2024-12-04Монголын ирээдүй болсон залуус хилийн дээс алхаж, гадаадад суралцаж, ажиллахаар эх орноосоо мордох нь эрс нэмэгдлээ.
Энэ нь нэг талаас залуу үеийн эрмэлзэл, өөрийгөө хөгжүүлэх хүсэл мөрөөдлийг илтгэх ч, нөгөө талаас манай боловсролын систем сул, боломж хязгаарлагдмал байгааг харуулж буй. Эргээд энэ нь эдийн засаг, нийгэм, боловсролын тогтолцоонд томоохон сорилт болоод байгаа билээ.
Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуус эх орондоо мэргэжлээрээ ажиллаад хүссэн цалингаа аваад аятай, тухтай амьдрах боломж хомс. Үнийн өсөлтөө гүйцдэггүй цалин хөлс, татвар, эдийн засгийн тогтворгүй байдал нь тэднийг энэ боломжоос хойш татдаг. Ийм ч учраас тэд гадаад руу гарч, өндөр боловсрол эзэмшиж илүү сайн орлого олохын тулд уг сонголтыг хийж байна. Нөгөө талаараа мөн бид өөрсдөө энэ сонголт руу залуусыг түлхдэг.
Өнөөдөр ажил олгогч төрийн болон хувийн компаниуд гадаадад боловсрол эзэмшсэн гэвэл тэднийг шүтэж, магтаад өндөр цалин амлаж ажилд авах нь их. Энэ нь гэхдээ тэдний буруу биш үнэхээр зөв хандлага, туршлага, чадвартай хүнийг үнэлэх нь зөв. Гэсэн хэдий ч дотоодын их сургуулиа амжилттай дүүргэж улаан диплом авсан ажил горилогчдыг үргэлж тэднээс доогуур үнэлдэг. Үүний үр уршиг нь мэдээж залуусыг гадаадад сурах, явах ёстой гэх бодлыг төрүүлж байгаа.
Бас манай улсын боловсролын систем үр дүн муутай чадваргүй төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж буйтай холбоотой. Уг нь Монголд улаан дипломтой төгсөх нь хамгийн дээд боловсролын үнэлгээ хэмээн тооцогддог. Гэвч өнөөдөр улаан дипломын үнэ цэнэ зөвхөн цаасан дээр л үлдэж байна.
Ахидаггүй босго
“Times Higher Education” байгууллагаас гаргасан дэлхийн их сургуулиудын чансаанд Монгол Улсаас анх удаа МУИС 1501 дүгээр байрт эрэмбэлэгдсэнийг зарласан билээ.
Энэ нь Монголын боловсролын систем дэлхийн түвшинд үнэлэгдэх боломжтойг харуулсан нэг том алхам болж чадсан. Гэвч 1501 дүгээр байрт эрэмбэлэгдсэн нь бидэнд цаашид чанар, судалгаа, инновацад илүү анхаарч, боловсролын бодлогод томоохон өөрчлөлтүүд хийх шаардлагатайг харуулж байна.
Монголд боловсролын салбарыг сайжруулж, дотоодын мэргэжилтнүүдээ эх оронд нь тогтоохын тулд чанарлаг дэд бүтэц, судалгааны нөхцөл бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий. Энэ эрэмбэ нь МУИС-ийн хувьд эхлэл байх ёстой бөгөөд цаашид дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болж, Монголын залуу үеийнхэнд эх орондоо мэргэжлээрээ амжилт гаргах замыг нээх нь нэн чухал байна.
БШУ-ы сайд асан Л.Энх-Амгалан
"Их, дээд сургууль төгсөж байгаа гурван хүүхдийн нэг нь ажлын байртай, хоёр нь ажлын байргүй. Монгол Улсад идэвхтэйгээр ажил хайж буй 20000 залуусын гуравны нэг нь дээд боловсролын дипломтой хэрнээ ажилд орж чадахгүй байна. Ажил олгогч нарын хүсэж байгаа ур чадварыг дээд боловсролын байгууллага хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлтүүд гарсан. Ойрын 5-8 жилд 38000 инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх хэрэгцээ шаардлага бий ч сайн мэргэжилтэн бэлтгэх их, дээд сургууль цөөн байна. Хүүхдүүд гадаадад сурахыг хүсэж байгаа нь боловсролын чанартай холбоотой."
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн жил их дээд сургуулийн үндэсний эрэмбэ чансааг зарласан. Ингэхдээ олон улсад нэр хүндтэй “Times Higher Education” байгууллага болон Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэнтэй хамтарч энэхүү эрэмбийг гаргасан юм. Монголд энэ эрэмбээр сургалтын гүйцэтгэлээрээ 60-аас дээш хувийг хангаж байгаа 18-хан их сургууль байгаа бөгөөд харин 50-иас дээш хувийг хангаж байгаа их сургууль 30 орчим байна. Тухайлбал эрэмбэлэгдсэн 61 их сургуулийн 50-иас дээш хувь нь сургалтын чанарт хүрч чадаагүй гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байсан билээ.
Эрэмбийг гаргахдаа дараах байдлаар харгалзан үзэж жагсаасан байна. Тодруулбал, их сургуулийн сургалтын чанар, судалгаа хийдэг эсэх, оюутнуудын сурах орчин, төгсөгчид ажлын байранд гарсан хувь зэргийг харгалзан 61 их сургуулийг эрэмбэлсэн ба дараах их сургуулиуд эхний 10 байрт жагссан юм.
Үүнд:
- Монгол Улсын их сургууль
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
- Шинжлэх ухааны технологийн их сургууль
- Монгол Улсын боловсролын их сургууль
- Хөдөө аж ахуйн их сургууль
- Монгол, Германы хамтарсан геологийн их сургууль
- Санхүү, эдийн засгийн дээд сургууль
- Отгонтэнгэр их сургууль
- Моносын Эмнэлзүйн их сургууль
- Соёл урлагийн их сургууль зэрэг сургуулиуд эхний 10 байрт оржээ.
Энэхүү эрэмбээс харахад Монголдоо нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улсын их сургуулийн хувьд дээр дурдсанчлан дэлхийд 1501 дүгээр байрт жагсаж буй.
“Times Higher Education” байгууллагаас гаргадаг эл эрэмбийг Оксфордын сургууль ес дэх жилдээ тэргүүлж байна. Харин удаах байрт Массачусетсийн технологийн их сургууль, Харвард, Принстон, Кеймбриж, Стэнфордын их сургууль эрэмбэлэгдэж буй.
Азийн улс орнуудын хувьд Хятадын их сургуулиуд эхний 10-т багтаагүй боловч эл эгнээнд шилжихэд ойртож буйг харуулж байна. Тухайлбал, Цинхуа их сургууль 12-р байрт, Пекиний их сургууль 14-р байрт жагсжээ. Энэ нь Хятадын их сургуулиудын дэлхийн боловсролын салбарт үзүүлэх нөлөө өссөнийг илтгэж байна.
Дэлхийн түвшний их сургуулийг Монголдоо байгуулах амбиц
Өнөөдөр манай улсын боловсролын систем дэлхийн хэмжээнд нэгэнт доогуур үнэлэгдэж байгаатай хүн бүр санал нийлэх байх. Тэгвэл эл үнэлгээг дээшлүүлж, алдаагаа засаж дэлхийд үнэлэгдэх их сургуулийг Монголдоо бий болгох амбиц, цаг хугацаа бидэнд байсаар байна. Үүний тулд бид юунд анхаарах нь чухал вэ гэдэгт хариулт эрье.
Монголд дэлхийд үнэлэгдэх сургууль байгуулах нь цаг хугацаа, хөрөнгө оруулалт, нэгдмэл бодлого шаардсан том зорилго. Гэхдээ энэ нь Монголын боловсролын системийг шинэчлэн, “тархи урсах” урсгалыг багасгах, мэдлэгийг дотооддоо үлдээх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.
Олон улсын судалгаанаас харахад дэлхийн түвшний их сургуулиудыг амжилттай байгуулсан орнуудад хэд хэдэн нийтлэг хүчин зүйлс бий. Үүнд судалгааны чадамжийг сайжруулах, шилдэг багшлах хүчин татах, олон улсын түншлэлүүдийг өргөжүүлэх зэрэг хүчин зүйлс багтаж байна. Хятад, Сингапур зэрэг улсын амжилтыг харахад, дэлхийн түвшний их сургуулиудыг бий болгох гол түлхүүр нь боловсролын бодлогын дэмжлэг, их хэмжээний хөрөнгө оруулалт, судалгааны чадавх, олон улсын түншлэлтэй холбоотой байна. Жишээлбэл, Сингапурын “National University of Singa pore” дэлхийд топ 10-д багтдаг. Энэ амжилт нь улсын зүгээс судалгаа, шинжилгээний ажлуудыг дэмжих, шилдэг багшлах хүчин татах, сургалтын чанарыг дээшлүүлэхэд анхаарсантай холбоотой.
Түүнчлэн, Хятад улс “Double First-Class Initiative”-ийн хүрээнд шилдэг их, дээд сургуулиудыг дэлхийн түвшинд хүргэх бодлого явуулж, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бодлого нь судалгааны дэд бүтцийг сайжруулах, инновацыг дэмжих, дэлхийн шилдэг эрдэмтдийг урьж ажиллуулах зэрэг арга хэмжээнүүдийг багтаасан. Үр дүнд нь Хятадын их сургуулиуд дэлхийн шилдгүүдийн жагсаалтад багтаад байна.
Тэгвэл Монгол Улс энэ туршлагаас суралцаж, дэлхийн түвшний их сургуулиудыг байгуулахад анхаарлаа хандуулах боломжтой. Үүний тулд дараах алхмуудыг хэрэгжүүлэх нь чухал байна.
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх:
Судалгааны ажил, дэд бүтцийг сайжруулахад шаардлагатай их хэмжээний санхүүжилтийг татах хэрэгтэй. Үүнийг олон улсын түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих замаар хийж болно.
Шилдэг багшлах хүчин:
Дэлхийн түвшний эрдэмтэд, судлаачдыг татаж, дотоодын багшлах хүчний чадварыг дээшлүүлэх бодлого явуулах нь үр дүнтэй. Хятадын жишээнээс харахад дэлхийн шилдэг эрдэмтэдтэй хамтран ажиллах нь сургалт, судалгааны чанарт ихээхэн нөлөө үзүүлсэн нь харагдаж байна.
Судалгааны орчныг сайжруулах:
Инновацын төвүүд, лабораториудыг байгуулах, дэмжих нь дэлхийн түвшний их сургуулиудын хувьд чухал шалгуур болдог. Монголд судалгааны дэд бүтцийг сайжруулснаар оюутнууд болон эрдэмтэдийн ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх боломжтой.
Технологи ба инноваци:
Орчин үеийн сургалт технологи, инновацид суурилж байна. Эдгээр технологийг сургалтын хэрэгсэлд ашиглах замаар сурагчдад практик мэдлэг олгож, шинжлэх ухаан, технологийн салбарт ур чадварыг хөгжүүлэх нь чухал.
Эдгээр алхмууд нь Монгол Улсад дэлхийн хэмжээний их сургууль байгуулахад суурь болохуйц хүчин зүйлс юм. Ингэснээр Монголын залуу үе дэлхийн түвшний боловсролтой болж, эх орондоо оюуны потенциалаа үлдээх боломж бүрдэх билээ. Боловсрол бол бидний ирээдүй. Ирээдүйдээ хөрөнгө оруулцгаая.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл