2023-06-25Bolod.mn сайт долоо хоног бүр улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг. Эдгээр өдрүүдэд олныг цочирдуулаад байсан ламхай нарыг хүчирхийлсэн гэх мэдээлэл байв. Уг мэдээлэлд олон нийт дургүйцэж байсан бөгөөд ХҮЭК-ээс Гандантэгчилэн хийдэд шалгалт хийсэн. Мөн тэтгэврийн хуулинд өөрчлөлт оруулах санал гаргажээ. Эдгээр болон бусад онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Гэр бүлийн хоёр хүний нэг нь өөд болвол тэтгэвэрийнх нь 20%-ийг үлдэж байгаад хүнд үлдэж байгаа хүнд олгохоор тусгажээ |
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны (2023.06.20) хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хувийн нэмэлт тэтгэврийн хөрөнгийг шилжүүлэх нөхцөл шаардлагыг журам болон гэрээнд нарийвчлан зааж зохицуулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа бөгөөд ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны төлөх шимтгэлийн дээд хэмжээ нь сарын нийт шимтгэлийн хэмжээний 50.0 хувиас, шимтгэлийн сарын нийт дүн нь тухайн ажилтны сарын үндсэн цалингийн 20.0 хувиас тус тус хэтрэхгүй байх хязгаарлалтууд нь ажилтныг хамгаалсан зохицуулалтууд гэж Ажлын хэсгээс танилцууллаа.
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны “Алсын хараа-2050” хөтөлбөрт, 2040 он гэхэд нийгмийн даатгалын бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихээр тусгасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг энэхүү урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй нийцүүлэн хэрэгжүүлж ажиллах юм.
Хуулийн төсөл батлагдан, мөрдөгдөж эхэлсэн цагаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ.
Үүнийг нийгмийн даатгалын шимтгэлийн 2.0 хувийг нэрийн дансанд төвлөрүүлэх замаар эхлүүлэх юм. Багц хууль батлагдан, 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ гэж тооцвол 470.0 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэх юм. Үүний 369.3 тэрбум төгрөгийг хагас хуримтлалын тогтолцоонд шилжих буюу шимтгэлийн 2.0 хувийг мөнгөжүүлэхэд зарцуулагдах юм.
Гэр бүлийн хоёр хүний нэг нь өөд болох юм бол тэтгэврийнх нь 20 хувийг үлдэж байгаа хүнд нэмэгдүүлж олгохоор төсөлд тусгасан байна.
Хэрэв гэр бүлийн хүн тэтгэвэр тогтоолгоогүй байхдаа өөд болвол түүнд тогтоогдох байсан тэтгэврийн 20 хувийг үлдэж байгаа хүнд нэмж олгох боломж нас барснаас нь хойш таван жил хадгалагдахаар заажээ.
Энэхүү хамтын тэтгэврийн зохицуулалтад багадаа 10 жил тогтвортой хамт амьдарсан байх шалгуур тогтоосныг хэт богино хугацаа гэж үзэж буйгаа Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг илэрхийлэв.
Түүнчлэн Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, хагас хуримтлалын санд төвлөрөх шимтгэлийн 2.0 хувийн хөрөнгийг зохицуулалттай зах зээлд арилжаалагдаж байгаа Засгийн газрын бонд, үнэт цаас зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл рүү оруулах боломжит хувилбаруудыг Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран судалж байгаа аж.
Хагас хуримтлалын сан жил тутам 370 тэрбум төгрөгөөр нэмэгдээд явах юм.
Үүнийг хэрхэн захиран зарцуулах талаарх Хуримтлалын сангийн тухай хуулийн төслийг Баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ярив.
Харин малчдыг нийгмийн даатгалд хамрагдахыг дэмжих зорилготой тав хүртэл жилийн шимтгэлийг өөрөө хариуцан төлж байгаа малчны төлөх шимтгэлийн 50 хувийг нь төрөөс хариуцах зохицуулалт хуулийн төсөлд туссан байна. Мөн 2025 оноос хөдөлмөрийн хүнд нөхцлийг байхгүй болгохоор зохицуулсан байна. Уурын зуухны галч нар улирлын чанартай ажилладаг тул хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулдаггүй гэсэн тайлбарыг Ажлын хэсгийн гишүүд хийсэн юм.
Харин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд уг үйл ажиллагаа сайн дурын шимтгэлд суурилсан бүрэн хуримтлалын байх үйл ажиллагаа, засаглал нь ил тод, санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байх, өвлөгддөг байх зарчмыг суулгаад байгаа юм. Хувийн тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой бүхий л харилцааг зохицуулах бөгөөд энэ хууль батлагдсанаар иргэд өөрийн хуримтлалаас тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотект зориулах, санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэх юм байна.
Бага ангиас англи хэл заах заалт байнгын хороон дээр унав
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдөр /2023.06.20/-ийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Засгийн газраас өргөн барисан төсөлд тусгагдсан "англи хэлийг үндсэн гадаад хэл байна" гэсэн заалтыг байнгын хорооны гишүүдийн олонх нь авч үлдэлгүй унагасан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэллээ.
Анх "нэгдүгээр ангиас англи хэл заана, зааж болохгүй" гэсэн маргаанаар эхэлсэн асуудлыг салбарын сайд Л.Энх-Амгалан алтан дундажлаад гуравдугаар ангиас заахаар тусгаж маргааныг тасалсан. Гэтэл өнөөдөр тэрээр өөрөө уг саналынхаа эсрэг кноп даржээ. Үүнийг Л.Энх-Амгалан сайд тайлбарлахдаа, аль хичээлийг хэддүгээр ангиас, хэдэн цагаар заах вэ гэдэг нь цэвэр сургалтын хөтөлбөрийн асуудал гэв.
Тус байнгын хорооны хуралдаанаар:
- БШУ-ны сайд Л.Энх-Амгалан
- Эрүүл мэндийн сайд С.Чинзориг
- ЦХХХ-ны сайд Н.Учрал
- ИЦББХ-ны дарга Э.Батшугар
- НББХ-ны дарга Г.Мөнхцэцэг
- УИХ-ын гишүүн Б.Баярсайхан
- УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн
- УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар англи хэлний заалтыг дэмжээгүй байна.
Засгийн газрын тэргүүн болоод чуулганы танхимд хэлсэн үгэндээ Л.Оюун-Эрдэнэ “Англи хэл Монгол Улсын хоёр дахь хэл байна” гэж зарлаж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр түүний танхимаас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг танхимын гишүүдийнх нь оролцоотойгоор дээрх гишүүд унагалаа. Гэхдээ Байнгын хорооны дэмжээгүй саналыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн эцэслэх тул тухайн заалтыг авч үлдэх боломж бий гэдгийг зарим гишүүдийн зүгээс хэлж байна. Энэ заалт дээр тохирч байгаа гэх албан бус мэдээлэл ч гарсан юм.
ЦЕГ: Чинбатын гаргасан үйлдэлд хэрэг бүртгэл нэн шалгаж эхэлжээ
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг "Сүмийн булан" нэртэй газарт 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 40 минутад "Ч” гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч, “Ч”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
ХЭҮК-оос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдон ял эдэлж буй Ц.Амгаланбаатарын бичлэгийг нийтэд үзүүллээ
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр гарч буй Ц.Амгаланбаатартай холбоотой асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгөв.
Тус комиссоос 2023 оны зургаадугаар сарын эхээр хорих ангиудаар явж хяналт, шинжилгээний ажлыг зохион байгуулжээ. Энэ үеэр Ц.Амгаланбаатарын хоригдож буй хорих ангид ажиллаж, түүнтэй биечлэн уулзсан гэдгийг ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн хэллээ.
Ц.Амгаланбаатар хорих ангиас албан бичгээр удаа дараа хүсэлт илгээсний үндсэнд ХЭҮК-оос тодорхой хуулийн хүрээнд түүний дүрс бичлэгийг хийсэн гэдгийг нэмж тайлбарлав.
2023 оны зургаадугаар сарын эхээр Ц.Амгаланбаатарын хорих ангиас өгсөн бичлэгт дараах мэдээллийг хэлжээ.
Тухайн бичлэгт Ц.Амгаланбаатар "2013 оны долдугаар сарын 18-ны өдөр тагнуулынхан анх хүрч ирсэн. Тэр үед "Чи С.Зоригийг алсан гэж хэл" хэмээн намайг тагнуулынхан дарамталж эхэлсэн. Би үгүй гэсэн ч, олон удаагийн дарамт заналхийлэлтэй тулгарсан.
Эхнэр, хүү хоёрыг маань надтай уулзуулахаар дамжин дээр аваад ирсэн. Надтай уулзуулж, хамт байгаа зургийг ч дарсан.
Үүнийхээ араас нь олон удаа дарамталж, сүрдүүлж байсан. Хүүгийн маань Эх нялхаст цусны өвчтэй хэвтэж байх үеийн бичлэгийг надад үзүүлээд “Хүүгийн чинь дусал руу юм шахаад реакц өгсөн гээд алчих уу. Эсвэл чи С.Зоригийн хэргээр тууштай явах юм уу? гэж шахалт үзүүлж, сүрдүүлдэг байсан.
Эмэгтэй дүүг маань ажлаа тараад харуй бүрийгээр явж байгаа бичлэг, зургийг нь авч үзүүлээд “Дүү охиныг чинь хэдэн залуус аваад хээр хүчиндээд алчихвал яах вэ? чи С.Зоригийн хэргийг хүлээгээд цаашдаа явах уу” гэж надад тулгаж байсан.
Эрэгтэй дүүгийн маань зам хөндлөн гарч байгаа бичлэгийг нь харуулаад "Дүүг чинь ослоор алчих уу, гарцгүй газраар явж байна шүү дээ. Хэдэн төгрөгийн торгуульд унаад л ял авахгүй сална" гэх мэтчилэн шалтгаанаар намайг дарамталж байсан.
“Чи С.Зоригийг алсан гэж мэдүүлэг өгчих юм бол дараа нь чамайг гадаад улс руу үхсэн гэж гаргаж өгнө. Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг хүн гарын үсэг зураад болоо. Чиний паспорт, бичиг баримтыг чинь бүрдүүлчихсэн байгаа. Хоёр жилийн өмнөөс энэ асуудлыг чинь бүрдүүлдэг гэж тагнуулаас н.Мөнхгал, н.Баяр гээд хоёр хүн надад хэлж байсан.
Ингээд Би С.Зоригийн хэргийг хийсэн болж өгье. Ар гэрийнхнийг минь зүгээр орхичих 25 жилийн ялтай юм чинь гэж С.Зоригийг алсан гэдэг яриа гаргасан" хэмээн ярьжээ.
Мөн "Миний амь насны эрсдэлийг та бүхэн анхааралдаа аваач ээ. Би өөрөө хүнд хорлогдчих болов уу, яах бол гэж бодож байна. Энд ирээд хоёр сар гаруй боллоо. Хоёр сарын хугацаанд усанд орсонгүй. Усанд ордог өрөө нь камергүй.
Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржоос би айж байгаа юм биш ээ. Э.Бат-Үүл гэдэг хүнээс би айж байгаа юм биш ээ. Тухайн үед С.Зоригийн хэрэг дээр хуурамч нотлох баримт бүрдүүлээд, хуурамчаар яллахад оролцсон хүмүүс өнөөдөр ТЕГ-т ажлаа хийгээд явж байна.
Ар гэрийнхнийг маань ална гэж заналхийлж байсан тагнуулын газрын залуус хүртэл өнөөдөр ТЕГ-т ажлаа хийж байгаа" гэжээ.
Ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудлаар ХҮЭК-ээс Гандантэгчилэн хийдэд шалгалт хийнэ
Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Хүчирхийлэлд өртсөн 13 настай хүүгийн ээж “Гандантэгчэнлин хийдийн ах лам нар нь бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан. Хүүгийн маань дотуур өмд цус болчихсон байсныг хараад үнэн гэж мэдсэн. Шүүх шинжилгээний дүгнэлтээр хүчирхийлэлд өртсөн нь батлагдсан” хэмээн хэвлэлд хандаж ярилцлага өгснөөр тус хэрэг ил болоод байгаа юм.
Улмаар мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тэгвэл уг асуудлаар Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг ирэх долоо хоногт Гандантэгчэнлин хийдэд шалгалт оруулахаар болжээ.
Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан сүүлийн зургаан сарын 600 мянган төгрөг нөхөгдөн олгогдоно
2023 оны төсөвт тодотгол хийж хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болсон. Тэгвэл хүүхдийн 100,000 төгрөгөөс хасагдсан
9%-д долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг нөхөн олгож эхлэхээр шийдвэрлэсэн.
Ингэхдээ биеэр болон цахимаар уг мөнгөө хандивлах хүсэлт гаргаж болох бөгөөд хүсэлт гаргаагүй тохиолдолд шууд авах хүсэлт гэж тооцоод дансанд нь олгогдох юм.
Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийж сүүлийн зургаан сарын хүүхдийн мөнгийг нөхөн олгох талаар мэдэгдсэн. Ингэхдээ 2023 оны нэгдүгээр сараас хойших хүүхдийн мөнгө буюу нэг хүүхдэд 600,000 төгрөгийг нөхөж өгөх юм.
Сүүлийн зургаан сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгоход 167 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ.