2023-04-30Bolod.mn сайт долоо хоног бүрийн амралтын өдөр нийгэм, улс төрийн хүрээнд болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг. Эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Польш улсын ерөнхийлөгчийн айлчлал эхэлсэн юм. Түүнчлэн ЦХХХ-ын сайд Н.Учралын төрийн өмчийн объяктуудын түрээсийн үнэ олон нийтийн бухимдлыг хүргэлээ. Эдгээр болон бусад онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Согтуурсан хурандаа хорих ангид буу гарган танхайрчээ
Төв аймгийн Мөнгөнморьт дахь хорих 419 дүгээр ангид эхнэрээ хардсан хурандаа согтуурсан үедээ буу гарган танхайрсан хэрэг гарсан байна.
Эх сурвалжийн мэдээллээр танхайрсан хурандаа нь тус хорих ангийн даргаар ажиллаж байсан аж. Тэрбээр согтуурсан үедээ тус ангид ажилладаг алба хаагчийг эхнэртэйгээ хардаж, ээлжинд гарч байсан албан хаагчдыг зодож, агсам тавьж, буу гарган хий буудан танхайрсан байна.
Одоогоор уг хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Танхайрсан хурандааг үүрэгт ажлаас нь түр чөлөөлжээ.
Монголд анх удаа дээд мөчний ясны том хэмжээтэй хавдрын хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ХҮСҮСТ-ийн дарга М.Отгонбаяраар ахлуулсан үений мэс заслын баг Монгол Улсад анх удаа атгаал ясны дээд хэсгийн гуравны хоёрыг хамарсан том хэмжээний ясны хортой (osteosarcoma) хавдрын тохиолдолд хавдрыг бүхэлд нь авч мега-протез суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Ясны хавдрын үед том хэмжээний имплант суулгах мэс заслыг анх 2015 оноос эхлэн доод мөчдөд хийж эхэлсэн ба энэ удаагийнх нь дээд мөчид хийсэн анхны тохиолдол юм. Энэхүү мэс заслыг хийснээр хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, мөчийг тайрахгүй хадгалж үлдэх, хөл, гар, мөчдийн үйл ажиллагаа эргэн сайжрах, эх орондоо эмчлэгдэх боломжтой болж, гадагш явах санхүүгийн дарамтаас чөлөөлөгдөнө. Уг эмчилгээний тохиолдлын мега-протез нь тухайн хүн өсөж томроход сунгагдах боломжтой тул дахин солих шаардлагагүй юм.
Польшийн Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирэв.
Ерөнхийлөгч Анджей Дудаг гэргийн хамт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүн угтан авав.
Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана.
Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.
Ц.Хуланд холбогдох шүүх хурал хойшлов
Нийслэлийн прокурорын газраас “…гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах…" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "… яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэнэ…" гэж заасан тул шүүх тэдний гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад товлоод байсан юм.
Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг "шүүх бүрэлдэхүүнтэй"-гээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч "Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа, тус шүүх хуралдаан 7 дахь өдрөө үргэлжилж байх тул шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой дээрх шүүх хуралдаанд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байх тул шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны товыг тэдний /талууд/ саналыг харгалзан жич товлохоор тогтов.
Зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амь насаа алдлаа
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 22-ын товчоо явах замд автомашин мөргөлдөж, хүн хавчуулагдсан гэсэн дуудлага өнөөдөр /2023.04.26/ 16:25 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход Алпард загварын автомашин ачааны Хово автомашинтай мөргөлдсөний улмаас жолооч хавчуулагдан нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Ослын шалтгааныг Тээврийн цагдаагийн алба тодруулах бөгөөд урьдчилсан дүгнэлт гараагүй байгаа гэв.
Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст дуудлага 16:22 цаг ирсэн. Дуудлагын дагуу очиход Алпард маркын машины жолооч газар дээрээ нас барсан байсан. Харин Ховогийн жолоочийн биеийн байдал хүнд байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Осол юунаас гарсныг урьдчилсан байдлаар тогтоогоогүй байна гэлээ.
Тиймээс тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулахыг нийт жолоочдод сэрэмжлүүлж байна. Цагдаагийн байгууллагаас нийт жолоочдод дараах анхааруулга зөвлөмжийг өгч байгаа. Үүнд:
• “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
• Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
• Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх;
• Тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газарт удаан хугацаагаар орхихгүй байх, аль болох гэрэлтүүлэг, хяналтын камертай зогсоол, талбайд байршуулах;
• Өөрийн автомашины түлхүүрийг өөрөөс нь бусад хүн авахаас сэргийлж, далд аюулгүй газарт тавих нь автомашинаа хулгайд алдах, бусад найдваргүй хэн нэгэн таны автомашиныг жолоодон зөрчил гаргахаас сэргийлдэг гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Төрийн өмчит объяктуудын түрээсийн үнэ өртгийг үнэгүйдүүлж байгаа талаар ЦХХХ-ын сайд Н.Учрал мэдээлэв
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шил" ажиллагааны хүрээнд 1745 компани, хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148.699 ам метр талбайн түрээсийн мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулсан болохыг ЦХХХ-ны сайд Н.Учрал хэвлэлийнхэнд мэдээллээ.
Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого өнгөрсөн онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт мөн онд 7.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Иргэд хэн, хаана, ямар үнээр, хэдий хэмжээтэй талбайг ямар хугацаанд түрээслүүлж буйг мэдэхийг хүсвэл shilen.gov.mn сайтаас харж хянах боломжтой юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний загвар, төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2020 оны хоёрдугаар сарын 18-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор баталсан аж. Үүнд, түрээсийн орлогын 40 хувийг нь улсын төсөвт төвлөрүүлэхээр тогтоосон байна.
“Шил” ажиллагааг эхлүүлсэн гуравдугаар сарын 27-ноос хойших сар хүрэхгүй хугацаанд shilen.gov.mn сайтад 1.3 сая хандалт бүртгэгджээ. Салбарын сайд Н.Учрал энэ тухайд "Иргэд аливаа мэдээлэлд сургаар хандалгүй, нээлттэй мэдээлэлд түшиглэн дүн шинжилгээ хийж, эш үндэстэй хандах соёлыг хэвшүүлж байна" гэв.