2024-12-18Ганган гацуур энд тэндгүй сүндэрлэж, гэрлэн чимэглэл нүд баясгаад улаан, ногоон өнгөөр хот гэрэлтэж, хүүхэд хөгшидгүй догдолсон өдрүүд үргэлжилсээр.
Гоёж гоодсон бүсгүйчүүд, ганган хээнцэр эрчүүд шинэ жилийн үдэшлэгтээ оролцож, нэг оройг хөгжөөн цэнгэлээр дүүрэн үднэ. Албан байгууллага, анги хамт олон, нутгийн зөвлөл, найзууд, холбоо, клуб, групп гээд манайхны оролцох шинэ жилийн үдэшлэг нэг, хоёроор тогтохгүй. Мөн шинэ жилийн баяраа өрх гэртээ өнөр бүлээрээ өргөн дэлгэр тэмдэглэнэ. Үүнийг дагаад өөрөөс, өрхөөс гарах зардал нэг, хоёр саяар тоологддоггүй нь үнэн.
Хөөрч, хөөсөрч, баярлаж дэрвэсээр хоосон данс, хотойсон өр зээлтэй шинэ он, шинэ сараа эхлүүлдэг нь л харин харамсалтай.
Сая давах зардал
Баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд үсчин, гоо сайхны салон, даашинз, туфль худалдаалдаг газрууд нэн эрэлттэй байна. Гоо сайхны газруудын үс засах, нүүр будах, манюкер хийлгэх багц ханш багадаа 160 мянган төгрөгөөс эхэлж байна. Эмэгтэйчүүд гоо сайхнаас гадна даашинз, туфль, гоёл гээд олон зуун мянган төгрөгийг шинэ жилд зарцуулж байна.
Манай байгууллагын шинэ жил хоёр өдрийн өмнө болж өнгөрлөө. Миний хувьд үсээ тайруулж, хумс хийлгэж будуулснаас өөр гоо сайхны төрлийн зүйл хийлгээгүй. Нүүрээ өөрөө будсан. Харин ээмэг зүүлт, даашинзаа шинээр авсан. Туфль өөрт байснаа өмссөн. Ингээд нийт зардал 400 мянга орчим төгрөг болсон.
25 настай эмэгтэй Сэцэн
Дараа нь өмсөхөө бодоод даашинз биш хослол худалдаж авсан. Өөрт байсан туфлиэ өмсөж, өөрөө нүүрээ будсан. Харин үсээ будуулж, тайруулж янзлуулсан. Ээмэг зүүлтээ таньдаг хүнээсээ түрээслэсэн. Нийт зардал 600 мянган төгрөг болсон.
30 настай Наран
300 мянган төгрөгийн такстай шинэ жилд оролцлоо. Даашинзаа 450 мянган төгрөгөөр худалдаж авсан. Үйлчлүүлдэг гоо сайхны салондоо очиж, 300 мянган төгрөгийн багцыг сонгосон. Харин гоёл чимэглэлээ өнгөрсөн жил өөр шинэ жилд зүүснээ хэрэглэсэн. Нэг сая гаруй төгрөг зарлагадсан байна.
34 настай Ану
Эмэгтэйчүүдийн хувьд шинэ жилийн баяр зарлага өндөртэй байдаг бол эрчүүдэд харилцан адилгүй байна. 28 настай Тэнүүн костюм, цагаан цамц, ботинктой тул үсээ 30 мянган төгрөгөөр засуулахаас өөр зардал гаргаагүй байна. Харин 35 настай Түмэнгийн хувьд хослол 500 мянган төгрөгөөр худалдаж авснаар нийт зардал 600 мянга орчим төгрөг болжээ.
Нэг шинэ жилийн үдэшлэгт нэг хүн дунджаар 400 500 мянган төгрөг өлхөн зарцуулж байна.
Өөр шинэ жилд оролцох, өрх бүл, найзуудаараа баярлах зардлыг тооцвол нэг, хоёр сая төгрөгөөр тогтохгүй нь. Байгууллагуудын хувьд ч шинэ жил асар өндөр зардалтай болдог. Хүлээн авалтын газрууд нэг хүний 200-300 мянган төгрөгөөр тооцоо хийдэг байна.
Албадлагын баяр
Хүн бүр шинэ жил гэж хөөрч догдолж байхад төрийн байгууллагынхны зардалд төсөв байдаггүй. Тиймээс өөрсдөө төсвөө бүрдүүлж, баяраа тэмдэглэдэг уламжлал тогтоод удаж байна. Харин сайн дурын байх ёстой энэ үйл явц сүүлдээ албадлагын шинжтэй болжээ. Бүх ажилчнаасаа мөнгө хурааж, бүгдийг нь шинэ жилдээ оролцохыг шаарддаг жишигтэй болсон байна.
Баярын арга хэмжээндээ оролцохгүй байсан ч мөнгөө өгөхийг тулган шаарддаг жишээ нийслэлийн цэцэрлэгүүдээр эхэлж байна.
Манай цэцэрлэгийнхэн жил бүр өөрсдийн төсвөөр шинэ жил тэмдэглэдэг. Энэ жил нэг багшаас 250 мянган төгрөг хураахаар болсон. Хүн бүр оролцохыг удирдлагаас үүрэгдсэн. Нэг газар ороод л бөөндөө хоол унд идэж, дундаасаа урлагийн номер гаргаж тэмдэглэдэг. Идэж уух, хоол, архи дарс ч ер нь хамгийн бага үнэтэй нь байдаг. Ингэж баяр тэмдэглэхэд оролцохгүй байж болох ч даргын зүгээс заавал оролцох үүрэг өгчихдөг учраас мөнгөө өгөхөөс өөр аргагүй байдалд ордог.
Нийслэлийн ... дүгээр цэцэрлэгийн багш Д.Г
Хэдийгээр шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэх, хэдэн төгрөг хураах, хэн хэнийг оролцуулах нь тухайн байгууллагын дотоод асуудал ч ийм албадлагын баяр зохион байгуулах нь зохимжгүй. Мэдээж байгууллага дотоодоо баярлаж, шилдэг соруудаа шагнаж урамшуулж баярлахыг буруутгах аргагүй. Харин албан тушаалаа ашиглаж ажилчдаа албадан үүрэгдэх нь буруу гэдгийг холбогдох дээд шатныхан нь тэдэнд хэлэх цаг болжээ. Ийн монголчууд олон янз байдлаар шинэ жилийн баярыг тэмдэглэж, хоосон түрийвчтэй шинэ сартай золгосоор олон оныг үдлээ.
Баярыг өргөн тэмдэглэх хэнд ашигтай вэ?
Баяр ёслол өргөн дэлгэр хийх нь улсын эдийн засагт сайн нөлөөтэй гэж зарим хүмүүс үзэх нь бий. Эдийн засгийн эргэлт сайжирна л гэдэг. Гэхдээ Монгол үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон учраас улсын эдийн засагт үзүүлэх сайн нөлөө их биш. Бүхий л зүйлсээ импортолж, буцаагаад экспортлох бүтээгдэхүүн ховор учраас дотооддоо бүтээсэн хөрөнгөө гадагш л урсгаж байгаа хэрэг. Шинэ жил гэлтгүй Цагаан сар зэрэг аливаа баярын үеэр монгол айл өрхүүд дунджаар нэг сая төгрөг зарцуулдаг. Үүнийг бэлэг, сэлт, хувцас хунар, идэж уух зүйлс худалдаж авахад зарцуулж, ихэнхийг нь импортын бараанд зориулдаг. Тиймээс импортлогч улсад баярыг өргөн дэлгэр тэмдэглэх нь ашиггүй. Эсрэгээрээ үйлдвэрлэгч, экспортлогч улсуудад ашигтай учраас баяруудыг өргөн дэлгэр тэмдэглэх маркетинг хүчтэй явуулдаг байна.
Шинэ жишиг
Үйлдвэрлэгч орны маркенгид өртөж, өрхийн төсөв, өнгө мөнгөө шавхан баяраас баярын хооронд амьдардаг монголчуудад тун хэрэгтэй шинэ жишгийг байгууллагууд эхлүүлж байна. Том компаниуд ч шинэ жилийн баярын төсвөө ажилчдадаа хувааж бэлэглээд, нүсэр баяраас татгалзаж эхэлжээ. Тухайлбал, зарим компани шинэ жилийн төсвөө ажилчдадаа хувааж, тус бүр 200 мянган төгрөгийн худалдааны эрх бэлэглэсэн байна. Ингэснээр ажилчдадаа гэр бүлээрээ шинэ жилийн баяраа тэмдэглэж, өрхийн төсвөө хэмнэх боломжийг олгосон бол компанийн хувьд нүсэр том зардлаас зайлсхийж чаджээ.
Энд тэндгүй нүсэр баяр тэмдэглэж буй энэ үед ийм жишиг нийгэмд түгвэл өрхийн болоод улсын эдийн засагт ч өгөөжтэй байх нь мэдээж. Тиймээс зөвхөн шинэ жил ч гэлтгүй олон баярын агуулгыг нь алдагдуулахгүйгээр цомхон тэмдэглэдэг болъё. Шинэ жил, Цагаан сар, Март-8, Цэргийн баяр, Хүүхдийн баяр, найр наадам, төрсөн өдөр гээд уртаас урт баярын жагсаалт бидний өмнө жил тойрон хүлээж байна. Тэмдэглэхгүй байлаа гээд шинэ он гарахгүй юм биш. Баярлахгүй байлаа гээд ажил урагшлахгүй юм биш. Аяндаа зөнгөөрөө болох өдөр хоног, баяруудыг санхүүгийн ачаалал багатай давдаг болох нь л чухал байна.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл