-Манай Б.Тэлмэн, Д.Очсүрэн хоёр “Мөрөөдлийн зүгт” кинонд тоглож байсан. Бид Монголын хүүхдийн анхны дабль цомгийг гаргасан. Сая “Хайр ирлээ” цомог гаргасан. Манай продакшн хүүхдийн хөгжмийн нэвтрүүлэг бэлдэж “NTY” телевизээр гаргадаг. Энэ нэвтрүүлгийг Очко, Тэлмэн хоёр хөтөлдөг. Мэргэжлийн хэмжээний уран бүтээл гэвэл одоогоор өөрсдийн гэсэн долоон клип, 21 дуутай болоод байна. “DX” продакшнтай гэрээ хийснээс хойш олон клиптэй болсон. “DX” продакшны захирал Р.Төрмөнх ах бол манай хамтлагийн продюссер. Энэ ах маань биднийг кинонд тоглуулж, бас олон уран бүтээлийг бидэнд зориулж хийлгэдэг.
-Та нар нэг сар хэртэй хугацаанд амарна гээд нэлээд баяртай байх шиг байна. Амралтаараа юу хийх гэж байна. Хичээл сурлагадаа хэр сайн бэ. Урлагаар явдаг хүүхдүүдийн дүнг жаахан өргөж өгдөг тал ажиглагддаг?
-Ойлгож дэмждэг багш байна. Ойлгохгүй багш нар ч байна. Гэхдээ бид бүхэн дуу дуулдаг гээд хичээл номоо орхидоггүй. Хичээлээс чөлөө авдаг ч уран бүтээлээ хийсний дараагаар найз, нөхөд багш нараасаа хичээлээ хурдан нөхөж авдаг. Бид яагаад хамтлагаа “Good boys” гэж нэрлэсэн бэ гэхээр бүх юмандаа сайн байх гэж өгсөн. Сайн дуулж бүжиглэхээс гадна, сайн сурдаг гээд бүх зүйлээрээ сайн байхыг хичээдэг. Амралтаараа хичээлдээ л илүү анхаарна.
-Э.Мөнхбаатар маань удахгүй ЕБС-иа дүүргэх юм байна. Ямар мэргэжил сонгох гэж байна. Бүгдээрээ урлагийн хүн болох уу?
-Би ирэх жил конкурс өгнө. Ирээдүйд алдартай графикч, найруулагч болно. Гэхдээ дуулсан хэвээрээ байна. Дүү нартайгаа хамтдаа байна. Хамтлагийнхандаа хайртай.
-Бусад нь?
-Бид нар мэргэжлээ сонгоогүй ээ. Одоохондоо дуулаад, хичээлээ хийгээд л явж байна. Мөнхбаатар ахын насан дээр очоод л мэргэжлээ сонгох байх.
-Том хүмүүсийн хувьд олны танил болчихоор автобус нийтийн унаагаар явах хүндрэлтэй байдаг гэдэг. Та нарын хувьд?
-Э.Мөнхбаатар: Нийтийн унаанд суугаад явж байхаар хүмүүс их хардаг. Миний хувьд хоёр жилийн дараа 18 хүрч байж машин барина. Тэрнээс наана байнга аав, ээжээрээ зөөлгүүлнэ гэж юу байхав. Байнга такси барина ч гэж юу байхав. Хааяа автобусанд суудаг. Тэр үед хүмүүс их гайхаж хардаг. Хоёр жилийн дараа жолооны үнэмлэхээ аваад машин авна даа. Хүн намайг онцолж хараад байхаар эвгүй байдаг.
-Та нарын үс их гоё байна. Үйлчлүүлдэг тусгай салонтой юу?
-Манай Очкогийн ээж үсчин.
Тэнд очиж дандаа янзлуулдаг. Тоглолтын өмнө нь очиж янзлуулсан. Тоглолтын үеэр GS салоны Жагаа ах бидний үсийг янзалж өгсөн. Шүтдэг хоёр л үсчин байна.
-Тоглолт хийгээд ядрав уу?
-Хоёр цагийн тоглолт болсон. Өөрсдөө урлагт хайртай, дуулах дуртай болохоор ядраагүй.
-Тоглолт хийгээд мөнгө олсон биз дээ?
-Бид нар ашиг олох зорилгоор бус “Good boys” хамтлаг гэж байдаг шүү гэдгийг харуулах гэж тоглолт хийсэн. Энэ удаагийн тоглолт цэвэр шоу тоглолт. Монголын том том рок попын дуучдын тоглолт ямар болдог тэр хэмжээний тоглолтыг манай продакшны ах нар хийж өгч чадсан. Маш их баярлаж байгаа. Одоохондоо мөнгө аваагүй. Бидэнд мөнгө тийм чухал биш. Мөнгө олох насан дээрээ ч очоогүй байгаа. Ирээдүйд мөнгө хэрэгтэй л дээ. Одоохондоо чухал биш.
-Төрсөн өдрөө яаж тэмдэглэдэг вэ?
-Дөрвүүлээ нийлээд тэмдэглэнэ. Сая арванхоёрдугаар сарын 26-нд Б.Тэлмэний төрсөн өдөр болсон. Тэр үед зад авсан. Одоо хоёрдугаар сарын 23-нд О.Жаргалын төрсөн өдөр болно. Бас зад авна. Гуравдугаар сарын 6-нд Э.Мөнхбаатарын төрсөн өдөр болно, бас зад авна. Тавдугаар сарын 23-нд Д.Очсүрэнгийн төрсөн өдөр болно. Бас зад авна.
-Зад авна гэхээр яах уу?
-Зүгээр л хоолонд орно. Өөрөө хийж иддэг хоолны газар орж хоорондоо хоолны тэмцээн явуулдаг. Манай продакшны ах нар бидэнд баяр хүргэдэг.
-Өөрсдөө дуу, шүлэг зохиохдоо хэр авьяастай вэ?
-Дөрвүүлээ юм бичих сонирхолтой. Хааяа толгойд орж ирсэн ганц, хоёр мөрөө цаасан дээр тэмдэглэдэг. Гэхдээ дуу болох хэмжээнд биш л дээ.
Д.ЦОГЗОЛМАА
"Өдрийн сонин"