2024-01-05Bolod.mn сайт ДОЛОО ХОНОГ бүрийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг.
Эдгээр өдрүүдэд болсон Улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд болж өрнөсөн онцлох үйл явдлуудыг түүвэрлэж байна.
- 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хууль, бусад хуулийн заалтууд
Шинэ он эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсад хэд хэдэн хууль мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх бол 2024 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болж нэмэгдэж байна. Түүнчлэн
- Малчдын НДШ-ын 50 хувийг төр хариуцах
- Хувиараа хөдөлмөр эрхлэгчид ХХАОАТ 1 хувийн шимтгэл төлөх,
- Багш нарыг орон сууцжуулахыг төрөөс дэмжих
- Намуудын санхүүжилтыг ил болгох
- Сонгуулийн сурталчилгааг 14 хоног болгох
- Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн үзлэг, оношлогоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно.
- Улаанбаатар хотын татваруудыг нэмсэх ба үүнд, иргэн хуулийн этгээдийг торгох шийтгэл; замын хөдөлгөөний төлбөртэй бүс болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр; Нүүрсхүчлийн хийн хэрэглээнд шууд ногдуулдаг татвар болон агаарын бохирдлын төлбөр зэргийг хоёр дахин нэмсэн.
- Ардчилсан нам шинэ Нарийн бичгийн даргаа томиллоо
Ардчилсан нам шинэ нарийн бичгийн дарга нараа томиллоо. Тодруулбал, Ардчилсан намын Боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар Энхтайваны Энхпүрэв, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар Саруулсайханы Цэнгүүн, Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Булганбаатарын Батзаяа, Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар Баяндүүрэнгийн Энхдөлгөөн, Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан Нарийн бичгийн дарга Норовсамбуугийн Гансүх нар тус тус томилогдлоо.
- Шинэ автобуснууд үйлчилгээнд нэвтэрч явж эхэллээ
Нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобусыг хүлээн аваад буй. Уг автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилаад байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 31-нээс үйлчилгээнд гарч эхэлжээ. Энэ тухай Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдэгдээд байна. Тус автобусыг 2024 оны нэгдүгээр сарын 2-нд үйлчилгээнд гаргана гэж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдэж байв.
Гэхдээ дээрх автобуснуудыг үзлэг, оношилгоонд оруулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгож, мөн цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулснаар ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээнд гаргажээ. Автобуснууд “Таваншар-Офицер”, “Үйлдвэр комбинат”, "Улаанхуаран" зэрэг чиглэлд үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна.
Сануулахад, Нийслэлээс тендер зарлахад таван компани материал ирүүлснээс БНХАУ-ын Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм.
- “The Hu” хамтлаг “Алтан дуун” шагнал хүртэв
Монголын "The Hu” хамтлаг шинэ оны босгон дээр Америкийн "Алтан дуун" шагнал хүртжээ. Тодруулбал, 2023 оны хамгийн их сонсогчтой, хамгийн их борлуулалттай дуугаар “Wolf totem” дуу нь шалгарсан байна. Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс (Recording Industry Association of America (RIAA)) “Алтан рекорд” шагналыг гардуулжээ. Энэ дуугаараа тэд хүннү рок хөгжмийн урсгалыг дэлхийд тунхаглан Монгол Улсаас хамгийн анхны удаа “Алтан рекорд” авч салхийг хагалаж байна.
Хамтлагийн уран бүтээлүүд нь анх түгсэн өдрөөс эхлэн Billboard-ын 24 төрлийн чартуудад орж зарим чартуудад тэргүүлж байжээ. Үүнд домогт "Wolf totem" дуу 131-н долоо хоног буюу бүхэл бүтэн 2 жил 5 сар гаруй, "YuveYuveYu" дуу 65 долоо хоног буюу 1 жил 2 сар гаран тасралтгүйгээр "World Digital Song Sales" болон бусад чартуудад жагсч рок хөгжмийн түүхэнд бичигдсэн байна.
Боксын Аварга Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр ЦЕГ-аас шалгаж эхэлжээ
Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр саатуулан, шалгаж байна. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Н.Төгсцогтыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үндэслэлээр саатуулалгүйгээр шалгаж байгаа гэх мэдээллийг ЦЕГ-аас өгсөн юм.
Урт цагааны барилгыг нурааж эхэллээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж эхэлсэн. Тодруулбал, тус барилгыг 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нураасан.
Нийслэлийн өмчид харьяалагдаж ирсэн дээрх барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсныг Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэж, 2019 оноос эхлэн буулгах шийдвэр гарсан ч хэрэгжилгүй удсан. Харин өнгөрсөн онд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатар томилогдсоныхоо дараа дээрх барилгыг хэрхэх шаардлагатай талаар иргэдээс санал авахад 90 гаруй хувь нь буулгаж, ногоон байгууламж барих шаардлагатай гэдэг санал өгсөн. Тодруулбал, 3564 иргэн санал асуулгад оролцсоноос 3419 нь хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж барихыг дэмжсэн юм. Мөн НИТХ-аас өнгөрсөн оны сүүлээр тус барилгыг нийслэлийн өмчөөс хасах шийдвэр гаргасан. Үүний дараа тус байрыг чөлөөлөх шаардлагыг түрээслэгч нарт тавьсан байдаг. Харин одоо буулгаж байна. Ингэснээр тус барилгын суурин дээр хавраас бүтээн байгуулалт хийх боломжтой болох юм.
Өмнөговь аймаг тээврийн машин шатаж, хүний амь нас эрсэджээ
ОБЕГ-аас баярын өдрүүдэд гарсан зөрчил, ослын талаар мэдээлж байна. Дорноговь аймаг, Замын-Үүд сум 2 дугаар багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 13:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, 3х4 хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн Гашуун сухайт чиглэлийн 2 дахь километрт автозамын зорчих хэсгийн хажууд ачааны 2 автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2-ны өдрийн 00:56 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход автозамын зорчих хэсэгт “Бэйбэн норд бенз НД4250” загварын 2 зүтгүүр шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт “Бэйбэн норд бенз НД4250” загварын зүтгүүрийн бүхээгт нэг хүн галд өртөж /жолооч нь байж болзошгүй/ нас барсан тул цогцос болон хэргийн газрыг Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн аж.
Цахим орчинд Ерөнхийлөгчийн мэндчилгээг эсэргүүцсэн иргэдийг шалгаж эхэлжээ
Он солигдох мөчид олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон агуулга бүхий бичлэг, зураг нийтэлсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдэгдлээ. Энэ талаар, "Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч буюу хэн байхаас үл хамааран төрт ёс, тусгаар улсын бэлгэдэл юм.
Иймд олон нийтийн цахим сүлжээнд зүй бус бүдүүлэг үйлдлээр хандалт авах, учир мэдэхгүй хүүхдүүдийг оролцуулсан бичлэг цахим орчинд нийтлэх үйлдлийг дэмжихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1.2 зэрэг хууль тогтоомжид зааснаар эцэг эх, асран хамгаалагч нар үр хүүхдэдээ зөв хүмүүжил, харилцааны зөв соёл төлөвшүүлэх, зөв үйлдлээр үлгэрлэх, манлайлах үүрэгтэй юм. Зөвлөмжид зааснаар эцэг эх, асран хамгаалагч нар үр хүүхдэдээ зөв хүмүүжил, харилцааны зөв соёл төлөвшүүлэх, зөв үйлдлээр үлгэрлэх, манлайлах үүрэгтэй юм" гэх тайлбарыг гаргасан байна.
Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй
УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан, Хууль зүй дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийсэн.
Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил үйлдсэн этгээд торгуулиа 15 хоногийн хугацаандаа төлбөл 50 хувиар хөнгөлнө. Хэрвээ торгуулиа хугацаандаа төлөхгүй бол төлбөрийг 50 хувиар нэмэгдүүлнэ. Түүнчлэн төлбөрийн чадваргүй бол нийтэд тусгай ажил хийлгэх зэргээр торгуулийг ямар ч байдлаар төлүүлэх арга хэмжээ авах юм байна.
Түүнчлэн татвараа хугацаандаа төлөөгүй бол улсын ямар нэгэн үйлчилгээнд хамруулахгүй болон хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг холбогдох байгууллагаас тодотголоо.
Элчин сайд нарын томилгоог дэмжлээ
Засгийн газрын өнөөдөр /2024.01.03/-ийн хуралдаанаар зарим Элчин сайд, НҮБ-ын суурин төлөөлөгч нарын томилгоог хэлэлцжээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж, НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр томилохыг дэмжлээ.
Мөн Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболдыг Монгол Улсаас БНСУ-д суух бүрэн эрхт Элчин сайд, Гадаад харилцааны яамны Ёслолын газрын захирал Ц.Мөнх-Өлзийг Монгол Улсаас Швед улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар тус тус томилохыг дэмжсэн байна.