-Дээд шүүхээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг тооцоолох аргачлалыг боловсруулж олон нийтэд танилцуулаад байна. Энэ нь гэмт хэргийн хохирогчдын хувьд нэлээд ач холбогдолтой өөрчлөлт болов уу даа?
-Хууль зүйн шинжлэх ухаанд гэм хор гэдэг ойлголт байдаг. Үүнд эдийн баялагт учирч байгаа, эдийн бус баялагт учирч байгаа гэм хор гэж хоёр төрөл бий. Эдийн бус гэдэг бол материаллаг бус гэсэн үг. Оюуны, сэтгэл санааны гэх мэт бүх зүйл орж байгаа. Эдийн бус гэм хорыг нэг том төрөл гэж авч үзэх юм бол сэтгэцэд учирсан гэм хор түүний нэг хэсэг болдог. Монгол Улсын хууль зүйн практикт сэтгэцэд учирсан гэм хорыг үнэлсэн тохиолдлын шинжтэй шүүхийн кейсүүд бий л дээ.
Харин энэ онд батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн дагуу Улсын дээд шүүх албан ёсоор сэтгэцэд учирсан гэм хорыг үнэлэх аргачлалыг боловсруулж дууссан байна. Хууль дээр иргэний эрх зүй болоод эрүүгийн, захиргааны эрх зүйд учирсан сэтгэл санаа буюу эдийн бус хохирлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ, хэрхэн яаж үнэлэх вэ гэдгийг нэг бүлэг болгож оруулж өгсөн. Үүний дагуу эрүүгийн эрх зүйд мөнгөөр хэрхэн яаж үнэлэх юм бэ гэдэг суурь аргачлалыг Улсын дээд шүүх баталж өгч байгаа юм. Энэ нь зөвхөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг хэрхэн яаж төлөх вэ, хохирлыг хэрхэн яаж үнэлж барагдуулах вэ гэдэг ойлголт гэдгийг онцлох нь зөв.
Эрүүгийн хэргийг шийдвэрлэж байгаа хохиролтой холбоотой асуудлыг 100 хувь гэж үзвэл сэтгэл санааны хохиролтой холбоотой, ялангуяа хүчингийн гэмт хэрэг, хүний биед хүнд хохирлыг санаатайгаар учруулж байгаа, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нэгнийхээ нүүрийг засрашгүй байдлаар гэмтээх, сошиал орчинд хэтэрхий их буллидах, түүний улмаас амиа хорлох, түүний ар гэр гээд сэтгэл санаанд учирсан хохирлыг яаж эдийн засгийн байдлаар үнэлж, хохирогчдын зовлон гунигийг нь нимгэлж нөхөн төлбөр өгөх вэ гэдэг асуудлыг өмнө нь хэзээ ч шийдвэрлэх боломжгүй байсан. Зөвхөн материаллаг хохирол төлөгдөж ирсэн. Энэ агуулгаар нь харахад Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаанд бас нэг дэвшил, том үйл явдал болж байгаа юм.
-Практикт хэрхэн хэрэгжинэ гэсэн үг вэ. Тодруулахгүй юу?
-Зүв зүгээр явж байгаад гэмт хэргийн хохирогч болоод насан туршдаа сэтгэл санааны дарамттай учирч байгаа явдлыг сэтгэл зүйн шинжлэх ухаан оношлоод, энэ хүн ийм хэмжээний депресст орсон юм байна, ийм хэмжээний цочролд ороод ийм цаг хугацааны эмчилгээ шаардлагатай гээд зэрэглэлээр нөлөөллийг нь үнэлээд тогтоодог болчихсон. Таван зэрэглэлтэй. Эдгээрийг үндэслээд Улсын дээд шүүхийн тайлбар гарсан байсан. Энэ бол шинжлэх ухааны суурь ойлголтод нийцсэн бодитой тайлбар болсон гэж хуульчийн хувьд харж байлаа.
Мөрдөн байцаалтын явцад сэтгэл санааны хохирлыг үнэлдэг байгууллагаар үнэлүүлээд тогтоох юм бол түүнийх нь дагуу шүүх аргачлалаараа хохирлыг тогтоогоод явна гэсэн үг. Тухайлбал, А гэх иргэн гэмт хэргийн хохирогчийг мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч сэтгэл зүйн гэм хохирлыг нь мэргэжлийн байгууллагаар үнэлүүлээд баталгаажвал прокурорт шилжүүлнэ. Прокурор хянаж үзээд болсон байна гэх юм бол шүүх рүү шилжүүлж, шүүх аргачлалаараа нөхөн төлбөрийг тогтооно. Нөгөө талаас иргэн “Би ийм хэмжээгээр хохирсон, миний гэр бүл ингэж хохирсон” гээд иргэний хохирлоо өөрөө тодорхойлоод нэхэмжлэх бүрэн боломжтой. Түүнийг хуулийн дагуу аргачлалд оруулж өгч байгаагаараа ач холбогдолтой.
-Энэ гэм хорын хохирлыг эрүүгийн салбарт л авч үзэх юм байна. Иргэн, захиргааны хэрэгт сэтгэцэд нөлөөлсөн гэм хорын асуудлыг яах вэ?
-Бид одоогоор эрүүгийн эрх зүйн эдийн бус гэм хорын хохирлыг дөнгөж хэрэгжүүлж эхэлж байна. Тэгэхээр цаашлаад захиргаа, иргэний эрх зүйд эдийн бус гэм хорыг хэрхэн яаж үнэлэх вэ, түүнийг ямар аргачлалаар хэрэгжүүлэх вэ гэдэг Дээд шүүхийн тогтоол хэрэгцээтэй байгаа. Мэдээж хууль нь батлагдсан учраас хэзээ нэгэн цагт аргачлал боловсруулагдах байх.
-Ер нь иргэн, захиргааны эрх зүйн эдийн бус гэм хорын хохиролд юу юу орох вэ?
-Иргэний эрх зүйн хувьд манайд хамгийн түгээмэл хохирол бол нэр төр, алдар хүндийн асуудал байдаг. Ялангуяа хэвлэлийнхэн сайн мэдэх байх. Сэтгүүлчийг нэр төрд халдлаа гээд иргэний шүүхээр явдаг. Эсвэл миний зохиогчийн эрх, оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр ашигласан гээд гомдол гаргадаг. Мөнгөөр үнэлэх боломжгүй бүх хохирол энд орно гэсэн үг. Миний ажил хэргийн нэр хүнд гутаан доромжлогдсон учраас надад ийм хэмжээний хохирол учирлаа гэхээр хохирлыг үнэлэх боломжгүй байсан гэж өмнө нь хэллээ шүү дээ. Нэлээд эрт хэдэн жилийн өмнө ТВ-9 телевизийн захирал байсан Энхбат гуай 250 сая төгрөгөөр нэр төрөө үнэлж, шүүхэд гомдол гаргасан байдаг. Шүүхээс “Та яагаад нэр төрөө ингэж үнэлэв” гэхэд “Би ийм ийм хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Эдгээрээр тархаж байгаа бүтээлүүд миний бүтээл гэсэн үг. Тиймээс би нэр төрөө ингэж үнэлж байна” гэсэн агуулгатай тайлбар хийсэн. Мэдээж тэр хүний буруу биш. Гэхдээ ийм хэмжээний баялаг бүтээгээгүй, энгийн нэг иргэн байвал яах вэ. Түүнийг баялаг бүтээгээгүй, нийгэмд танигдаагүй учраас хэн ч биш, чамд нэр төр байхгүй. Тийм учраас чамд үнэлэгдэх хохирол байхгүй” гэж үзэж болохгүй. Хүн болгонд нэр төр алдар хүнд, үнэ цэнэ бий. Түүнийг мэдээж Үндсэн хуульд хүнийг хамгаална. Хамгаалахын тулд төр нь байгаа, шүүх нь байгаа.
-Хуульчдын эрх ашгийг хамгаалах хорооны даргатай ярилцаж байгаагийнх нийгэмд байгаа хууль шүүхийн талаарх байр суурийг хөндөхгүй орхиж болохгүй. Ялангуяа томоохон хэргүүдийн шийдвэрлэлт дээр олон нийт нэлээд бухимддаг болоод удлаа. Үнэхээр өнөөдрийн хууль шүүхийн салбар ингэж шавар намагтаа хутгалдчихаад байгаа хэрэг үү. Үүнийг үнэн зөвөөр, шударгаар дүгнэх субьектуудын нэг бол танайх байх?
-Эндээс хэд хэдэн хүчин зүйл ажиглагдаж байгаа юм. Нэгд, нийгмийн нөлөөлөл. Олон нийт нийгэмд цацагдаж байгаа мэдээлэл дээр гаргаж байгаа сөрөг хандлага. Өөрөөр хэлбэл,
тэр хүн Хөгжлийн банкнаас төдөн тэрбумын зээл аваад төлөөгүй, тийм гэмт хэрэгт үйлдчихсэн байхад энд наймхан ишиг аваад хоёрхон сая төгрөгийн хохирол учруулчихсан байхад энэ хэргийг хатуу шийдлээ гэж байна. Жингийн туухай дээр тавиад үзэхэд үнэхээр шударга биш юм шиг. Хоёрт, хэргийг арай өөрөөр шийдвэрлүүлэхийг хүсч байгаа хэргийн оролцогчдын нийгэмд өгч байгаа мессэжүүд бий. Эд нар ингэдэг, авлигажсан учраас намайг бас ингэж яллах гээд байна, хонгилоор чирэх гэж байна гэх мэтээр ярьдаг. Бүр шударга бусын хонгил гэдэг үг гарч ирсэн. Хүн бүр хонгилын тухай ярьдаг боллоо. Энэ нь өөрөө тэр хэрэгт шалгагдаж байгаа хүний гаргаж ирж байгаа, нийгэмд түгээж байгаа л өнцөг шүү дээ. Тэр асуудлыг хөндөж байгаа албан тушаалтан, хулгайн хэргээр сэрдэгдэж байгаа залуу хоёрын туулах зам яг адилхан. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн ажиллагаа яг л адилхан явагдана. Гэтэл нэг нь түүнийг хонгил гэж үзээд байхад нөгөө хүн нь ямар нэгэн зүйл ярихгүй, тэгж харахгүй байна.
Гуравт, улс төр, хэвлэлийнхний нөлөөлөл бий. Тодорхой нэг үзэгдлийг албаар ийм байдлаар харуулахыг хүсч байгаа. Гэтэл Монголын хуульчдын холбооноос өнгөрсөн дөрөвдүгээр сард Канадын Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийг Монголд урьсан юм. Тэр үеийн уулзалтын үеэр би “Танай улсад шүүхийн шийдвэрийг, эсвэл буруу шийдчихлээ, ямар муухай шүүгч, шүүх вэ” гэдэг шүүмж байдаг уу гэж асуусан юм. Тэгтэл “Тийм зүйл гарч байсныг санахгүй байна” гэж хариулна лээ. Учир нь шүүх угаасаа шударга ажиллах ёстой. Үүний төлөө л шүүх байгаа. Бусад улсад тэнд тийм хэрэг гарчээ, тийм хэргийг тэгж шийдвэрлэжээ гэхэд шүүмжлэхээсээ илүүтэй мэдээлэл болгоод сонсоод өнгөрдөг. Яагаад гэвэл манай иргэд тухайн хэргийн хавтаст хэрэгтэй хэн ч танилцаагүй, хэргийн цаана юу байгааг хэн ч мэдэхгүй. Тийм учраас ийм хэмжээний яриа гарна гэдэг ойлголт ард иргэдэд байхгүй гэсэн. Мөн шүүхийн шийдвэр алдаатай гэж үзвэл хэрэгт оролцож байгаа хүмүүс нь давж заалдаж дээд шатны шүүхээр хянуулах эрх нь байгаа шүү дээ гэж байсан.
-Манайд ч энэ систем нь байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ л асуудал яригдаад байна?
-Тийм. Анхан шат, давж заалдах, хяналтын шатны шүүх гэж гурван системчилсэн үе шат байна. Гэтэл манайд шүүх бие даасан хараат бус, нөлөөллөөс ангид байх үндсэн зарчимд хүчээр халддаг болсон. Шүүн таслах ажиллагаанд өмгөөлөгч, прокурор, шүүгч гурав оролцож байгаа. Хэрэг прокурор дээр байх шатанд “Прокурор дээрээсээ тушаал авч байна” гэж маш ихээр шүүмжилдэг. Прокурор бол төрийг төлөөлж шүүх хуралд яллах талыг баримталдаг субьект. Төрийн нэрийн өмнөөс хүнд ял оногдуулж хариуцлага хүлээлгэх гэж байгаа этгээдийг хэлж байгаа. Тэр субьект хуулийн дагуу ажлаа хийгээд хэрэгтээ яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлэхээр муу нэртэй болчихдог.
За шүүх дээр хэрэг ирээд шийдвэрлэхэд “Тэр шүүгч тэр аймгийн, түүнтэй хамааралтай. Өмнө нь ийм хэргийг ингэж шийдвэрлэж байсан, одоо ингэж шийдэх гэж байна” гэдэг. Манай хороо нийгэмд байгаа сүүлийн таван жилийн хуульчдын талаарх нийтлэг шүүмжийг ангилан судалж байгаа. Нэгдүгээрт, иргэд эрх зүйн мэдлэг дутуу байна. Мэдээж хүн бүр эрх зүйн мэдлэгтэй
байх шаардлагагүй. Хоёрт, яагаад ингэж байгаа билээ гэж учир зүйг боддоггүй юм байна. Хажууд байгаа зүйлийг шударга, өөр газар байгааг шударга бус гэж үздэг зан чанар байна. Эцсийн бүлэгтээ бид тэнд байгаа өмгөөлөгч Бат, шүүгч Дорж, прокурор Гомбыг хамгаалах гээд байгаадаа биш. Нийгэм өөрөө зөв голдиролдоо байх тогтолцоог хамгаалж байгаа юм. Учир зүй, цаана нь ямар шалтгаан байгааг мэдэхгүйгээс нийгэм тэр чигээрээ хэн хүнийг хэтэрхий шүүмжлэх нь хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан, хуулиар засагладаг оронд байх боломжгүй.
-Хөдөлшгүй баримтаар тогтоогдсон хууль бус үйлдлүүд шүүгч, прокуроруудад гарч ирсэн. Олон нийт оргүй зүйл дээр бухимдаагүй болов уу?
-Систем өөрөө өөрийгөө цэвэрлэдэг. Мэдээж хариуцлага алдсан, хууль зөрчсөн зарим шүүгчид тохирох хариуцлагаа хүлээсэн. Албан тушаалаасаа чөлөөлөгдөх, энэ салбарт дахин ажиллахгүй болох зэргээр шийтгэлээ хүлээсээр байгаа. Буруу зөрүүг ялгаад шийдвэрлээд явж байгаа шүү дээ. Нэг хүн буруу зүйл хийсний төлөө тэр системийг тэр чигээр нь хар болгож болохгүй. ШЕЗ, шүүгчээр томилогдож байгаа этгээдүүд бүхий л цаг хугацаанд ингэж ажиллана гээд тангараг өргөдөг. Хэрэв буруу зүйл хийвэл яг л бусдын адил шүүгддэг. Үгүй бол тийм шийдвэр гаргахгүй байхын тулд энэ хүмүүсийг нэгд нийгмээс тусгаарлаж хамгаалах ёстой. Хувь хүнийг биш системийг нь хамгаалах ёстой. Хүний эрх эрх чөлөөг хамгаалж, тэр эрхийг баталгаатай эдлүүлэх цорын ганц баталгаа нь шүүх систем. Уялдаа холбоотой тойрог л гэсэн үг.
-Шүүгч, прокурорууд танайд гомдол гаргаж байна уу?
-Хуульчдын эрх ашгийг хамгаалах хороо идэвхтэй ажиллах болсон нэг үндэслэл бол хуульчдын эрхийг хамгаалахад баримтлах журмыг өнгөрсөн гуравдугаар сард баталсан. Өмнө нь Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулиар хамгаална, зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэсэн ерөнхий зохицуулалт орсон ч тэр нь хэрхэн яаж үйлчлэх вэ гэсэн тусгайлсан зохицуулалт байгаагүй. Тиймээс дээрх журам бол маш чухал ач холбогдолтой. Тиймдээ ч шүүгч, прокурор, өмгөөлөгчид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд халдсан зөрчил байгаа эсэхийг шалгуулахаар хандаж эхлээд байна.
-Хуульчид дундаас өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хөндөх ёстой. Шүүх дээр гурван талаасаа эрх тэгш мэтгэлцдэг субьектууд дундаас өмгөөлөгч л гудамжинд байна, бусад нь төрийн хамгаалалтад байна гэсэн шүүмжлэл тасардаггүй. Танай хороо энэ асуудлыг яаж харж, ямар шийдлийг ярилцаж байдаг юм бол?
-Бодит байдлыг та хэлчихлээ. Шүүн таслах ажиллагаанд оролцдог шүүгч, прокурор, өмгөөлөгч гээд тулгын гурван чулуу байна. Хоёр нь хуулиар буюу төрөөр хамгаалагдсан. Нэг нь бие даасан. Өмгөөлөгчийг зарим хуулиар эрхийг баталгаажуулж өгснөөр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх нь хамгаалагдах эрх зүйн орчин бүрдэнэ.
Өмгөөллийн тухай хуультай болсон, Өмгөөлөгчдийн холбоо шинээр сэргээн байгуулагдсан. Тэд өмгөөлөгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Өмгөөлөгчдийн дундаас холбоог сул ажиллаж байна, дутуу ажиллаж байна гэдэг шүүмж байдаг. Шүүмж байна гэдэг илүү сайн ажиллах хэрэгцээ байна гэсэн үг.
Эрүүгийн хэргийг шийдвэрлэж байгаа хохиролтой холбоотой асуудлыг 100 хувь гэж үзвэл сэтгэл санааны хохиролтой холбоотой, ялангуяа хүчингийн гэмт хэрэг, хүний биед хүнд хохирлыг санаатайгаар учруулж байгаа, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нэгнийхээ нүүрийг засрашгүй байдлаар гэмтээх, сошиал орчинд хэтэрхий их буллидах, түүний улмаас амиа хорлох, түүний ар гэр гээд сэтгэл санаанд учирсан хохирлыг яаж эдийн засгийн байдлаар үнэлж, хохирогчдын зовлон гунигийг нь нимгэлж нөхөн төлбөр өгөх вэ гэдэг асуудлыг өмнө нь хэзээ ч шийдвэрлэх боломжгүй байсан. Зөвхөн материаллаг хохирол төлөгдөж ирсэн. Энэ агуулгаар нь харахад Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаанд бас нэг дэвшил, том үйл явдал болж байгаа юм.
Ер нь гол шаардлагатай зүйл Иргэн, Эрүү, Захиргааны хууль хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг төрөлжсөн шүүхүүдийг процессын хуульд өмгөөлөгчийн эрхийг баталгаатай эдлүүлдэг байх шаардлагатай. Тэгж байж тэнцвэртэй оролцож, үйлчилж байгаа иргэнийхээ эрхийг хамгаална. Үүний тулд өмгөөлөгчийн эрх хуульд зааснаар баталгаажна гэсэн үг. Ялангуяа эрүүгийн салбарт өргөдөл гомдол ирснээс хойш явсаар мөрдөгч прокурорт хэрэг танилцуулах үед л хавтаст хэрэгтэй танилцах боломж өмгөөлөгчдөд олддог. Мэдээж мөрдөгч ажиллаж байгаагаас хойш яллах талаас нь явж байгаа. Өмгөөлөгч үйлчлүүлэгчээ цагаатгах талын баримт бүрдүүлэхийн тулд таамаг дэвшүүлдэг болчихдог. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахаас гадна мэргэ, төлөгчийн ажил давхар хийгээд байгаа гэхэд хилсдэхгүй. Өмгөөлөгчдөд зэвсэг байхгүй. Хүсэлт, гомдол гэдэг хоёрхон зэвсэгтэй гэж ярьдаг. Хүсэлт гаргадаг. Түүнийг нь прокурор маш товчхоноор татгалзчихдаг. Нөгөө зэвсэг нь гомдол гаргах. Ингээд л үргэлжилсээр байдаг. Эцсээ хүртэл аваад шүүх дээр очдог. Гэтэл цагааддаг, шүүхэд буцдаг хэргүүд гурван хэрэг тутмын нэг нь болчихоод байна шүү дээ. Тэгэхээр мөрдөн байцаалт, прокурорын үйл ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэр буруу гэсэн үг. Тэр ажиллагаан дээр л өмгөөлөгчийг тодорхой нөхцөл шаардлагыг хангуулаад оруулдаг болох ёстой. Өмгөөлөгчийн үйл ажиллагаа ингэж тэнцвэртэй болж байж эрх нь баталгаажна.