-Өнгөрсөн сард Тээврийн цагдаагийн албанаас “Улсын дугаар, бүртгэлийн зөрчилтэй, техникийн оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, мөн торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг арванхоёрдугаар сарын 1-нээс замын хөдөлгөөнд оролцуулахгүй”гэж мэдээлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Цагдаагийн албаны тухай хуулийн 33.1.4-т зааснаар тээврийн хэрэгсэл улсын дугаар, бүртгэлийн зөрчилтэй, техникийн оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тохиолдолд цагдаагийн алба хаагч тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах үүрэгтэй байдаг. Эдгээр зөрчилд цагдаагийн байгууллага өмнө нь огт хяналт тавьдаггүй байсан юм биш. Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван байдал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүлээсэн үүргээ гүйцэтгээд ажиллаж байна. Харин арванхоёрдугаар сарын 1-нээс эдгээр зөрчилд хяналт тавих ажлыг улам эрчимжүүлж байгаа юм. Ирэх сарын 1-нээс өмнө иргэд эдгээр зөрчлөө арилгаад, замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

-Энэ чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас Авто тээврийн үндэсний төвтэй хамтран хөдөлгөөнт байдлаар гудамж, замын хяналт, шалгалт явуулан, хорт утаа ялгаруулдаг автомашины нүүрсэн янданг цэгцлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Татварын ерөнхий газартай хамтран татвар төлөлтөд хяналт тавьж байна. Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгаж, торгуулиа төлөөгүй бол газар дээр нь шууд төлүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна. Нэмж хэлэхэд, татвар төлөлт нийслэлийн хэмжээнд 90.7 хувьтай байна. Жолооч нар татвараа тухайн жилийнхээ зургадугаар сарын 1-ний дотор төлөх ёстой.

-Замын хөдөлгөөнд оролцож буй шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг яаж илрүүлэх вэ?

-Цагдаагийн алба хаагч шалгалтын ажиллагаа явуулсны үр дүнд илрүүлнэ. Мөн гудамж, замын хяналтын камерын тусламжтайгаар мэдэх боломжтой. Үүнээс гадна иргэд зөрчлийг “E-Po­lice” гар утасны аппликэйшн ашиглан мэдээлэх гэсэн гурван аргаар шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг илрүүлж байна.

-Жолооч торгуулиа хэд хоногийн дотор төлөх ёстой байдаг вэ?

-Торгууль гарснаас хойш 15 хоногийн дотор төлөх ёстой. Торгуульсан жолооч хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор торгуулиа төлбөл торгуулийн хэмжээг 50 хувь хөнгөлнө. Хэрэв 15 хоногоос хэтрүүлбэл торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлдэг зохицуулалттай.

-Дээрх шаардлагыг биелүүлээгүй жолоочид ямар хариуцлага тооцох вэ?

-Зөрчлийн тухай хуулиар дээрх шаардлагуудыг тус тусад нь зүйлчилж өгсөн байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих буюу жолооч улсын бүртгэлд бүртгүүлээгүй, техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно. Жолооч улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 10 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 мянган төгрөгөөр торгоно. Мөн жолооч улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 25 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 250 мянган төгрөгөөр торгоно. Үүнээс гадна жолооч хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, хүнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно.

-Техникийн оношилгоонд жилд нэг удаа хамрагддаг байх аа?

-Тээврийн хэрэгсэл ехникийн оношлогоонд 1-2 удаа орсон байх ёстой. Тухайн оношилгоо нь нэг жилийн хугацаанд хүчинтэй

 

Ө.АНХЗАЯА