Допингийн асуудлаар улсын аварга цолоо хураалгасан тэрбээр дахин допинг хэрэглэсэн гэх мэдээлэл шуугиан болж байна. Улсын арслан Э.Оюунболдын эгч Э.Саруулзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Таны дүүтэй холбоотой допингийн асуудал дахиад л сөхөгдлөө. Арслантай өөртэй нь холбогдох гээд чадахгүй юм. Э.Оюунболд арслан хөдөө байна уу?

-Одоогоор хөдөө байгаа. Удахгүй орж ирэх байх. Сүлжээ орж гараад би ч тухтай холбогдоод ярилцаж амжихгүй л байна.

-Үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд та ямар тайлбар хэлэх вэ?

-Допингийн асуудал хөндөгдөхөд л миний дүүг урдаа барьж байгаад нь гомдолтой байна. Сая үүссэн асуудлын тухайд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав гурван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар хэлсэн. Зөвхөн Э.Оюунболдыг нэрлээд өнгөрлөө. Сэтгүүлч лавлаад асуухад нь хүний нэр төртэй холбоотой асуудал гээд чимээгүй өнгөрч байна лээ.

Улсын наадамд хоёр удаа түрүүлсэн миний дүү нэр нүүргүй болж байна уу. Допинг гэхэд л шууд миний дүү рүү сүргээрээ дайрдаг муухай тогтолцоо бий болсон.

-Арслангийн шинжилгээний хариутай та танилцсан уу?

-Үгүй. Гэхдээ энэ шинжилгээ хууль бус гэдгийг онцлох нь зөв. Аль эрт хоёр сарын өмнө авсан допингийн шинжилгээний хариугаар эрх чөлөөнд халдана гэдэг хаана ч байхгүй завхрал.

-Хууль бус гэж үзэж байгаа үндэслэлээ та танилцуулахгүй юу?

-Эхний үндэслэлийг дээр хэллээ.

Өөр нэг шалтгаан нь Э.Оюунболдын допингийн шинжилгээ ирэх замдаа задарсан. Журмаараа МҮБХ-ноос шинжилгээний хариуг зарлах учиртай. Гэтэл өнгөрсөн сард "NTV" телевизийн хуудсаар миний дүүгийн шинжилгээний хариу ил болсон. Ямар нэгэн байдлаар дундаа задарсан учраас л тухайн үед цацагдсан гэсэн үг шүү дээ. Олон улсын допингийн эсрэг журамд зааснаар шинжилгээний явцад нэг алдаа гарахад л тухайн шинжилгээ хүчингүй болдог. Энэ журмаараа шинжилгээ хууль бус болж байгаа юм.

-Магалжав тэргүүн удаа дараа дуудахад очоогүй гэж хэлж байна лээ. Энэ тухайд ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ талаар тодорхой мэдээлэл надад алга. Тухайн хүмүүсийн хоорондын харилцааг мэдэх боломжгүй шүү дээ.

-Таны дүү үнэхээр удаа дараа допинг хэрэглээд байдаг юм уу?

-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ багш миний дүүг байгалиасаа өгөгдөлтэй, авьяаслаг бөх гэж хэлсэн байдаг. Би ч дүүгээ ингэж л боддог.

Энд нэг зүйлийг онцлоход Э.Оюунболдын гарт допинг хэрэглэсэн тухай баримт өгч байгаагүй. Чи допинг хэрэглэсэн гээд л эрхийг нь хасаж, цолыг нь хураасан. Энэ допингийн шинжилгээ гэх ажил хөшигний ард хаалттай явагддаг нь анхаарал татсан юм.

Шинжилгээ аваад хэдэн сарын дараа хэдэн хүний нэр хэлээд л туг тахиад өнгөрдөг. Монголын Үндэсний допингийн эсрэг төв гэх байгууллагын үйл ажиллагаа шилэн байх ёстой. Ямар луйвар явдаг болоод үйл ажиллагаа нь хаалттай байгаад байгааг ойлгодоггүй. Ноцтой асуудлууд дуулдаж л байдаг.

-Тухайлбал?

-Допингийн шинжилгээг авлигал өгч нуун дарагдуулдаг тухай. Энэ хэрэгт хоёр ч эмчийг холбогдуулан АТГ-аас шалгаж байгаад нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Прокурор дээр хаагдсан байдаг. Энд ямар нэгэн нөлөөлөл орсон гэж би харддаг. Шалгагдаж байсан эмч нь одоо боксын шигшээ багт ажиллаж байна лээ.

Ил яригддаг асуудал нь 2009 оноос хойш шинжилгээг АТГ нягтлахад 38 бөхийн сорьц зөрчилтэй нь тогтоогдсон байдаг. МҮБХ энэ мэт бузар булайг цэвэрлэх талаар ажил огт хийхгүй байж Э.Оюунболд руу л дайраад байгаа нь цаанаа ямар нэгэн зорилготой гэж харагдаж байна. Магадгүй бөхийн дэвжээнээс бүр мөсөн явуулахыг ч төлөвлөж байж болно.

Миний дүүг 2019 оноос хойш л янз бүрээр хэлж, нийгмээрээ яллалаа. Одоо болсон юм биш үү. Оюунболд чинь ч гэсэн хүн шүү дээ.

-Одоо яах вэ?

-Хүний эрхийг хамгаалах байгууллагуудад л хандах байх даа.