2024-12-18Монгол Улс, Өмнөд Солонгос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой ирэх жил тохионо.
Хоёр улсын харилцаа өнгөрсөн хугацаанд тасралтгүй өргөжсөөр гурван жилийн өмнө болсон төрийн тэргүүнүүдийн цахим уулзалтаар Стратегийн түншлэлийн харилцаанд хүрсэн билээ.
Мөн ирэх онд болох тэгш ойтой зэрэгцэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг баталж чадвал эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэх бүрэн боломж нээгдэнэ. Энэ хэлэлцээрийг амжилттай батлах хэд хэдэн хэлэлцээг хоёр талын албаныхан ойрын үед өрнүүлсээр байгаа бөгөөд ирэх жил Эдийн засгийн хэлэлцээр батлагдвал эдийн засгийн харилцаа шинэ шат ахих боломж нээгдэх давуу талтай.
БНСУ-ыг бид соёл, амьдралын хэв маяг, иргэд хоорондын харилцааны хувьд илүү сайн мэддэг ч дэлхийд тэргүүлэх тус улсыг чухам юугаараа илүү тэргүүлж байгаа, ямар онцлогтой болон манай улсын түүнтэй харьцуулахад хаахна явааг тэр бүр мэддэггүй.
Тиймээс ч энэ удаагийн нийтлэлээрээ эдийн засгийн өсөлтөөр цойлж байгаа тус улсын нийгэм эдийн засаг, хөгжлийн үзүүлэлтүүдийг өөрийн улсынхтай жишсэн нийтлэлийг хүргэе.
Энэхүү харьцуулсан хүснэгтээс онцлон зарим үзүүлэлтийг дэлгэрэнгүй авч үзвэл:
Ардчиллын индекс:
Манай хоёр улсад энэ жил аль алинд нь парламентын сонгууль болж өнгөрсөн. Тиймээс ч ардчиллыг баталгаажуулсан эрх чөлөөний индекс ихээхэн чухал харьцуулалт болох нь тодорхой.
“V-Dem” институтээс гаргадаг Ардчиллын индексээр манай улс дөрвөн байр ухарч 81 дүгээрт бичигдэж байгаа бол Өмнөд Солонгос улс энэ жил 50 дугаарт жагсчээ. Дашрамд дурдахад, тус улсын ерөнхийлөгч Юн Сог Ёл онц байдал зарласантай холбоотойгоор улс төр ид өрнөж байна. Тиймээс ч ирэх жил БНСУ-ын хувьд ардчиллын индексээр тодорхой өөрчлөлт гарах боломжтой хэмээн таамаглаж байна.
Авлигын төсөөллийн индекс:
“Transparency International” байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс өмнөх онтой харьцуулахад таван байраар ухарч 180 улсаас 121-т жагссан. Харин Өмнөд Солонгос улс 63 оноо авч, 32 дугаарт бичигдэж байна.
Хэвлэлийн эрх чөлөөний индекс:
“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс 180 улсаас 108 дугаарт буюу 21 байраар ухарсан сулхан үзүүлэлттэй байгаа. Тэгвэл БНСУ-ын хувьд мөн л 15 байр хойшилж 62 дугаарт бичигджээ.
Дэлхийн инновацийн индекс:
Монгол Улс 2024 онд инновацийг улс орондоо оруулсан байдлаараа дэлхийн улс орнуудаас 84 дүгээрт жагслаа. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад доогуур үзүүлэлт болжээ. Харин Монгол Улс инновацийн үйлдвэрлэлээрээ дэлхийд 51 дүгээрт жагсч байгаа нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
БНСУ-ын хувьд инновацийг экспортолсон нь эх орондоо оруулсанаас давсан үзүүлэлттэй гарсан байна. Инновацийг оруулсан үзүүлэлтээр зургаадугаарт бичигдэж байгаа бол шинэ санаа, шилдэг технологийг улс орнуудад гаргасан үзүүлэлтээр дөрөвдүгээрт бичигдэж байна.
НҮБ-ын хамтын ажиллагаа:
Манай улсын хувьд НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд хамгийн олон үүрэг гүйцэтгэгч томилон явуулдаг орнуудын тоонд багтдаг. Өнгөрсөн жилийн байдлаар нийт 122 орноос наймдугаарт бичигдэж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин БНСУ-ын хувьд энхийг сахиулах ажиллагаанаас илүү НҮБ-ын хандивлагч орон гэж зүй ёсоор тооцогддог. Өөрөөр хэлбэл, НҮБ-тай хамтран ажилладаг топ 10 орны тоонд багтдаг бөгөөд өнгөрсөн жил наймдугаарт бичигджээ.
Өрсөлдөх чадварын индекс
Дэлхийн 67 орныг жагсаасан өрсөлдөх чадварын индексээр манай улс 61 дүгээрт орсон бол БНСУ 20 дугаарт бичигдэж байгаа нь өмнөх 28 дугаар байрнаас дээшилсэн үзүүлэлт болжээ.
Худалдааны хүчирхэг байдал
2022 онд Монгол Улс нийт 13.6 тэрбум ам.долларын экспорт хийж, дэлхийн орнуудаас 94 дүгээрт бичигдсэн байна. Энэ салбарт БНСУ-ын хувьд дэлхийн томоохон тоглогч бөгөөд дөрөвдүгээр байрт яваа.
Хиймэл оюун ухааны индекс:
Монгол Улс Хиймэл оюун ухааны индексийн жагсаалт гаргадаг орнуудын тоонд багтдаггүй. Харин Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан 2024 оны Дэлхийн кибер аюулгүй байдлын индекс (GCI)-д “бий болж байгаа” гэсэн гуравдугаар зэрэглэлд багтаж байна.
БНСУ-ын хувьд “Tortoise Media”-аас гаргадаг хиймэл оюун ухааны индексээр дэлхийн 83 орноос зургаадугаар байрт жагсч байна.
Паспортын индекс:
Дэлхийн улс орнуудын паспортын хүчирхэг байдлыг гаргадаг индексээр манай улсын гадаад паспорт 80 оноотойгоор 65 дугаар байрт бичигдэж байна. Манай улсын иргэд дэлхийн 36 улсад визгүй зорчих эрхтэй. Харин Өмнөд Солонгос улсын паспорт энэ жагсаалтын тавдугаарт бичигдэж байна. Тус улсын иргэд 117 улсад визгүй зорчих эрхтэй юм.
Дэлхийн хотын индекс:
Сөүл хот дэлхийн хотын ДНБ-ээр тавдугаарт, Азийн хотын ДНБ-ээр хоёрдугаарт ордог. Энэхүү эрэмбийг гаргахдаа хотын хэрэглээний зардал, бизнесийн хөрөнгө оруулалт, засгийн газрын хөрөнгө оруулалт болон экспорт, импортыг харьцуулан гаргадаг байна. Манай улсын нийслэл энэ жагсаалтад хараахан бичигдээгүй юм.
Ухаалаг хотын жагсаалт:
Ухаалаг хотын индексийг гаргахдаа их хотын гол асуудлууд болох нийтийн тээвэр, нийтийн аж ахуй, цахилгаан станц, хог хаягдлын менежмент, гэмт хэргийн илрүүлэлт зэрэг асуудлуудад хэрхэн шинэ үеийн оновчтой арга замыг ашиглаж байгаа хэмжүүрийг голлон авч үздэг. Энэ жагсаалтад Улаанбаатар хот хараахан багтаагүй ч дэлхийн улс орнуудаас Сөүл хот долдугаарт бичигдэж байна.
БНСУ нь дэлхийн хүчирхэг эдийн засагтай орнуудын топ улсуудад бичигддэгийн хувиар технологи, тэр дундаа хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэлийн салбарт томоохон өрсөлдөгч болохоор зорьж байгаагаа тус улсын Худалдаа, эдийн засгийн яамны сайд өнгөрсөн сард болсон хөрөнгө оруулалтын чуулганы үеэр онцолж байсан. Мөн шинэ тутамд эрэлт нэмэгдэж байгаа цахилгаан автомашины салбарт Hyundai-н хөрөнгө оруулалт ихээхэн амжилт авчирна гэж найдвар тавьж буй бөгөөд одоогоор дэлхийд цахилгаан машины үйлдвэрлэлээр тавдугаарт бичигдэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин