2023-10-09"Монголын уул уурхайн 7 хоног-2023” чуулга уулзалт Шангри-Ла зочид буудалд эхэллээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш хэлэлцэх юм.
Тухайлбал өрсөлдөх чадвараа тодорхойлох, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог хангах, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг хурдасгах зэргийг хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлно.
Чуулга уулзалтад 20 орчим улсын 300 гаруй төлөөлөгч, хөрөнгө оруулагч, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын 3,000 гаруй төлөөлөл оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтыг нээж хэлсэн үгийг хүргэж байна.
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Уурхайчид, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид аа,
“Монголын уул уурхайн 7 хоног-2023” чуулга уулзалтад оролцож буй Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж байгаа Монгол Улсын Засгийн газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци болон дотоод, гадаадын төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид Та бүхэнд талархал илэрхийлье.
Монгол Улсын орчин цагийн уул уурхайн салбарын хөгжил даруй 100 жилийн босгыг давж, улс орны хөгжил дэвшил, хүн ардын аж амьдралд чухал хувь нэмэр оруулсаар байна.
Өнгөрсөн 100 жилд Налайх, Бэрх, Шарын гол, Адуунчулуун, Багануур, Эрдэнэт, Бор-Өндөр, Шивээ-Овоо, Төмөртийн Овоо, Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт, Төмөртэй зэрэг орд газар, уурхай нээгдэж, эдгээр бүтээн байгуулалтыг дагасан нийгэм, эдийн засгийн суурин газрууд бий болж, Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж ирлээ.
Энэ түүхэн хугацаанд манай эрхэм уурхайчид, геологичид, инженерүүд Та бүхний нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 10,000 гаруй орд, илрэлийг тогтоож, улсын эрдэс баялгийн сан хөмрөг арвижсан билээ.
Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, эдийн засгийн дөрөвний нэг, нийт экспортын орлогын 90 гаруй хувь, төсвийн орлогын 30 орчим хувь, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 шахам хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж, эдийн засаг, төсөв, санхүүгийн гол судас болон хөгжиж байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Монгол Улс бүс нутагтаа ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгдэж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх замаар тогтвортой, дархлаатай, хүртээмжтэй, ногоон хөгжилд зорин ажиллаж байна.
Энэ хүрээнд дундардаг баялгаа ундардаг баялаг болгон хувиргах нь бидний эн тэргүүний зорилт юм.
Тийм учраас “Олборлолтоос боловсруулалтад” шилжих шилжилтийг богино хугацаанд амжилттай хийхэд онцгой анхааран ажиллаж байна.
Ялангуяа зэсээ бүрэн баяжуулж, нүүрсээ гүн боловсруулахаас эхлээд уул уурхайн баялгаа нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох учиртай.
Энэ зорилтыг ханган хэрэгжүүлэхэд хариуцлагатай, нээлттэй, ил тод уул уурхайн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх, түүн дотроо гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалт, татварын орчин бий болгох, байгаль орчны эрсдэлийг бууруулах, дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай юм.
Тухайлбал, уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг сайжруулах, орлогоосоо хуримтлал үүсгэх, зам, тээвэр-ложистик, эрчим хүч, усан хангамж зэрэг суурь дэд бүтцийг хөгжүүлэх, салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон чухал суурь асуудлыг шийдвэрлэх ёстой.
Дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд сүүлийн жилүүдэд Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьсан нь чухал үр дүн. Цаашид Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг товлосон хугацаанд нь барихад онцгой анхаарах шаардлагатай байна.
Эрхэм хүндэт хөрөнгө оруулагчид аа,
Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж байна.
Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулж, Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Цаашид гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчид тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд манай төр, засаг онцгой анхаарна гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Түүнчлэн уул уурхайн салбарыг ногоон хөгжлийг дэмжих, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстой.
Энэ дашрамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг манлайлан дэмжиж, 2030 он гэхэд 600 гаруй сая мод тарьж, арчилж ургуулахаар зорьж байгаа нийт уурхайчид, баялаг бүтээгчид Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Та бүхэн уул уурхайн салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарц гаргалгааг хамтдаа тодорхойлж, туршлагаа солилцон, олон нийтийн оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг оновчтой ашиглаж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад бодит үр дүнтэй санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улс ирэх гурван жилийг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд Та бүхнийг мөнх тэнгэрийн орон, Их эзэнт гүрний өлгий нутаг, манай сайхан эх оронд морилон саатахыг урьж байна.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.