2024-10-23Үд хэвийх цагаар 81 дүгээр сургуулийн харалдаа орших жижигхэн хүнсний дэлгүүрт хөл хөдөлгөөн нэмэгдэнэ.
Хичээл завсарласан бололтой, дүрэмт хувцастай хүүхдүүд дэлгүүрийн хаалгаар зав чөлөөгүй орж, гарах аж.
Хүүхдүүдийн цайны цагаараа амсхийж, найз нөхөдтэйгөө амттан авахаар ордог энэхүү дэлгүүрт төрөл бүрийн өнгө, амт, будагч бодис агуулсан гялгар савлагаатай чихэр, ундаа өрөөстэй харагдана. Хажууд зогсох бага ангийн бололтой бяцхан хөвгүүд гялгар савлагаатай чихрийг хямдхан, амттай гэдэгт нь хууртагдан худалдаж авахаар зэхнэ. Гэсэн ч уг чихрийн савлагаан дээрх жижигхэн шошгон дээр хортой химийн будагч бодистой гэж бичсэнийг үл анзаарах аж.
Ийнхүү лангуун дээрх өрөөстэй гоёмсог өнгийн баглаа, зурагтай чихэр, ундаа, чипсийг тэд үнэндээ хаана, хэзээ үйлдвэрлэснийг үл анзааран худалдаж авна. Энэ бүхнээс харахад хүнсний аюулгүй байдал аль хэдийнэ алдагдаж, хяналтгүй, эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй бүтээгдэхүүнүүд бяцхан үрсийн эрүүл мэндэд шууд заналхийлж байгаа нь илт.
Хүн бүр аюулгүй, шим тэжээлтэй хүнсээр хангагдах эрхтэй
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах нь эрүүл мэнд хохироохоос гадна хүүхдийн суралцах болон насанд хүрэгчдийн ажлын бүтээмжийг бууруулдаг. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нь Тогтвортой хөгжлийн төлөөх 17 зорилгын эрүүл мэндийг дэмжих, өлсгөлөнг зогсоох тухай хоёр зорилгод хүрэх чухал ойлголт билээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улс энэ зорилгыг хэрэгжүүлж хүн бүхэн эрүүл аюулгүй хүнсээр хооллож чадаж байгаа юу гэдэг эргэлзээтэй хэвээр байна. Учир нь, манай улс гурил, мах, сүү, төмсийг эс тооцвол хүнсний хэрэглээний дийлэнх хэсгийг импортоор хангадаг. Үүгээр ч зогсохгүй хүнсний аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалт сул байгаа нь эрүүл хүнс хэрэглэхэд хүндрэл учруулдаг.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч асан Сергей Диордица
"Дэлхий дээр бактер, вирус, шимэгч хорхой, хорт химийн бодисоор бохирдсон хоол хүнс хэрэглэсний улмаас жил бүр 600 сая гаруй хүн өвдөж, 420 мянган хүн нас бардаг гэж ДЭМБ-ын тооцоогоор гарсан. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нь Засгийн газар, үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн хамтын үүрэг, хариуцлага юм. Бидний хэрэглэж буй хоол хүнс аюулгүй, эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэхэд үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл бүхий л үе шатны оролцогч бүр чухал үүрэгтэй."
Манайд хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо учир дутагдалтай хэвээр байна. Уг нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас 2020 онд баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн гол зорилго нь 2020-2030 оны хооронд хүнсний хангамжийг тогтвортой байлгах, чанар, аюулгүй байдлыг хангах олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэд баталгаат хүнс хэрэглэж байгаа эсэхдээ эргэлзсээр буй.
Хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүнсний бүтээгдэхүүн нь ямар нэгэн хортой нян, химийн бодис, бохирдолгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан байх нөхцөлийг хэлнэ. Мөн тухайн хүнсийг хэрэглэхэд хүний эрүүл мэндэд аюулгүй, хортой нөлөө үзүүлэхгүй байх чухал үүрэгтэй юм. Энэ нь хүнсний бүтээгдэхүүнийг тариалалт, үйлдвэрлэлт, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт, хэрэглээний бүхий л шатанд аюулгүй байдлыг хангах зорилготой.
Алдагдсан аюулгүй байдал
Манай улсын хүнсний хэрэглээ улирлын чанартай байдгаас гадна дотоодын хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, боловсруулалтын дэд бүтцийн хөгжлөөс шалтгаалан импортоос ихээхэн хамааралтай. Гэсэн хэдий ч дотоодын үйлдвэрлэлийн хүнсний аюулгүй байдалд онцгой шат дараатай анхаарал хандуулах нь бидний нэн чухал үүрэг.
Өнөөдөр хотын төв болон зах, орон нутгийн хүүхдүүдийн сургууль орчмын эргэн тойронд зарж буй хүнсний бүтээгдэхүүнүүд тээвэрлэлт, хадгалалтын горимыг зөрчсөн байгаа харагддаг. Халуун чийгтэй газар бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнийг олон цагаар тавьж, үүнийг нь хүүхдүүд идэж хордлого авах зэргээр эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг. Гэтэл зориулалтын бус орчинд бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн удаан хугацаанд хадгалах нь хүнсний чанар, аюулгүй байдлыг алдагдуулж, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Ийм орчинд хүнс хурдан хугацаанд муудаж, нян, бичил биетэн, бактери, мөөгөнцөр гэх мэт өвчин үүсгэгчид өсөж үржих таатай нөхцөл бүрддэг. Ялангуяа хүүхдүүдийн хувьд дархлааны систем бүрэн хөгжөөгүй тул ийм төрлийн бохирдолтой хүнс хэрэглэх нь хордлого авч, ноцтой хүндрэлд хүргэх эрсдэлтэй байдаг. Гэвч өнөөдөр үүнд анхаарал хандуулах, арга хэмжээ авах байгууллага, нэгж алга. Уг нь,
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар
"Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар хүнсний аюулгүй байдал алдагдсан. Тэд хүнсний аюулгүй байдалд өдөр тутам байнгын манаа хийдэг байв. Одоо ингэж чадахгүй болсон. Хяналтаа эрчимжүүлэхгүй бол хүнсний хангамж, хөдөлмөрийн аюулгүй байдалд эрсдэл байна. Улаанбаатар хотын 6 болон 8 нэрийн барааны дэлгүүрүүд, ТҮЦ-т хугацаа дууссан, шошго сольсон хүнсний бүтээгдэхүүн зарагдаж байгаа эрсдэлтэй дүн мэдээ гарсан. Хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавих хууль эрхзүйн орчин бүрдэж, бүтцийн өөрчлөлт хийгдэх хүртэл Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцна."
Эдгээр аюултай нөхцөл байдлыг холбогдох албад санал, хүсэлт, гомдлын дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ авдаг ч энэ асуудал дорвитой шийдэгдэлгүй өдийг хүрчээ. Тухайлбал, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүнсний аюулгүй байдалд дөрвөн чиглэлээр хяналт тавин ажилладаг аж. Тэдний хувьд хяналтын хэлтэс 58 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагаас 51 нь хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт тавьдаг.
Хүн хүчний дутагдалтай байдлаас шалтгаалж оноогдсон газар бүртээ шалгалт хийж зөрчлийг шийдвэрлэх боломж хомс байдаг байна. Иймээс хяналт суларч дээрх төрлийн зөрчлүүд олон гарах болсон нь нууц биш.
Дээрх асуудал бол хүнсний аюулгүй байдлын энгийн л нэг жишээ. Цаашлаад нойтон мах худалдан борлуулах, шошго, хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчсөн хүнс, гар дээрх худалдаа гээд олон асуудал бидний эрүүл мэндэд заналхийлэл учруулж буй. Гэтэл үүнд хяналт тавих байгууллага хангалттай биш, хууль эрх зүйн талаасаа ч энэ асуудлыг шийдвэрлэх тогтолцоо сул байгаа нь иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар байх эрсдэлтэй.
Олон улсын сайн туршлага
Дэлхийн улс орнууд хүнсний аюулгүй байдалд онцгой ач холбогдол өгч, энэ чиглэлээр идэвхтэй бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлсээр байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах нь зөвхөн эрүүл мэндийн асуудал бус, эдийн засаг, нийгмийн хөгжил, тогтвортой байдлын чухал хэсэгт тооцогддог гэдгийг тэд мэддэг бөгөөд онцгой анхаардаг.
Европын холбоо
Европын холбоо хүнсний аюулгүй байдлын талаар дэлхийн хамгийн өндөр стандартуудыг мөрддөг. Тэд хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд олон шатлалт хяналтын систем, баталгаажуулалтын механизмуудыг хөгжүүлсэн.
Европын хүнсний аюулгүй байдлын агентлаг (EFSA) нь ЕХ-ны гишүүн орнуудад хүнсний аюулгүй байдлын талаар шинжлэх ухааны зөвлөмж өгч, эрсдэлийг үнэлдэг. Хүнсний бүтээгдэхүүн, орц, нэмэлт бодисуудыг шинжилж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого гаргадаг билээ. Хуурамч хүнс, чанаргүй бүтээгдэхүүн, химийн бодисын үлдэгдлийг илрүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг хянах, шалгах нарийн тогтолцоо ажилладаг.
АНУ
АНУ хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалах бодлого баримталдаг. АНУ-ын Засгийн газар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд тавих хяналтыг Хүнс, эмийн агентлаг (FDA), Хөдөө аж ахуйн яам (USDA) зэрэг байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг. АНУ-ын FSMA нь хүнсний аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хууль бөгөөд хүнс үйлдвэрлэлийн үйл явцад эрүүл ахуйн стандартыг сайжруулах, хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх зорилготой. АНУ-д хүнсний хордлого, чанаргүй бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээгдэхүүнийг эргэн татах системтэй бөгөөд олон нийтэд хортой хүнсний талаар шуурхай мэдээлдэг тогтолцоотой.
Япон
Япон улс хүнсний аюулгүй байдалд ихээхэн анхаарч, хүнсний бүтээгдэхүүний чанарыг өндөр түвшинд хянадаг. Тус улс Хүнсний эрүүл мэндийн хуулийг хэрэгжүүлж, хүнсний аюулгүй байдалд өндөр хяналт тавьдаг. Япон улсын хувьд хүнс тээвэрлэх, хадгалах горим нь маш нарийн. Тэр тусмаа импортын хүнсэнд маш нарийн хяналт тавьдаг бөгөөд шинжлэх ухааны өндөр түвшинд шалган, шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээлд оруулахгүй байх арга хэмжээг авдаг.
БНХАУ
БНХАУ хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, хүнсний салбарт олон реформ хийж буй. Хятад улс хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжийг сайжруулж, шалгалтын системээ хяналт өргөтгөх зэргээр арга хэмжээ авдаг. БНХАУ ын хувьд 2015 онд хүнсний аюулгүй байдлын хуулиа шинэчилж, хүнсний үйлдвэрлэл, борлуулалт, хадгалалт, боловсруулалт зэрэг бүх үе шатанд хатуу шалгуур тогтоосон.
Дэлхийн улс орнууд хүнсний аюулгүй байдалд өндөр ач холбогдол өгч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, чанар, стандартыг сайжруулах чиглэлд бодлого боловсруулан, хэрэгжүүлж буй.
Олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, дэвшлийг үйлдвэрлэл, ашиглаж, худалдаа, технологийн хүнсний хадгалалт, боловсруулалтын бүхий л үе шатанд өндөр хяналт тавих замаар хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хувь нэмэр оруулж байна.
Учир нь, хүнсний аюулгүй байдал нь зөвхөн хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй үндэсний аюулгүй байдалтай эн тэнцүү чухал. Иймээс хүн бүрийн оролцоотойгоор хүнсний аюулгүй байдлыг хангах нь зөвхөн иргэн хүний үүрэг бус, үндэсний хэмжээнд анхаарах ёстой нэн чухал зорилт билээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл