2024-12-04Парламентад шинэ гишүүд хүч түрэн орж 64 хувийг бүрдүүлж буй. гэхдээ тэдний эрч хүч ордноор шуугьсан оны ялгаанд дарагдах ёсгүй.
Мэдээж хуучин гишүүдийн туршлага, хамтын ажиллагаа чухал. гэвч одоогоор парламентад энэ зохицол хараахан бүрдээгүй байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр
"Бөх сэтгэхүйгээ хаячихмаар байна. Шинэ, хуучин гээд бөхийнх шиг эрэмбэ тогтоох гээд байгаа юм уу. Их хурлын гишүүдийн улс төрийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандмаар байна. Үг хэлэнгүүт нь айлгаж дарамтлаад, муухай хардаг. Тэгж бол амжихгүй шүү."
Үг хэлэх эрх чөлөөнд оны ялгаа байж болохгүй
Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөс эхтэй парламентын шинэчлэл тойрог тойглодог хуучин сэтгэлгээг халж, нам харгалзахгүй парламентын хяналтыг хэрэгжүүлэх боломжийг гаргаж ирсэн. Энэ өөрчлөлтийн нөлөө эхнээсээ мэдрэгдэж эхэллээ. Гэхдээ өмнөх парламентуудаас тээж ирсэн хуучин шинийн ялгаа гаргаж, бусдынхаа амыг хаах гэсэн оролдлогууд байсаар. Уг нь шинэ хуучин, жагсаалт тойргийн, дарга сул гишүүний ялгаагүй үзэл бодлоо уралдуулах индэр болж чадах эсэхээс парламентын шинэчлэлийн явц шалтгаална.
УИХ-ын үндсэн зорилт нь төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршдог. Энд гишүүн бүр саналын ижил эрхтэй. Нэг нэгийгээ захиргаадаж, эрэлхэж, хязгаарлах байдлаар явцуу эрх ашгаа хаах ёсгүй. Гэтэл парламентад шинэ хуучны ялгаа гарч эхлэв.
Хууччуул нь шинэ гишүүдээ “Ахын дүү, аав чинь ах чинь арай өөр байсан, тэгдэггүй юм аа” хэмээн сургамжилж, нөгөөдүүл нь оны ялгаа гаргаж хавчиж гадуурхлаа хэмээн ярих болов.
Байдал өөрчлөгдөх нь цаг хугацааны асуудал боловч дуугүй өнгөрч болохгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхтэй эрхзүйн шинэчлэлүүд бүхэлдээ тогтолцооны өөрчлөлтийн шинжтэй. Мажоритар тогтолцоогоор хоёр нам давамгайлсан 76 хүн сонгож, тойргоо услуулдаг, Засгийн газар нь ч тогтворгүй байсныг өөрчлөх зорилготой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоотой, олон намын төлөөлөлтэй, нийгмийн болон ажил мэргэжлийн олон салбарын төлөөлөлтэй, төлөөлөх чадамж өндөртэй хууль тогтоох байгууллага болгож өөрчлөх нь гол зорилго байсан. Зорилго ч эхнээсээ биелж шинэ парламент анхныхаа төсвийн хэлэлцүүлгээр ах нарынхаа тогтоосон тойргийн мөнгөний хэлхээг тасдаж чадлаа. Араас нь төсвийн тэлэлтийг хязгаарлах санаачилгууд гарч, олон нийтийн анхааралд хүргэснээр Ерөнхийлөгч 2025 оны Улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Ололт байна. Парламентын хяналт нам харгалзахгүй хэрэгжих боломж байгааг ч харууллаа. Ийм ахицыг харин хуучин шинийн ялгаагаар хязгаарлаж болохгүй юм.
УИХ-ын гишүүн П.Мөнхтулга
"Шинэ сонгогдсон гишүүдийг үг хэлэх гэхээр дундуур нь ярьж, микрофоныг нь тасалдаг. Ажиглаад байхад намын харьяалал гаргаж, шинэ хуучнаар нь ялгаж байна. Их хурал биш юм биш үү. Уг нь, намын их хурал биш УИХ биз дээ."
Тэгш оролцоог хангах нь чухал
. Парламентад гишүүдийг ялгаатай байдалд оруулж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Парламентын 36 хувийг өмнө нь Их хурлын гишүүн байсан хүмүүс бүрдүүлж байгаа. Тэд бүгд биш ч зарим нь шинэ гишүүүддээ ширүүхэн хандаж. Дээр нь тойргоос сонгогдсон жагсаалтаас сонгогдсон, давхар дээлтэй сайд гишүүд, УИХ-ын дарга, дэд дарга нар, бүлгийн дарга, дэд дарга нар, Байнгын хороо, дэд хорооны дарга нар гээд дарга гишүүд олон байна. Гэхдээ энэ нь хууль тогтоолын төсөл хэлэлцэхэд ижил саналын эрхтэй гишүүдэд ялгамжтай байдал тогтоох шалтгаан биш юм.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа
"Хоёр гурав сонгогдоод дэгээ ойлгоогүй хүн байхад анх удаа сонгогдоод дэгээ ойлгочихсон залуус байгаа шүү дээ. Бүр нэг усан тэнэг хүмүүс ороод ирчихсэн аятай хүн болгон яриад байх юм. Олон нийтэд “Энэ нэг хэдэн шинэ гишүүд л, хөөрхий амьтад дэгийнхээ ч учрыг олохгүй бүтэлгүйтэж яваа” гэх ойлголт өгөх гээд байх юм. Тийм зүйл байхгүй шүү дээ."
Тойрог тойглох явцуу эрх ашиг
УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах зарчимтай.
Гэтэл хуучин гишүүдийн зарим нь тухайлбал, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд шинэ, хуучны ялгаа гаргаж зардал хасах олон шинэ санааг хясаж, хажуугаар нь өөрийнхөө бяслагийн төслийг дөргүй бух шиг зүтгүүлсэн.
Энэ мэтээр парламентын шинэчлэлийг огт ойлгоогүй нөхөд цөөнгүй. УИХ-д сонгогдоод дөрвөн жил тойргоо тослоод аяга шаазан, боов чихэр, гурил будаа, ноолуурын ямаа, үржүүлгийн хуц бух тарааж, төрийн одон, төсвийн ажлыг хүртэл өөр дээрээ нааж байгаад сонгогддог хуучин байдал одоо засарна. Ийм зорилгоор тойргийг томсгосон. Хөгжлийн зорилтууд ч бүсчилсэн хөгжлийн бодлогоор хэрэгжинэ.
Өөрөөр хэлбэл, гишүүн тойрог, сонирхлын бүлэг төлөөлөхөөс илүү нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллахад чиглэнэ. Олон гишүүн энэ чиглэл өөрчлөлтийг мэдэрч, тойргийн асуудлаа өмнөө барьж түрэхгүй том зургаар нь харж байгаа ч ялгаа зааг гаргаж байгаа олон жил сонгогдсон, дарга болчихсон зарим нь улайм цайм үйлдэл гаргаж, намайг яавал ч яаг гэж байгаа нь тодорхой жишээ болчихоод байна. Тэр бүү хэл ажил хэрэгч шаардлага тавьсны төлөө гаднын гар хөл хэмээн дуудах нь туршлагатай гишүүний биш улайрсан хүний үйлдэл болж буй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
"Олон сонгогдсон, анх удаа сонгогдсон гэдэг ялгаа байх учиргүй. Дээр нь УИХ ын гишүүдийг тойргоос сонгогдсон, жагсаалтаас сонгогдсон гэж ялгаварлах асуудал байж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуулиараа УИХ-ын гишүүн гэдэг нэг л ойлголт байдаг. Аливаа асуудалд бүгдээрээ эрх тэгш оролцоно. Хэн нэгний нөлөөлөлгүй саналаа өгөх эрх нь нээлттэй байгаа."
Парламентын хяналтыг нам, нас харгалзахгүй хэрэгжүүлэх боломжтой
Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан ес дэх удаагийн УИХ олон ээдрээтэй замыг туулж байна. Цахим төхөөрөмжийн гацаа, дэгийн асуудал, хуучин шинийн ялгаа, сөрөг хүчин, эрх баригч нь ялгагдахгүй нөхцөл байдал гээд олон асуудал бий. Гэхдээ ээлжит бус чуулганаар энэ жилийн төсвийг тодотгосон, ирэх жилийн төсвийг хэлэлцүүлсэн байдлаас харахад, шинэ хуучин гэлтгүй парламентын хяналтыг нам, нас харгалзахгүй хийж чадах чадвартай гэдэг нь харагдаж буй. Салбар салбарын дуу хоолой болж, төлөөлөх чадвар сайжирсан гэж болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, парламентын төлөөлөх чадварыг сайжруулж, холимог тогтолцоог сонгон авсан нь УИХ хууль тогтоомжийг хэлэлцэх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, илүү мэргэжлийн түвшинд явуулахад ахиц үзүүлэхээр байна. Гэхдээ хуучин шинийн ялгаа гэх мэт явцуу хүрээний зааг гаргаж, жижиг хэрүүлийн алимаар саад тотгор хийж болохгүй билээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл