2025-01-31Үндэсний статистикийн хорооноос ядуу иргэдийг 1995 оноос тоолж эхэлжээ. Тус хорооноос гаргасан “Ядуурлын үндсэн үзүүлэлт”-д дурдсанаар Монгол Улсад ядуурал иймэрхүү хэмжээтэй явж иржээ.
Тэртээ 30 жилийн өмнө...
Ядуурал яг байрандаа, 30 хувиа “барьж байх” энэ хугацаанд Монголд юу, юу хэрхэн өөрчлөгдөв. Цухас дурдъя л даа. Тэртээ 1995 онд мэндэлсэн охид, хөвгүүд 30 насны босго давж, аав, ээж болчихлоо. Зарим нь одон тэмдэг бүхий алдарт аав, ээж болсон нь ч харагдана.
Ядуу иргэдээ анх тоолж эхэлсэн 1995 онд ноён долларын ханш 414.7 төгрөгтэй тэнцэж байв. Харин өнөөдөр ам.долларын ханш 3412.77 төгрөгтэй дүйж байна.
1995 оны арванхоёрдугаар сарын 30 нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэхэд нэг цагийн хөлс 49.23 төгрөг байв. 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр өдгөө нэг цагийн хөлс 4715 болжээ. Бодоод үз дээ, ам.доллар найм дахин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 95.7 дахин нэмэгдсэн байна.
Цар тахлын үед ядуурлыг Хятад, Монгол хоёр ялсан нь
Он хариугүй солигдох гэж байхад буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 30-нд Үндэсний статистикийн хорооны дарга асан Б.Батдаваа “Ядуурлын дүр төрх 2020” тайлангийн үр дүнг танилцуулж, Монгол Улсын ядуурлын түвшин 0.7 хувиар буурсныг мэдэгдэв. Ингэснээр цар тахлын үед дэлхий нийтээр хямарч байхад БНХАУ ын дарга Ши Жиньпин 800 сая хүнийг ядуурлаас гаргаж, Монголд ядуурал 0.7 хувиар буурсан билээ. Тухайн үед Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “2020 оны тооцооллыг 2016, 2018 оны тооцоололтой шууд харьцуулах боломжгүй. Зарим зүйлс өөрчлөгдсөн. Тухайлбал, цар тахалтай холбоотойгоор мэдээллээ утсаар цуглуулсан гэх мэт асуудлууд тулгарсан. Улсын хэмжээнд ядуурлын түвшин 27.8 байна. Цар тахлын нөлөө ядууралд хэрхэн нөлөөлснийг тооцоолсон. Цар тахал гараагүй байсан бол ядуурал 3.5 хувиар буурах боломжтой байсан. Цар тахал ядууралд хамгийн хүчтэй нөлөөлсөн” хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч 3.5 хувиар буурах боломжтой хэмээж байсан ядуурал дараагийн хоёр жилд лав өөрчлөгдсөнгүй.
Ядуурал 0.7 хувь буурсан ч ядуу хүмүүсийн тоо буурсангүй
Монгол Улс хамгийн сүүлд 2022 онд ядуу иргэдээ тоолж, 2024 оны хоёрдугаар сарын 7-нд танилцуулсан. Ядуурлын талаарх хамгийн сүүлийн статистик энэ. 2020 онд ядуурал 27.8 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь болж 0.7 буурсныг Үндэсний статистикийн хорооноос зарласан. 2022 оны ядуурлын судалгааг шинэчилсэн тооцооллын арга зүйгээр гаргасныг онцолсон. Энэ шинэ аргачлалаар 2022 онд ганц бие хүний хувьд хоногтоо 13745 төгрөг, сардаа 418000 төгрөг, хүүхэдгүй гэр бүлийн хувьд хоногт 23367 төгрөг, сард 710731 төгрөг, нэг хүүхэдтэй өрхийн хувьд хоногт 30239 төгрөг, сардаа 919770 төгрөг, гурван хүүхэдтэй таван ам бүлтэй өрхийн хувьд хоногт 43984 төгрөг, сардаа нэг сая 337 мянга 847 төгрөгөөс бага хэрэглээтэй бол ядуу гэх ангилалд орохоор байв.
Хэдийгээр ядуурлын түвшин 2022 онд 2020 оноос 0.7 пунктээр буурсан гэж байгаа ч ядуу хүн амын тоогоор авч үзвэл өссөн байна. 2020 онд ядуурлын шугмаас доогуур хүн амын тоо 903.4 мянга байсан бол 2022 оны байдлаар ядуурлын шугмаас доогуур буюу сард 418 мянган төгрөгөөс доош хэрэглээтэй 914 мянган иргэн байсан билээ.
Эдийн засгийн өсөлт өрх гэрээр шагайсангүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он гарах мөчид мэндчилгээ дэвшүүлэхдээ “2024 онд эдийн засаг таван хувийн өсөлттэй гарч, валютын нөөц 5.1 тэрбум ам.долларт хүрлээ” хэмээн бахархалтайгаар мэдэгдсэн. Гэвч эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд мэдрэгдсэнгүй. Гадагш дүрвэгсдийн тоо улам нэмэгдсээр, худалдан авах чадвар буурсаар. Өргөн хэрэглээний барааны үнийг одоогоос 20 жилийн өмнөхтэй харьцуулъя.
Ердөө 20 жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа ийнхүү нэмэгджээ. Ийм байхад яаж өрх гэрт өсөлт очих билээ. 2005 онд хүн амын амьжиргааны доод түвшин буюу хэрэглээний доод хэмжээ 24300 байсан бол 2025 онд 447100 болж өсөн нэмэгджээ.
Цалин тэтгэвэр хэдийгээр нэмэгдсэн ч үнийн өсөлтөд иргэд туйлдаж, өргөн хэрэглээний үнэ, цалин тэтгэвэр бие биеэ давах гэсэн мөнхийн өрсөлдөөнтэй өдрүүд үргэлжилж байна. Эдийн засагчид ч өрх гэрт өсөлт мэдрэгдээгүй гэдгийг батлан хэлж буй юм.
“Эн ар си си” үндэсний судалгаа зөвлөгөөний төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Алтанцэцэг
"Эдийн засгийн өсөлт сүүлийн арав гаруй жилийн хугацаанд дунджаар зургаа орчим хувь өссөн үр дүнгүүд байдаг. Гэвч үүнтэй харьцуулахад хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын түвшин хангалттай хэмжээнд буурахгүй байна гэдгийг ч тоонууд харуулдаг. Эдийн засгийн өсөлт яагаад хүн амын амжиргаанд очиж үр дүнд хүрэхгүй байна вэ гэдэг бодлогодоо анхаарал хандуулах цаг болсон юм болов уу гэж хардаг."
Долоон үгтэй онигоо: “2030 онд ядуурлын бүх төрлийг эцэс болгоно”
“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын гуравдугаарт “Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно” гэсэн гарчигтай үлгэр бий. Ядуурлын түвшин түүхэн доод түвшинд хүрсэн буюу ядуурлын түвшин 21.6 хувьтай байсан 2014 онд өгсөн амлалт юм шүү. Гэтэл өнөөдөр Монгол Улсын ядуурлын түвшин 27.8 хувь болж тухайн үеэс 6.2 хувиар өсжээ. Ядуурлыг бууруулах бодлого байгаа оноогүйн жишээг өөр юугаар ч тайлбарлах билээ.
ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин
"Аливаа нэг асуудлыг ярихдаа хувь хүнтэй ярихаас илүү төр засгийн бодлого, орон нутгийн засаг захиргааны бодлоготой холбож ярьж сурах хэрэгтэй. Би эхлээд бас бид залхуугаасаа болоод ядуу амьдарч байна гэж боддог байсан. Тэгвэл үгүй. Энэ бүхэн улс орны ядуурлын эсрэг явуулж байгаа менежментийн бодлого, удирдлагын буруу зохион байгуулалттай холбоотой."
Сангийн сайд Б.Жавхлан
"Бодлого байгаа онохгүй байна. Улаанбаатарын утаа байгаль орчны асуудал биш. Энэ бол эдийн засгийн асуудал. Ядуурлын тусгал. Үүнээс үүдсэн хот төлөвлөлтийн гажуудал."
Дундаж давхаргын тоог нэмэгдүүлэхгүйгээр ядуурлаас гарах боломжгүйг эдийн засагч нар болоод судлаач нар хэлдэг. Гэтэл дэмжсэн бодлого байхгүйн дээр эдийн засгийн өсөлтийн хамгийн бага нөлөө хамгийн хүнд ачааг үүрэгч тэдэн дээр очиж байна.
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд “Нийгмийн дундаж давхаргын хүн амд эзлэх хувийг 80 хувьд хүргэнэ” гэсэн бас нэг үлгэр бий. Гэвч “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улсын хүн амд эзлэх дундаж давхаргын иргэдийг 16.2 хувь хэмээн тодорхойлоод буй.
Судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэхэд уул уурхайн салбараас голлон бий болж буй манай улсын эдийн засгийн өсөлт тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөрийн орлогоор дамжиж бага орлоготой өрхүүдэд, хөдөлмөрийн орлого болон бусад орлогоор өндөр орлоготой өрхүүдийн амьжиргааны түвшнийг сайжруулж, тэгш бус байдлыг бууруулах нөлөөтэй байна. Гэсэн хэдий ч эдийн засгийг голлон авч явдаг дундаж давхаргад эдийн засгийн нөлөө бага байгаагаас өнөө үед хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогын чиг хандлага ажил эрхлэлт, үйлдвэрлэл рүү гэхээс илүүтэй халамжаар дамжуулан бага орлоготой өрхүүд рүү чиглэж байх талтай.
“Эдийн засгийн өсөлт өрхийн орлогыг дэмждэг үү” судалгааны ажил 2024 он
Д.Сүнжид: Ядуурал хүний эрхийн зөрчил мөн
Ядуурал ба хүний эрхийн харилцан хамаарлын талаар та бидэнд дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
Ядуурал хүний эрхийн зөрчил мөн. Нийгэм, эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдсөн 1990 оны үеэс манай улс дахь ядуурлын хувь хэмжээ төдийлөн өөрчлөгдсөнгүй. Ядуурлын үр дагавар хувь хүнд, гэр бүлд, нийгмийн бүлгүүдэд, улс оронд хамаатай. Ядуурал нь сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, хөдөлмөрлөх зэрэг зөвхөн эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд хамааралтай биш. Сонгох сонгогдох, эвлэлдэн нэгдэх гээд иргэний болон улс төрийн эрхэд ч хамаатай. 1992 оноос хойшхи 32 жилийн хугацаанд Засгийн газрын зорилтууд өөрчлөгдөж, төрийн эрх баригч улс төрийн намууд солигдож, эдийн засгийн өсөлт, бууралттай байсан атлаа ядуурал огт буураагүй төдийгүй одоо бүр тогтолцооны ядуурал тухай ярих болоод байна. “Ажилтай ядуу” гэдэг ч үзэгдэл байна. Анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа бол дараагийн асуудалд санаа тавих боломж бага. Бие нь өвдсөн үед, хоолгүй, унаагүй хүн гэрээсээ зайтай байх сонгуулийн хэсгийн хороонд очиж сонгуульд санал өгөхийг хүснэ гэж бодохгүй байна. Тоо баримт, мэдээлэл харвал, ядуурал ихтэй дүүрэг, суманд ажилгүйдэл, гэмт хэргийн гаралт их байхаас гадна иргэдийн боловсролын түвшин доогуур байдаг. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод тодорхойлсон ядуурлыг бууруулах зорилтод Монгол Улс ахиц огт гаргаагүй. Төрөөс ямар бодлого, төлөвлөлт, төлөвлөгөө хэрэгжүүлж ядуурлыг бууруулах нь нарийн тодорхойгүй байна.
Ядуурлыг шийдэж чадахгүй байгаагийн улмаас хүний эрхийн ямар, ямар зөрчлүүд ужгирч байна вэ?
Нийгэм дэх тэгш бус байдлыг улам бүр ихэсгэж байна. Монгол Улсад орлогын тэгш бус байдал өндөрт тооцогддог. Нийт хүн амын 20 хувь нь нийт орлогын 40 гаруй хувьтай тэнцэх хэмжээний орлогыг эзэлдэг. Хэрэглээний зардлын бүтэц асар их ялгаатай. Мөн хот, хөдөөгийн амьжиргааны түвшний зөрүү өндөр байна. Эрүүл мэндийн үйлчилгээ, зорилтот бүлэгт төдийлөн хүртээмжтэй биш, бүсүүдийн хувьд тэгш бус, боловсролын чанарын ялгаатай байдал нэмэгдэж байна. Энэ нь төр болон хувийн хэвшил, хөдөө болон хотын боловсролын байгууллагуудын хувьд жил ирэх тутам ялгаа нэмэгдэж байна гэдгийг бүх төрлийн судалгаа харуулж байна. 2024 онд ХЭҮК-ын хийсэн судалгаанд дурдсанаар ерөнхий боловсролын дунд сургуульд хичээлээс гадуур сургалт, соёл, бусад арга хэмжээ зохион байгуулахад хэрвээ мөнгө төлөх бол зарим сурагч оролцох боломжгүйд хүрдэг гэж хариулсан. Өргөн дундаж давхарга, чанартай боловсрол өөрөө тогтвортой хөгжлийн суурь болдог. Гэтэл нэг стандартын боловсрол эзэмших гарааны нөхцөл нь тэгш биш байна. Энэ зөрүүг арилгахын тулд төрөөс бүх түвшинд хүчин чармайлт гаргамаар байна. Одоогийн байдлаар иргэний нийгмийн байгууллагууд энэ тал дээр түлхүү дуу хоолой илэрхийлж байна. “Баавгай болохсон” УСК-нд бодит нөхцөлийг тодорхой харуулсан байдаг.
Хүн амын 30 хувь нь ядуурлын хэмжээнд буюу амжиргааны баталгаажих түвшнээс доогуур байна. Энэ нь хүний эрхийн ямар асуудлыг шинээр үүсэхэд нөлөөлж байна вэ?
Тухайлбал, дотоодын шилжин суурьшигчдын эрхийн асуудал үүсгэж байна. Газар эзэмших, өмчтэй байх, орон байраар хангагдах, ажил, орлоготой байх цаашлаад сургууль, цэцэрлэг, нийгмийн үйлчилгээ авах гээд бүхий л эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна. Зуд, ганд нэрвэгдсэн өрх малгүй болно. Малгүй малчин нутгаасаа нүүхээс аргагүй. Гэтэл ийм нөхцөлд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээ, дэмжлэг манай улсад төдийлөн байдаггүй. Хүн ам зүйн бүтцэд чиглэсэн бодлого бас дутмаг байна.
Нийгмийн аль бүлэг, төлөөлөл, салбар ядууралд хамгийн ихээр өртөж байна вэ?
НҮБ-ын тайланд хүүхдүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил, мэргэжил эзэмшээгүй залуус, дотоодын шилжин суурьшигчид, үндэсний болон хэлний, бэлгийн цөөнх, тодорхой гэмт хэргийн хохирогч гээд нийт 10 бүлгийг гачигдалд давхар өртөж байна гэдгийг дурдсан. Эдгээр бүлгийн эрхийг хангах, хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд эрхийг нь сэргээх талаар тухайлан авч үзэхийг анхааруулсан. Хаана амьдарч байгаагаас, ямар нөхцөлд байгаагаас үл хамаарч хүний эрхийг хангах гарааны нөхцөл харилцан адилгүй болдог. Тогтолцооны хувьд зорилтот бүлгүүдийг бодлого боловсруулах, шийдвэр гаргах, өдөр тутамдаа зайлшгүй анхаарах ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлэх дуртай үг нь “Сүүлийн 30 жилийн алдаа, завхралыг арилгахын төлөө... ингэнэ, тэгнэ” гэдгийг нийтлэлийн эхэнд дурдсан. Гэхдээ одоо алдаа, завхрал гэхээсээ илүүтэй гурван хүн тутмын нэгийг ядуурлаас гаргаснаар урд зүгийн удирдагч Ши Жиньпин лугаа түүхэнд бичигдэх биз ээ. Учир нь, өнгөрсөн 30 жил бугширсан буглааны гол зангилаа нь ядуурал юм гэдгийг захын нохой ч хэлээд өгөх сургамж, цаг хугацааг бид элээжээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл