2024-12-19Хэсэг зүйлийг нэг болгож багцлахыг багц хэмээн нэрийднэ гэж монгол хэлний тайлбар тольд өгүүлсэн байдаг. Харин сүүлийн
жилүүдэд дээрх агуулга гажиж, багц гэх үг халамж, тусламж гэдэгтэй утга дүйх болов. Учир нь, хүнсний багц, эмийн багц, эмчилгээний багц, өвс тэжээлийн багц, халамжийн багц, хандивын багц гэхчлэн багцлаад тараадаг үзэгдэл энд тэндгүй өрнөж, багцаар нь олгодог ажилд монголчууд эг маггүй гаршлаа. Энэ нь даамжирсаар, багц гэх нэршлийн утга халамж, тусламжаасаа ч хальж, ашиг хонжоо, авцаа, авлигыг илэрхийлдэг болсон гэхэд ч хилсдэхгүй. Товчхондоо, хэсэг зүйлийг нэг болгон тараах явцдаа хэд гурван төгрөг хумслах үйл явцаа багц гэх үгээр халхавч хийдэг болов.
Эмийн багц тойрсон ээдрээ
Ханиад, томууны идэвхжил нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүүхдүүдэд гэрээр эмчлэх эмчилгээний багцыг өрхийн эмнэлгээс үнэ төлбөргүй өгдөг болно гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрөгч есдүгээр сард мэдээлж байв.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
Эмнэлэгт хэвтээд тусламж үйлчилгээ авахаар үнэ төлбөргүй байдаг. Өрхийн эмчдээ үзүүлээд, эмийн сангаас эм, тариа авч хэрэглэхээр өндөр өртөгтэй болдог. Үүнээс үүдэн эмнэлгийн ачаалал ихэсдэг учраас эмчилгээний багц гаргаж байгаа. Ханиад томуу туссан хүүхдүүдэд хэрэглэх эм тариаг өрхийн эмнэлэг дээр нь үзээд, эмийг багцаар нь өгөөд гэрээр эмчлэх боломж олгоно.
Улмаар ханиадны эмийн багц олгоход шаардлагатай хөрөнгө болох 2.2 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайд ирэх оны төсвийн баримт бичгийн танилцуулгадаа багтаасан байв. Ингэхдээ, 2024 онд шинээр хэрэгжүүлж буй хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг ийн нэмэгдүүлнэ гэж тайлбарласан. Нэмэгдүүлнэ гэсэн тул хүүхдүүдэд олгох өдрийн эмчилгээний багцын нийт мөнгөн дүн 2.2 тэрбум төгрөг биш байх нь. Түүнчлэн 2024 онд шинээр хэрэгжүүлж буй гэхээр өдрийн эмчилгээний багц олгох ажил энэ оноос хэрэгжиж эхэлсэн гэсэн үг.
Энэ асуудлыг учгийг эрэхээр бид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай холбогдоход, өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд хүүхдүүдэд 60-80 мянган төгрөгийн өдрийн эмчилгээний эм, хэрэгсэл олгож эхэлсэн гэх хариулт өгөв.
ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгор
Өдрийн эмчилгээг гэрээр олгох ажил 2024 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу өрх, сум, тосгоны эмнэлгүүд хүүхдийн томуу, томуу төст өвчний үеийн өдрийн эмчилгээг олгож байгаа. Амьсгалын замын өвчнөөс гадна суулгалтын үеийн өдрийн эмчилгээ хийнэ. Өдрийн эмчилгээнд хэрэглэх эм, хэрэгслээ эмнэлэг өөрөөсөө гаргаад, даатгалаас мөнгөө нэхэмжлээд авна. Ханиад хүрсэн хүүхдийн эмчилгээний тариф 80 мянга, суулгалтынх 60 мянган төгрөг. Энэ ажлыг эмийн багц тарааж байна гэж ойлгох нь өрөөсгөл. Эмүүдийг нэг уутанд хийгээд хүмүүст өгөхөөр л багц гэж ойлгоод байна. Багц биш өдрийн эмчилгээ олгож байгаа л асуудал.
Өвдсөн хүүхдүүдийг үзэж, оношлоод шаардлагатай эм, бэлдмэлийг нэг уутанд хийж өгөхийг багц гэж нэрлэх нь утга гажихгүй л агуулга. Гэвч салбарынхан ч багц гэх үгээс татгалзаж, багц олгож байгаа асуудал биш гэж ахин, дахин сануулж буй нь дээрх үгийн утга хүмүүст хэрхэн хүрч байгаа янз байдлыг гэрчилж буй.
Нэгдсэн ойлголт алга
Өвдсөн хүүхдэдээ эм авч өгч чадахгүйн улмаас хүндрүүлж, эмнэлэгт хэвтэх тохиолдол элбэг байдгийг үгүйсгэх аргагүй. Энэ асуудлыг ацаглахаар эмийн багц олгож, эрт үед нь эмчлэх арга сийлж байгааг ч буруутгахад бэрх. Гэхдээ эмийн багц олгож байгаа ажлын цаана олон эргэлзээтэй, ээдрээтэй асуудал бийг албаныхны ам, ажил зөрж буйгаас харж болохоор байна. Салбарын сайд өнгөрөгч есдүгээр сард “Эмийн багц олгоно” гэж мэдэгдсэн бол ЭМДЕГ-ын өгсөн мэдээллээр аль дөрөвдүгээр сараас эл ажил хэрэгжиж эхэлсэн аж. Харин өдрийн эмчилгээ хийх гол объект болох сум, өрх, тосгоны өрхийн эрүүл мэндийн төвүүд нэгдсэн ойлголтод одоо ч хүрээгүй байна.
Томуугийн шинж тэмдэгтэй хүүхдүүдэд эмийн эмчилгээний багц олгож байгаа. Дөрөвдүгээр сараас биш өнгөрсөн аравдугаар сараас л олгож эхэлсэн. Арваннэгдүгээр сарын байдлаар манай эмнэлэг 60 гаруй хүүхдэд эмийн багц олгосон. Нэг хүүхдэд 50-60 мянган төгрөгийн эм өгдөг. Эмчийн үзлэгийн мөнгөтэйгөө нийлээд Эрүүл мэндийн даатгалын сангаас 80 мянган төгрөг нэхэмжилнэ. Ханиадны шинж тэмдэгтэй ирсэн хүүхэд болгонд л эмийн багц олгож байна.
Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны ӨЭМТ-ийн эмч (Эх сурвалжийн хүсэлтээр нэрийг нь нууцлав)
Тийм багц ерөөсөө олгоогүй. Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байдалд байхад үнэгүй эмийн багц олгоно гэж байхгүй шүү дээ. Амьсгалын замын халдвар болон суулгалтын үед Хүүхдийн өвчний цогц менежмент гэх хөтөлбөрийн дагуу гарааны эмчилгээ болох амоксициллин, парацетамол, хоросол зэргийг үнэгүй олгодог. Түүнээс ханиад, суулгалтын багц гэж огт олгоогүй.
Баянхонгор аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвийн эмч (Эх сурвалжийн хүсэлтээр нэрийг нь нууцлав)
Манайх эмийн багц олгож байгаа. Гэхдээ ханиад хүрсэн хүүхэд болгонд олгохгүй. Ихэвчлэн олон хүүхэдтэй ээжүүдэд өгч байгаа. Мөн хатгаа болсон, хүндэрсэн хүүхдүүдэд эмийн багц олгож байна. Хэнд эмийн багц олгохыг эмч үзээд л шийднэ. Нэг хүүхдийг 80 мянган төгрөгт багтааж эмчилнэ. Эмнэлэг өөрсдөө эмээ бэлтгэчихээд, хүүхдүүдэд багцаа олгоно. Дараа нь Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгөө авна. Манай эмнэлэг өнгөрсөн арваннэгдүгээр сард 26 хүүхдэд олгосон байна.
Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны ӨЭМТ-ийн эмч (Эх сурвалжийн хүсэлтээр нэрийг нь нууцлав)
Бүрхэг төсөв
Ханиад хүрсэн хүүхдүүдэд үнэгүй олгох эмийн багцад нийт хэчнээн төгрөг төсөвлөсөн талаар ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газраас тодруулахад “Тодорхой хугацаатай, тодорхой тооны хүүхдэд эмчилгээ хийх тухай агуулга биш болохоор тогтсон тоо байхгүй. Тогтоол шинэчлэгдэхгүй л бол энэ ажил үргэлжилнэ. Мөн төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг бид нэг урсгалаар буюу олон нийттэй харилцах албаараа дамжуулан мэдээлдэг” гэв. Өнгөрөгч дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл хэчнээн хүн эмийн багц авсан, үүнд хэдэн төгрөг зарцуулсан талаар тус байгууллагын олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Амьсгалын замын халдварыг эмчлэх өдрийн эмчилгээнд 2643 хүүхэд хамрагдсан. Үүнд 207 сая 440 мянган төгрөгийн санхүүжилт олгосон. Харин суулгалтад хэчнээн хүүхэд хамрагдаж, хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй байна” гэх хариулт өгсөн юм. Иргэдэд эмийн багц олгох санхүүжилтийг ирэх онд 2.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан хэр нь энэ жил хэчнээн төгрөг зарцуулах хийгээд зарцуулсан тойм, тооцоолол алга гэх тайлбарыг албаныхан өгч байгаа нь ч учир дутагдалтай.
Өр зузаарах эрсдэл
Улсын эмнэлгүүд бээлий, амны хаалт, зүү тариур зэрэг анхан шатны тусламж үйлчилгээний багаж, хэрэгслээ ч базааж дөнгөхгүй зутарч, ажилчдынхаа цалинг арай чүү тавьж байгаа талаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар өнгөрсөн аравдугаар сард шүгэл үлээсэн. Гэвч салбарынхан үүнийг ганц хүн, нэг эмнэлэг тойрсон булхай, будилаан мэт үзэж, “шалгана, сэлгэнэ” гэх үгээр олны амыг таглаад, гал намжаасан юм. Үнэн хэрэгтээ дээрх асуудал нь эрүүл мэндийн салбарт үүссэн, үүрлэсэн олон бэрхийн учиг байв.
Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний багаж, тасалдаж, бээлий, хэрэгсэл дэвсгэрийн хэмнэлт хийж буй нь Эрүүл мэндийн даатгалын сантай шууд холбоотой. “Даатгуулагчдын эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдэлийг бүрэн даахуйц дэлхийн түвшний үйлчилгээ үзүүлнэ” гэх алсын хараатай тус байгууллагын өр жил ирэх тусам нэмэгдсээр эмнэлгийн үйл ажиллагааг тасалдуулах хэмжээнд хүрээд байна. Тоо сөхвөл, өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын сангийн өр 218.3 тэрбум төгрөгт хүрч, 2022 оныхоос 3.6 дахин нэмэгдсэн байна.
Өдрийн эмчилгээний багц тус сангийн өрийг улам зузаатгаж, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг бүр хүнд нөхцөлд оруулаад байна. Учир нь, өдрийн эмчилгээний багцыг эмнэлгүүд өөрсдөөсөө олгоод, мөнгөө Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэх учиртай. Гэвч даатгалын сангаас мөнгө нь орж ирэхгүй байгаагийн улмаас эмнэлэг, эмийн компанийн хооронд авлага, өглөгийн харилцаа үүсээд буй.
Өдрийн эмчилгээний багцад олгох эмийг бид эмийн компаниудаас өр, зээл тавиад, нэхэмжлэл үүсгээд их хэмжээгээр нь авчихсан. Гэвч Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй гэх шалтгаанаар мөнгөө өгөхгүй байгаа. Үүнээс болоод бид хүнд байдалд байна. Эрүүл мэндийн даатгалын сан санхүүжилт өгөх эсэх нь тодорхойгүй байгаа болохоор эм олголтоо түр зогсоох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ эмээ их хэмжээгээр нь авчихсан болохоор тараахгүй байхад ч хэцүү. Яг үнэндээ өрхийн эмнэлгүүд маш хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Цалингаа ч тавьж чадахгүй нөхцөлд байна. Өнгөрсөн сарынхаа цалинг дуншиж, дуншиж л олгосон. Ирэх сарын цалин орох эсэх нь ч эргэлзээтэй байхад эмийн багцын санхүүжилт орж ирнэ гэдэгт итгэхэд бэрх байна.
Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны ӨЭМТ-ийн эмч (Эх сурвалжийн хүсэлтээр нэрийг нь нууцлав)
Эрүүл мэндийн даатгалын сан өмнөх өрнөөсөө өндийх гарц сүвэгчилж, даатгалаар үздэг эмнэлгүүдийн даатгалын үйлчилгээг цуцлах дээрээ тулаад байхад энэ сангаас ханиад хүрсэн, суулгасан хүүхдүүдэд эмийн багц олгох нь шулуухан хэлэхэд илүү ажил юм.
Эмнэлгийн даргын эрх
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөхдөө өмнөх удирдлага төсвийн мөнгийг үр ашиггүй, хэт давсан хэмжээгээр зарцуулсан баримтуудыг ил гаргасан. 60 сая төгрөгийн бээлий жилийнх нь хэрэгцээг хангадаг тус эмнэлэгт 860 сая төгрөгөөр бээлий худалдан авах гэрээ хийж, мөнгө зарлагадсан ч бээлий нь байхгүй нөхцөл байдалтай буйг мэдээлж байв. Үүнээс харахад, эмийн багц олгох ажил эмнэлгийн дарга, удирдлагуудад ч богцоо түнтийлгэх боломж олгож байхыг үгүйсгэх аргагүй. Нэг хүүхдийн өдрийн эмчилгээнд ихдээ 80 мянган төгрөг зарцуулах учиртай. Боломжтой бол түүнээс бага мөнгөн дүнгээр эмчлэх аж. Гэвч эмнэлгүүд хүүхдэд хэдэн төгрөгийн эм олгохоос үл хамаарч Эрүүл мэндийн даатгалын сангаас ихэвчлэн 80 мянган төгрөг нэхэмжилдэг байна. Иргэн, Эрүүл мэндийн даатгалын сан хоёрын дундаас хэчнээн төгрөг “унагаж” байгааг тааж хэлэхэд бэрх. Түүнчлэн эмнэлгийн удирдлагууд эмийн компаниудаас захиалгаа хийдэг. Энэ тохиолдолд эмийн шахаа, авлигын асуудал үүсэхийг ч үгүйсгэх аргагүй.
Багц нэрээр богц түнтийлгэх мэх
Нийтлэлийн өмнө өгүүлсэнчлэн багц гэх үг өөр утгаар ойлгогдох болсон зарим шалтгааныг одоо хөвөрдье. Иргэдэд эмийн багц олгох ажил цар тахлын үеэс эхтэй. Тухайн үед хөнгөн өвдсөн хүмүүст өдрийн эмчилгээний 160 мянган төгрөгийн багц олгож байв. Үүнд үзлэг, оношилгоо багтсан бөгөөд нийт 594077 хүнийг гэрээр эмчилсэн байна. Улмаар 95.5 тэрбум төгрөгийг зарцуулсан гэдгийг холбогдох яамнаас танилцуулдаг. Гэхдээ 590 мянган хүнд багц олгосон эсэх асуудал одоо ч эргэлзээ дагуулдаг. Учир нь, хэн, хэдэн удаа өвдөөд, хэчнээн удаа эмийн багц авсан талаарх нэгдсэн судалгаа, мэдээлэл олон нийтэд танилцуулаагүй. Эмийн багц иргэдэд олгосон талаар нэгдсэн бүртгэл байхгүй гэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр ч гишүүд хөндөж байсан юм. Түүнчлэн цар тахлын үеэр амьжиргааны түвшин доогуур, нийслэлийн есөн дүүргийн 2500 өрхөд урьдчилан сэргийлэх багц олгож байв. Халдвараас урьдчилан сэргийлэх уг багцад олон удаагийн хэрэглэх амны хаалт таван ширхэг, хоёр ширхэг гарын саван, 10 ширхэг витамин, халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж зэрэг багтсан бөгөөд үүнд шаардлагатай мөнгийг нийслэлийн төсвөөс гаргаж байлаа. Энэ ажлын үр дүн тодорхойгүй өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, хэчнээн иргэнийг цар тахлаас хэдэн хувь хамгаалсан талаар хэн ч анирдахгүйгээр улсын мөнгөөр маск, витамин тараагаад өнгөрсөн юм. Цар тахлын үеийн багц хандив үүгээр дуусахгүй. Улсын онцгой комисс зорилтот бүлгийн өрхүүдэд нэг удаа хүнсний багц олгож байв. Түүнчлэн 60-аас дээш насны ахмадуудад дархлаажуулах багцыг хэрэглэх заавар, зөвлөмжийн хамт хандивласан. Үүний үр дүн ч балархай хэвээр. Өнгөрсөн өвөл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Зудын эрсдэлд нэн-эмзэг малчин өрхийг хамгаалах нь” болон “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх” төслийг хамтран хэрэгжүүлсэн. Улмаар зудын өндөр эрсдэлтэй аймгуудын нэн эмзэг малчин өрхүүдэд яаралтай тусламжийн багц олгож байв. Тодруулбал, 11 аймгийн 158 сумын эмзэг бүлгийн малчин өрхөд малын тооноос хамаарч 350-750 мянган төгрөг, гурван кг эрдэс-витамины “Амин Тун” бэлдмэл олгоно гэдгийг мэдээлж байв. Гэвч аль сумын хэн гэдэг малчинд ямар шугамаар хэрхэн хүрсэн талаарх мэдээлэл одоо ч бүрхэг. Энэ мэтээр
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл