Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 08-ны өдрөөс 09-нийг шилжих шөнө Баянхошууны Хөтөл орчмоос улсын дугаар тодорхойгүй “Toyota Prius” маркийн автомашинд гар өргөн суусан 14 настай охин үл таних этгээдэд хүчиндүүлсэн харамсалтай гэмт хэрэг гарав.

Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж гэмт хэргийг Баянгол дүүргийн харьяат хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг 25 настай “Т” гэгч үйлдсэн болохыг илрүүлэн, түр саатулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, улсын дугаар тодорхойгүй, зөвшөөрөлгүй хувийн такси үйлчилгээгээр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөе. 

Таксинд  суух тохиолдолд ямар автомашинд суусан тухай фото зураг, мессеж гэх мэт мэдээллийг ойрын хүмүүст боломжит бүх сувгаар хүргэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна. 

Холбогдох хууль хяналтын байгууллага нь дугааргүй автомашинуудыг хяналтдаа авч шалгалт хийж буй. Цахим орчинд иргэдийг дугааргүй автомашинтай тааралдвал 102 дугаарт залган мэдээлэл өгөхийг уриалаад байгаа юм. 

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ, аймгийн Авто тээврийн төв хамтран сумын хэмжээнд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийн 130 гаруйг таксийг нэгдсэн журмаар бүртгэлжүүлж, жолооч нарыг энгэрийн тэмдэгтэй болгох ажлыг зохион байгуулжээ. Ингэснээр таксигаар үйлчлүүлж буй иргэдэд баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард иргэд болон, хүүхэд багачуудыг  аюулгүй тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг бүрдүүлж байгаа гэв.

Такси үйлчилгээ эрхлэхийг хүссэн иргэд зөвшөөрөлтэй  такси компанид нэгдэн орж, жолоочийн энгэрийн тэмдэг, хаяг, цацруулагчтай наалт зэргийг хүлээн авч илүү баталгаатай ажлын байранд ард иргэдэд шуурхай, аюулгүй найдвартай үйлчилгээг хүргэж ажиллах нь зөв шийдэл хэмээн холбогдох албаныхан үзжээ. 

Дугаар тодорхойгүй машинтай такси үйлчилгээнд явж буй жолоочийн машинд суухгүй байх эрх нь танд бий.