1 сая 500 мянган төгрөг болгохыг шаардаж буй аж. Энэ үеэр ахмад настан Г.Гантөмөртэй ярилцлаа.


Ихэвчлэн өндөр настай хүмүүс ирсэн харагдаж байна. Та бүхэн тэмцлээ хэр удаан үргэлжлүүлэх вэ?

-Бид өнгөрсөн долоо хоногт ярилцаад 60-80 насны найман хүн өлсгөлөнд оролцъё гэж шийдсэн. Одоогоор бороо орсон ч хамаагүй ахмадууд маань ирцгээсэн байна. Хэрвээ төр засаг нь ичдэггүй юм бол бид өлсгөлөнгөө зарласаар л байна. Энд дандаа 70- аас дээш насны хүмүүс ирсэн байгаа. Бид тууштай тэмцэнэ. Зорьсон, хэлсэн, ярьснаасаа ухрахгүй, тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно. Бид яагаад өлсөж байгаа вэ гэхээр сайн дурандаа өлсөөгүй юм аа. Нийгэм болохгүй, авч байгаа тэтгэвэр маань бага байгаа учраас бид бухимдаж байна. Бид юу хийсэн гэж нийгмээсээ ялгаварлагдах ёстой юм бэ. Бид улс эх орондоо насаараа ажил хийж татвараа төлсөн, хийх юмаа хийсэн хүмүүс. Би гэхэд улсад 33 жил багшийн ажил хийлээ. Одоо 67 настай. 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Энэнээс ч бага тэтгэвэр авдаг ахмадууд байгаа.

Өлсгөлөн зарлах нь тэмцлийн хурц хэлбэр ч гэсэн тэмцэл дуусах болохоороо өлсгөлөн зарладаг гэж ярьдаг?

-Энэ дарга нар яаж хүлээж авна уу, тэр өндөрлөгийг давтал бид суулт хийнэ. Угаасаа бид хагас өлсгөлөн хүмүүс. Тийм учраас л тэмцлийнхээ хурц хэлбэрт орлоо.

– Тэтгэврээрээ эм тариа, эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чадаж байна уу?

-Яаж чадах юм бэ. Тэтгэврийнхээ 400 мянган төгрөгийг нь эмэндээ өгчихдөг. Бүр эмнэлэгт хэвтэхэд ч хүрэхгүй шүү дээ. Харин үлдсэн мөнгөөр нь долоо хоногийн хүнс аваад л дуусчихна. Хэдэн хүүхдээ л зулгааж амьдарч байна даа. 10 хоног эмнэлэгт хэвтэх 400- 500 мянган төгрөг хүүхдүүд л өгч байна. Ер нь ахмадууд бүгдээрээ л тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээл гэдэг зүйл гадны ямар ч улс оронд байдаггүй гэж ярьж байна лээ. Тэгвэл тэтгэврийн зээл авахуулахгүйн тулд арга хэмжээ ав л даа. Бидний тэтгэврийг нэг сая 500 мянган төгрөг болгож өгөөч. Бүр болохгүй бол үе шаттай нэм л дээ гэж хүртэл хэлсэн. Улсад ажиллаагүй хэрнээ тэтгэвэрт гарсан хүмүүс зөндөө л байх шиг байна. Харин би насаараа улсад ажилласан болохоор бардам байна. Надад айгаад байх зүйл алга. Яагаад гэвэл би мянга мянган ахмадынхаа өмнөөс өлсөж байгаа. Бид өнөөдөр энд суухгүйгээр гэр орондоо дулаахан сууж болох л байсан. Гэвч бид байж суухын аргагүй болчихсон байна. Уг нь бид чинь төрийн хамгаалалтад байх ёстой хүмүүс. Энэ ордон дотор махан толгойтой, төмөр зүрхтэй хүмүүс байдаг юм уу, бүү мэд. Улс орныхоо төлөө олон жил ажилласан нь бидний буруу юм уу. Дээрээс нь эмнэлэгт үзүүлье, хэвтье гэхээр оочер ихтэй байдаг. Хамгийн наад захын жишээ нь мэдрэлээ үзүүлье гээд мэдрэлийн эмч дээр цаг авъя гэхээр сарын дараа ир гэдэг. Тэр хооронд миний бие өвдөж болно шүү дээ. Иргэдийнхээ амьд явах эрх ашгийг хуулиар олгосон юм бол тэр чинь хааччихав аа. Бид яагаад тэр эрхээ эдэлж чадахгүй байна вэ. Бид үүнд туйлдаад, бачимдаж байна.

Өлсгөлөн зарлахад юу хамгийн их нөлөөлөв?

-Ер нь бид аргагүйн эрхэнд л өлсгөлөн зарлаж байна. Түүнээс хэн нэгнийг дагаад, сенсацилах гээд байгаа юм биш. Бид эрүүл мэндээ бодно шүү дээ. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс дандаа будлиантай шийдвэр гаргадаг. Өмнө нь бүх хүний тэтгэврийг адилхан 10 хувиар нэмэгдүүлж байсан. Гэтэл 10 төгрөгийг таван хувиар өсгөх, 1000 төгрөгийг таван хувиар өсгөх хоёр чинь тэмээ, ямаа шиг өөр зүйл гэдгийг ойлгохгүй байна. Үүнийгээ их зүйл хийчихлээ гээд тухайн үедээ хөөрөгдөөд, хөгшчүүлийн тэтгэврийг нэмсэн дүр эсгэсэн. Сангийн сайд Б.Жавхлан үндсэн юмаа мэдэхгүй байна. Тэтгэвэр нэмнэ гэдэг нь юу юм, өөрчилнө гэдэг юу юм, өсгөнө гэдэг юу юм гээд нарийн зүйлээ мэдэхгүй байна. Бодит байдал дээр өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийнх нь ихээр нэмэгдээд, биднийх 20-30 мянган төгрөгөөр л нэмэгддэг. Энэ мөнгөөр чинь ач, зээ нартаа ганц тоглоом ч авч хүрэхгүй шүү дээ. Ер нь биднийг хүн гэж тоохгүй байх шиг байна. Гэвч бид улсдаа хийхээ хийгээд, бүтээдгээ бүтээсэн улс шүү дээ.

 

Г.БАЛГАРМАА