2011-02-16“Азийн модель” агентлагийн захирал, загвар өмсөгч Ч.Содтуяатай ярилцлаа. Тэрбээр агентлагийнхаа суралцагчдад
хичээл заахын зэрэгцээ уралдаан зохиох гээд завгүй явна. Энэ бүх ажлаа түр хойш тавьж ажил, амьдрал, хайр сэтгэлийн ертөнцөө нууж, хаалгүй ийн дэлгэсэн юм.
-Багш аа, гээд л хүүхдүүд үүдээр тань эргэлдээд байна. Загвар өмсөгч гэхээс илүү багш байхын жаргал юу вэ?
-Багш байхын жаргалыг үгээр хэлэхийн аргагүй. Сүүлийн үед агентлагтаа гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Загвар өмсөгчдийг хөгжүүлэх, гадаадын уралдаанд оролцуулах гээд ажил ихтэй. Удахгүй өсвөрийн загвар зохион бүтээгчдийн дунд уралдаан зохионо. Авьяаслаг загвар зохион бүтээгч хүүхдүүдийг тодруулах юм. Загварын ертөнц загвар зохион бүтээгч, загвар өмсөгчөөр хэмжигддэг. Энэ бүхэнд хувь нэмрээ оруулах нь миний эрхэм зорилго. Агентлагтаа багшилж, шинэ загвар өмсөгч төрүүлж тэднийхээ амжилтаас эрч хүч авах сайхан. Өдөр ирэх тусам шавь нарын тоо нэмэгдэж, агентлагийн үйл ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун байна.
-Сургалтын хөтөлбөрөөс сонирхъё. Суралцагч хүүхдүүд юу сурч төгсөх вэ?
-Манай сургалтын сарын төлбөр 100 мянган төгрөг. Сургалтын төлбөрөө сурагчийн амралтад зориулж саяхан 50 хувь хямдруулсан. Хөтөлбөрөөсөө танилцуулахад хөгжмийн анхан шатны боловсрол олгоно.
Нот хараад төгөлдөр хуур тоглодог болно. Үүнийг онцолж байгаа нь учиртай. Хөгжмийн боловсрол загварын ертөнцтэй салшгүй холбоотой. Хөгжим мэдэрч, сонсож чадахгүйгээр тайзан даэр алхахгүй. Түүнчлэн өөрийгөө мэдэрч сурахад зориулж фото зургийн сургалт явуулж байгаа.Зурган дээр яаж сайхан гарах вэ, энгийн хувцсыг хэрхэн өөртөө зохицуулж өөрчилж өмсөх вэ гэдгийг заана.
Хүнтэй зөв харилцах, бусдыгаа хүндэтгэх, өөрийгөө илэрхийлэх чадвар гээд тал бүрийн хичээл оруулахыг зорьдог. Хүүхэд болгон загвар өмсөгч болох албагүй. Нийгэмд хөл тавих соёлт хүний хувьд дээр хэлсэн зүйлүүдийг мэдэж байх хэрэгтэй. Харин гүнзгий шатанд загвар өмсөгч хүн ямар байх ёстой талаархи сургалт давамгайлна. Агентлаг маань 2007 онд байгуулагдсан. Би маамуулж дунд нь хэсэг хугацаанд завсарласан. 2008 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх ТББ гэдэг утгаараа багш нарыгаа чанаржуулж, сайн сургалт явуулах нь бидний зорилго. Гадаад, дотоодоос загварын нэртэй багш нарыг урьж хичээл заалгадаг.
-Сургалтаа авч явна, телевизийн нэвтрүүлэг бэлтгэнэ гээд энэ бүх ажлыг яаж амжуулж байна?
-Би гол хичээлүүдээ заадаг. Тайзны техник, харилцаа, загварынхаа хичээллийг голлон ордог юм. Намайг гэж зорьж ирсэн эцэг, эхчүүдийн итгэлийг эвдэж хүүхдүүдээ өөр хүнд даатгахыг зүрхэлдэггүй.
Завгүй байсан ч ажлаа зохицуулж байгаад л хичээлээ ордог. Үүгээрээ би хүүхэд бүрт хүрч ажиллаж чаддаг болов уу гэж боддог.
“SBN” телевизээр өмнө нь “Содоогийн цаг” нэвтрүүлэг явуулж байлаа. Одоо хөтөлж байгаа “Сайхан” нэвтрүүлэг маань загварын сэтгэлгээг хөгжүүлэх, юмханаар юм хийх гээд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд уриалдаг. Энэ нэвтрүүлгээ хөтлөөд хоёр жил гаруй болжээ. Одоо өөр нэвтрүүлэг хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Энэчлэн олон шинэлэг ажил хийнэ дээ.
-Улам л завгүй болох нь дээ.
-Өөрийгөө би завгүй хүн гэж боддоггүй. Гоо сайхан, найз нөхөд, ээж, аав, гэр бүлдээ зав гаргаж чаддаг. Гэхдээ завгүй хүний хажууд бол миний хийж байгаа ажил хаана нь ч хүрэхгүй. Зарим хүнийг харахад надаас их зүйл амжуулж байгаа хэрнээ амарч, найз нөхөддөө цаг гаргадаг. Тиймээс би илүү их ажилтай байх ёстой гэж бодож байна.
-Монголын загварын өртөнцийг дэлхийн жишигтэй харьцуулахад хаана нь явна гэж дүгнэдэг вэ?
-Франц, Америкийг бодвол мэдээж доогуур төвшинд яваа. Гэхдээ өнөөгийн загварын ертөнцийг 1990 онтой харьцуулшгүй. Зохих хэмжээгээр хөгжиж, мэдээлэл ч сайн болсон. Загварын чиг хандлагыг тодорхойлдог шоу хаана болно, тэр бүхнийг шууд хүлээн авч үзэх боломжтой болсон. Энэ бол хөгжлийн эхлэл. Загвар өмсөгчдийг бэлтгэдэг анхан шатны сургалт дэлхийн төвшинд хүрсэн. Тэр дундаа манай загварын ертөнц Азидаа тэргүүлдэг.
-Оны зааг дээр танай агентлагийн охид Азийн орнуудын гоо бүсгүй шалгаруулах уралдаанаас ганзага дүүрэн ирсэн. Ойрын үөд томоохон ямар уралдаанд оролцох вэ?
-Бид шинэ жилээ нижгэр тэмдэглэсэн. Шинэ жил тэмдэглэхдээ гол нь биш, амжилтаараа бахархаж байгаа нь тэр. 2010 оны “Мисс Монголия” тэмцээний тэргүүн болон Манжуурт болсон Азийн орнуудын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнээс дөрвөн охин маань цом авчирсан. Өмнө нь энэ тэмцээнд миний хоёр шавь түрүүлж байлаа. Мөн 15 настай Оюука “Үнсгэлжин”, “Эра” зэрэг өөрийн оронд зохиогддог олон тэмцээнд тэргүүн байранд орлоо. Би өөрөө миссийн тэмцээнд олон удаа оролцож байсан болоод ч тэр үү загвар өмсөгчөөс гадна гоо сайхны тэмцээнд охидоо түлхүү оруулахыг хичээдэг.
-Охид болгон загвар өмсөгч болохыг мөрөөддөг. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?
-Загвар өмсөгч болъё гэж зорилго тавибал түүнийхээ төлөө уйгагүй тэмцэх хэрэгтэй гэж боддог. Алдартай загвар өмсөгчдийг төрөхдөө л төгс байсан гэж бодож болохгүй. Сайхны ард маш их хөдөлмөр байдгийг ойлгох хэрэгтэй.
Амжилтад хүрсэн тэр хүмүүсийн ард асар их хөдөлмөр, золиос, тэсвэр тэвчээр, хатуужил байдаг. Бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хаттай байж загвар өмсөгч, загвар зохион бүтээгч болно. Уйгагүй хөдөлмөрлөхөөс гадна тууштай зорилготой байх нь чухал. Ингэж чадвал сая амжилт олно. Юмыг өнгөцхөн хараад гоё юм байна гэж зорилго тавих нь утгагүй. Зарим нь мэргэжлээ сонгочихоод дундаас нь шантарч хаядаг.
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Хайр дагуулдаг хавар цаг ирлээ. Сэтгэл гэгэлзэж байна уу?
-Хавар цагаар юм бүхэн дэлгэрч, цэцэглэж урь ордог, Үүнийг дагаж сэтгэл хүртэл зөөлөрдөг. Өвөл болохоор зарим зүйл зогсонги болчихдог. Хүйтэн учраас шавь нартайгаа салхинд гарах, гадна талбайд янз бүрийн арга хэмжээ зохиох гэхээр болдоггүй. Харин хавар ирж байгаа болохоор илүү ихийг хийе гэж зорьж байна.
-Аав, ээж тань ямар мэргэжилтэй хүмүүс вэ?
-Аав Говь-Алтайнх. Ээж хотын унаган иргэн. Аав, ээж, ах нар маань бүгд багшийн мэргэжилтэй. Багшийн гэр бүлд төрж, өссөн болохоор би багш болсон байх. Бас номон дунд өссөн. Аав эдийн засаг санхүү, ах философи, улстөр судлал,ээж гоо сайхан, гоо зүй, хөгжим урлагийн чиглэлийн номуудыг гэрт их авчирдаг байв.
Номон дунд мэдээлэл сайтай өсчээ. Гэхдээ багш хүн дадлага, туршлага суух гэж чамгүй он цагийг элээдэг бололтой. Би одоо л учраа олох гэж байна. Анх 2002 онд “Леди” төвийн “Залуу модель” агентлагт багшилж ажлын гараагаа эхэлсэн. Тэр үед 17 настай байлаа. Дараа нь “Монгол костюмс” төвийн “Чимбай” агентлагт гэрээгээр ажилласан. Ер нь багш хүнд суралцах зүйл их бий. Шавь нар нь мундаг болохын хэрээр багшаас их зүйл шаарддаг болохыг мэдэрч байна.
-Хайр гэж юу вэ. Энэ талаар асуухгуй өнгөрч боломгүй нь?
-Хайрыг өгөөд мартдаг зүйл гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Үүнтэй би санал нийлдэг. Хайрлаад хайрынхаа хариуг нэхэхгүй мартаж чадвал тэр жинхэнэ хайр. Хайр дотроо олон янз. Эд юмс, ээж, аав, үр хүүхэд, хань ижлээ хайрлах хайр гээд олон янзын хайр бий. Байгаль дэлхий, эх орны хайр гэж бас бий. Цэвэр ариунаар хайраа хайрлаж, үүрэг хариуцлагатай байвал хайр бат бөх байна. Түүнчлэн дээр хэлсэнчлэн эцэг, эхийн хайр мөн л өгчихөөд мартдаг хайрын нэг. Ээж, аав маань биднийг төрүүлчихлээ, өсгөчихлөө гэж хэзээ ч хариу нэхдэггүй. Жинхэнэ хайр гэж энэ шүү дээ.
-Охиндоо цаг, зав гаргаж чадаж байна уу?
-Болж л өгвөл охин, ээж, аавтайгаа байх дуртай. Хотын утаанаас хэсэг ч болтугай холдож цэвэр агаарт гарахыг боддог. Миний охиныг Содонгоо гэдэг. Хоёр настай. Энэ нэрийг эмээ нь өгсөн юм. Охиныг маань харж асарч сайн хүн болгохын төлөө зүтгэж байгаа аав, ээждээ баярладаг. Бусад ээж шиг охиныхоо хажууд байнга байж чаддаггүй ч амралтын өдөр дэргэдээс нь салахгүйг хичээдэг.
-Аав, ээж хоёрыгоо дууриагаад охин тань загвар өмсөгч болох болов уу?
-Ямар мэргэжилтэй болохоо охин маань өөрөө шийднэ биз. Саяхан “Barby miss” тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн. “Барби” сэтгүүлээс зохиосон энэ тэмцээнд 600 гаруй охид оролцсон.
-Ганцаардах тохиолдол байдаг уу?
-Байлгүй яахав. Ганцаардлыг хүн сэтгэлээсээ мэдэрдэг гэдэг. Заримдаа ганцаардах хэрэгтэй юм шигээ. Ганцаараа суугаад юм бодоход шинэлэг санаа их төрдөг. Тэгээд ч ганцаардал алдаа, оноондоо дүгнэлт хийх боломж олгодог.
-Уучлаарай, гэр бүлээсээ салаад дахин гэрлэсэн гэсэн мэдээлэл цацаад байгаа. Энэ хэр үнэний ортой вэ?
-Ханиасаа өрх тусгаарласан нь үнэн. Харин дахин гэрлэсэн гэдэг худлаа шүү. Ажил хэргийн холбоотой хүнтэй холбож бүр суулгаж бичээд байгаад эмзэглэж байгаагаа нуугаад яахав.
-Нас залуу байна. Гал халуун хайртай дахин учирна гэж итгэдэг биз дээ?
-Итгэдэг. Учрахаас ч айдаггүй. Хайр хүнд жигүүр ургуулж, аз жаргал бэлэглэдэг. Гал халуун хайрыг хүмүүс байнга л хүсэж, хүлээдэг юм биш үү.
-Дүүмэдхэн хайр дахин ирэх вий гэдгээс болгоомжилдог уу?
-Охины маань аав надаас олон дүү байсан болохоор ингэж асууж байна уу. Хилийн зааг, баян, ядуу, насны зөрөө гэх мэтээр би хайрыг ялгаварлан гадуурхдаггүй. Хайр л бол хайр. Арга, билэг гэдэг шиг бие биеэ дэмжээд явбал тэр ямар хайр байх нь хамаагүй. Тиймээс би дүүмэдхэн хайртай учирвал хоёр дахиа алдана гэж бодохгүй байна. Чин сэтгэлээсээ хайрлавал болохгүй юм гэжүгүй.
Б. Даариймаа