2025-09-25УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулж буй үйл явдлыг шууд дамжуулан хүргэлээ. Тэрээр МАН-ын

даргад нэр дэвших болон өөрийнх нь хувийн асуудалтай холбоотой сэдвээр ярих учраас Төрийн ордноос гадуур хэвлэлийнхэнтэй уулзсан юм. Ингээд асуулт хариултыг тоймлон хүргэе.
-Таны холбогдсон ЖДҮ -ийн асуудал юу болсон бэ?
-Манай гэр бүлийнхэн, ах дүү нар бусадтай адил л бизнес хийдэг. Ном, хэвлэлийн бизнес хийдэг. Энэ бизнестэйгээ холбоотой ЖДҮ-ийн сангаас намайг улстөрд ороогүй байхад зээл авсан зүйл байдаг. Хэрвээ намайг улс төрийн албан тушаал хашиж байхад авсан бол хариуцлага хүлээх байсан.
-Эрдэнэс Тавантолгойн захирал асан н.Ганхуяг тантай ижил нэртэй хүн рүү мессеж андуурч явуулснаас болж тухайн иргэнийг барьж хорьсон тухай Б.Энхбаяр гишүүн өчигдөр ярьсан. Энэ үнэн үү?
-Надтай ижил нэртэй хүнийг барьж хорьж, хэрэг үүсгэсэн бол манай хууль хяналтын байгууллагын нүүр царай ийм байна гэсэн үг. Монголын хууль хяналтын байгууллага өөрсдөдөө дүгнэлт хий.
Миний ойр дотны хүмүүсээс нэг ч хүнийг хориогүй байна. Харин надтай хамт зураг авахуулсан мэр сэр хүмүүийг барьж хорьж байх шиг байна. АТГ баримт байгаа бол намайг шалга л даа. Асуудалтай нүүр тулах боломж олго. Баримтад үндэслэн ял тулгахаас илүү эртнээс зохион байгуулж найруулсан асуудлаар ялладаг боллоо.
-Та АТГ-т өөрийгөө шалгуулах хүсэлт өгөх үү?
-Надтай холбоотой гэдэг хүмүүсийг шалгаж тогтоож өгөх хүсэлтийг АТГ руу явуулж, хариу авсан. АТГ-аас надтай Х.Мандахбаяр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарын 4 хүнтэй ямар нэгэн хамааралгүй гэдэг бичгийг ирүүлсэн. Мөн анхан шатны шүүхээс Д.Амарбаясгалан гэдэг хүн Админерал гэдэг компанитай ямар нэг холбоо хамааралгүй гэсэн шийдвэр гарсан шүү.
-Танай намын хагарал төрийн зовлон болоод байгаа юм биш үү?
-МАН-д хагарал байгаа нь үнэн. Намын хагарлын гол эзэд нь Г.Занданшатар, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Батцэцэг, Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүс. Тэд ховоор амь зогоож, намаа хагаран бутаргаж, улс төр хийж яваа.
Хэрвээ Чулуунзагдад асуудал байсан юм бол 2 жилийн өмнө баривчлахгүй яасан юм бэ. Улс төрийн зорилго байна. Өчигдөр гэхэд АТГ 20 мөрдөн байцаагч цуглуулж байгаад надад санал өгөх магадлалтай МАН-ын Бага хурлын гишүүдийг шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Би Я.Содбаатар дарга руу залгаад үүнийгээ боль гээд болиулсан.
-“Админерал” компанитай та холбоогүй юм бол яагаад 2023 оны Нүүрсний сонсголд очиж хамааралгүйгээ батлаагүй вэ?
-“Админерал” компанийн талаар юу ч мэдэхгүй болохоор очоод ямар тайлбар хийх вэ. Мэдэхгүй гэдэг үгийг л хэлэх сонирхолтой. Яагаад намайг нүүрстэй холбочихов гэдэг асуудал яваад байна. Тухайн үед Бодь группийн олон том оффтейк гэрээ, мухар төмөр зам барьсан нүүрсний хэлэлцээрүүдийг олны анхааралд оруулахгүйн тулд гол дүр хэрэгтэй болсон. Тэр гол дүрд явуулах хамгийн боломжтой хүн нь би болсон. Яагаад гэвэл нэлээд шахалтаар намайг 2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болгосон. Тухайн цаг үеэс намын Ерөнхий нарийн бичгийн даргын тамгыг авах гэж маш олон төрлийн дарамт шахалт ирж байсан. Энэ үед намайг нүүрсчин болгож зарласан. Надаас тамгыг авах гэж маш олон арга хэмжээ авсан. Гэрчүүд бий.
Тухайн үед ажлаа өгөх гээд бүх зүйлээ бэлдсэн, Я.Содбаатар очоод суухад бэлэн болсон үе. Харамсалтай нь, тухайн үед жагсаал гарч нийтийг хамарсан том үймээн болоод МАН-ын Бага хурал хуралдах гээд чадаагүй. Улмаар үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2024 оны сонгуулиа удирдаж орсон.
-Хасбаатар болон танай ахын хүүхдийн хамтран байгуулсан хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг хэзээ мэдсэн бэ?
-Манай дүү Хасбаатар гэдэг хүнтэй хамтарсан сайт байгуулсан зүйл байхгүй. Манай дүүг АТГ-аас дуудсан байна лээ. Холбоод байгаа компани дээр нь хуурамч гарын үсэг зурсан байна. Түүнийг шинжлүүлээд, хуурамч гэдгийг нь баталгаажуулж өгсөн байгаа.
Манай гэр бүл тэр хүнтэй уулзах нь битгий хэл, тэр хүний нэрийг ч мэдэхгүй. Талийгаач болсон хүний ясыг их өндөлзүүлж байх шиг байна.
-Б.Энхбаяр гишүүн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гаргасан гэж байна гэлээ. Тэгэхээр уулзаад мэтгэлцэх боломжтой юу?
Үнэндээ Б.Энхбаяр чинь хүний нүд рүү эгц хардаггүй ш дээ. Хүнийг өгсөөд явж байхад “Шрек”-ийн муур шиг дагаж явж байгаад ар нуруунаас хутга шаадаг байж болохгүй. Та нар энэ хүнийг хоёр битгий хэл 20 нүүртэй гэдгийг маш олон баримтаар харна.
Б.Энхбаярын түүх гэвэл анх Сү.Батболд даргын туслахаар орж ирчхээд, У.Хүрэлсүхийн зөвлөх болсон. Дараа нь С.Бямбацогтод зөвлөсөн. Удалгүй Ц.Нямдорж гуайн үед дэд сайд болж очсон. Тэгж яривал Б.Энхбаярыг “Зөв хүн электорат” эвслээс дэвших гээд явж байхад нь би дуудаж ирээд намын дарга У.Хүрэлсүхтэй уулзуулж байсан. Ийм гунигтай, увайгүй байдалд орж байгаад нь би ичиж байна.
Миний хувьд өнөөдөр ийм зүйл яриад сууж байгаадаа ч ичиж байна. Гурван удаагийн парламентын сонгуулийг удирдаж ард нь гарчхаад, өнөөдөр би УЗ болон Хяналтын ерөнхий хороон дээрээ ийм гомдол мэдүүлж зогсоно гэж зүүдлээ ч үгүй.
-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлын тэмдэглэл байхгүй болсон гэж яригдаад байна. Энэ тал дээр мэдээлэл өгөөч. Мөн Улаанбаатар группийн Батбаатар гэдэг хүн таны ахтай хамааралтай юу?
-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог би түр хариуцсан юм. Тухайн үед сайдгүй байсан тул би ЗГХЭГ-ын даргын хувиар түр даргалсан. Энэ хорооны хурлыг би нэг л удаа даргалсан. Та бүхэн тэр хурлын протоколыг уншиж болно. Протоколыг устгасан мэтээр ярьсан. Би протокол хадгалдаггүй, бичдэггүй.
Батбаатар гэдэг залууг мөн дуудсан байсан. Тэр залуу МАН-ын байрны дөрвөн давхарт фитнес ажиллуулдаг. Энэ залуугаар засвар хийлгэж, оронд нь бартераар манай дөрвөн давхрыг түрээсэлдэг, ийм л хүн. Ийм хүнийг улс төрд хутгаж, их хэмжээний төлбөр авна, үгүй бол бизнес чинь дампуурна гэж тулгаж болохгүй.
-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлын протокол танд байгаа юу?
-Би хуульч, шударга гээд Н.Энхбаярын ярьж байгаа бүх зүйл нь худлаа. Хэрвээ Засгийн газрын протокол устгасан гэвэл аймшигтай гэмт хэрэг хийсэн болно. Тэгвэл намайг барьж аваад хорих хэрэгтэй. Асуудал түүнд байна. УИХ-ын сонгуулийн өмнө хэнийг хаана нэр дэвшүүлэхийг нэг хүн шийддэггүй. Судалгаанд тулгуурлан шийддэг. Би найзыгаа нэр дэвшүүлэх эрх мэдэлгүй. Бид зөвхөн шинжлэх ухаанчаар ханддаг. Н.Энхбаяр өөрөө хамт байгаагүй байж намын дарга бид хоёрын яриаг хажууд нь байсан юм шиг ярина гэдэг юу гэсэн үг вэ. Хууль зүйн сайд байхдаа Н.Өнөрцэцэгт ямар бяр гаргалаа даа. Түүн шигээ энэ асуудлуудаа шийдээд яв л даа.
-Хэн засаглаж байна гэдгийг та тодорхой нэрлэх боломжтой юу. Үндсэн хуулийн өөрчлөлт хийх замаар одоогийн төрийн тэргүүний хугацааг сунгах асуудал яригдаж байна гэсэн. Энэ тал дээр бодит мэдээлэл байна уу. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг Үндсэн хуулийн өөрчлөлт хий гэдэг шахаасыг нь биелүүлээгүй болохоор огцруулсан гэсэн таамаг яваад байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хүмүүстэй уулзаад “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя, ард нийтийн санал явуулъя” гэдэг яриа хэлэлцээр хийгээд байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд танд бодит мэдээлэл байна уу?
-Одоогоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ард нийтийн санал асуулга явуулах гэдэг асуудал яригдаж байгаа зүйл байхгүйг албан ёсоор хэлье. Засгийн газар дотор юу болж байгааг мэдэхгүй. Ерөнхийлөгчийн түвшинд ийм яриа байхгүй. Хувь хүн засагладаггүй, эрх зүйт төртэй болох асуудлыг 2020 оноос бид маш олон түвшинд ярьсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх даргын дэвшүүлсэн уриа ч тийм байсан.
Энэ бямба гарагт (2025.09.27) МАН-ын бага хурал болно. Тэр хурлаар би ямар дарамтад орсноо ярина. Өчигдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр илт худал мэдээлэл өглөө. Зальтай хуульч нар “болзошгүй, би хардаж байна” гэж ярьдаг.
Би намын ЕНБД-аар ажиллахдаа эв нэгдлийг эрхэмлэсэн. Тийм учраас эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэж хүнийг ялгаагүй тул намын гишүүд надад сайн байдаг юм. Намын даргад нэр дэвшихээ мэдэгдэхийн өмнө Ц.Чулуунзагдыг баривчиллаа. Надаар энэ мэдэгдлийг хийлгэхгүйн тулд баривчилгаа явуулсан. Намайг айна гэж бодсон. Үгүй ээ, улс орны хэмжээний том зорилго тавьж байгаа хүнд нэг хүний асуудлаас болж айгаад хойшоо суух улстөрч огт биш. Надад илүү том зорилго, эрч хүч, зориг байна. Үүнийхээ төлөө ямар ч нөхцөлд айж болохгүй. Тийм учраас манай намын шийдвэр гаргах голлох улстөрчид намайг дэмждэг.
-АТГ хэний гар, хөлөөр ажиллаад гэж харж байна вэ. Ерөнхийлөгч МАН-ын үйл ажиллагаанд оролцоод байна уу?
-УИХ-ын гишүүн С.Ганбаатарт одоо хэрэг үүсгэн, АТГ шалгаж байна. Энэ хүн 10-аад жилийн өмнө ҮЭ-ийг удирдсан. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинийг мөн олон жилийн дараа мөн шалгасан. Эдгээр нь хууль засагладаггүйн бодит жишээнүүд юм. Үүнийг эсэргүүцэж 2022 оны дөрөвдүгээр сард парламентын гишүүдийн тоог нэмэх, олон намын оролцоог хангах санаачилгыг гаргасан.
Ерөнхийлөгч НҮБ рүү явахаасаа өмнө зөвлөхүүдээрээ дамжуулан намыг хагалан бутаргаж болохгүй гэж хэлүүлсэн. Надтай ч бас ярьсан. Ер нь Ерөнхийлөгч намын ажилд оролцдоггүй. Ерөнхий сайд Г.Занданшатартай би гурван удаа уулзсан. Надад хүлээж авах боломжгүй санал тавьсан. Жишээ нь, нам хос даргатай байх талаарх саналыг би хүлээж аваагүй.
Миний хувьд Ерөнхийлөгчтэй хэвийн харилцаатай байгаа. Мэдээж санал зөрөлдөх асуудал гардаг. Тухайн үед ярилцаж, зөвшилцөх замаар ойлголцохыг л хичээдэг.
-Та Ухаахудагийн асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-"Ухаахудаг"-ийн асуудал мартагдаагүй. УИХ 16 гишүүнтэй ажлын хэсэг байгуулан, энэ ордыг хэрхэн хувийн хэвшилд шилжүүлснийг шалгаж байна. Засгийн газар харин эс үйлдэхүй хийж байна. Уул уурхайн үр өгөөжийг ард түмэн хүртэх ёстой гэдэг бодлогыг бүх талаар дэмждэг. Нөгөө талаас хувийн хэвшлийн хэвийн үйл ажиллагааг хумьж байгаа төрийн бодлогуудыг би эсэргүүцдэг. Хувийн хэвшилд хаалт биш боломжийг өгч чаддаг төр байх ёстой.
-"Чайна Энержи"-гийн гэрээг мэдсээр байж муу хийсэн гэж одоо шүүмжлээд байна. Энэ асуудал дээрх таны байр суурийг сонсмоор байна?
-"Чайна Энержи"-гийн гэрээ Засгийн газар хооронд хийгдсэн. Түүнийг УИХ соёрхон баталсан. Засгийн газарт үнэ биш зарчим нь л яригдсан. Үнийн асуудлыг Ц.Туваан гишүүнээс маш сайн асуух ёстой. Энэ хөдөлдөг үнэ үү, үгүй юу гэдгийг асуугаарай. Улс төр талаас нь яривал, Тавантолгойд сүнс нь хоргодчихсон улстөрчид олон байна. Өмнө нь авч чадаагүй, нас, карьер нь ч дууссан хүмүүс шунаж байна. Тэгээд шөнө зүүдлээд л “Тавантолгойг тэр, энэ хулгайлчихаж” гэж ярьдаг. Нэг нь танк орж ирнэ гэж яриад 17 жил гацаасан. Алдагдсан боломж хэдэн арван тэрбум ам.доллар. Дуншиж, дуншиж арай гэж урагшлуултал дахиад л хулгай гэнэ. Сая Л.Оюун-Эрдэнэ хурал дээр “Тэгвэл цуцлаач дээ. Өөрсдөө хийгээд үз” гэж хэлж байна. Асар хүнд геополитикийн нөхцөл дундуур явж хийж байгаа ажил шүү дээ. Хятадын Засгийн газартай хийсэн гэрээ. Хятад бол нэг ам.доллар бүрээ бүртгэдэг улс. Гэтэл авлигатай гэрээг хараад зөвшөөрөөд сууж байна гэж байх уу. Арай л амьдралаас тасархай сэтгэх юм.
-Та Ц.Чулуунзагд, Эрдэнэжаргал нартай та ямар хамаатай вэ. Л.Оюун-Эрдэнэ та хоёр найз хэвээр үү?
-Ц.Чулуунзагд анх сайтуудын программ хийдэг залуу байсан. Надтай ирж уулзаад Top.mn гэж сайт байгуулъя гэж байсан. Бид гурван жил ажиллуулах гэж үзээд дампуурсан. Гэтэл тэр компаниар нүүрсний сонсгол дээр холбож яриад байна лээ. Ямар ч холбоо харилцаагүй байхад шүү дээ. Ганц л зүйлийг хэлье, би хүнээрээ байхыг хүсдэг. Найзалсан найздаа ядаж муу хэлүүлэхгүй амьдрах сан гэж боддог. Тэр ч утгаар би Бага хурал дээр "Л.Оюун-Эрдэнэтэй өнөөдөр ч, маргааш ч хамт" гэж хэлсэн. Улс төрийн хувьд санал зөрдөг зүйл бий. Ерөнхий сайд байхад нь зарим зүйл дээр нь шүүмжлэлтэй ханддаг байсан. Сонгуульд орохдоо би хэрэв гарвал Засгийн газарт орохгүй шүү гэдгийг хэлж байсан. Харин бүлгийн даргаа авна гэсэн. Харамсалтай нь, Г.Занданшатар дарга унаад, УИХ-ын дарга бол гээд л би энэ суудал дээр очсон.
-Та сая Г.Занданшатарыг хоёр хүний хооронд хов зөөсөн мэтээр ярьчихлаа. Та тэр хүнийг дүгнэж хэлээч?
-Би өрсөлдөгчийнхөө талаар ярихгүй. Ер нь бол сайн хүн.
-Та гурилын импортын татварыг тэглэсэн. Үүнээс болж ямар үр дагавар гарсныг салбарын сайд нь хэлсэн. УИХ-ын чуулганаар та тэр хуулийг унагаж байсан удаа ч бий. Баруун бүсэд нэр дэвшиж ялалт байгуулахын тулд гурилын импортын татварыг тэглэсэн үү?
-Гурилын импортын татварын асуудлыг хотод байгаа хүмүүс дүгнэхэд хэцүү. Хөдөө байгаа иргэдийн үндсэн хэрэглээ бол гурил. Нэг хониор нэг шуудай гурил авдаг байсан, одоо хоёр хонь болчихлоо гээд уйлдаг. Манай үйлдвэрүүд нэгдсэн зохион байгуулалтад ороод үнээ зохиомлоор өсгөдөг болчихсон. ШӨХТГ-аас нэр бүхий гурилын үйлдвэрт шаардлага тавьсан. Тэгтэл шүүхэд өгчихсөн. Шүүхийн процесс жил үргэлжлэхэд үнэ нь нэмэгдсэн асуудал иргэдийг зовоосоор л байсан. Тэгэхээр зах зээлээ эзэлчихсэн байгаа үйлдвэрүүдийн үнийг буулгахын тулд гадаадаас өрсөлдөгч оруулж ирсэн. Гуравхан хүний үйлдвэр нийт гурилын үйлдвэрлэлийн 60 гаруй хувийг эзлэх хэмжээнд оччихсон. Би бол ард түмнийхээ талд ажилласан. Салбарын яам юуны төлөө ажиллаж байгааг одоохондоо хэлж мэдэхгүй байна.