2025-12-03Монголд гоо сайхны мэс ажилбар, тарилгын үйлчилгээ жилээс жилд нэмэгдэж байгаа ч хяналт, стандарт, хариуцлага ямар түвшинд байгаа вэ? Синдерелла эмнэлэгт тарилгын дараа хараагаа алдсан хохирогчийн хэрэг энэ салбарын хамгийн том цоорхойг дахин харуулж байна. Бид түүнтэй дараах сэдвийн талаар ярилцлаа.
- Та өөрийгөө товчхон танилцуулна уу?
Сайн байна уу, юуны өмнө танай хамт олон, уншигчдад энэ өдрийн мэндийг хүрэе. Нийгэмд тарсан Синдерелла эмнэлгийн хохирогч шантаачлагч гэсэн мэдээлэлд үнэн зөв хариултыг өгөхөөр танайд ярилцлага өгч байна. Миний бие 2022 оны 10 сарын 25-нд Синдерелла эмнэлэгт, эмнэлэг болон эмчийн зөвлөсний дагуу сүүн хүчлийн найрлагатай филлер тарилгыг хийлгэх явцдаа нүдний хараагаа алдсан хохирогч.

- Синдерелла эмнэлэгт очих болсон шалтгаан, ямар үйлчилгээ авахаар болсон бэ?
Филлер тарилгыг хамар уруулаа томруулах биш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ олон жил ганцаараа харж өсгөж ажиллаж явахдаа ядарсан арьсандаа коллагены ялгаралтыг дэмжих зорилгоор хийлгэсэн.
- Та энэ эмнэлгийн талаар хаанаас, хэрхэн мэдээлэл авч сонгосон бэ?
Эмнэлгийн мэдээллийг би олон нийтийн сүлжээн дэх хаяг болон вебсайтаас нь авч эмч нар нь ур чадвартай юм байна, эмнэлгийн захирал нь АНУ, солонгосын 10 орчим их дээд сургууль курийг төгссөн чадварлаг юм байна гэж сонгосон.
- Танд үйлчилгээний өмнө ямар нэгэн зөвлөгөө өгсөн бэ?
Эмнэлэг болон эмчийн зүгээс сүүн хүчлийн найрлагатай филлер тарилга нь арьсны коллагеныг идэвхжүүлж өнгийг сэргээж сайжруулна, танд хамгийн тохиромжтой тарилга гэж итгүүлсэн.
- Үйлчилгээ эхлэх үед эмч, сувилагч нар танд эрсдэл болон хагалгааны талаар мэдээлэл өгч байсан уу?
Хэлээгүй. Миний өнөөдрийг хүртэл үнэхээр голдоо ортол гомдсон зүйл бол эмнэлэг болон эмч надад сохрох эрсдэлтэйг сануулаагүй. Сануулсан бол би хэзээ ч тийм тарилгыг хийлгэхгүй. Гэтэл олон улсын тарилгын стандартыг судалж байхад эрсдэлийн протокол гэдэг зүйл байдаг. Монголд харин Монгол улсын стандартад, гоо заслын газарт хийгдэх үйлдлүүдэд ч филлер тарилга хийх нь агуулагдаагүй.
- Та энэ асуудлыг хэзээнээс анх мэдэрч эхэлсэн бэ?
Би яг филлер тарилга хийлгэж байх үедээ хараагаа алдсан. Гал маналзаж нэг нүд тэр дороо юу ч харахгүй болоход Миний нүд гээд орилсон. Тарилга хийж байсан эмч болон сувилагч бусад эмч нараа дуудахаар гарч гүйсэн. Олон эмч нар өрөөнд орж ирж тайвшруулах тариа хий, дуслаа урсга гэж орилолдож байсан. Би ухаан балартаж нэг мэдэхэд түрдэг тэргэнд суулгаад доош өргөн буулгаж, дахин нэг ухаан ороход түргэний машинд байсан. Улсын 3-р эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт 3-4 цагийн үед очиж анхны тусламжаа шөнийн 10 цагт авсан. Маш олон цаг яаралтай тусламжийн тасагт ухаан мэдрэлгүй хэвтэж байхдаа байнга бөөлжиж байсан. Нэг гомдсон зүйл бол 3-р эмнэлгийн яаралтай тусламжийнхан үүдэнд сандраад ирчихсэн настай болсон аавыг маань хүүхэд чинь бөөлжөөд байна, та ороод цэвэрлэчхээрэй гээд дахин дахин оруулж ирж ааваар маань цэвэрлүүлж байсан. Одоо бодоход тайвшруулах тариа дусал урсгалт, тархины судасны нарийсал шок гэх мэт бүх хүндрэлээс болж зогсоо зайгүй бөөлжиж байсан байх. Харин 10 хоног надад дусал тариануудыг маань маш хариуцлагатай хийж тусалсан сувилагч нартаа баярладаг.
- Тухайн үед 3-р эмнэлгийн зүгээс танд юу гэж тайлбарласан бэ?
3-р эмнэлгийн нүдний тасгийн эмч Шөнө яаралтайгаар дуудагдан ирж намайг үзээд баруун нүдэнд судас алга, нүд үхжиж эхэлж байна. Үхжээд удвал нүдийг хагалгаагаар авна гэсэн. Би эхээс бүрэн бүтэн төрсөн, ардаа үлдээгээд ээж нь хурдхан эмнэлэг орчхоод ирээд охиндоо гоё хоол хийж өгнө гээд орхиод гарсан охиндоо хамгийн их санаа зовж байсан. Олон хоног гэртээ харьж чадахгүй нь, бүр харихдаа нэг нүдгүй болчхоод харих юм байхдаа гээд маш их уйлсан. Харахаа больсон, сохорсон ч нүдээ аваад үлдчих юм сан гээд маш их шингэн ууж, зогсоо зайгүй судас тэлэх дусал хийлгэж дааврын эм өндөр тунгаар ууж, 10 хоног хатуу орон дээр 00 орохоос өөрөөр босолгүй дэргүй хэвтэж байж судасжилт, цус оруулж байж харахгүй ч гэсэн нүд маань надад үлдсэн.
- Та асуудлаа эмнэлэгт тавихад тэд хэрхэн хүлээж авсан бэ?
Би Сохорсны дараа 3-р эмнэлгийн зүгээс судас тэлэхээс өөр эмчилгээ байхгүй гэсэн учраас ХБНГУ-ын Варисано, маш том нүдний эмнэлэгт очиж үзүүлсэн. Маш их өвдөлттэй шинжилгээнүүдийг өгсөн, мөн л дааврын эмчилгээ, судас тэлэх эмчилгээнүүдийг хийсэн. Байж болох сайн гэсэн бүхнийг эмч профессоруудын зүгээс оролдоод нүдний цилиарын үхжилт байна. Энэ чиглэлээр орчин үеийн анагаах ухаанд эмчилгээ байхгүй, харин Энэтхэг, Непал гэх мэт уламжлалт эмчилгээтэй хослуулдаг эмнэлгүүдэд арга байж мэднэ гэж хэлсэн. Би Монголд ирээд Синдерелла эмнэлгийн менежертэй уулзаж хүүхдийнхээ төлөө нүдээ хараатай болгомоор байна, миний цаашаа эмчлүүлэх зардлыг та нар гаргах ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Эмнэлгийн зүгээс 300 сая төгрөгийн гэрээ хийж олон нийтэд мэдэгдэхгүй байх, төрийн болон цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татах, гомдолгүй гэж мэдүүлэх шаардлагыг тавьсан. Би хараатай л болох чухал байсан учраас зөвшөөрсөн. Гэхдээ миний эмзэг, эмчилгээнд явах нэн шаардлагатай байх үеийг ашиглаж хийсэн гэрээнийхээ үлдэгдэл 100 сая төгрөгийг Непалд эмчилгээ хийлгэж байхдаа үлдэгдэл төлбөрөө явуулаач, би хүүхэдтэйгээ ирсэн, зардал их гарч байна гэж өмгөөлөгчөөрөө хэлүүлэхэд Нэгэнт сохорчхоод одоо шал дэмий зүйлд мөнгө зарлагадаж явлаа гэх зүйлсийг хэлсэн учраас би 2 эмнэлгийн эмчилгээгээ зогсоож Монголд ирсэн.
- Танаас уучлалт гуйсан уу?
Ер нь надад хэний ч уучлаарай гэдэг үг хэрэггүй. Би сүүлийн 3 жилд хүн гэдэг амьтан ямар чөтгөрлөг болсныг бие сэтгэлээрээ ойлгож харж яваа. Харин эмнэлгийн захирал болон өмгөөлөгч нар хайр энэрэл байдаггүй юм гэхэд мэргэжлийн ёс зүйтэй байвал адаглаад өөрсдөд нь хэрэгтэй байх болов уу.
- Хууль цагдаагийн байгууллагад хандсан уу?
Анхан болон давж заалдах дээд шатны шүүхүүдэд миний анх гаргасан гомдол бүхэлдээ хэлэлцэгдээгүй, эмчид яллах дүгнэлтийг үйлдэж, эмнэлгийг шалгуулах мөрдлөгт хэргийг буцаалгах хохирогчийн хүсэлтийг 3 шүүх гурвуулаа хангаагүй. Миний эрх аймшигтай зөрчигдсөн. Гэвч БЗД-ийн цагдаад өөрийн эрхийн дагуу Синдерелла эмнэлгийг, эмнэлгийн захирлын АНУ, Солонгосын сургууль курсийг төгссөний үнэн эсэхийг, филлер тарилгыг зөвшөөрөлгүй оруулж ирсэн талаар, Монгол улсын стандартыг зөрчсөн талаар шалгуулахаар гомдол гаргасан. Уг гомдлын хүрээнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад яваа. Гэвч Синдерелла эмнэлгийн зүгээс хуурамч нотлох баримтаар хэрэг бүртгэлтийн хэргийг нэг удаа хаалгасан, миний зүгээс зохих ёсны байгууллагуудад гомдол гаргаж байж хэргийг мөрдлөг рүү буцаалгасан.
- Эмнэлгийн зүгээс энэ явдалтай холбоотой дарамт шахалт үзүүлсэн үү?
Синдерелла эмнэлэг, түүний захирал, захирлын эцэгтэй холбоотой цагдаагийн газарт гаргасан байгууллагыг шалгах гомдлоос гадна, хууль бусаар ашигт малтмал олборлож эмнэлгийн дансаар олон жил угаасан байх магадлалтайг шалгуулахаар нийт 2 гомдлыг цагдаагийн байгууллагат гаргасны дагуу бүгд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсчихсэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд явж байна. Эмнэлгийн зүгээс надад эмнэлгийн нэр хүндэд халдсан, эмнэлгийн захирлын нэр хүндэд халдсан гэх 2 гомдлыг үүсгэж ХУД, БЗД-ийн цагдаагийн газруудад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байгаа. Миний ээж аав хоёр 70 гарчихсан хөгшин хүмүүс байдаг, эцэг эх хоёр маань цагдаа нар залгаж хүүхдийн чинь сохорсон хохирсон нь хамаагүй, одоо бие нь эмчилгээтэй нь хамаагүй эрэн сурвалжилж олон нийтийн шившиг болгоно гэх агуулгатай зүйлсийг удаа дараалан хэлж дарамталсан. Гэтэл эрүүгийн хэрэгтэн, яллагдагч оргон зайлсан бол эрэн сурвалжилдаг. Миний харж байгаагаар мөнгөөр хууль шүүхийг худалдаад аваад сурчихсан, хэрэг бүртгэлтийн хэргийг мөнгөөр хуурамч нотлох баримтаар хаалгачихдаг хүмүүс намайг хэрэгтэн эмнэлгийн нэр хүндийг унагасан эрүүгийн ялтан болгочхож амархан чадна, тэгээд ял, хэрэг наймаалах бодолтой байна уу гэсэн хардлага төрөөд л байж байна даа.
- Хэвлэлийн бага хурал хийх гээд болиод байгаа харагдсан, ямар нэг зүйл таныг болиулаад байгаа мэт, энэ талаар?
Хэвлэлийн бага хурал 2 удаа хийх гээд больсон. Эхнийх дээр эмнэлгийн захирал уулзъя, хурал битгий хийгээч гэсэн. Би уулзаад миний хохирлыг бүрэн барагдуулж өгөх шаардлага тавьсан. Би шантаажчин бишээ. Би бусдын алдааг далимдуулан нээнтэглэж тэр алдаанд нь хохироогүй байж мөнгө шантаажлаагүй. Би энэ хүмүүсийн бизнес гэх шунал дор хараагаа алдаж сохлогдсон. Тиймээс надад байх эрхийн дагуу би “миний үр хүүхдээ эмчлүүлэх боломжийг алдагдуулсан, өөрийн эрүүл амьдрах үр хүүхдээ асрах боломжийг алдагдуулсан, хөдөлмөрлөх бүрэн бүтэн байх боломжийг алдагдуулсан, хөгжлийн бэрхшээлтэй болгож хаясан хохирлоо барагдуулж өгөөч” гэдэг хүсэлт тавьсан. Гэвч эмнэлгийн захиралд тийм хүсэл сонирхол байгаагүй. Хоёр дах хэвлэлийн хурлаар шүүх ажиллагаа болон цагдаагийн байгууллагын хэргийг асар удаашруулж байгаа талаар, Синдерелла эмнэлгийн захиралтай холбоотой бүхнийг олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгч цагдаа төрийн байгууллагуудад хүсэлт өгөх зорилготой хийх байсан боловч БЗД Цагдаагийн газраас прокурорын тогтоолыг хэвлэлийн бага хурлаас 1 цагийн өмнө уншиж сэжигтэн та Синдерелла эмнэлгийн захирал хохирогч Б.Уянгатай холбоотой мэдээлэл хийхийг хориглоно гээд хуулиар сүрдүүлсэн. Бидний байр суурь солигдоод би сэжигтэн болчихсон, харин Синдерелла эмнэлэг маань хохирогч болчихсон явна. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд Монгол улсад хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нэрэн дор ял завших боломжийг авлигын болон эрүүгийн жинхэнэ хэрэгтнүүдэд олгож байна, хөөн хэлэлцэх хугацаагүй нотлох баримтад тулгуурлан мөрдлөгий явуулж шалгадаг болмоор байна, мөрдөн шалгах ажиллагааны үеэр нотлох баримтыг олон нийтэд тарааж болохгүй гэсэн хууль нь ч хохирогчийн нийтэд үнэн зөв мэдээллийг өгөх эрх ашгийг зөрчиж байна. Олон нийтэд ил гаргах боломжгүй болгочхоод цаагуураа бүх тохироо, авлига хахуулиа хийчхэж байна. Миний эрх ашиг авлигачдаас болж өнөөдрийг хүртэл ингэж зөрчигдөж байна.
- Ажил, гэр бүл өдөр тутмын амьдралд ямар хүндрэл гарч байна вэ?
Би баргийн зүйл дээр хүнээр өрөвдүүлэхгүй үр хүүхдээ аваад явчихдаг, эцэг эхдээ тустай явахыг хичээдэг. Миний хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй би өөрөө ч хөгжлийн бэрхшээлтэй болчихлоо. Амьдралын олон шалгуурын өмнө толгой гудайлгүй тэмцсээр ирсэн, хөдөлмөрийн хувьд алдагдал, илүү их ядрах, өвчлөх эрсдэлтэй, сул талтай байгаа ч цаашид илүү том зорилго тавьж бусдын эрх ашиг болон хууль хэрэгжилтэд тустай үйл ажиллагаануудыг хийх төлөвлөгөөтэй байгаа. Би өөрт учирсан хохирлыг өөртөө зовлон болгож авсан ч бусдад аз жаргал, эрх ашиг хамгаалалт болгон тэмцэж амьдралаа зориулна.
- Таны хувьд энэ асуудлаас сургамж болгон олон нийтэд юу хэлмээр байна?
Би учирсан хохирлынхоо дараа хохирогчийн практикаар хууль, шүүх, мөрдөн шалгах ажиллагаа болон эмнэлгийн байгууллагын алдаа, эрсдэл гэдэг зүйлийг суралцсан. Монголд филлер тарилгаар мэргэшсэн эмч байхгүй гэж би харж байна, тийм ч учраас эрсдэлийн протокол гэдэг зүйл бүүр ч байхгүй. Олон улсын филлер тарилга болон гоо заслын үйлдэлд эрсдэлийн протокол гэдэг зүйлийг судалж хоорондын туршлагыг жил сараар ахиулан гарах эрсдэлийг бууруулдаг, сэргийлдэг. Тиймээс эмэгтэйчүүддээ гоё харагдсан рекламтай мэргэжлийн бус, хүнийг явдаг мөнгө гэж хардаг эмнэлгүүдээс болгоомжлоорой гэж захимаар байна. Асуудалд унахад хүнд хэн ч тусалдаггүй, зарим нь бүр нас барсан хүмүүсийн гэр бүл рүү нулимдаг, сохолж хохироочхоод араас нь хэрэгтэн болгох гэж улайрна. Ард нь үлдэх ээж аав, үр хүүхэд тэд нарт огт хамаа алга.
- Тухайн эмч торгуулиа төлөөд ялаа авсан байсан. Харин эмнэлэг ямар
хариуцлага хүлээсэн бэ?
Эмч 1 жил 6 сар зорчих эрхээ, 2 жил мэргэжлээрээ ажиллах эрхээ хязгаарлуулсан. Эмнэлгийн зүгээс хараагаа яг алдсаны дараа миний гаднын эмнэлгүүдэд яаралтай үзүүлж эмчилгээ хийх хэрэгцээтэй байгаагаа хэлэхэд төрийн байгууллагуудад гаргасан гомдлоо эргүүлэн татаад авчих, цагдаад гаргасан гомдолдоо гомдолгүй гээд хэлчих тэгээд 300 саяыг өгье гэсэн саналыг би хүлээн авахаас өөр аргагүй байсан учраас зөвшөөрсөн. Гэрээнээс 200 саяыг надад олгосон. Хүүхдээ дагуулаад эгчийгээ хөтлөөд гаднын сайн гэсэн эмнэлэгт 60 мянган доллароор эмчилгээ хийлгэх гээд хаанаа ч хүрээгүй, үлдэгдэл 100 сая төгрөгөө “Нэгэнт сохорчхоод эмчилгээ гэж явлаа” гээд Синдерелла эмнэлэг өгөөгүй. Гэтэл олон нийтэд хохирлыг нь барагдуулсан энэ эмэгтэй шантаажлаад байна, шантааж гэдэг нь нотлогдлоо гэсэн мэдээллүүдийг Хулан гэх эмэгтэйгээр гаргуулж цацуулсан. Гэтэл би шантаажчин бишээ. Тийм ч учраас ийм мэдээлэл цацуулсан, цацсан хүмүүсийг зохих газар нь гомдлоо өгөөд л шалгуулна. Өөрт учирсан хохирлоо Иргэний шүүхэд нэхэмжлэл гарган эмч болон эмнэлгээс нэхэмжилж авахаар хэрэг бүртгэл мөн л шүүхэд нээгдсэн байгаа.
- Нэг нүднийхээ харааг бүрэн алдсан гэсэн. Мөн үүнээс шалтгаалаад хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан гэсэн. Тэгэхээр ямар нэгэн ажил хөдөлмөр хийх боломжгүй болсон гэж ойлгож болох уу?
Мэргэжилтнүүд 65% гэж тодорхойлдог. Ер нь бол яг үнэндээ 65%-аас илүү алдагдалтай байгаа нь амьдралд мэдрэгддэг. Хүнд 2 сонголт бий сэтгэлээрээ унаж үхэх эсвэл босох. Би босохыг сонгосон учраас босоод тэмцэж яваа. Гаднаас нь харахад юу ч мэдэгдэхгүй. Бүх хүндрэл дотор талд бий. Тал болчихсон юм шиг мэдрэгддэг байлаа. Гэхдээ спортоор хичээллэж өөрийгөө сургасаар хөгжүүлсээр байна. Өмнө нь үл хөдлөх хөрөнгөөр өөрийн компанитай байсан. Барилгын төлөө биш илүү том зүйлийн төлөө төрснөө ойлгосон гэх үү дээ. Цаашаа ажиллана, илүү аз жаргалтай амьдарна, үр хүүхдээ эмчлүүлж чанартай хүн болгоно.
- Ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон уу?
Би өөрийгөө халамжийн хүн гэж мэдрэхийг сар бүр өөртөө сануулахыг хүсэхгүй байна. Хүүхдээ ч тийм хүн байлгаад байх хүсэлгүй учраас бүрэн бүтэн хүн шиг амьдрахыг өөрийн биеэр үлгэрлэж үзүүлнэ дээ.
- Манай ярилцлагаар дамжуулан нэмээд юу хэлмээр байна?
Хайр энэрлийн, оюуны болон зүрх сэтгэлийн боловсролтой төр засаг, хууль хүчний байгууллагатай байгаасай. Ямар олон гэмгүй иргэд хохирч, тэмцэж чадахгүй амьдралаа мөхөөлгөж байгааг бодоход дэндүү харамсалта. Гэвч сайн сайхан цаг ирж байгаа гэдэгт итгэж байна. Олон талаас ирж байгаа маш их хавчлага дунд ярилцлага өглөө.
Bolod.mn