2011-02-08Цагаан сарын битүүний өмнөх өдөр манай сурвалжлах баг айлд өнжихөөр боллоо.
Монголчуудын хэлж заншсанаар бол тоос шороогоо гөвдөг өдөр юм. Харин бидний очихоор зорьж яваа газар маань хүмүүсийн нэрлэдгээр гурав, дөрөвдүгээр хорооллын Энхтайван гээд биччихсэн өндөр цэнхрүүдийн арванхоёрдугаар давхарт амьдардаг Ш.Төмөрсүх гэж айлынх. Гэрийн эзэн рүү утасдаж "Очиж явна" гэхэд "За тэгвэл гарч дэлгүүр хоршооноос жаал зугаа юм бэлтгэе" хэмээн сандчина. Хариуд нь "Тэгж явдал чирэгдэл болоод яахав" гээд утсаа салгав.
Айл бүхэн идээ будаагаа бэлтгээд, сар шинэтэй золгохоор элбэг дэлбэг суумаар юм. "Гарч юм бэлтгэнэ" гэдэг нь ямар учиртай юм бол гэсэн бодол толгойд эргэлдсээр хүрч очив. Тэдний хонхыг дарлаа. Урт ногоон халаад намируулсан гэрийн эзэн хаалга тайлав. Гадуур хувцсаа тайлсан бидний наагуур цаагуур яван "Тавчик өмсөх үү" хэмээн тонголзох түүнээс өөр хүн энэ гэрт алга бололтой.
Зочдоо том өрөөндөө уриад айлчин гийчинд барих цай цүй, таваг тариа гээд гал тогоо том өрөө хоёрынхоо хооронд гүйгээд чөлөөгүй, гэнэтийн зочин бид ч гэрийн доторхийг ажаад хэн хэн нь хэсэгтээ чимээгүй байлаа. Зүүн талынхаа хананд ХААИС-МЭФ гэсэн том мантаж өлгөсөн харагдана. Төрийн далбаагаа, намынхаа тугтай зэрэгцүүлэн ханандаа дээдлэн өлгөжээ. Мод нь хэдийнэ хуучирч, халцарсан хоёр кресль, зурагт, бурхны тавиуртай шүүгээг эс тооцвол өөр тавилга гэх юмгүй ханхай том өрөө юм. Телевизээ бөх гарч байгаа суваг дээр тааруулан үзэж суужээ, гэрийн эзэн. Энэ байдлаас нь ажвал эднийх цагаан сар хийхгүй янзтай. Том гэгчийн еэвэн дээр хэдэн ааруул асгасан идээ, тавагтай чихрээр ширээгээ заслаа. Хар цай аягалан бариад хажууд нь хайрцагтай сүү тавиад "сүлж уухыг" санал болгоно. "За бууз тавьчихлаа" гэсээр ширээнийхээ дэргэд ирсэн тэрээр одоо л хууч хөөрөх завтай боллоо. "Хотоор сонин юу болж байна. Нөгөө МАХН яасан бэ" гэж гэрийн эзэн хэрэгт дурлана. "Намаа Дээд шүүхэд бүртгүүлэх ажил л МАХН-ынханд үлдсэн байх даа" гэх маягийн сонин хачин түүнд дуулгаснаар бидний яриа эхэллээ.
-Та ганцаараа амьдардаг юм уу?
-Үгүй ээ. Эхнэр хүүхдүүд Дорноговь явсан. Би жаал зугаа юм бэлтгэж аваад маргааш өглөө араас нь явах санаатай. Хөдөө сар шинэ гаргана даа.
-Та говийнх юм уу. Аав ээж дээрээ очиж шинэлэх нь ээ?
-Би чинь Дорноговийн хүн шүү дээ. Эхнэр Өвөрхангайнх. Аав, ээж маань өөд болсон. Манай аав чинь улсын алдарт уяач Шоовдор гэж хүн байлаа. Одоо манай нутагт ахынх маань байдаг. Өнөө жил нутагтаа очиж, ахындаа шинэлдэг юм уу гэсэн юм.
-Өмнө нь энэдээ шинэлдэг байсан биз дээ?
-Тэгэлгүй яахав.
-Хөдөө шинэлбэл өртөг бага байна уу?
-Үгүй ээ, яалаа гэж. Өмнө нь хотод, гэртээ шинэлэхэд зарлага арай сая хүрдэггүй байсан. Харин өнөө жил сая гаруй төгрөгөөр юм бэлтгэсэн.
Ийн хөөрөлдөх Ш.Төмөрсүхийнх ам бүл тавуулаа. Хоёр охин, хүү, эхнэртэйгээ амьдардаг юм байна. Ш.Төмөрсүх гуай улс төрийн идэвх өндөртэй нэгэн. "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч" намын дарга гэж байгаа. 2007 онд энэ намаа байгуулж, Дээд шүүхэд 1600 гишүүнтэйгээр бүртгүүлснээрээ бахархана. Уг нь 801 гишүүнтэй л бол улс төрийн шинэ нам бүртгүүлж болдог. Гэтэл эдний нам бүр 1600 гишүүнтэй байжээ. Зохиолчдын эвлэлийн хорооны нэг өрөөг түрээслэн намаараа байрлана. Намын даргатайгаа нийлээд дөрвөн ажилтан тэнд сууна. Нам тэдэнд цалин цав өгөхгүй. Тус тусдаа ажил төрөл эрхэлдэг хүмүүс сайн дураараа, итгэл үнэмшлээрээ ингэж суугаа болохоор бор зүрхээрээ хувиа борлуулдаг гэнэ. Намтай холбоотой ойр зуурын бичиг цаасны зардлыг дарга өөрийнхөө бизнесийн ашгаас зохицуулчихдаг юм байна. Хямд төсөрхөн, элдэв гарлага, зарлагагүй энэ намын дарга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ам сайтай юм. Хамт авахуулсан зургаа хоймортоо дээдлэн тавьжээ. "Ерөнхийлөгч гайгүй ажиллаж байгаа шүү ер нь" гэж магтана. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт муу амтай гэж жигтэйхэн. Болохгүй бүхэн тэдэнтэй холбоотой хэмээн муулна.
Ирэх сонгуульд эдний нам мөн л үзээд алдах гэнэ. Гэхдээ бусад намуудтай нэгдэхгүй юм байх. Харин үүний оронд жагсаал, цуглаанаар олны танил болж, нийгэмд нэлээд ухаалаг, зөв зүйл ярьж танигдсан "од"-уудыг намаасаа нэр дэвшүүлэн сонгуульд зүтгүүлэх тактик барьж байгаа аж. Тактик амжилттай хэрэгжээд найман хүнийг л гаргачих юм бол Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам УИХ-д бүлэгтэй болчихно хэмээн тооцоолжээ. Энэ бүхэн биелэхээс нааш намынхаа нэрийн өмнөөс сонгуульд өрсөлдөх "од"-уудын нэрийг нууцлах гэнэ. Харин өөрөө УИХ-д сонгогдвол хоёр хуулийн төсөл санаачлахаар төлөвлөж байгаа аж.
Эхнийх нь Нийгмийн даатгалын тухай хуулийн төсөл гэнэ. Энэ нь зөвхөн зах зээлийн шуурганд өртөж хувиараа бизнес эрхлэн Нийгмийн даатгалаа төлөлгүй завсардсан иргэдэд хамааралтай юм байх. Түүний энэ хуулийн төсөл нь манай улсад нийгмийн даатгалаа удаан жилээр төлөлгүй, 50-60 нас хүрээд тэтгэвэр авах боломжгүй байгаа хүмүүсийг өршөөн энэрэх утга агуулгатай ажээ. Тэгээд ч ийм төрлийн асуудалтай хүмүүс манай улсаар нэг байна хэмээн ярьж байв.
Харин дараагийн ээлжинд боловсруулах хуулийн төсөл нь нийслэл, хотын зохион байгуулалттай холбоотой гэнэ. "Ер нь хотын төвд хэт төвлөрөлт маш их байгаа. Үүнийг л зохицуулах хэрэгтэй байна. Тэгэхийн тулд төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг тус тусад нь хотын зах руу гаргах хэрэгтэй. Манай иргэд төрийн үйлчилгээ авах гэж өглөө босоод, хүүхдээ тэврээд, хотын төв рүү бөөнөөрөө түгжирч, хамаг уур уцаараа барж ирдэг. Харин орой болоход харихаар нөгөө л замаараа, хэвшсэн араншингаа гаргаж, хэрүүл, хараалаа хийн хэд хэдэн цаг явж очицгоодог. Энэ бүхнийг зохицуулахад миний энэ хуулийн төсөл ихээхэн хувь нэмэр оруулах болно" хэмээн өөрийн сонгуулийн амлалтаа магтаж сууна.
"Ямар ч байсан С.Оюун, З.Алтай нар шиг улс орноо худалдаж байгаа юмны төлөө чимээгүйхэн кноп дараад суухгүй. Ард түмэндээ хандаж, зөвлөлдсөн сайн төрийн түшээ байна" гэж ярив.
ТҮҮНИЙ АЖЛЫН ГАРАА НЬ, ӨДӨН КУРТКАНЫ НАЙМАА БАЙЖЭЭ
Ш.Төмөрсүх гуай цагаан будааны бизнес эрхэлдэг. Цагаан будаа тарина ч, зарна ч. Эндээсээ олсон хэдийгээ намдаа зориулчихдаг хэнээтэй эр. Түүний улс төр сонирхож эхэлсэн түүх их сонин. Уг нь ХААИС-ийг малын эмч мэргэжлээр төгссөн ч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж үзээгүй гэдэг. Дараа нь биотехнологийн чиглэлээр суралцаад ШУА-ийн Химийн хүрээлэнд оржээ. Тэнд байхдаа биотехнологийн аргаар тугалны сэрээ булчирхайнаас хүний дархлааг дэмждэг уураг гарган авсан байна. Зөвхөн АНУ-д өөр амьтнаас гаргаж авдаг энэ уургийг Монголд тугалнаас ялгаруулж чадсан нээлтийг нь Казахстаны хэвлэлээр бичиж байсан удаатай гэнэ. Шинэ нээлт хийсэн Ш.Төмөрсүхийг ШУА-ийнхан АНУ-д сургуульд явуулна хэмээн ам алджээ. Гэвч хэсэг хугацааны дараа АНУ нь Хятадаар солигдож, түүнийг Бээжингийн их сургуулийн биотехнологийн сургуульд 1980-аад оны сүүлээр илгээсэн байна. Гэвч тэнд ердөө гурван сар сураад орчуулагчаа даган өдөн хүрэмний наймаанд гарсан байна. Нэгэнт АНУ явж сураагүйгээс хойш Хятадад сураад яахав гэж бодсоных гэнэ.
Нутагтаа бийлэгжүүд тооцогддог байсан түүний аав дөнгөж сургуулиа төгссөн хүүдээ "газ 21" машин авч өгсөн байж. Түүнийг нь 200 мянган төгрөгөөр борлуулаад өдөн куртканы наймаандаа морджээ. Анх таван мянган юаньтай эхэлсэн түүний наймаа өргөжиж 60 мянган юаньд хүрсэн гэнэ. Дараа нь паламастрын наймаа хийж, чамгүй мөнгө олсон байж. Ингээд нутагтаа ирэхэд нь аав нь одоогийн амьдарч байгаа байрны хажуугийн байшинд нэг өрөө байр авч өгчээ. Гэвч хотод удсангүй Орос руу наймаанд явсаар л байж. Биотехнологийн чиглэлээр суралцах мөрөөдлөө ч орхиж чадсангүй. Дорнод Сибирийн биотехнологийн их сургуульд хоёр жил суралцахаар болжээ. Тэнд япон оюутнуудтай нөхөрлөж, цагаан будаа тарих аргачлалын зах зухаас сураад ирсэн байна. Орост эзэмшсэн мэргэжлээ энд ирээд мөн л ашигласангүй. Кока коланы наймаа хийхээр сэтгэл шулууджээ. Эхэн үедээ ч нэлээд ашигтай байж. Дэлхийн брэнд кока колаг Монголд анх удаа оруулж ирсэн хүмүүсийн нэг ч гэх юм билээ, өөрийгөө. Тэгтэл 2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд болоод хувиараа бизнес эрхлэгчдийг хавчин шахжээ. Хил гаалийн хяналт ч чангарч, кока кола оруулж ирсэн түүнийг өчүүхэн өөгөөр нээнэтэглэж хоёр жил мөрдөн шалгасны эцэст энэ бизнесээ аргагүйн эрхэнд орхисон гэх. Хоёр жил саатуулсны дараа тухайн үеийн Ерөнхий прокурор М.Алтанхуяг "Энэ гэмт хэрэг биш" гэсэн бичиг хийж, гарын үсэг зурснаар тэр цагаадсан юм байх. "Өөрсдийнхөө ивээлд багтах бизнесийг өрсөлдөгчгүй болгох гэж хувиараа бизнес эрхэлж яваа хүмүүсийг нухчин дарж байсан тэр үеийн төрийн томчуудын бодлого байсныг сүүлд ойлгосон" хэмээн тэрээр ярилаа. Энэ цагаас хойш нийгмийн амьдралд идэвхтэй оролцохоор шулуудан анх "Бухимдалтай тэмцэх нийгэмлэг"-ийг байгуулан ажиллаж эхэлжээ. Эрх чөлөө байвал бухимдал арилах юм байна гэдгийг тунгааж, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам байгуулсан түүхтэй аж. Ингээд л улс төрд ороод иржээ.
2008 оны сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшээд хувиасаа 15, 16 сая төгрөг хаясан ч бараагүй гэдэг. Гэлээ ч шантрахгүй нэгэн бололтой, ирэх сонгуулиар нэр дэвшинэ гэнэ. Тэгээд үүнийгээ бурхнаас надад оноосон хувь тавилан гэж үздэг юм байна.
Эднийх гэр бүлээрээ "Хонин бууз" цайны газрыг ажиллуулж байж. Энэ нь хотод таван салбартай байжээ. Нэг салбар нь "Монгол ньюс" компанийн байрны урд хуучнаар шар дэлгүүрийн байранд байрладаг байсныг нь хүмүүс андахгүй биз. Гэвч мэргэжлийн хяналтынхны зогсоо зайгүй шалгалтын дарамтаас болоод энэ цайны газраа хаажээ. Ш.Төмөрсүх гуай энэ тухайгаа ярихдаа "2008 оны сонгуулиар би нэр дэвшсэн болохоор намайг хавчсаар байгаад хаалгасан" юм хэмээн улс төржсөн тайлбар хийнэ. Гэхдээ түүний эхнэр одоо ч хоолны газар ажиллуулсан хэвээрээ. Харин нэрийг нь чандлан нууцлах аж. Ш.Төмөрсүх гуай өөрөө "Дабль хилл" хэмээх компанитай. Хятад, Солонгос, Оросоос цагаан будаа импортолдог. Эхнэрийн хоолны газрын ашгаар гэрээ тэжээж, цагаан будааныхаа компаниар намаа тэжээж амьдардаг нэгэн бололтой.
"Дабль хилл" компани нь гадаадаас цагаан будаа экспортлохоос гадна сүүлийн жилүүдэд эх орондоо цагаан будааны тариалалтыг хөгжүүлэх зорилготой ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн жил л гэхэд Гачууртад 0.3 га газар цагаан будааны тариалалтыг туршиж тонн гаруй үр, тариа хурааж авсан байна. Энэ үрээрээ өнөө жил мөн л цагаан будаагаа тарихаар төлөвлөж байгаа юм байх. Ингэхдээ бүр цагаан будааныхаа талбайг өргөжүүлж илүү том га-д тариалах санаатай байгаа гэнэ. Тэрээр "би амьдралдаа олон юманд гар дүрж явсан хүн. Хамгийн сүүлд хийх хамгийн том ажил маань энэ болох нь. Улс төр ч яахав заяа, завгаараа яваад байхад болно. Харин эх орондоо цагаан будааны тариалалтын технологийг л хөгжүүлэх хэрэгтэй байна. Надаас өмнө олон хүн цагаан будааг Монголд тариалах гэж оролдоод бараагүй. Тэгэхэд би эхний жилдээ л тонн гаруй үр хурааж авсан маань том алхам болж байгаа юм. Тэгээд ч надаас өмнө цагаан будаа тариалж байсан хүмүүс бүгд гаднаас хүн урьж авчран туршлага судалсан байдаг юм. Тэд чинь өөрсдийнхөө амин зуулгын аргачлалыг хэр барагтай хүмүүст хэлж өгөөд байхгүй биз дээ. Гэхдээ би энэ аргачлалыг нь наймаа хийж яваад л олоод авчихсан юм даа. Одоо сурсан зүйлээ хэрэгжүүлэх л үлдээд байна" хэмээн өөрөөрөө сайрхана. Хурааж авсан цагаан будаагаа бидэнд үзүүлэв. Цагаан будааг гэхээргүй шар буудайтай андуурахаар эд аж. Энэ будаа есөн дамжлага дамжсаны дараа сая жинхэнэ цагаан будаа болох гэнэ. Одоохондоо тэр дамжлагын үйлдвэр нь байхгүй учраас хурааж авсан будаа ирэх хавар үр болгон ашиглах юм байна. Яваандаа цагаан будааны төрөлжсөн үйлдвэртэй болох нь түүний төлөвлөгөөний нэг хэсэг болжээ.
Аргагүй л цагаан будаачных гэсэн шиг гэрт нь энд тэндгүй шуудайтай цагаан будаа харагдана. Гурван өрөө ханхай байшинд ганц эр хүн нэг ийм л амьдрах байх гэсэн шиг ундуй, сундуй, зэврүүн юм. Удаан суувал даарах шинжтэй. Гэрийн эзэгтэй, гурван хүүхэд нь ирэхээрээ энэ гэр дуу шуутай, халуун дулаан болдог гэсэн. Гэрийн эзэл аль аль нь цаг нартай төрийн ажил хийдэггүй болохоор өглөөдөө тааваараа амраад авдаг аж. Эднийх энэ байрандаа нүүж ирээд арван жил болжээ. Энэ хугацаанд нэг ч удаа засвар хийгээгүй хэмээн гэрийн эзэн хэнэггүй өгүүлнэ. Анх гэр бүл болохдоо л авсан тавилгуудаа ч бараг солиогүй, хээгүй нөхөр аж. Тийм болоод ч тэр үү хүүхдийн болоод унтлагын өрөөндөө хүн оруулахдаа дурамжхан байв. Харин гарах гэсэн биднийг тэрээр улс төрийн халуун сэдвээр уялаа. Улс төр гэхээр нүд нь сэргээд, ярих онгод нь оров уу гэлтэй ам нь халав.
-Улс төрийн жижиг намууд нэгдэх талаар их яригдах болжээ?
-Харин тийм байна. Үндэсний шинэ намаас нэг уриалга гаргасан байна лээ. Ер нь ч намууд нэгдэж эхлээд байгаа гэсэн. Гэхдээ би нэгдэхгүй. Яагаад гэвэл надад тооцоо бий. Түүнийгээ хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
-Ямар тооцоо вэ?
-Дээр хэлсэн дээ. Нийгмийн идэвх сайтай хэдэн хүн бий гэж. Тэднийг намаасаа нэр дэвшүүлнэ. Одоогоор нэрийг нууцалж байгаа санаатай, тэгэхгүй бол энэ улстөрчид юу ч хийж мэднэ шүү дээ.
-УИХ-д нэр дэвшигчид байнга мөнгө амладаг. Та яагаад хоёр гуравхан хуулийн төсөл амлаж байна вэ?
-Мөнгө амлаад яах юм. Мань мэт нь өгч дийлэхгүй шүү дээ. Энэ баячууд ч гэсэн өөрсдөө улам баяжаад амалсан мөнгөө өгч чадахгүй байгаа биз дээ.
-Өнгөрсөн сонгуулиар иргэдэд мөнгө тараав уу?
-2008 онд сонгуульд оролцоход 20-иод сая төгрөг хэрэг болсон. Гэхдээ энэ бол иргэдэд өгсөн мөнгө биш юм. Зөвхөн сурталчилгаа, хүн хүчинд зарцуулсан мөнгө байгаа. Ер нь тэгээд мөнгө, төгрөг тараахгүй л бол гарч ирнэ гэдэг ч худлаа юм байна лээ дээ. Өнгөрсөн сонгуулиар мэдэрсэн зүйл маань энэ л болж үлдэх шив.
-Тэгвэл энэ сонгуулиар мөнгө тараана гэсэн үг үү?
-Надад тийм их мөнгө байхгүй. Энэ сонгуулийн тогтолцоог л халах хэрэгтэй байна. Нам, намын бодлогыг дугуйлдаг болчихвол зөв сайн санаатай хүмүүс нь УИХ-д сонгогдох боломж бүрдэнэ.
-МАН, МАХН-ын асуудлыг юу гэж бодож байна?
-Сүр болгоод байгаагаас биш байдаг л асуудал. Хүмүүс үзэл бодлынхоо хүрээнд нэгдэх эрхтэй. Тэр журмаар асуудал зохицуулагдаж байна. Гэхдээ Н.Энхбаярыг манай улсын нэг номерын авлигач хүн гэдгийг хүн бүхэн мэднэ. Түүнийг мартаж болохгүй" гэсээр биднийг үдэв.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ Л.МӨНХТӨР