2023-04-27ХҮМҮҮС НАС ӨНДӨР БОЛОХЫН ХЭРЭЭР НАСЖИЛТТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ ХЭРЭГЦЭЭ, БЭРХШЭЭЛТЭЙ ТУЛГАРДАГ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2023.04.26) хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг бүлэг тус бүрээр нь хэлэлцлээ.
Илтгэлийн тавдугаар бүлэг буюу “Ахмад настны эрхийн хэрэгжилт” сэдвийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул хуралдаанд танилцуулсан юм.
Ахмад настнуудын нийгмээс тусгаарлагдах, тэгш эрх, тэгш боломжоо алдах, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл дарамтад өртөх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож түүний үр шимээс хүртэх боломжоо хязгаарлуулах зэрэг олон асуудал улс орнуудад гарсаар байгааг дурдлаа. Нөгөө талаар дэлхийн хүн ам бүхэлдээ насжих динамик хувьсал (хөдөлгөөн) эрчимжиж байгаа нь улс орнуудын нийгэм, эдийн засгийн томоохон сорилт болж байгаа бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комисс энэ удаагийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлдээ онцолсон байна.
Комисс ахмад настны эрхийн хэрэгжилт, хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох зорилгоор нийгмийн хамгаалал, ахмад настны хөдөлмөрлөх эрх, ахмад настны эрүүл мэндээ хамгаалуулах эрх, ахмад настны хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, ахмад настны хөгжих эрх гэсэн таван дэд хэсгийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн гэр хороололд амьдарч буй 600 ахмадыг хамруулсан судалгааг 2022 онд хийжээ.
Монгол Улс өндөр насны тэтгэврийн насны доод хязгаарыг бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага тогтоосон байдаг, өндөр насны тэтгэвэр тогтоох аргачлал нь олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй нийцсэн байдаг байна.
Хүмүүс нас өндөр болохын хэрээр насжилттай холбоотой нэмэлт хэрэгцээ, бэрхшээлтэй тулгардаг. Төрөөс зорилтот бүлгийн ахмад настныг бүртгэлжүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхэд тэдний хүсэл, ашиг сонирхлыг харгалзсан, бие даасан байдлыг дэмжсэн, олон төрлийн урт хугацааны дэмжлэг, туслалцаа, үзүүлэх шаардлага үүссэн байна.
Комиссын гишүүн Х.Мөнхзул үргэлжлүүлэн ахмад настны хөдөлмөрлөх эрх, ахмад настны эрүүл мэндээ хамгаалуулах эрх, ахмад настны хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, ахмад настны хөгжих эрхийн талаарх нөхцөл байдлыг илтгэлд тусгагдсаны дагуу дэлгэрэнгүй танилцуулсан.
Ахмад настуудын биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн байдал анхаарал хандуулах, судалгааны үр дүнд тулгуурласан оновчтой арга хэмжээ авах, хүнд өвчтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настанд өдрийн эмчилгээ, сувилахуйн болон сэргээн засах гэрээр тусламж, үйлчилгээ үзүүлэх, тогтолцоог бүрдүүлэх зорилтоо эрчимжүүлэх, асаргааны даатгалын хууль эрх зүйн орчныг нэн тэргүүнд бий болгох шаардлагатай гэв.
Түүнчлэн амьдарч буй гадаад орчны аюулгүй байдал, барилга байгууламжийн ээлтэй байдлын судалгаанд оролцогчдын 60 хувь сэтгэл ханамжгүй, дунд, муу гэж үнэлсэн байна. Гадаад орчны аюулгүй байдал, ахмад настанд ээлтэй орчин нөхцөл бүрдээгүйгээс ахмадууд халтирч унах, бэртэж гэмтэх, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол цөөнгүй байдаг аж.
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР АНХДАГЧ ХЭРЭГЦЭЭНД НЬ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА
Танилцуулгадаа тэрбээр Геронтологийн үндэсний төвийн асуудлыг онцоллоо.
Насжилт судлал (геронтологи), настны эмгэг судлалын (гериатр) чиглэлээр улсын хэмжээнд лавлагаа шатлалын мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх, судалгаа хийх, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий тус төвийн материаллаг бааз, хүний нөөц, санхүүжилтийн хүрэлцээгүй байдлаас улбаатай ахмадуудын эрэлт хэрэгцээт гэрээр үйлчлэх, хэвтэн эмчлүүлэх зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа юм байна.
Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаа 333,046 ахмад настан байгаагаас 244,763 ахмад настан буюу 73.49 хувь нь тэтгэврийн доод хэмжээ болох 500,000 төгрөгийн тэтгэвэр, 8.91 хувь буюу 29,680 ахмад настан 500,001-600,000 төгрөгийн тэтгэвэр авдаг байна. Үүнээс үзэхэд бүрэн тэтгэвэр авагчдын 82.4 хувь нь 500,000-600,000 төгрөгийн тэтгэвэр авч ахуй амьдралаа залгуулж байна.
Ахмадууд анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа үед хөгжих, оролцох, хөдөлмөрлөх, бие даан амьдрах, хойч үедээ мэдлэг туршлагаа өвлүүлэх зэрэг эрхээ эдэлж чадахгүйд хүрч байгаа аж. Иймд тэтгэврийн зөрүүг зөв аргачлалаар багасгах, арилгах, тэтгэврийн эрх шилжүүлэх тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг саналыг боловсруулжээ.
Мөн ахмад настнуудыг орон сууцжуулах асуудлыг ойрын жилүүдэд төрөөс бодлогоор дэмжиж шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлж, зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах хөтөлбөрийг төр засгаас хэрэгжүүлж байсан ч цар тахлын улмаас зогсоод байгааг дурдсан.
Ахмад настнуудын ажил хөдөлмөр эрхлэх хүсэл зориг, идэвх санаачилгыг татварын урамшууллаар дэмжих бодлого хэрэгжүүлэх, нийгмийн оролцоог дэмжих, бие даан амьдрах, нийгмийн амьдралд оролцох, үр шимээс хүртэх эрхэд саад учруулж буй хүчин зүйлсийг арилгах, ялангуяа тэднийг нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, мэдлэг туршлагаа хойч үедээ өвлүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн болохыг Комиссын гишүүн Х.Мөнхзул танилцуулсан.
АХМАД НАСТНУУДЫН 4 ХҮН ТУТМЫН 1 НЬ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТЖЭЭ
Энэ сэдвийн хүрээнд анхаарал хандуулах шаардлагатай нэг хэсэг нь бол судалгаанд хамрагдсан ахмад настнуудын 4 хүн тутмын 1 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан гэжээ. Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн улмаас хохирсон ахмад настны тоо 2021 онд 632 байсан бол 2022 онд 968 буюу 34.8 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас хуулийн болон төрийн бус байгууллагад хандсан ахмадын тоо бөгөөд үүний цаана хандаагүй, бүртгэлд ороогүй, хаана хандахаа мэдэхгүй хэдэн ахмад байгаа нь тодорхойгүй байгааг тэмдэглэж байв. Ахмад настнууд эдийн засгийн, үл хайхрах хүчирхийлэлд хамгийн их өртдөг байна. Тиймээс эрэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн цөөнх зэрэг зорилтот бүлгийн хэрэгцээ, хүйсийн ялгаатай байдалд нийцүүлж хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийг төрөлжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай хэмээн дүгнэжээ.
Ахмад настны эрхийн хэрэгжилтийн талаарх танилцуулгатай холбогдуулан тэтгэврийн зөрүүг арилгах оновчтой шийдэл, тэтгэвэр өвлүүлэх талаар, зорилтот бүлгийн ахмад настнуудын орон сууцаар хангах асуудлын талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа. Тэтгэврийн зөрүүг арилгах зорилтын хүрээнд авч хэрэгжүүлж буй тогтолцооны шинэчлэл болон зохицуулалтын шинжтэй арга хэмжээний талаар ажлын хэсэг дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэтгэвэр тооцох цалингийн итгэлцүүрийг ашиглах, инфляцтай уялдуулан зохицуулах шийдлүүдийн талаар тус яамны дэд сайд С.Зулпхар мэдээлэл өгсөн. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа бөгөөд энэ хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлийн хүнд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан бөгөөд хэлэлцүүлгийн явцад талууд дэмжсэн гэдгийг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахмад настнуудын нийгэмшлийн асуудлыг хөндөж үг хэлсэн бол Б.Дэлгэрсайхан гишүүн ахмад настнуудын асрамжийн газрын чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх талаар тодорхой саналуудыг хэлсэн.
https://news.zindaa.mn/4l0a