2024-10-12Монголын үндэсний бөхийн хөгжилд юу саад болж байна вэ гэдгийг тодруулж харах үүднээс олон талын төлөөллийг санал бодлын талбартаа урьсан юм.
Монголын үнэт өв соёлын нэг үндэсний бөхийн барилдааны дүрэм журам өнөөгийн шаардлагаа хангаж байна уу. Хангахгүй гэж үзвэл өөрчлөх шаардлагатай юу зэрэг болон зөрчил гаргасан (допинг хэрэглэсэн нь тогтоогдсон болон дүрмийн бус зөрчил хамаарна) бөхөд оногдуулсан зэм шийтгэлийн зөв, буруу нь ямар байгаа талаар бөхчүүд, бөх сонирхогчид, иргэд юу бодож байгааг нийтэд хүргэхэд манай нийтлэлийн ач холбогдол орших болов уу гэж таамаглаж байгаа юм.
Хамгийн гол юм гэвэл бөхийнхөө нэр хүндийг цэвэр сайхан болгож, монгол хүн бүрд япончууд сүмо бөхөөрөө дандаа бахархаж байдаг шиг үзэл бодлыг төлөвшүүлэх нь чухал гэсэн санааг дэвшүүлж байна. Хүлээн авна уу.
Асуулт:
1. Үндэсний бөхийн барилдааны өнөөгийн дүрэм, журмыг өөрчлөх шаардлагатай юу?
2. Зөрчил гаргасан бөхөд оноох шийтгэл ямар байна вэ. Зөв нь, буруу нь?
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаяр: Монгол хүний ёс суртахуун, зан заншилд шингэсэн өв соёлд хүрэхдээ болгоомжтой байх хэрэгтэй
-Үндэсний бөх олон мянган жилийн турш хөгжихдөө олон зүйлтэй нүүр тулж, шүүгдсэн гэж хардаг. Монгол хүний ёс суртахуун, зан заншилд шингэж боловсорсон. Үүнийг шууд өөрчлөх хэцүү л дээ. Улсын харцага, гарди цолыг шинээр гаргаж байх үед нь үзэл бодлоо илэрхийлж явсан. Энэ нь буруу, үндэсний өв уламжлал шингэсэн зүйлээ өөрчлөхдөө их болгоомжтой хандах чухал гэж хэлсэн. Барьц сонгох дүрмийг гаргахдаа барилдаан удааширлаа, хурдан хугацаанд барилдуулах ёстой гэсэн байдлаар гаргасан. Энэ нь 1-2 хүний шийдвэрээр гаргасан зүйл биш. МҮБХ, цэцдийн зөвлөлөөр шийдсэн байх. Бөхчүүд ч барьц сонгох дүрэм буруу байсныг хэлж байлаа. Барьц сонгох барилдаан орж ирснээр үндэсний бөхийн сайхан мэхнүүд байхгүй болсон. Мөн бөхчүүд жин массаа нэмэх шаардлагатай тулгарсан. Хөнгөн жинтэй бөхчүүд өргөөд шидүүлэхгүйн тулд жингээ нэмэх шаардлагатай боллоо. Зарим нь жингээ нэмэх явцдаа буруу зүйл рүү орж байгаа харагдсан. Тухайн шийдвэр нь буруу байсныг бид сүүлд ойлгосон. Асуудлынхаа гарц гаргалгааг олж шийдвэрлэхдээ халсан. Ер нь аливаа зүйл хоёр талтай учраас ялгаж, салгаж ойлгох ёстой. Одоо хуучин үе шиг олон өдөр наадах боломжгүй. Бүх зүйл хугацаатай. Барилдааны идэвх санаачилгыг хөлийн цэцүүд харж шийдвэр гаргаж байна. Хоёр бөхийн идэвхийг харж давуулах нь тухайн хүчтэнд идэвхтэй барилдахыг сануулж байгаа хэрэг. Дэвжээнд барилдах гэж гарсан учраас идэвх зүтгэлтэй барилдах хэрэгтэй.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой
-Аливаа спорт хөгжлийхөө явцад дүрэм журмандаа өөрчлөлт, шинэчлэлт хийж байх нь зайлшгүй. Үүнтэй адил баяр наадмын хууль болон үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагууд гарч байдаг.
Энэ хийгдээд явах зүйлүүд. Хуулийг их хурлын гишүүд батална.
-Зөрчил гаргасан бөхөд шийтгэл ногдуулна.
Аймгийн заан С.Зээбүргэд: Ижил зөрчил гаргасан хоёр бөхийн шийтгэл ижил байх ёстой
-Үндэсний бөхийн өнөөгийн дүрэм, журмыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь Монголын Үндэсний бөхийн холбоо цаг тухай бүрд нь дүрмийг өөрчилсөөр ирсэн. Аль нь илүү үнэн хүчийг үзэх боломжтой байна гэдгийг нь харгалзан өөрчилсөөр ирсэн гэж хардаг. Одоогийн дүрэм бол түүхэн цаг хугацааны хамгийн боломжит, сайн хувилбар. Харин зөрчил гаргасан бөхөд шийтгэл оногдуулах нь зөв. Гэхдээ шийтгэл нь тэгш бус байгааг бөх сонирхогчид болон бөхчүүд шүүмжилсээр байгаа. Ижил зөрчил гаргасан хоёр бөхийн шийтгэл ижил байх ёстой. Хувь хүнээс нь шалтгаалан өөр, өөр шийтгэл оногдуулдаг байдлыг болих хэрэгтэй гэж бөх хүний хувьд боддог
Ховд аймгийн Булган сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг: Бөхчүүд шударга өрсөлдөх хэрэгтэй
-Тэгш барьцны дүрэм нь таалагдахгүй байгаа. Барилдаад 60 минут нь дуусахад цааш барилдуулж болно. Идэвхээр хасах нь хэцүү л дээ. Хоёулаа амжилт гаргахын төлөө зорилго тавьж, бэлтгэл хийсэн байгаа. Тиймээс нэгийг нь хасахаар бүтэн жилийн хөдөлмөр нь үнэгүйдэхэд хүрнэ. Харин барьцанд хүрч барилдахгүй ухарч зугтаад байгаа бөхчүүдэд сануулга өгч анхааруулах нь зөв. Барьцанд хүрэхээс өмнө идэвхийг харж болно. Бөхчүүд шударга өрсөлдөх хэрэгтэй. Үндэсний бөхийн өмнө тулгараад байгаа асуудал нь сэргээш. Энэ асуудлыг нэг талд нь гаргаж, шийдэх хэрэгтэй болов уу. Үнэхээр сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг хасах нь зөв байх. Ер нь допингийн төрлийн бодис илэрсэн бөхийн эрхийг дөрвөн жилээр хасдаг. Энэ дүрмээ яг баримталж шийдээд явах хэрэгтэй. Допин хэрэглэсэн бөхчүүд тайлбарлахдаа нэг зүйл хэрэглэсэн, гэтэл найрлагад нь сэргээшийн төрлийн бодис байжээ гэж тайлбарладаг. Энэ нь буруу. Учир нь бөх хүн идэж, ууж байгаа хоол хүнсээ сайн мэддэг. Эмчтэй ижил хэмжээний мэдлэгтэй байдаг шүү дээ. Өөрийн биед таарах хүнсийг мэддэг байх ёстой. Нэг үеийг бодвол үндэсний бөх хурдтай хөгжиж байна. Өмнө нь үзэгчид наадмаар тэр аварга түрүүлнэ гэж таамаг дэвшүүлэхэд түрүүлдэг байсан. Харин одоо таамаг дэвшүүлэхэд зөрдөг болсон.
Улсын харцага Д.Батболд: Шинэ дүрэм бөхчүүдийн уран мэх, дайчин барилдааныг гаргаж байна
-Үндэсний бөхийн барилдааны дүрэм цаг үеэ дагаад өөрчлөгдсөөр ирсэн. Одоо хэрэгжиж байгаа дүрмийг боломжийн гэж харж байна. Өмнөх барьц сонгох дүрмээр барилдааны уран чадвар алга болж бөхчүүд жин нэмж байсан. Харин одоогийн дүрэм бөхчүүдийн уран мэх, дайчин барилдааныг гаргаж ирснээрээ тун боломжийн. Гол нь дүрмийг сайн баримтлуулах хэрэгтэй. Ямар төрлийн зөрчил вэ гэдгээс шалтгаална. Үүнтэй холбоотой Үндэсний бөхийн холбоо “Ёс зүйн зөвлөл” байгуулаад, дүрэм батлаад хэрэгжүүлж байна. Илүү чангаруулах нь зөв. Барилдааны явцад зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг хасаж, сайн шийтгэл оногдуулж байгаа нь зөв юм. Бөхчүүдэд ингээд буруу шийтгэл оногдууллаа гэсэн юм байхгүй. Харин ч зөөлөн хандаж байгаа. Барилдааны бусад үеэр гаргасан зөрчил хууль хяналтын байгууллагаар шийдвэрлэгдэнэ. Нэгэнт барилдах эрхээ хасуулаад шийтгэлтэй байгаа хүнийг нэмж шийтгээд байх шаардлагагүй. Сэргээшний асуудалтай бөхчүүдийн асуудал хууль дүрмээрээ шийтгэгдэж байгаа.
“Нэгдэл клуб”, “Их богд” дэвжээ, “Сүлд” спорт хорооны дасгалжуулагч Улсын начин Ж.Чулуунбат: Улсын наадам, цол олгох барилдаанд цагт баригдахгүй барилдах хэрэгтэй
- Үндэсний бөх эрт үеэс хасагдах дүрэмтэй байгаагүй. Учраа таарсан хоёр бөх цагт баригдалгүй давалцдаг байсан. Үзэгчид шуурхай, уран барилдаан үзэх дуртай. Тиймээс хөгжлөө дагаад цагт баригдах нь зөв байх. Харин улсын наадам, цол олгох барилдаанд цагт баригдахгүй барилдах хэрэгтэй.
-Ер нь сэргээшийн сургалт мэдээлэл бага. Ихэвчлэн тамирчид энгийн эмнүүдээ мэддэг. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар өөр төрлийн эм, бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гарвал эмчээс асуух, допингийн агентлагийн сайтаас мэдээлэл авах хэрэгтэй. Бөхчүүд өв соёлыг тээгч. Тиймээс бөхчүүд, монгол бөхийн нэр хүндийг сэвтээгүй зөвөөр таниулж, дараагийн үедээ өвлүүлэх хэрэгтэй. Зарим үед нэг бөх алдаа гаргахад нийгмээрээ түүнийг хамруулж бүгдийг буруугаар ойлгодог. Үүнд бөхчүүд дор бүрнээ анхаарах үе иржээ.
Улсын начин С.Багахүү: Одоогийн мөрдөгдөж байгаа журмыг өөрчлөх шаардлагагүй
-Үндэсний бөхийн одоо мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг өөрчлөх шаардлагагүй гэж бодож байна. Энэ дүрмээ сайжруулж, мөрдөөд явах нь зүйтэй гэж боддог. Би одоогийн мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг шинэчлэх, боловсруулах ажилд сүүлийн долоон жил гар бие оролцож, саналаа тусгаж ирсэн. Ингэхдээ барьц сонгохыг байхгүй болгож, барилдааныг камераар шүүдэг болсон зэрэг авууштай олон зүйл бий. Харин зөрчил гаргасан бөхчүүдийн асуудал дээр шийтгэх нь зөв гэсэн байр суурьтай байна. Гэхдээ алагчлалгүй, эрх тэгш үйлчилдэг байгаасай гэж бодож байна. Анзаараад байхад цахим орчинд хүмүүсийн анхаарлыг их татах тусам шийтгэл нь илүү хүнд шийтгэл оногдуулдаг юм шиг санагддаг.
Хөвсгөл аймгийн харьяат Монгол улсын харцага Г.Ганхуяг: Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлах хэрэгтэй
-Бөхийн дүрэм, журмыг өөрчлөх шаардлагатай. Ялангуяа сэргээштэй холбоотой асуудлыг хуулиар хориглох нь зүйтэй. Энэ асуудлыг үндэсний бөхөөс хол байлгаж цэвэрлэх ёстой гэж үзэж байна. Би 16 настай хүүгээ бөх болгохоор бэлтгэж байна. Үүнийг үндэсний бөхөөс салахгүй бол цаашид хүүгээ бөх болгохоос татгалзана. Хүүгийнхээ эрүүл мэнд, урт удаан наслахыг нь бодож байна. Үндэсний бөхөөр хичээллэж буй бүх хүүхдэд энэ асуудал хамааралтай. Бөхийн дэвжээнд ямар нэгэн ёс зүйгүй үйлдэл гаргасан мөн сэргээш хэрэглэсэн хэн бүхэнд хатуу хариуцлага тооцох ёстой. Дэлхийн спортын жишгээр хариуцлага, шийтгэлийг оногдуулахыг хуульд тусгах хэрэгтэй. Олон улсад нэг удаа сэргээш хэрэглэсэн бол дөрвөн жил, хоёр дахь удаад найман жил, гурав дахь удаад бүх насаар нь барилдах эрхийг нь хасдаг дүрэмтэй. Монгол Улсад сэргээш хэрэглэсэн бөхийн асуудлыг гадаад үзэмж, олны танил зэрэг нэр хүндийг нь ашиглаж хариуцлага, шийтгэлгүй өнгөрүүлдэг. Зарим бөхчүүдийн сэргээш хэрэглэж авсан цолыг нь хурааж барилдах эрхийг нь найман сараар хасаад өнгөрдөг. Нөгөө бөх нь дараа жилийн наадмаар барилдаж л байдаг. Сэргээш хэрэглэсэн эсэх шинжилгээг авч эхэлснээс хойш 38 бөх илэрсэн. Эдгээр нэр бүхий олны танил бөхчүүд хуйвалдаж, авлига өгөх, хэл ам хийдэггүй, ар тал муутай бөхчүүдэд өөрийнхөө хэргийг тохох зэргээр энэ асуудлаас бултсаар ирсэн. Эдгээр бөхчүүдийн нэрсийг олон нийтэд зарлах цаг нь болсон. Түүхэн цаг үе бүхэнд сайн барилдаж байсан улс төрд нөлөө бүхий бөхчүүд холбогдсон байдаг.
Улсын начин Т.Дүгэрдорж: Хувь хүнээс нь шалтгаалж шийтгэл оногдуулж байна
-Үндэсний бөхийн одоогийн мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг өөрчлөх шаардлагатай. Аливаа дүрэм гэдэг зориулагдсан хүмүүстээ ижил тэгш үйлчлэх ёстой байдаг. Харин одоогийн дүрэм тэгш үйлчилж чадахгүй байна. Тухайлбал, допинг болон сахилгын шийтгэл нь хувь хүнээс нь шалтгаалаад шийтгэл нь өөр өөр байгаад байна. Тиймээс дээрх дүрэм, журмаа илүү боловсронгуй болгох буюу нарийвчилж өгөх хэрэгтэй. Тодруулбал, допингийн ийм төрлийн бодис илэрсэн бол тэдэн жил, ийм төрлийн зөрчил гаргасан бол цол, зэрэг зиндаанаас үл хамааран ийм шийтгэл гэх зэргээр оруулж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Одоо бол ерөнхий заалттай байна.
Зөрчил гаргасан бөхчүүдийг шийтгэх нь зөв. Гэхдээ олон нийтийн хандлага зэргийг үл хамааран өөрийн дүрэмд захирагдан шийтгэл оногдуулмаар байна. Тухайлбал, олон нийтийн сүлжээнд зөрчлийн асуудал нь тархсан хүнд илүү чанга шийтгэл оногдуулдаг байдал сүүлийн үед анзаарагдах боллоо.
Улсын заан Б.Батмөнх: Шийтгэлийг чангаруулж, хариуцлагатай хандах хэрэгтэй
-Үндэсний бөхийн барилдааны одоо хэрэгжиж байгаа дүрэм журмыг өөрчлөөд байх шаардлагагүй. Өмнө нь барьц сонгож барилддаг байхад бөхчүүдийн хөдөлгөөнийг хязгаарлаад жин нэмэхэд нөлөөлсөн. Сүүлдээ мэх хийхээ больсон сул талтай. Одоо идэвх харснаар хэн сайн мэх хийж, ажилласнаараа давдаг болсон. Илүү уран сайхан барилдааныг гаргаж ирж байгаагаараа давуу талтай байна. Зөрчил гаргасан бөхөд өгсөн шийтгэлд хариуцлагатай, тууштай хандах хэрэгтэй. Эргэж буцаж, гаргасан шийдвэрээ няцаагаад байлгүй нарийн хариуцлагатай хандмаар байна. Хоёр, гурван жилээр эрхийг нь хасчхаад ойлгосон, ухамсарласан нэрийдлээр шийтгэлийг нь хүчингүй болгодог байдал таалагддаггүй. Зөрчил гаргасан бөхчүүдийн шийтгэлийг чангаруулж, нарийн баримтлуулах нь дараагийн залуу үеийнхэнд зөв үлгэрлэл болно. Ингэж болохгүй юм байна гэдгийг багаасаа ухаараад өсчихвөл дараа нь алдаа гаргахгүй болов уу.
Аймгийн заан Б.Түвшинтулга: Дүрэм солиход дасах хугацаа хэрэгтэй
-Үндэсний бөхийн барилдааны одоо байгаа дүрэм журамд өөрчлөх зүйл байхгүй. Тодруулбал, одоо байгаа дүрмээрээ барилдаж байсан нь дээр. Энэ дүрэмийг боловсруулахн тулд олон удаа сайжруулж, шинэчлэн баталж, одоогийн дүрэм дээрээ тогтсон байх. Одоо дахиад сольвол бөхчүүд шинэ дүрмэндээ дасаж барилдах гэж хугацаа орох байх. Миний хувьд одоо баримталж буй шинэ дүрэмд дасах гэж бас багагүй хугацаа зарцуулж байлаа.
Зөрчил гаргасан бөхчүүдийн шийтгэлийг зөв гэж хардаг. Эхний удаа алдаа гаргаж байгаа бөхчүүдэд нэг удаа сануулга өгч, дахин давтвал шийтгэдэг байвал бас зүгээр юм болов уу. Одоо бол алдаа гаргавал шууд тодорхой хугацаагаар барилдах эрхийг нь хасдаг. Бөх бол сайхан эрчүүд барилддаг хагас тулааны спорт. Харин сэргээшийн төрлийн бодис хэргэлсэн бөх байвал шууд арга хэмжээ авах нь зөв гэж боддог.
Үндэсний бөх сонирхогч, сэтгүүлч С.Зэвсэг: Барилдаан тойрсон хэрүүл маргаан дүрмээс л болж байна
-Дүрэм, журмыг өөрчлөх шаардлагатай. Монголын үндэсний бөхийн барилдааны үеэр гарч байгаа хамаг будилаан, хэрүүл маргаан энэ дүрмээс л болж байна гэж үздэг хүмүүстэй би санал нийлдэг. Өөрчлөхдөө үндэсний бөхийн түүхэн уламжлалыг онцгой анхаарах, тэгэхдээ илүү дутуу, элдэв хоёрдмол санаагүй, энд тэндээ ямар нэг “цоорхойгүй” товч тодорхой заалт бүхий дүрэмтэй болох сон. Хамгийн гол нь хэтэрхий мэдэмхийрэгчид, өөрийгөө түрүүлж бодогчдын нөлөө, дарамтад автахгүйгээр маш сайн боловсруулах хэрэгтэй болов уу.
Зөрчил гаргасан бөхөд оноох шийтгэл зөв буруу, болсон болоогүй юм их байдаг байх. Мэдээж зэмлэл шийтгэл гэж байх нь зөв. Гэхдээ шударга, хатуу чанга, тов тодорхой, хаана хэзээ ямар ч нөхцөлд хэрэглэх боломж бүхий заалттай байх учиртай. Одооных шиг бүрхэг, асуудалд холбогдсон бөхийн алдар цол, ар талын хамгаалалт, хэл ам татаж хэрүүл хийх чадвар зэргээс шалтгаалан хүн хүнд ялгавартай хандаж болохоор сул талтай байж таарахгүй. Гэхдээ Монголын Үндэсний их баяр наадмын тухай хууль, Бөхийн барилдааны дүрэм хоёрыг УИХ, Засгийн газар тус тусд нь баталдаг ч хоорондоо нягт уялдаа холбоотойгоор нэг л асуудал тул хамтад нь иж бүрэн шинэчлэн боловсруулж Засгийн газар, УИХ-д өргөн барьж таарна. Эдгээр баримт бичиг дотор чинь нөгөө зэмлэл шийтгэл гэдэг юм чинь багтана биз дээ. Ер нь болдог бол Монголын Үндэсний их баяр наадмын тухай хууль, Бөхийн барилдааны дүрэм хоёрыг УИХ-аар хамтад нь баталдаг байвал хэн дуртай хүн, яаран шүүрч авч “янзлаад” байхгүй, арай урт настай, удаан үйлчлэлтэй байх болов уу хэмээн бодож байна.
Аймгийн арслан Г.Мөнх-Эрдэнэ: Ёсзүйн зөрчлийг арилгахын тулд шийтгэлийг чангаруул
-Үндэсний бөхийн одоогийн баримталж буй дүрэм, журам бол боломжийн гэж боддог. Харин зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцох асуудалд анхаарах хэрэгтэй. Нэг бөх ёс зүйн асуудал гаргах бүрд дагаад бидний нэр хүнд унаж байдаг. Тиймээс ёс зүйн асуудал гаргасан бөхчүүдийн шийтгэлийг илүү чангаруулах ёстой юм шиг санагддаг. Жишээлбэл, барилдааныг дундаас нь хаяж явдаг асуудал бол үзэгч түмнээ хүндлэхгүй байгаа ёс зүйн зөрчил шүү дээ. Гэтэл гурван сараар шийтгэж байгаа юм. Энэ бол амралтын л хугацаа. Харин есөн сараар шийтгүүлсэн хүнд бол хайран цаг хугацаа шүү дээ. Тиймээс зөрчил гаргаж буй байдлыг арилгахын төлөө шийтгэлийг чангаруулах шаардлагатай гэж харж байна
Бөх сонирхогч Ц.Рааш: Идэвхээр гээд шийдэж байгаа нь маргаан дагуулсаар байна
-Монгол үндэсний бөхийн дүрэмд зарим өөрчлөлт хийх нь зөв. Бөхчүүд заавал хаялцахад шахааны барьц сонгож шийддэг байсныг болиулж идэвхээр шийддэг болсон нь утгагүй санагддаг. Аль нэг бөх нь хаяагүй байхад идэвхээр гээд шийддэг нь бөх сонирхогчдод байтугай барилдаж буй бөхдөө ойлгомжгүй, шийдвэр гаргагч хөлийн цэцийн зүгээс нутаг ус, танил талаа харах ашиг сонирхлын асуудал үүсгэж, маргаан дагуулсаар байна. Идэвхээр давдгийг болиулах хэрэгтэй. Мөн шударга бус хөлийн цэцийг ч шийтгэж баймаар. Зөрчил гаргасан бөхийг шийтгэх нь зөв. Одоогийн шийтгэлийг арай зөөлдөж байна гэж үзэж байна.
Архангай аймгийн Чулуут сумын харьяат сумын заан, спортын сэтгүүлч Ц.Анхманлай: Шийтгэл харилцан адилгүй байгаа нь талцах шалтаг болж байна
-Цаг үеэ дагаад бүхий л спорт хөгжиж өөр өөрийн гэсэн хөгжлийн шатандаа хүрч байгаа. Үндэсний бөх ч анх үүссэн найр наадам, сонирхогчдын буюу энгийн хүн шууд барилдах боломжтой тэр үеийн анхлан гаргасан дүрэм журмаа өнөөдрийн мэргэжлийн болтол хөгжсөн энэ цаг үедээ тохируулж дүрэм, журмаа шинэчлэх ёстой. Хэдийгээр үндэсний бөх бол монголчуудын найр наадмын хамгийн том багана, спорт биш наадгай гэж үзэх ч өнөөдрийн хувьд үндэсний гэх тодотголтой хамгийн том спорт болж хөгжсөн тул үүнийг дагаад маш их тэмцэл, маргалдаан, зөрчилдөөн үүсэх нь тодорхой. Энэ бүхнийг хагалах судалгаан дээр үндэслэсэн чанга дүрэм хэрэгжихгүй бол буруу тал руугаа хөгжих нь давамгайлна.
- Бөхийн зөрчлийг маш сайн тодорхойлсон шийтгэлийн дүрэм хэрэгтэй. Өнөөдрийн байдалд бол тухайн хүний нийгэмд эзлэх нэр хүнд, нийгмийн сэтгэлзүйг харгалзаж хүн хүнд өөр шийтгэл оногдуулж байгаа нь монгол бөхийг жалга довоор талцуулах хамгийн том шалтаг болж байгаа.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу: Ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг журмыг чангатгах хэрэгтэй
-Үндэсний бөхийн дүрэм журамд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж бодож байна. Өмнө нь шөвгийн даваануудад аймгийн цолтой бөхчүүд үлдэхэд эрэмбээр нь барилдуулдаг байлаа. Энэ үед ямар ч асуудал гардаггүй байсан. Гэтэл одоо ам авахаас эхлээд ойлгомжгүй олон дүрэм байдаг болжээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Уг нь үндэсний бөхийн дүрмийн зөвлөл гэж бий шүү дээ. Өнөөдөр Японы сүмо бөх дүрэм журмаа ямар сайн мөрддөг билээ. Хоёр бөх барилдахад ялсан бөх нь өрсөлдөгчийнхөө үсэнд хүрсэн, зулгаасан байвал шууд ялалтыг өөрчилдөг. Ийм хатуу, чанга дүрэм хэрэгтэй байна.
-Монголчууд бид эртнээс бөхөө дээдэлж ирсэн ард түмэн. Гэтэл бөхчүүд зүлэг ногоон дэвжээгээ хүндлэхгүй байгаа нь муухай харагдаж байна. Ялангуяа барилдааны үед маргалдах, гар зөрүүлэх нь зүй бус шүү. Үүнийг бөхчүүд өөрсдөө ухамсарлах цаг болсон. Би урлагийн хүн. Насаараа урлагийн байгууллагад ажиллалаа. Манай нэг жүжигчин тайзан дээр гараад хайнга зогсоод, эвшээлгээд байвал үзэгчид хэрхэн хүлээж авах вэ. Үүнтэй адилхан манай бөхчүүд уг нь дэвжээн дээр гараад барилдах нь нэг ёсондоо ажлаа хийж байгаа явдал. Гэтэл үзэгчдээ хүндлэхгүй байгаа нь зохисгүй. Иймэрхүү үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцдог тогтолцоо баймаар байна. Ингэж журамд нь оруулж байж л монгол бөхийн хөгжил цаашаа үргэлжилнэ гэж бодож байна.
Аймгийн начин Б.Бадрангуй: Допингийн шижилгээг улиралд нэг удаа хийдэг болгоё
-Үндэсний бөхийн одоогийн дүрэм, журмаас идэвхгүй барилдсаныг нь хасдаг дүрмийг өөрчлөх ёстой юм шиг санагддаг. Учир нь идэвхгүй барилдаж байгаа мэт харагдаж байгаа боловч сүүлийн минутад хоёр бөх хоёулаа хүч тамир нь барагдсан байдаг. Ийм үед хүнийг харагдах байдлаар нь дүгнэж хасаж байгаа нь хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа хэлбэр. Харин үүний оронд жүдо бөх шиг торгуультай болгож, хоёр удаа торгуулсан хүн нь илүү барьц авч барилддаг болох зэргээр шийдэж болох юм шиг санагддаг. Үүнээс бусад дүрэм дээр бол маргах зүйл байхгүй.
Зөрчил гаргасан бөхөд оногдуулах шийтгэлийг улам чангаруулах ёстой гэж хардаг. Тухайлбал, сум, аймгийн баяр наадамд бага цолтой бөхчүүд эвтэй сайхан барилдаад байж болдог. Харин улсын цолтой бөхчүүд ирэхээр л маргаан гардаг. Улсын цолтой бөхийг сум болон аймгийн цолтой бөх хаяхад л хэрүүл, маргаан үүсдэг. Тиймээс энэ мэт ёс зүйн зөрчлийг арилгахын тулд шийтгэлийг улам чангаруулах хэрэгтэй. Ингэснээр зөрчил арилах боломжтой. Мөн асуудал үүсгэсэн хоёр бөхийг хоёуланг нь байлгаж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Допингийн асуудлыг байхгүй болгохын тулд бөхийн өргөөнд болж буй улирлын чанартай барилдааны үеэр түүврийн аргаар допингийн шинжилгээ авснаар энэ асуудал цэгцэрнэ гэж бодож байна. Шинжилгээ хийлгэх мөнгө, санхүүжилт нь байхгүй бол барилдаан бүрийн үеэр бага хэмжээний хураамж авч түүгээрээ шинжилгээ явуулах боломж байна гэж хардаг.
Бөх сонирхогч, багш Э.Даваа-Очир: Сэргээшийг “нутагшуулах” нь өв соёлыг уналтад оруулах аюултай
-Монгол үндэсний бөхийн дүрэмд шинэчлэл хийх нь зөв. Нэгэнт мэргэжлийн шинжтэй, тухайн тамирчдын нэг насны амьдралын асуудал болж байгаа тул маш олон зүйлийг дүрэмдээ нарийвчлан тодорхойлж заах ёстой. Тухайлбал хоёр бөх бараг зэрэг шахам унах тохиолдолд хөлийн цэц бичлэг үзээд шийдэж байгаа ч маргаантай үр дүн гарч байна. Ер нь бөхийн өргөө, наадмын цэнгэлдэхэд дор хаяж найман талаас нь камераар бичих хэрэгтэй. Түүнчлэн бүр дөрвөн талаас нь газарт байрлуулсан камераар бичиж, хэн нь түрүүлж шороодсоныг шийдэх ёстой. Бөхийг идэвхээр хаялцуулж байгаа тохиолдолд яг ямар шалтгаанаар, дүрмийн ямар заалтаар хэн нь идэвхийн оноо авч, хэн нь алдаж байгааг шууд хэлж байх хэрэгтэй. Мөн хөлийн цэцээс бөхийг давуулах, хасах зэрэг шийдвэр гаргахдаа нутаг ус, танил тал харах, бөхийн холбоо, улс төрчдийн нөлөөлөлд автаж буй байдал харагддаг тул маш нарийн шийдэх ёстой. Зөрчил гаргасан бөхийг шийтгэх нь маш зөв. Доод цолтондоо дээрэлхүү, дээд цолтондоо хүндэтгэлгүй хандахаас эхлээд бэртээж гэмтээхүйц хаяж байгаа, улайм цайм 2-3 даваанд дараалан амласан бөхчүүд нь буугаад улс, аймгийн цолд хүргэж өгч байгаа тохиолдолд яаж шийтгэхийг дүрэмдээ яв цав тодруулж, энэ асуудлыг хэрхэн хэлэлцэн шийдвэрлэж байгааг спортын сувгаар шууд дамжуулахыг хүсдэг. Зөрчил гаргасан бөхөөс илүүтэйгээр буруу шийдвэр гаргаж буй хөлийн цэц, холбооны албан тушаалтнуудыг маш хатуу шийтгэмээр байдаг. Бөхчүүдийн сэргээш хэрэглэсэн зөрчилд эхний удаад барилдах эрхийг таван жилээр хасах, давтан гаргавал барилдах эрхийг нь бүрмөсөн хасах шийтгэл ногдуулмаар байна. Эс тэгвэл бөхчүүд Н.Батсуурь, Э.Оюунболд, М.Бадарч шиг өндөр цолд хүрсэн хойноо ч зориудаар хэрэглээд сэргээшийг үндэсний спортод бүрмөсөн “нутагшуулах”, үндэсний бөхийн барилдаан үзэх хүсэлтэй хүмүүсийн тоо эрс багасах, үндэсний өв соёл маань уналтад орох аюултай. Мөн сэргээшийн эсрэг үндэсний төв ч билүү тэр байгууллагын ажил, тэнд байдаг, сэргээшийн шинжилгээ авдаг хүмүүсийн талаар чанга бодлого барихгүй бол тэнд жинхэнэ “хорчид” байна гэж үздэг.
Дундговь аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Х.Баттөр: Барилдааны үед гаргасан зөрчлийг шуурхай шийдвэрлэж байх хэрэгтэй
-Дүрэм өөрчлөгдөх шаардлага цаг хугацааны эрхээр үүсч байна. Монголчууд бөхөө дээдэлж, хүндэлдэг. Бөхчүүд маань олон нийтэд ёс суртахууны үлгэрлэл, манлайлал үзүүлж, жудагтай байх ёстой. Барилдааны үед барьц буруу авах, өрсөлдөгч бөхөө гэмтээх, хаялцах үедээ нидрэх, өвдөглөх, өлмий дээр гишгэж мэх хийх зэрэг дүрмээр хориглосон үйлдэл гаргах нь цөөнгүй тохиолдох болсон нь зохисгүй байна. Дүрмээр барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл шийтгэлтэй ч ижил зөрчилд харилцан адилгүй хариуцлага ногдуулах явдал бас байна. Мөн уран мэхийг уралдуулан барилдаж, өрсөлдөгчөө өвдөг тохой шороодуулж авдаг давааг хаялцаагүй байхад нь идэвхээр нь шийддэг дүрмийг бөх сонирхогчид таалахгүй байгаа. Алдар цолтой бөхчүүд бөхийн холбооны хуваарьт томоохон барилдаануудад оролцох нь цөөрч байгаад анхаарал хандуулж, оролцоог нь дэмждэг, урамшуулдаг, нөгөө талаас идэвхжүүлэх дүрмийн хөшүүрэг, зохицуулалт ч байхад болохгүй зүйлгүй.
- Барилдааны үед гаргасан зөрчлийг шуурхай шийдвэрлэж байх хэрэгтэй. Ижил зөрчилд ялгаатай хариуцлага ногдуулж байгаа нь шударга бус. Гэм зэмийг нь тэнцүүлж байж зөв болно. Бөхчүүдийн хариуцлага ёс зүй, жудаг соёлд анхаарах нь үндэсний бахархалт өв болсон бөхийн барилдаан, бөхчүүдийнхээ нэр хүндийг хамгаалж байгаа хэрэг.
Аймгийн начин О.Зундуй: Үзэгч түмнээ хүндлээд хаялцах, давах ёстой
-Үндэсний бөхийн өнөөгийн дүрэм, журмыг өөрчлөх шаардлагатай байна. Тухайлбал, идэвхгүй барилдсан бөхийг хасдаг дүрэм бий. Гэвч үзэгчид бөх үзэхээр ирдэг. Гэтэл хэн нь ч өвдөг шороодоогүй байхад аль идэвхтэйг нь давуулдаг. Бөхөд хайртай үзэгч түмнээ хүндлээд заавал хэн нэгэн нь давах ёстой гэж боддог. Хэн идэвхтэй байна гэдгийг нь харах гэж үзэгчид цугладаггүй шүү дээ. Мөн зодог шуудаг, гутал хувцасны стандарт гэж бий. Гэтэл зарим хүмүүсийг гуталын ногтгүй барилдуулаад заримыг нь заавал ногттой байх ёстой гэдэг. Мөн зодогны танаас, ширээсний асуудлыг стандартын дагуу мөрдүүлэх хэрэгтэй. Заримд нь хэрэгжээд, заримд нь хэрэгждэггүй энэ байдлыг болих хэрэгтэй. Харин зөрчил гаргасан бөхөд оноох шийдвэр бол байх ёстой. Тухайлбал, допингийн асуудалд орсон бөхчүүд цолоо хураалгах эсвэл эрхээ хасуулдаг. Дээрх хоёр шийтгэлийг хоёуланг нь хүлээлгэсэн тохиолдол ч бий. Энэ зун сум болон аймаг, улсын наадмын дундуур барилдаанаа орхисон бөхчүүд байна. Мөн танхайрч, ёс зүйн алдаа гаргасан бөхчүүд ч бий. Эдгээр хүмүүсийн барилдах эрхийг 3-9 сараар хассан байна лээ. Энэ бол зөв гэж боддог.
Хуульч, бөх сонирхогч Б.Пүрэвсүрэн: Зөрчил гаргасан бөхийн шийтгэл ялгаатай байгаа нь буруу
-Үндэсний бөхийн дүрэм, журмыг өөрчлөх хэрэгцээ шаардлага бий. Тодорхой жишээгээр хэлэхэд, Хөлийн цэцүүд санал өгөхөөс татгалзсан тохиолдолд барилдааныг "идэвх"-ээр шийдэхгүй байх боломжтой. Зөрчил гаргасан бөхийн шийтгэл харилцан адилгүй, ялгаатай байгаа нь буруу. Эрх зүйт ёсны үүднээс хууль, дүрэм, журам бүгдэд тэгш үйлчлэхийг сайн хууль, дүрэм, журам гэж ойлгодог. Иймд аварга ч, залуу бөх ч ялгаагүй дүрэм журамд захирагдах нь зүйтэй.
Гавьяат дасгалжуулагч С.Тулга: Бөхчүүд дэвжээнд гарахдаа хариуцлагатай хандмаар байна
-Үндэсний бөхийн дүрэм журмыг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай явдаг хүний нэг нь би. Хэдийгээр бид ёс уламжлалаа дээдлэх ёстой ч цаг үеэ дагаад өөрчлөх ёстой зүйлээ өөрчлөөд явах нь зөв гэж бодож байна. Дэлхий нийт өнөөдөр хурдтай, аливаа зүйлийг богино хугацаанд үзэх сонирхолтой болж байна. Ялангуяа үндэсний бөхийн барилдаан шуурхай байх тусмаа л сонирхолтой болов уу. Өнөөдөр энэ өөрчлөлтийг дагаад Японы сүмо бөх дүрмийн өөрчлөлтүүдийг хийж, ямар үзүүштэй болж байгааг та бүхэн харж байгаа байх.
-Дэгтэй газар дээшилдэг гэж үг бий. Өнөөдөр бидний хайрлаж хүндэлдэг бөхчүүдийг олон мянган хүүхэд харж, үлгэр дуурайл авдаг шүү дээ. Тиймээс эдгээр бөхчүүд ч дэвжээнд гарахдаа хариуцлагатай хандмаар санагддаг. Нэг нэгэндээ унаж өгдөг найраа хийдэг асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Өнөөдөр Японы сүмо бөхөөс үлгэр авмаар байна. Тэд ямар хатуу дүрэм тогтоож, ёс зүйн хариуцлага алдсан бөхөд арга хэмжээ авдаг. Тиймээс ямар ч бөх гарч ирээд дэвжээн дээр худал барилддаггүй. Үүн шиг хатуу дэг, дүрэм хэрэгжүүлж байж, монгол бөхийн хөгжил цаашаа урагшилна гэж бодож байна.
Бөх тайлбарлагч Ц.Батнасан: Гурвын даваанд ам авдаг дүрмийг өөрчлөх хэрэгтэй
-Миний хувьд ганц нэг дүрэм, журмыг өөрчилмөөр санагддаг. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны гурвын даваанд аймгийн цолтой бөх ам авч байсан түүх байхгүй. 2022 оноос гурвын даваанд ам авдаг болсон. Үүнийг хуучин журмаар явуулах нь зүйтэй. Аймгийн цолтой бөх улсын наадамд ам авах гэж зорьж ирдэг байсан. Тухайлбал, гурвын даваанд аймгийн цолтой арван бөх таарахад оноолтоор хооронд нь тулгаж барилдуулдаг байсан. Одоо ам авдаг болсон. Тиймээс аймгийн цолтой хүн ам авдаг энэ дүрмийг эргэж хараасай хэмээн хүсдэг. Мөн бусад дүрэм нь ямар ч хүнд ойлгомжтой болгох хэрэгтэй байна. Тодруулбал, нэг бөхөөс допинг илрэхэд авах арга хэмжээ нь тодорхой байх нь зүйтэй. Гэтэл өнөөгийн нөхцөлд харилцан адилгүй арга хэмжээ авч байна. Энэ нь иргэдийг төөрөгдүүлж байна. Үзэж буй жирийн үзэгч допинг илэрсэн хүн яаж шийтгүүлэхийг мэддэг байхаар тодорхой тусгах хэрэгтэй.
Зөрчил гаргасан бөхийг шийтгэдэг байх нь зөв. Зөрчил шийтгэлийг газар дээр нь шийдэж байхгүй бол сүүлийн үед газар авч байна. Үүнд би бөх сонирхогч хүнийхээ хувьд эмзэглэж явдаг.
Тухайлбал, орон нутагт улсын цолтой бөхчүүд очихоороо сум болон аймгийн цолтой бөхчүүдийг унагах, бэртээх, шил рүү нь цохих, нидрэх зэрэг үйлдэл ихээр гаргадаг.
Бөх сонирхогч Д.Дэмбэрэл: Хэлэлцүүлэг өрнүүлж буй нь сонин байна
-Монгол бөх уламжлалаараа тун сонин хөгжиж ирсэн түүхтэй үндэсний өвөрмөц спорт билээ. Хээрийн бэлчээр наадам баяр, ямарчгүй барилдана. Онцлог нь цаг наргүй, зай талбай үл харгалзана. Энэ талаараа өнөөх нүүдлийн соёл иргэншилд тохирсон үндэсний спорт юм. Аймаг хошуу нутаг усаараа улсын чанартай баяр наадам бишгүй болдог байв. Харин энэ нь сүрхий дэг журамтай ах зах, алдар цол, зэрэг эрэмбэ дараалалтай барилддаг байжээ.
Дээр үед цаг нар үл харгалзан жинхэнэ хүч шавхсан барилдаан болдог байж. Хаялцахгүй хоноод маргааш нь үргэлжлүүлэн барилддаг, ах дүү бөхчүүд, өөрөө болон аль нэгийнхээ оронд барилдах зэрэг баримт байдаг. Энэ бол тийм таатай үйлдэл биш. Орчин цагт дэлхийн хэмжээний ихэнх бөхийн спорт цаг хугацаа, мэхийн ур хийц гаргаж барилдахыг эрхэмлэдэг болсон санагддаг. Тиймээс монгол бөхийг энэ жишиг рүү ойртуулсан дүрэм журамтай болговол зүгээр мэт. Барьц мэтээр журамлах нь төдий л оновчтой биш. Харин түргэн барилдуулж хаялцах нь чухал. Иймээс дүрэм журмыг өөрчилөх нь зөв л байх. Допинг мэтээс болоод бөхийн цол хэргэмийг хасдаг дүрэм журам байдаг бололтой. Энэ бол тухайн бөхийн өөрийнх нь ёс жудгийн асуудал юм. Ер нь амьдрал хугацаатай барилдуулахыг эрхэмлэх нь чухал олон сар жилээр барилдах эрхийг хасах нь буруу. Энэ нь тухайн бөхийн төдийгүй үзэгчдийн хүслийг хаясж буй хэрэг юм. Барьцан дээр янз бүрийн дүрэм журам үйлчилдэг болотой дан давхар шуудаг, тал гэх мэт зарим нь бүр хүнээр барилж байх жишээтэй. Аливаа барьцыг эр бяр, овсгоо самбаагаар л олж авах ёстой.
Аймгийн арслан, Бөхийн чөлөөт бөхийн барилдааны олон улсын хэмжээний мастер Г.Батпүрэв: Дүрмийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах цаг болсон
-Үндэсний бөхийн бичигдээгүй хууль гэж бий. Гагцхүү бөх барилдаж, барилдуулж буй хэн ч уламжлагдаж ирсэн бичигдээгүй хуулиа сайн ойлгодоггүй. Учир нь Монголчууд эрт дээр үеэс бөхөө дээдэлж ирсэн дэг жаяг, ёс уламжлал, зан заншил, удамшил зэрэг үнэт зүйлсийг цаасан дээр буулгаж хэрэглэнэ гэдэг амаргүй зүйлтэй тулгарсан. Үндэсний бөх Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Монгол Улсын хийморь сүлд нь бөхчүүдтэйн хамт явж байдаг. Тиймээс бөхийн ариун ногоон дэвжээнд эрт үеэс уламжлагдан ирсэн “зодгийн садан” хэмээх чухал ёс, дэгээ сахих нь бөх хүн бүрийн үүрэг. Энэ нь ямар учиртай үг вэ гэвэл ах дүү, төрөл төрөгсдөөс илүүтэй бөхийн садныгаа дээдэлж бие, биеэ хүндэтгэлтэй харьцах ёстой юм. Хэрэв бөх хүн үнэт зүйлээ үгүй хийсэн үйлдэл хийвээс ариун ногоон дэвжээг чимээгүйхэн орхих хэрэгтэй. Сэргээш үнэртүүлсэн л бол түүнд хамгийн хатуу ял шийтгэл оногдуулах хэрэгтэй. Ер нь хэн нэгэн шуналтай хүнээр дэлхийд ганц үндэсний өв соёлоо сэвтүүлмээргүй байна. Монгол бөх мянга мянган жилээр баттай хөгжин ирж өнөө бидний үнэтэй бүхний баталгаа болж эцэг өвгөдийн бүтээсэн эх түүх, төр ёсны өв соёл болон хөгжин ирсэн. Гэвч Монгол бөхөд шүтэн барилдлага хэмээх үнэт зүйл үгүй болж байна. Ингэснээр хүндлэл, талархал үгүй болж муу бүхний эхлэл үүсээд байгаа юм. Их түүх эцэг өвгөд, уул ус эх дэлхий, зан заншил ахуй соёлтойгоо шүтэн барилдаж зохирдог түүх мартагдсан байна. Үндэсний бөхөө орчин цагийн мэргэжлийн спортын адил тэмцэлдүүлэх дүрэм, журмаар явуулаад байна. Үүнээс болж үндэсний бөхийн уламжлал, дэг жаяг алдагдахад хүрч байна. Тиймээс бөхийн дүрмээ танин мэдэхүйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах цаг болсон. Үүнд:
Монгол хэмээхүйн учгийг
Монгол бөх хэмээхүйн учрыг.
Монгол бөхийн хөгжил хэмээхүйн үнэнд ёс зохирох хэрэгтэй.
Үүнийг мэдвэл Монгол хүний сүнс,сүр сүлд өргөгдөх болно оо. Та бүхнийг Их төрийн минь сүлд өршөөх болтугай.
Бөх сонирхогч Б.Цэнд-Очир: Өв уламжлалаа л хадгалах нь зөв
-Миний хувьд жирийн малчин уяач. Тэгэхээр морь бөх хоёр нэг саванд гэдэг болохоор аль алийг нь сонирхож явлаа. Морь уясаар аймгийн алдарт уяач болсон. Бас нэг үе барилдаж сумандаа түрүүлж сумын заан болж байлаа. За уучлаарай. Өөрийгөө магтчих шиг боллоо. Тэгэхлээр монгол үндэсний бөх маань хөгжиж байна л даа. Гэхдээ нэг удаа 6000 гаруй бөх барилдчих хэмжээнд очсныг, бөхийн тоо олширсныг хөгжил гэвэл арай биш биз ээ. Бөхийн барилдааны дүрэмд янз бүрийн өөрчлөлт хийж үзэж л байх юм. Зарим өөрчлөлт нь өв уламжлалаас хазайсан юм шиг бодогддог.
Тухайлбал нэг үе мөрдөгдөж байсан барьц сонгуулах арга тун арга ядсан үйл байсан. Одоо цаг хугацаагаар хязгаарлаж байх юм. Энэ бас биш ээ. Монгол бөхчүүдийн дунд талцах, зохисгүй зан авир гаргадаг нөхөд байдаг л юм. Тэдэнд тохирсон шийтгэл оноох нь зөв л байх. Гэхдээ дан барилдах эрхэнд нь халдахыг чухалчлах биш эрэмбийг нь доошлуулах, сахилгын ноцтой зөрчлийн эзэнд цолыг хураах шийтгэл байсан ч буруудахгүй л болов уу. Допинг гэдгийг нэгэнт хэрэглэсэн тохиолдолд дэлхий нийтийн жишгийг дагах л хэрэгтэй байх. Гэхдээ хүн хүнд ялгаатай хандаж болохгүй дээ.
Хөвсгөл аймгийн иргэн, бөх сонирхогч Ц.Батцэрэн: Нутаг харгалзалгүй ижил шийтгэхийг дэмжинэ
-Монгол үндэсний бөх бол хэдэн зуун жилийн уламжлалтай, манай соёлын үнэт өв юм. Гол онцлог нь талбай хязгаарладаггүй, мөн жин, өндөр харгалзалгүйгээр бөхчүүд нэг дор олноороо гарч барилддагаараа дэлхийд ганц барилдаан. Үндэсний бөх хөгжлийн оргилдоо хүрэхийн хэрээр орчин үеэ дагаад дүрмийг өөрчлөх шаардлагатай. Өөрчлөхдөө дээр дурдсан гол онцлогийг нь хадгалах хэрэгтэй. Хаялцахгүй удаж байгаа бөхчүүдийн давааг идэвхээр шийддэг нь зөв боловч идэвх хэрхэн гаргаж, ямар оноо авч, эсвэл алдаж байгааг энгийн бөх сонирхогчдод харагдахуйц ил тод байлгаж шийддэг болгох нь чухал. Түүнээс биш төдийлөн тодорхойгүй, хөлийн цэцийн үзэмжээр юм шиг, нутаг ус, танил тал харсан мэт шийдэж буй одоогийн байдлыг өөрчилж, нарийвчлан боловсронгуй болгох хэрэгтэй. Олон маргаантай жишээг дурдаж болно. Энэ нь наадамчдад таалагдахгүй байгаа. Эс тэгвэл үзэгчгүй болно.
Зөрчил гаргасан бөхийг хатуу шийтгэх ёстой. Гэхдээ бөхчүүдийг алагчлалгүй адилхан шударга шийтгэх нь зөв. Хэн нэгний нөлөөлөл, нутаг ус харгалзалгүй ижил шийтгэхийг дэмжинэ. Гол нь шийтгүүлж буй бөх гэхээсээ шийтгэл оногдуулж байгаа хөлийн цэц буюу наадам зохион байгуулах хорооны баг их анхаарал татаж байна. Тэд шударга ажиллах ёстой. Шийтгэл оногдуулдаг багийг олон хүний саналаар сонгож, томилон ажиллуулдаг байвал шударга болно. Бүх зүйл цаасан дээр бичигдсэн дүрмээрээ шийдэгдэж, зөрчил гаргасан хөлийн цэц, засуулыг ч зохих ёсоор шийтгэх ёстой. Аймгийн наадамд ямар ч цолтой, хүссэн бөхийг барилдуулах журам, дүрэмтэй боловч энэ оны Булган аймгийн наадамд Архангайн бөхчүүдийг барилдуулаагүй ноцтой зөрчилд хариуцлага тооцолгүй зүгээр өнгөрч байна. Мөн сумын наадмын бөхийн оноолтыг дур зоргоороо хийдэг. Хоёр болон дөрвийн даваанд хамгийн өндөр цолтой бөх, хамгийн бага цолтой эсвэл хамгийн залуу бөхтэй оноолт таарах ёстой байтал “тэрийг түүнтэй тааруулж болохгүй, түүнээс зөрүүлье” зэргээр дураараа оноочихдог. Ийм зүйл хийж байгаа хөлийн цэц, наадмын комиссыг шийтгэхээр заалт нэмж, хатуу мөрдмөөр байна. Иймэрхүү зүйлийг гаргадаггүй болтол дүрмээ өөрчилье, мөрдье. Ер нь улсын ч бай аймаг, сумын наадмын хөлийн цэц, ажлын хэсэгт мэдрэмжтэй, шударга, гол нь бөхийн дүрэм, бусад хуулийн мэдлэгтэй хүмүүсийг ажиллуулбал дээрх зөрчил бараг алга болно.
Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний гүйцэтгэх захирал М.Мөнх-Эрдэнэ: Идэвхийн барилдаан зөв
-Миний хувьд барилдааны сүүлийн мөчид идэвхийн оноо өгч эхэлсэн нь зөв гэж боддог. Харин үзэгчид идэвх гэхээр масс ихтэй хүнийг хөнгөн бөх нь элдэж хөөж, гаргаад идэвх аваад байна гэж хараад байх шиг. Гэвч яг дэвжээн дээр гараад барилдах өөр шүү дээ. Тухайн бөх элдэж хөөгдөхгүй байх бүрэн боломж бий. Энэхүү дүрэм нь үзэгчдийг харин ч уйдаахгүй, барилдааныг шуурхайлахад хэрэгтэй, зөв гэж харж байна.
-Зөрчил гаргаж байгаа бөхөд хариуцлага тооцох нь зөв. Жишээлбэл, бүх аймгийн бөхчүүд нэгдсэн зохион байгуулалтад ороод, нэг дэвжээ болдог. Дэвжээний удирдлагууд бүхий л боломжоороо байрнаас эхлээд бэлтгэл хийх нөхцөлийг нь сайжруулахын төлөө ажиллаж байна. Манай дэвжээний хувьд ч амжилттай сайн барилдсан бөхөө урамшуулдаг. Гэтэл зарим нь энд тэндхийн барилдаанд очихоороо овилгогүй зан гаргаж, нэг нэгэндээ хүндэтгэлгүй хандаж байна. Нэдрэх, ёврох, унагасан бөх дээрээ унах зэрэг нь үндэсний бөхөд байх ёсгүй хандлага. Яг ийм үйлдэл гаргасан манай дэвжээний гурван бөх барилдах эрхээ хасуулсан. Үүнийг дагаад аймаг, орон нутаг, дэвжээний нэр цаашлаад монгол бөхийн нэр хүнд унаж байна. Тиймээс эдгээр бөхөд өгч буй ёс зүйн хариуцлагыг чангатгах хэрэгтэй. Зохисгүй үйлдэл гаргасан бөхийн барилдах хугацааг урт болгох шаардлагатай гэж үзэж байна.
Сэтгүүлч Р.Мөнхдаваа: МҮБХ хаялцах барьцыг халснаар зөв алхам хийсэн
- Өнгөрсөн жил цахим хаягтаа улсын харцага Б.Зоригтбаатар цэрвүүгээс буюу барьцгүй барилдааны хугацааг 25 минут байсныг 20 болгож богиносгосныг шүүмжилсэн пост оруулж байсан. Харцагын энэ байр суурийг би дэмжиж байгаа. Барьцгүй барилдааны хугацааг 20 болгож богиносгох биш харин ч бүр уртасгаж 30 минут болговол бөхчүүд дүрэмдээ тааруулаад жингээ нэмэх биш улам хасах, жингээ хассаныг дагаад барилдаан илүү хурдан, уран болох боломжтой гэж үздэг.
Сүүлийн хэдэн жилд хаялцах барьц зэргээс шалтгаалаад дүрмээ дагаад бөхчүүд жингээ нэмж, үндсэндээ биеийн хэлбэрийн хувьд сумочдоос нэг их ялгаагүй болсон нь ажиглагдсан. Үзэгчдийн хувьд ч гэсэн мордох мэх голцуу хийдэг дэндүү тарган бөхчүүдийн барилдаанаас залхаж, дургүйцлээ илэрхийлж байсан. МҮБХ хаялцах барьцыг халснаар зөв алхам хийсэн. Одоо үүнийгээ улам лавшруулж, уран хурц, хурдан барилдааны төлөө шийдвэрүүд гаргана, дүрмээ өөрчилнө гэж найдаж байна.
Бөх сонирхогч Б.Цэнд-Очир: Бөхчүүдэд ялгаатай хандаж болохгүй
-Ер нь монгол хүн бөхөө мэдэхгүй байна гэдэг бол гутамшиг юм шиг санагддаг шүү.
Манай залуу үеийнхэн үндэсний бөх гэхээр зөвхөн эрчүүдийн тоглоом мэт үздэг болсон байна.
Энэ бол буруу. За тэгээд сониноос өгсөн асуултад хариулахад монгол үндэсний бөхийн барилдааны дүрэм журамд цаг үеэ дагаад өөрчлөлт зайлшгүй баймаар санагддаг.
Аливаа юм хөгжиж дэвших нь зүй ёс. Тиймээс уламжлалдаа түшиглэсэн өөрийн өвөрмөц өнгө төрхийг нь гээлгүйгээр дүрэм журмын зарим өөрчлөлт хиймээр л байгаа юм.
Гэхдээ их спорт буюу чөлөөт жүдо зэрэг барилдаанаас зээлдмэл биш өөрчлөлт хэрэгтэй болов уу.
Ялангуяа идэвх харж бас барилдааныг цаг хугацаагаар нь хясаж даваа өгдөг зэрэг өнөөгийн гаж дүрэм үндэсний бөхөд таарамжгүй гэж жирийн бөх сонирхогчийн хувьд бодож явдаг юм.
Нэг үе дэвсгэр, дэвжээний хязгаарлалттай барилдаан хүртэл хийж үндэсний бөхөө бөх биш болгосныг мэднэ. Тэр санаачилга наслаагүй дээ. Миний хувьд яг тэгж өөрчил гэж хэлэх зориг, зүрх алга. Яагаад гэхээр бөхийн мэргэжилтнүүд зүтгэлтнүүд л үүнийг хийх ёстой юм чинь. Зөрчил гаргасан бөхөд зэм, шийтгэл оноох нь зөв л дөө. Голдуу л барилдах эрхийг нь хассан дуулдах юм. Үүнийг бас буруу гэж хэлэх боломжгүй биз.
Харин шийтгэл янз бүр байдгийг л болиулмаар байгаа юм. Тухайлбал допинг хэрэглэсэн нь нотлогдлоо гээд хэн нэгэнд дөрвөн жил барилдах эрхийг нь хассан хэрнээ өөр нэг бөхөд нэг, хоёр жилийн хугацаатай шийтгэл оноодог нь буруу болов уу.
Хэн нэгэн бөхөд ялгаатай хандлага байж таарахгүй л дээ. Би тэрэнд ийм, тийм шийтгэл оноосон гэдгийг нэр ус зааж хэлээд яахав. Тэртэй тэргүй бөх сонирхогч олон түмэн мэдэж байгаа юм чинь.
Бас нэг тэнэгдүү санал хэлэхэд Үндэсний бөхөд тэр допингийн шинжилгээ заавал байх нь хэрэгтэй ч юм уу мэдэхгүй. Үндэсний бөх маань дэлхийн хэмжээний тэмцээнд ямар орох биш. Ер нь допинг огт хэрэггүй юм шүү сурталчилгаа л сайн байвал барав гэж бодогдоно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин