2024-12-12Хүчтэй уналтын дараа хурдтай сэргэж, халаасаа ашгаар дүүргэсэн ололт амжилттай хоёр оныг Монгол Улс үдэх гэж байна.
Эдийн засагт дангаараа хүчтэй нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарын олборлолт, түүхий эдийн экспорт огцом нэмэгдсэн нь цар тахлын дараах хүндрэлийг даван туулж, ДНБ өсөхөд голчлон нөлөөллөө. -4.6 хувийн үзүүлэлттэй байсан 2020 оны эдийн засаг 2023 онд 7 хувь хүртлээ хурдтай өссөн байдаг.
Энэ онд ч хөдөө аж ахуйн салбарын уналттай уялдсан тааруу төсөөллөөс давж 5.3 хувийн өсөлттэй байна. Ийнхүү өсөлтөөрөө бүс нутагтаа тэргүүлж байгаа Монголын эдийн засаг 2025 онд ч тогтвортой байх төлвийг олон улсын байгууллагууд гаргалаа.
Дэлхийн банкны өнгөрсөн долоо хоногт танилцуулсан төлөвт манай улсын эдийн засгийг 2025 онд 6.5 хувиар өсөх таамаг дэвшүүлжээ. Гэхдээ гадаад хүчин зүйлийн нөлөө, түүхий эдийн үнэ ханш, цаг уур, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засаг саарах эрсдэл байгааг давхар сануулсан.
Харин манай улс 2023, 2024 оны эдийн засгийн эерэг үргэлжлэх итгэл үзүүлэлтийг найдвар эрчимтэй тээн хэт өөдрөг төлөвлөлт гаргав. Үүний жишээ Ерөнхийлөгчийн хоригт орж, өөрчлөхөөр болсон 2025 оны төсвийн хууль. Хүнээр зүйрлэвэл, гэнэт олсон ашгаа тогтмол авах юм шиг сэтгэж, өнөөдөртөө үрж дуусгахаар байж ядан халаасаа тэмтэрч буй гэлтэй.
Угтаа их өсөлтийн дараа тэр хэрээрээ унадаг бизнесийн мөчлөгийн хэлбэлзэл байгалийн хууль шиг үйлчилдгийг онолоос ч, олон жилийн туршлагаас ч харж болно. Эдийн засгийн идэвхжилийн үед хэт халалтаас сэргийлсэн хэмнэлтийн бодлого барихгүй бол бизнесийн мөчлөгийн хэлбэлзэл их далайцтай гарч мэдэхээр байна. Эдийн засагчид ч өндөр хувиар өсөж буй манай эдийн засаг хоёр жилийн дараагаас унах эрсдэлтэй таамгийг мэр сэр цухуйлгаж буй. Гадаад хүчин зүйл тэр дундаа манайд хамгийн их нөлөөлдөг Хятадын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харахад үүнийг үгүйсгэх аргагүй.
Хэдийгээр ололт амжилтаар дүүрэн он сарууд өнгөрч байгаа ч, бидэнд түүхийн хуудсаас авах олон сургамж, удахгүй нүүр тулах хүндрэл, бэрхшээл, цаашид эдийн засгийн бодлогын түвшинд анхаарах асуудал олон байна.
Их өсөлтийн дараах уналт
Монголд 30 гаруй жилийн хугацаанд эдийн засгийн дөрвөн том хямрал, уналт болжээ. Эхнийх нь хамгийн удаан үргэлжилсэн 1990-2000 оны хямрал. Шилжилтийн тодотголтой энэ үед эдийн засаг огцом агшиж, хүмүүсийн амьжиргаанд хүчтэй цохилт болсон гэдэг. 1990-ээд оны эхээр социалист хамтын нөхөрлөл задарч, тусламж дэмжлэг зогссон тул эдийн засгийн үйл ажиллагаа зогсонги, уналтын байдалд оржээ. Улмаар манайх олон улсын санхүүгийн байгууллагуудад гишүүнээр элсэж, тэдгээрийн тусламжийг авч эхэлсэн байна. Ингээд 1991 оны нэгдүгээр сарын 15-нд Засгийн газрын 20 дугаар тогтоолоор үнэ чөлөөлж, бараа, бүтээгдэхүүний үнэд огцом тохиргоо хийж эхэлсэн байдаг. Гэхдээ зах зээлийн харилцаанд шилжих явцад ийнхүү үнийг чөлөөлснөөр гипер инфляцад өртжээ.
Хоёр дахь нь нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн 2009 оны хямрал. 2000-2008 онд аажим сэргэж, өсөлт үзүүлж байсан эдийн засаг 2009 онд АНУ-аас эхлэлтэй дэлхийн эдийн загсийн хямралд өртөв. Тухайн үед ашигт малтмалын үнэ шалдаа бууж, 1993 оноос хойш Монголын эдийн засгийн өсөлт анх удаа хасах үзүүлэлттэй гарсан байдаг.
Харин 2009 оны их хямралаас жил орчмын дараа Оюутолгой төслийг хөдөлгөсөн нь Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлэх эдийн засгийн үзүүлэлтийг харуулж байв. -1.3 хувийн уналттай байсан эдийн засаг хоёрхон жилийн дотор 17.3 хувийн өсөлттэй болж, супер өндөр хэлбэлзэл үүсгэсэн. Тухайн үед гэнэт олдсон хөрөнгийг төсөв хуваарилагчид хүүхдийн мөнгө, гэрлэлтийн 500 мянга, Хүний хөгжлийн 21 мянга, оюутны 70 мянга, хуулийн байгууллага, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, төсөл хөтөлбөрийн санхүүлжилт зэргээр баруун солгойгүй цацаж байлаа. Бүр сүүлдээ ямаанд хүртэл мөнгө хуваарилж үзэв. Гэтэл 2013 оноос хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдыг “хөөсөн” нь гурав дахь хямралын эхлэл болсон юм. Ололттой үедээ баруун солгойгүй хөрөнгө цацсаны уршгаар эдийн засаг саарахад гаргах мөнгөгүй болж, 2016 онд эдийн засаг ердөө 1 хувиар өссөн байдаг. Тиймээс ОУВС гийн хөтөлбөрт хамрагдсанаар 2017 оноос эдийн засаг аажим сэргэсэн түүхтэй.
Гэсэн ч “Ковид19” цар тахлын сүүдэр дэлхий нийтийг нөмөрч, аажим сэргэж байсан манай улсын эдийн засаг 2020 онд -4.6 хувь болтлоо уналтад орсон. Аз болоход дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөж, урд хөрш манайхаас авах нүүрсний экспортын тоо хэмжээг нэмснээр 2023 оныг бид 7 хувийн өсөлттэй үдсэн байдаг. Энэ үзүүлэлтээр манай улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай 20 улсын нэгээр нэрлэгдэж, хоёрдугаар байрт жагссан нь бий. Харин 2024 онд хөдөө аж ахуйн салбарын хүндрэлээс шалтгаалж, өсөлт бага зэрэг саарсан ч 5.3 хувьтай байхыг олон улсын экспертүүд хэлж байна.
ДНБ-ий өсөлт, бууралт
Эдийн засаг 2026 оноос унана
Өнгөрсөн түүхээс эдийн засгийн их өсөлтийн үед сөрөх бодлого барихгүй бол тэр хэрээрээ унаж байгаа нь харагдаж байна. Тэгвэл одоо бидэнд нэг болгоомжлол бий. Эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, экспортын нөлөөгөөр огцом өслөө. Энэ таатай нөхцөл удаан үргэлжлэхгүй байвал яах вэ. Олон улсын байгууллагууд манай ирэх оны эдийн засагт эерэг таамаг өгсөн ч болгоомжлох асуудлууд байгааг хэлсэн. Тэд Хятад руу гаргах түүхий эдийн эрэлт буурах, Оюутолгой уурхайн олборлолт саарах, геополитикийн хурцадмал байдал болон цаг уурын нөлөөллөөс шалтгаалж өсөлт саарч болзошгүйг давхар сануулж буй.
Дэлхийн банкнаас ч Монголын эдийн засгийн өсөлт 2026 оноос саарах төлөвийг танилцууллаа.
ДНБ-ий өсөлт
2025 онд 6.5%
2026 онд 6.1%
2027 онд 5.9%
Төсвийн зардал хүлээгдэж байснаас давсан тохиолдолд инфляцын дарамтыг нэмэгдүүлж, төсөв болон урсгал дансны алдагдлыг тэлж болзошгүй. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж, эрч нэмэгдэж, Монгол Улсад, нэн ялангуяа ядуу, эмзэг бүлгийн өрхүүдийн хувьд эдийн засгийн томоохон эрсдэлийг бий болгож болзошгүй. Дэлхий дахинд эдийн засгийн өсөлт хүлээлтээс удааширсан тохиолдолд гадаад эрэлт суларч, экспортын гол нэрийн барааны үнэ хүлээлтээс буурах эрсдэлтэй. Геополитикийн нөхцөл байдал улам хурцадсан тохиолдолд түлш, шатахууны үнэ өсөж, улмаар импортын гаралтай инфляц болон үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх цаашлаад импортын төлбөрийг эрчимжүүлэх эрсдэл бий.
Дэлхийн банк
СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүх
" байгаа. "
Хятадын нөлөө
Манай улсын эдийн засагт хамгийн их нөлөөлөл үзүүлдэг нь хараат байдал. Хэдийгээр 150 гаруй улс оронтой худалдаа, наймаа эрхэлдэг ч экспортын 90 хувь, импортын 36.8 хувийг БНХАУ дангаараа эзэлж буй энэ үед эдийн засаг тус улсаас шууд хамааралтай байх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засаг ямар байх вэ гэдгээс илүүтэй урд хөршийн эдийн засаг ямар байхаас манай улсын нөхцөл байдал шалтгаална. Тэгвэл Хятадын одоогийн нөхцөл байдлаас харахад нэг, хоёр жилийн дараагаас манай улсын эдийн засаг хямрахгүй гэсэн баталгаа алга.
Өнөө үед БНХАУ-ын эдийн засаг хэд хэдэн асуудалтай тулгарч байгаа. Үүний нэг нь эдийн засгийнх нь багагүй хэсгийг бүрдүүлдэг үл хөдлөхийн салбарын уналт. Үл хөдлөхийн салбар нь үнэгүйдэж, илүүдэл үүссэн нь Хятадын эдийн засаг унахад нөлөөлжээ. Хэдийгээр оны эхнээс тус улсын Засгийн газар үйлдвэрлэлийн салбараа дэмжихээр болсон ч өнөөгийн нөхцөл байдал нь төдийлөн сайжраагүй байна.
Хамгийн эрсдэлтэй нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн хямрал гангийн үйлдвэрлэлээ уналтад оруулах эрсдэл бий. Хэрвээ гангийн үйлдвэрлэл буурвал коксжих нүүрсний экспортоо багасна. Харин манай улсын нүүрсний экспортын дийлэнхийг коксжих нүүрс эзэлдэг.
Хоёрдугаарт, нүүрсний үнэ буурч байгаа нь манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлөхгүй. Өнгөрсөн онд нэг тонн нүүрсний үнэ дунджаар 131 ам.доллар байсан бол энэ онд 112 ам.доллар болж буурав. Тэгэхээр Хятадын хэрэглээ буурахгүй нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүллээ ч үнэ буурч байгаа нь манай улс төлөвлөсөн орлогоо авч чадахгүйд хүрнэ.
Монголын экпортын орлогын 90 хувь, төсвийн нийт орлогын 25 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Уул уурхайн экспортынх нь 90 орчим хувийг нүүрс эзэлж байгаа. Тэгвэл нүүрсний үнэ буурч, Хятадад үл хөдлөхийн хямрал нүүрлэж байгаа нь манай эдийн засагт тун таагүй мэдээ. Энэ онд 78.1 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд эхний есөн сарын байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин ирэх онд 83.3 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөөд байгаа юм. Гэхдээ төлөвлөсөн хэмжээгээрээ орлого олно гэдэг тийм амар байхгүй гэдгийг өмнө нь нүүрсний салбарт ажиллаж байсан, өдгөө улс төрд орсон хүмүүс ч хэлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал
"Миний бодлоор 80 сая тонн нүүрс экспортлох нь маш хэцүү. Ирэх жил нүүрсний үнэ олигтой нэмэгдэхгүй байх. Угаасаа ч тийм хандлагатай байна. Хятадын үл хөдлөхийн зах зээлийн үнэ унасан. Хүнд үйлдвэрлэл нь буурч байна. Гангийн хэрэглээ нь багассан. Гадагшаа ган гаргах хэмжээ нь нэмэгдэж байна. Тийм болохоор бид одоо нүүрсний үнэ сайхан байна гэж бодвол эрсдэлтэй. Хамгийн гол нь, одоо төсвөө тэлээд, дараа жил дахиад тэлэх бодолтой байгаа шүү дээ. Мөнгө нүүрсний борлуулалтаас л орж ирнэ. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн борлуулалтаас асар их хамааралтай болж байна. Мөн хэт тэлчихсэн төсвийг “тэжээх”-ийн тулд олдсон үнээр нь, олдсон нөхцөлөөр нүүрсээ зарахаас өөр аргагүй болно. Ер нь Монгол Улс алсдаа алдагдалтай байх нөхцөлийг үүсгэж байна."
Мөчлөг сөрсөн бодлого
Хятадын нөхцөл байдал таагүй, түүхий эдийн үнэ буурч байгаа энэ үед манай улс нүүрсний өндөр экспортод найдаж, хэт өндөр зардалтай төсөв танилцуулсан. Гэхдээ хэрэгжиж эхлээгүй төсвийн хуулийг тодотгохоор тогтоол баталсан ч Ерөнхийлөгчийн хоригтой тулгарч, дахин өөрчлөх асуудлыг УИХ-ын түвшинд хэлэлцэж байна. Алдагдалгүй төсөв баталж, мөчлөг сөрсөн бодлого баримтлах нь ирээдүйд үүсэх эрсдэлийг давах алхам гэж үзэж буй. Мөнгөтэй, өсөлттэй үедээ байгаагаар нь цацчихаад хямрал эхлэхэд төсвийн ачааллыг дарахын тулд зээл тусламж авч, бонд босгодог муу жишиг манайд бий. Улмаар зээлэх ч нөхцөлгүй болсон үедээ ОУВС-гийнхныг л царайчилдаг таагүй сургамж ч их бий. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг зургаан удаа авчээ. Нийт 15 жилд нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. 1991 2000 хооронд гурав, 2001 2010 онд хоёр, 2017 онд нэг хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэхдээ эдийн засаг сэргэх төдийд л ОУВС хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхгүй, зогсоодог нь эдийн засагт үргэлжлүүлэн сайнаар нөлөөлдөггүй гэсэн дүгнэлтийг эдийн засагчид гаргадаг. Тэгвэл эдийн засгийн өсөлттэй энэ үед манайх өмнөх буруу жишгийн дагуу хэт тэлэлттэй төсөв хуваарилахаар зэхэж байгаа.
Төсвийг тэлэх нь эдийн засгийн хэт халалтыг бий болгож, дараагийн хүндрэлийн суурийг тавьдаг. Хөөс хагарахад төсвийн ачаалал нэмэгдэж, алдагдалд орсон үед эргэн сэргээх нөөцгүй болдог байдал сүүлийн 30 жилд цөөнгүй давтагдсаныг өмнө нь дурдсан билээ. Үүнээс эдийн засгийн өсөлтийг дагасан төсвийн огцом тэлэлт нь уналт бүрийн эхлэл болсон гэхэд хилсдэхгүй. Орлоготой үедээ хуримтлуулдаггүй, хүнд үед зарлагаа танадаг нь манай улсын төсвийн бодлогын гол асуудал болсоор байна. Уг нь эдийн засгийн идэвхжилтэй үед хэт халалтаас сэргийлж, мөчлөг сөрсөн бодлого явуулах нь онолын хувьд тогтвортой өсөлтийн арга хэрэгсэл. Мөчлөг сөрсөн бодлого гэхээр төсвийг тэлэх бус хуримтлуулж, сан бүрдүүлж, хүндрэл үүссэн үед гаргаж зарцуулахыг ойлгож болно. Гэтэл манай улсын төрийн удирдлагууд мөнгө орж ирвэл өөрийнхөө үед л зарцуулах хүсэл сонирхолтой, ирээдүйн хүндрэлийг тооцдоггүй гарын салаагаараа мөнгөө урсгадаг үрэлгэн хүн шиг аашилсаар өнөөдөртэй золгож байна. Яг ийм нөхцөл байдал одоо ч давтагдаж буй. Тиймээс эдийн засгийн эрсдэлээс сэргийлж, хэмнэлттэй төсвийн бодлого баримтлах нь яг одоогийн хамгийн зөв шийдэл болов уу.
Цаашид ч төсвийг хэт өндөр зарлагагүй, оновчтой оруулалтын хөрөнгө бодлогоор батлахгүй бол өмнөх гашуун туршлагуудыг давтах эрсдэл өндөр бий. Эдийн засгийн өсөлтөө дагуулж төсвөө тэлэх нь оновчгүй хэмээн ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тигран Погосян өмнө нь ч сануулж байжээ. Тэрээр “Өсөлтийн мөчлөгийг дагаж зардлаа өсгөх нь тийм ч сайн үр дүн авчрахгүй. Иймд олсон орлогынхоо хэмжээгээр төсвөө тэлэх биш, илүү гарсан орлогоороо хуримтлал үүсгэх нь оновчтой” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Түүнчлэн түүхий эдийн үнэ, экспортоос шалтгаалан хямардаггүй эдийн засгийн дархлааг бий болгохын тулд байгалийн баялгийн сан, төсвийн дүрмийг чанд мөрдөх, макро эдийн засгийн бодлогын оновчтой хослолыг хэрэгжүүлэх асуудал эн тэргүүнд тавигдаж байгааг эдийн засагчид хэлж байна. Бодлогоор гадаад нөлөөллийн үр дагаврыг богино хугацаанд зөөлрүүлж чадах ч, суурь шалтгааныг бүрэн арилгаж чадахгүй. Тэгвэл эдийн засгаа солонгоруулж, гадаадын хөрөнгө оруулалт, экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн олон тулгууртай болох нь манай улсын том зорилго байх ёстой билээ.
https://eagle.mn/r/133180