2025-02-03Шинэ сар эхэлж, шинэ цаг тооны бичиг эргэж эхлэхэд бидний олонх нь өөртөө шинэ зорилго тавьдаг.
Хүн бүрийн хүсэл, мөрөөдөл, хэрэгцээ, шаардлагаас шалтгаалан харилцан адилгүй зүйлсийг зорилго болгож, тэрхүү зорилгодоо хүрэхийг эрмэлздэг. Тэгвэл дэлхий даяар эдийн засаг, соёл, улс төрийн харилцаа улам бүр нэгдмэл болж, глобалчлал гүнзгийрсээр байгаа энэ цаг үед хэл сурах нь хамгийн чухал хэрэгцээ, шаардлага болж хувирчээ. Учир нь, хэл сурснаар зөвхөн тухайн хэлний мэдлэгтэй болоод зогсохгүй, олон улстай холбогдох, шинэ боломжуудыг нээх, дэлхийн түвшинд өрсөлдөх, карьераа нэмэгдүүлэх боломжийг олж авах юм.
Судалгаагаар олон хэлтэй хүмүүс илүү өндөр цалинтай, амжилттай карьертай, өргөн цар хүрээтэй ажлын боломжуудыг ашиглаж чаддаг нь тогтоогдсон байдаг.
Тэд олон улсын хамтын ажиллагаа, хамтарсан төслүүдэд амжилттай оролцож дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болдог. Иймд бид энэ удаагийн нийтлэлээрээ шинжлэх ухаанаар батлагдсан хэл сурах аргачлалууд болон түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хүргэж байна.
Хэл солилцоо
Аливаа улсын хэлийг шинээр сурах нь хүүхэд дөнгөж хэлд орж буйтай агаар нэг. Эх хэлнээсээ өөр хэл сурч буй хүн яг л хүүхэд шиг эхлээд энгийн үгсийг таньж, дараа нь агуулга, утга санааг бүрэн ойлгож суралцдаг. Цаг хугацаа өнгөрөх хэрээр илүү өргөн хүрээтэй, гүнзгий мэдлэгтэй болдог. Гэвч хүн бүрийн аливаа зүйлийг сурах арга барил нь өөр, өөр байдаг. Зарим хүн шинэ мэдлэгийг хурдан бөгөөд амархан хүлээж авдаг бол, зарим нь хэт гүнзгий эргэцүүлж, удаан хугацаагаар суралцах шаардлагатай тулгардаг.
Энэ ялгаа нь тархины үйл ажиллагаа болон тухайн хүний туршлагатай холбоотой юм. Учир нь тархины үйл ажиллагаа нь мэдээллийг хэрхэн хүлээн авч, боловсруулж, хадгалж байгаагаас шалтгаалаад бидний сурах арга барил харилцан адилгүй байдаг аж. Иймээс суралцах арга барилаа илүү үр дүнтэй болгохын тулд өөрийн тархины үйл ажиллагааг хэрхэн ажиллаж байгааг ойлгож, түүнд тохирсон аргачлалуудыг сонгох нь чухал юм. ыг дурдъя.
Бүрэн дүрслэх арга буюу Immersion Method
Бүрэн дүрслэх арга нь хэл сурах хамгийн үр дүнтэй, түгээмэл хэрэглэгддэг арга барилуудын нэг юм.
Энэхүү аргачлал нь суралцагч тухайн хэлийг амьдралдаа өдөр тутам хэрэглэж, хэлний орчинд бүрэн нэвтэрхийг хэлдэг.
Жишээ нь, тухайн хэл дээр телевизийн хөтөлбөр, кино үзэх, ном унших, ярилцах зэрэг бүх төрлийн үйлдлүүдийг хийх нь “immersion” буюу бүрэн дүрслэлийн арга юм. Энэхүү арга нь хэлний хэрэглээг байнга давтах замаар үр дүнтэй, ахицтай сурахад тусалдаг байна.
Бүрэн дүрслэл аргыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
- Хэл суралцагчийг тухайн хэлний орчинд бүрэн оруулах хэрэгтэй. Жишээ нь, гэртээ тухайн хэл дээр гэр бүлийнхэнд ярилцах, тухайн хэл дээрх кино, подкаст, ном унших, соёлын үйл ажиллагаанд оролцох зэрэг нь хэл сурах хурдыг нэмэгдүүлдэг.
- Хэл суралцагч нь тухайн хэлийг амьдралдаа хэрэглэх хэрэгтэй. Энэ нь зөвхөн үгсийг сурах төдийгүй, тухайн хэлийг ажил, амьдрал, аялах замаар тогтмол хэрэглэх нь үр дүнтэй. Ингэснээр тухайн хэлийг илүү хурдан бөгөөд амжилттай сурах боломжтой болдог байна.
Үүрэгт суурилсан хэл сурах арга буюу Task-Based Language Learn ing
Үүрэгт суурилсан хэл сурах аргачлал нь хэл суралцах явцад бодит амьдралд тулгардаг асуудлуудыг шийдэхэд чиглэдэг.
Энэхүү арга нь суралцагчийг тухайн хэлний хэрэглээг үр дүнтэй ашиглахад тусалдаг бөгөөд хэлийг зөвхөн онолын талаас нь биш амьдралдаа хэрэглэж, илүү бодитойгоор сурах боломжийг олгодог.
Жишээ нь, дэлгүүрт бүтээгдэхүүн худалдаж авах, аялал жуулчлалын талаар яриа өрнүүлэх, эсвэл ажлын уулзалтад оролцох гэх мэт практик даалгавруудыг гүйцэтгэх чадварт бэлдэх замаар сургахыг хэлнэ.
Үүрэгт суурилсан хэл сурах аргыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
- Хэрэв та аяллаар явах гэж байгаа бол тухайн хэл дээр аялах төлөвлөгөө гаргах, аяллын маршрут гаргах, амралтын газарт харилцах зэрэг бодит үүргүүдийг тухайн хэл дээр хийж суралцах хэрэгтэй.
- Суралцагч тухайн хэл дээр дэлгүүрт орж, бүтээгдэхүүн худалдаж авах үйлдлийг хийж сурах. Тухайлбал, дэлгүүрт юу худалдаж авахыг хүсэж буйгаа хэлэх, бүтээгдэхүүний үнийг асуух, худалдагчтай харилцах гэх мэт аргачлалуудыг туршиж үзэх боломжтой.
Шууд арга буюу Direct Method
Шууд арга буюу Direct Method нь хэл сурах хамгийн анхны, хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.
Энэ нь хэлийг зөвхөн тухайн хэл дээр сурч, амьдралд шууд хэрэглэж суралцахад чиглэгддэг.
Энэхүү арга нь орчуулга эсвэл эх хэлний тайлбаргүйгээр зөвхөн суралцаж буй хэл дээр бүх зүйлийг хийхийг шаарддаг. Уг арга нь хэлийг бодит хэрэглээнд ойртуулж, суралцагчийг тухайн хэлний орчинд амьдрах, ярилцах чадвартай болгохоос гадна хэлийг ойлгох, ашиглахад тусалдаг.
Шууд аргыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
- Тухайн хэл дээр бүх зүйлийг хийх нь чухал. Хэрэв та англи хэл сурч байгаа бол бүх зүйлээ англи хэл дээр хийхийг оролдож, эх хэл дээр тайлбарлахгүйгээр ойлгохын тулд тухайн хэл дээр ярилцаж, ойлгохыг хичээх хэрэгтэй. Ингэснээр цаг хугацаа, хүчин чармайлт их орох ч үр дүнтэй, ахицтай суралцахад туслах аж.
Давтамжтай суралцах буюу Spaced Repetition System
Энэхүү аргачлал нь хэл сурах, мэдлэг хуримтлуулахад хэрэглэгддэг маш үр дүнтэй арга юм.
Энэ систем нь суралцагчийн тархинд мэдээлэл тогтоогдох үйл явцыг хурдасгах, урт хугацаанд санахад туслах зорилготой аж.
Тухайлбал, тухайн хэлийг үе шаттайгаар давтан хичээллэх замаар энэхүү аргачлалыг ашигладаг. Жишээлбэл, хэрэв шинэ үгс, дүрэм сурах гэж байгаа бол анх сурах үедээ энэ үгсийг давтамжтайгаар сурах хэрэгтэй.
Spaced Repetition System-ийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
- Эхлээд шинэ үгс, дүрмийг сурахдаа анхаарлаа төвлөрүүлэн унших хэрэгтэй. Улмаар анхны давтлага буюу мэдээллийг эхний удаа хүлээн авсны дараа богино хугацаанд (1-2 цагийн дараа) дахин давтах хэрэгтэй. Ингэснээр тухайн мэдээллийг түр хугацаагаар тогтоох боломжтой болно.
- Дараагаар нь хичээлээ давтах хугацааг аажмаар уртасгах хэрэгтэй. Жишээ нь, анхны давтлагаас 1-2 цагийн дараа давтах бол дараагийн давталт нэг өдөр, гурван өдөр, долоон өдөр, 14 өдөр гэх мэт хугацаанд явагдах нь үр дүнтэй юм.
Гол давтамжийн хуваарь
Давтамжтай сурах аргыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд тодорхой давтамжийн хуваарьтай байх нь чухал. Энэ хуваарь нь хүн бүрийн чадварт тохирох, оновчтой байх ёстой.
Эцэст нь, хэл сурах нь зөвхөн тухайн хэлний мэдлэгийг эзэмшихээс илүүтэй, өөрийн уураг тархиа хөгжүүлж, оюун санааны цар хүрээг тэлэх ач холбогдолтой.
Хэл сурах нь тархины чадамжийг сайжруулж, шинэлэг бодол, сэтгэлгээг хөгжүүлэхэд тусалдаг аж. Мөн энэ нь хүн бүрийн анхаарал, санамж, бүтээлч сэтгэлгээг сайжруулж, аливаа сорилтуудад илүү түргэн, үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх чадварыг олгодог байна. Иймд өөрт тохирсон аргачлалаар үр дүнтэй суралцах нь хэл сурах явцад чухал үүрэгтэй.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл