цаад учир өдөр ирэх бүр улам тодорсоор байна.

Шанхайн айлчлал, тэнд хийгдсэн гэрээнүүдтэй холбоотойгоор өмнөх, хойдох маш олон асуудал хурцаар босч ирж байх шиг байна. Бүр тодорхой хэлбэл Шанхайн хэлэлцээрээр “Ганц мод-Гашуунсухайт боомт”-ын хил холболтын гэрээг “Чайна энержи” групптэй хийсэн нь олон зүйлийг ил болгожээ. Тэр үеэр Хятадын талаас төмөр зам, нүүрсний худалдан авалттай холбооотой цөөнгүй баримт бичгийг Монголын талд өгчээ. Мэдээж Монголтой хийсэн бүх гэрээ, хэлэлцээр, санамж бичгүүдийн нэг хувь Хятадын талд хадгалагддаг. Хятадын тал ингэж өгсөн нь их олон бүрхэг асуудал, хууль хүчнийхэн учгийг нь тайлах гэж цаг авч байгаа хэргүүдэд баримт болжээ.

Ирсэн даруйдаа Л.Оюун-Эрдэнэ “Монголын талд хадгалагдаж байгаа гэрээ, баримт бичгүүдийг аваад ир” гэтэл тэр нь олдсонгүй. Бүр Засгийн Газрийн архивт ч байгаагүй бололтой. Байж болох төрийн бүх бүтцийн архивт байсангүй. Устгаж амжжээ гэж хууль хяналтынхан үзэж байгаа бололтой. Энэ өдрүүдэд цагаадсан, хаасан гэх бүх дуулиант хэргүүдийг эргээд сэргээж байгаа нь ийм учиртай болов уу.

Тэдгээр Хятадын талд байгаа, Монголын талд устгагдсан баримтуудын голд Төсвөөр тодорсон УИХ-ын гишүүдийн нэр, гарын үсгүүд хөвөрч яваа гэх. Өнөөдөр монголчуудад зүхүүлж байгаа урьдын том улстөрчид, олигархуудын ямар гар хөл болж явсан юм. Өнөөдөр ч тэдний гар хөл болсоор байна уу… гэхчлэн олон асуултын тэмдэг тэдэнд хаяглагдах бололтой. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ том бүрэлдэхүүнтэй Шанхай хотыг зорьсон нь Монголд олон томчуудыг айдаст автуулсан юм байна. Тийм учраас түүнийг Монголоос ниссэн оройноос эхлэн Их хуралд оруулсан гар хөлүүдээрээ “Ордны бослого” өрнүүлжээ. Тэр өдрүүдэд чухам хэн хэн гарч ирсэн, юу юу болсныг монголчууд бүгд мэднэ.

Энэ бүгдийн эхлэл нь 2014 онд байгуулсан Хятадын “Шеньхуа” групп, Хятадын хөгжлийн банк, Монгол-Хятадын хамтарсан “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн удирдлагууд хооронд, хоёр орны Ерөнхийлөгч байлцан гарын үсэг зурсан үйл явдлаас эхлэлтэй. Албан ёсны нэр нь “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн Ерөнхий хэлэлцээр”-т гарын үсэг зурсан үйл явц. Гэхдээ энэ хэлэлцээр нь нэг жилийн өмнө /2013.10.25-ны өдөр/ Бээжинд байгуулсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, нөгөө талаас Хятадын “Шеньхуа групп”-ийн захирлуудын зөвлөлийн дарга, Монголын “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, “Энержи ресурс” ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, “Таван толгой” ХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга нарын байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тулгуурлаж хийгдсэн байна.

Энэхүү 2014 оны “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн Ерөнхий хэлэлцээр” дээр өнөөдөр хууль хяналтынхан ид төвлөрч байгаа юм. Ноцтой шуугианууд дагуулах байх. Энэ дотор өнөөдрийн Их хурлын гишүүн нэгэн гол дүр байх нь тодорхой болж байна. Тийм учраас л Шанхайн ар хударга болсон бололтой.

“Зууны мэдээ” сонинд бичсэнээр бол …Ерөнхий хэлэлцээрийн төслийг Монгол Улсын Засгийн газар буюу ЗТЯ, эсвэл “Гашуунсухайт төмөр зам” ХХК боловсруулаагүй бололтой. Учир нь “… энэ хэлэлцээрийн төслийг “Энержи ресурс”-ийн нэг хүн “Гашуунсухайт төмөр зам” ХХК дээр барьж очсон. Тэр төслийг нь “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагууд авч яваад дэмжүүлсэн” гэж мэдээлжээ. Тэрхүү барьж очсон хүн нь тэгээд хэн юм бэ.

Маш товчхондоо хоёр улсын Засгийн газар хооронд хийгдэх ёстой байсан гэрээ хэлэлцээрүүд яагаад хувийн комапниудын мэдэлд байв. Үүнд л өнөөдөр ил болж эхэлсэн энэ их булхай луйвар, авлига албан тушаалын гэмт хэргүүд холбогдоно.

Олигархууд, төрийн өмчийн комапниуд, бүр төрийн байгууллагууд, түүний удирдлагуудад бэлдсэн төслөө аваачиж өгөөд л санаа гүйцэлдүүлдэг байж. Бүгд ард нь нуугдчихсан. Нийгэмд бол нэг их нэр сүртэй, том бизнесмэнүүд. Мөнгө олж байгаа арга нь ийм хөгийн. Энэ бүгдэд гар хөл нь болж явсан нөхдүүд өнөөдөр Төрийн ордонд гоё дүртэй сууцгааж байна. Хамгийн эмгэнэлтэй нь энэ байна.

Т.ЭРДЭНЭ