жолооч нарт тулгаж байгаа асуудал гарч эхэлжээ. Жолоочийн даатгалын тухай хуульд жолооч албан журмын даатгалд хамрагдах үүрэгтэй гэж заасан байдаг. Харин тээврийн хэрэгслийн даатгалыг сайн дураараа хийлгэх эрхтэй билээ.


Энэ асуудлаар жолооч Н.Ариунболдтой ярилцлаа.

-Албан журмын даатгал хийлгэхэд тээврийн хэрэгслийн даатгал давхар хийлгэхийг шаардаж байгаа гэв үү. Танд ямар компани юу гэж тайлбарлав?

-Өнгөрсөн оны гуравдугаар сарын 20-нд би “Бодь” даатгалд жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгэсэн юм. Ингээд нэг жилийн хугацаа дуусч гэрээгээ сунгах гэтэл “Бодь” даатглынхан даатгал хийхгүй байгаагаа мэдэгдсэн. Ингээд өөр даатгалын компани хайж эхэлсэн л дээ. Фэйсбүүк дээрээс арай хариуцлагатай, найдвартай ямар компани байж болохыг хайж байгаад Мандал даатгал, Тэнгэр даатгал руу холбогдсон. Гэтэл өөдөөс “Жолоочийн хариуцлагын даатгал дангаараа хийхгүй. Тээврийн хэрэгслийн даатгалыг хамт хийнэ” гэсэн. Ямар үнэ ханштайг асуухад “Таны машины орчин үеийн үнэлгээнээс хамаараад нэг хувиар даатгана гэсэн. Би “Toyota Harrier” машинтай. Зах зээлийн үнэлгээ нв 35-50 саяын хооронд байгаа. Тэгэхэд даатгалын компаниас нөхцөлүүд явуулсан.

Түүнийг нь харахад 35 саяар бодоход нэг хувь гэхээр хамгийн багадаа 350 мянган төгрөгөөр тээврийн хэрэгслийн даатгалыг хийлгэх юм гэнэ. Үүн дээр жолоочийн хариуцлагын даатгал нэмэгдэнэ.

-Багадаа 400 мянга давах нь ээ?

-Тухайн компани даатгалын урамшуулал зарласан байгаа. Хамгийн бага үнэтэй багц нь 480 мянгаас эхэлж байна гэсэн. Эндээ тээврийн хэрэгслийн даатгал болон албан журмын даатгалыг хамтатгасан багц гэж тайлбарласан.

Би лавшруулаад асуусан. Жолоочийн хариуцлагын даатгалыг хийлгэхэд тухайн жилдээ ямар нэгэн осол аваар гаргаагүй тохиолдолд дараа жил нь ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал эдлэх үү гэхэд “Гэрээ сунгах үеэр гэрээгээ үнэлж байгаад хөнгөлөх эсэхийг шийддэг” гэж хариулсан. Бүр хоёр компани яг ийм адилхан хариулт өгсөн. Тиймээс болиод хайж байгаад албан журмын даатгал дангаар нь хийж байгаа “Миг” даатгалд даатгуулсан.

-Албан журмын даатгалыг бол хуулиар үүрэг болгодог. Тээврийн хэрэгслийн даатгалыг жолооч сайн дураараа хийлгэдэг шүү дээ. Гэтэл заавал хамт хий гэдэг нь ямар учиртай юм бол?

-Албан журмын даатгал мэдээж ямар нэгэн байдлаар бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулбал даатгах нь зүй ёсны асуудал байх. Харин тээврийн хэрэгсэл бол тухайн хүний хувийн өмч. Өмчөө даатгах эсэх нь миний эрхийн асуудал байх ёстой шүү дээ. Гэтэл сонголт ч өгөхгүйгээр шууд тулгаж байгаа нь шударга бус, хачирхалтай санагдсан.

-Ингэж хамтад нь даатгах болсон үндэслэлээ тайлбарлах юм уу?

-Таны эд хөрөнгөд үүсэх эрсдэлээс сэргийлж байгаа. Жолооч та хүний эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд албан журмын даатгалаас хохирол барагдуулдаг. Харин та өөрийнхөө хөрөнгийг эрсдэлд ороход манай компани шийдэж өгнө гэдэг тайлбарыг хэлсэн.

-Энэ хоёр даатгалын төлбөр нь харилцан адилгүй юм байна, тийм үү?

-Жолоочийн хариуцлагын даатгалыг би 45.500 төгрөгөөр л хийлгэдэг. Харин тээврийн хэрэгслийн даатгалыг үүнээс 10 дахин нэмэгдүүлсэн өндөр төлбөрөөр хийлгэх болох нь. Ийм байж болохгүй шүү дээ.

Энэ бол хэдэн монополь компаниудын гаргасан санал. Компаниуд шинээр гарч ирээд томхон хэдэн даатгал аваад нэрд гарч ирээд үгсэн тохиролцдог юм байна гэж харж байна. Ингэж ч харагдаж байна шүү дээ. Тэгээд шууд тулган шаардаж байна. Магадгүй өнөөдөр зарим нэг нь дангаараа даатгал хийж байна. Дараа жил гэхэд бүх компани хоёр даатгалыг хамт хийнэ гээд тулгачихвал яах вэ. Гарцгүй болгож мэднэ шүү дээ.

-Гол нь албан журмын даатгал хуулиар хүлээлгэчихсэн. Цагдаа зам дээр зогсоогоод даатгалгүй бол торгочихдог?

-Даатгалаа сунгаагүй бол замын цагдаа шууд 180 мянган төгрөгөөр торгох хуультай. Түүнд нь баригдаад ийм өндөр үнээр даатгал хийлгэх нь шударга бус санагдаж байна. Энэ талаар холбогдох газрууд нь анхаараасай